ЭЗБХ: "Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

  2020-08-21 12:31  186

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн  /2020.08.21/  хуралдаан 14 цаг 40 минутад эхэлж, Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцуулав.


    Зээлийн хүүг бууруулах стратеги батлах Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх, Монгол Улс болон Азийн дэд бүтэцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын хэлэлцээр /Ковид-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр/-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэхийг хуралдаан даргалагч танилцуулж, хэлэлцэх асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй тул хэлэлцэх асуудлыг баталлаа.

    Эхлээд, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Г.Амартүвшин, Б.Жавхлан,  Ч.Ундрам нарын 2020.08.20-нд өргөн мэдүүлсэн Зээлийн хүүг бууруулах стратеги батлах Улсын Их Хурлын тогтоолын төслийг  хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.  


    Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын Б.Баттөмөр танилцууллаа.  

    Тэрбээр, “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас шалтгаалан Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийн зорилтод учирч болох эрсдэлийг бууруулах, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлж, банк санхүүгийн салбарыг чадавхжуулахад зээл, санхүүжилтийн хүүг бууруулахад чиглэсэн нэн тэргүүний чиглэл, арга хэмжээг агуулсан бодлогын үндсийг Монгол Улсын Их Хурлаас батлан гаргах зайлшгүй шаардлага үүсээд байна.

    Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Улсын Их Хурлаас хэрэгжүүлэх арга хэмжээ, “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” 2020 оны 32 дугаар тогтоолд  зээлийн хүүг бууруулах талаар тус тус заасныг үндэслэн, зээлийн хүү өндөр байхад нөлөөлж байгаа хүчин зүйл, бүтэцийг тодорхойлсон судалгааны үр дүнг харгалзан энэхүү тогтоолын төслийн үзэл баримтлалыг тодорхойлсон болно.

    Сүүлийн жилүүдэд банкны салбарын зээлийн хүү 4 нэгж хувиар тогтвортой буурч 2020 оны 6 дугаар сарын эцсийн байдлаар жигнэсэн дундаж  хүү жилийн 16.3 хувь болсон ч цар тахал нь зээлийн эрсдэлийг нэмэгдүүлэн, зээлийн нийлүүлэлт тасалдуулах санхүүжилтийн хүртээмжийг хумих ноцтой үр дагавартай тул зээлийн хүүг бүрдүүлдэг татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн зардал, үйл ажиллагааны зардал, эрсдэлийн зардал  тус бүрийг бууруулахад чиглэсэн богино болон дунд хугацааны арга хэмжээг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, төрийн болон төрийн бусад байгууллагууд хамтын ажиллагаа, оролцоо, чиг үүргийн хүрээнд авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзлээ” хэмээн танилцуулав.


    Хууль санаачлагчийн илтгэл, тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Х.Болорчулуун, М.Оюунчимэг, Х.Ганхуяг, Ц.Цэрэнпунцаг, Т.Доржханд, Ж.Бат-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар, Ж.Ганбаатар нар хууль санаачлагчид болон Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсан.

    Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан,зээлийн хүү бууруулах тухай яриад, Зээлийн хүү бууруулах бодлогын баримт бичиг батлаад 10 жил болж байгаа ч шийдвэртэй бодит бодлогын арга хэмжээ авагдаагүй талаар,  Х.Болорчулуун Монгол Улсад зээлийн хүү үйлдвэрлэл явуулах хэмжээнд бус мөлжлөгийн хэмжээнд байгаа учир  үйлдвэрлэл хөгждөггүй, дандаа гаднаас худалдан авалт хийдэг улс болсон тухай хэлж, стратеги батлагдсанаар зээлийн хүү буурах боломжтой эсэх талаар тодруулав.


    Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг зээлийн зориулалт шинж чанараас хамаараад хүүгийн хязгаарыг тогтоохоос өөр аргагүй талаар, Ч.Хүрэлбаатар, Ж.Ганбаатар нар банк дампуурч, төр эрсдэлийг нь үүрэхээс сэргийлэх үүднээс Актив удирдлагын компанийн тухай хууль батлахаар төсөлд оруулж өгснийг хасах талаар асууж, хариулт авлаа.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Т.Доржханд, Б.Баттөмөр, Б.Жавхлан нар үг хэллээ.

    Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр төслийг хэлэлцээд явах нь зүйтэй, Б.Жавхлан зээлийн хүү буурсан мөчлөгийг эргэн харахад өнгөрсөн дөрвөн жилд хамгийн өндөр хувиар буюу 4 нэгж хувиар буурсан байна. Ирэх дөрвөн жилд зээлийн хүү бууруулах мөчлөгийг 2020-2021, 2022-2023 гэсэн хоёр мөчлөгт хувааж, авах арга хэмжээг захиргааны буюу эдийн засгийн бус аргаар, зах зээлийн жамаар гэсэн хоёр замаар хийх талаар саналаа хэлэв.

    Ийнхүү хэлэлцээд Зээлийн хүүг бууруулах стратеги батлах Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд нь хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувийн саналаар дэмжигдэж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Хэлэлцээрт гарын үсэг зурахыг дэмжлээ

    Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улс болон Азийн дэд бүтэцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын хэлэлцээр /Ковид-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр/-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.


    Хэлэлцээрийн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийв.

    Азийн дэд бүтэцийн хөрөнгө оруулалтын банк Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд зориулан 10.0 тэрбум ам.долларын санхүүжилтийн хөтөлбөр баталсан бөгөөд 2020 оны 4 дүгээр сараас эхлэн гишүүн орнуудад тус хөтөлбөрөөс хөнгөлөлттэй зээл олгон хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй коронавирусын халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг дэмжих зорилгоор 100.0 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулах талаар тус банктай тохиролцоод байна.

    Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээл нь төсвийн дэмжлэгийн зээл хэлбэрээр олгогдох ба дараах нөхцөлтэй.

Үүнд, зээлийн хугацаа 16 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3 жил, зээлийн хүү: 6 сарын Лондонгийн банк хоорондын зах зээлийн хүү /LIBOR/+0.85 хувь.

    Санхүүжилт нь Ковид-19-ын тархалтын эрсдэлийг хязгаарлах, бууруулах арга хэмжээг үргэлжлүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт дарамт, ачаалал ирэхээс урьдчилан сэргийлж бусад чухал эрүүл мэндийн үйлчилгээг тасалдуулахгүй иргэдэд хүргэх, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийг засгийг дэмжих чиглэлээр арга хэмжээнд зориулан төсвийн дэмжлэг хэлбэрээр олгогдох юм байна.

    Сангийн сайдын танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй. Хэлэлцээрт гарын үсэг  зурахыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжсэнээр Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтсоноор хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2020-08-21 17:59  186