“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 02 дугаарын тойм

  2018-01-15 15:10  197

Эмхэтгэлийн шинэ дугаарт Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон хамт батлагдсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудыг нийтэлсэн байна.


Монгол Улсын нутаг дэвсгэрт мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжихтэй холбогдсон харилцааг энэхүү хуулиар зохицуулах юм.

Энэ хууль мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, өвчингүй, тайван улс, бүс, нутаг, хот айл, аж ахуйн нэгжийг тогтоон баталгаажуулах үйл ажиллагаа, мал, амьтны гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэврийн үзлэг, лабораторийн шинжилгээ, мал эмнэлэг, хорио цээр, хязгаарлалтын хяналт, шалгалттай холбогдох харилцаанд үйлчлэх бөгөөд зэрлэг амьтнаас мал, тэжээвэр амьтанд дамжин халдварладаг халдварт өвчнийг тандах арга хэмжээнд мөн үйлчлэх юм байна.

Мөн эмхэтгэлийн шинэ дугаарт Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ.

Уг тогтоолоор Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль баталсантай холбогдуулан хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон зохион байгуулалтын болон шилжилтийн үеийн бэлтгэл ажлыг хангах, хуульд заасан захиргааны хэм хэмжээний актыг 2018 оны 06 дугаар сарын 01-ний дотор батлах, холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, 2018 оны 03 дугаар сарын 01-ний дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2018-01-19 15:10  197