Мэдээллийг ачааллаж байна ..

Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх хэзээ эхэлж, хэзээ дуусгавар болдог вэ?

- Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэнд тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно.


Улсын Их Хурлын гишүүн ямар бүрэн эрх эдэлж байна вэ?

Улсын Их Хурлын гишүүн дараах бүрэн эрхийг эдэлж байна:

- Хууль санаачлах

- Байнгын хороонд харьяалагдаж, хэлэлцэж байгаа асуудлаар санал, дүгнэлт гаргаж, шийдвэрлүүлэх

- Улсын Их Хурлаас сонгогдох, томилогдох албан тушаалтны талаар үг хэлэх, байр сууриа илэрхийлэх

- Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын даргад асуулга, асуулт тавьж, хариуг авах

- Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг сахиж ажиллах;

- Хууль, гишүүний ёс зүйг чанд сахих;

- Чуулганы хуралдаанд үг хэлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх;

- Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдвол хавсран ажиллах;

- Хөрөнгө, орлогын мэдүүлгийг тогтоосон журмын дагуу үнэн зөв гаргах зэрэг эрх, үүргийг хуульчилжээ.


Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа ямар үндэслэлээр хугацаанаас өмнө дуусгавар болдог вэ?

Зөвхөн дараах тохиолдолд гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болно:      

- нас барсан;

- гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан; 

- хүндээр өвчилсний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;

- Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;

- гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан.


Иргэн та Улсын Их Хурлын гишүүнд ямар асуудлаар шууд хандаж болох вэ?

- Та батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын талаар болон Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх гэж байгаа хуулийн төслийн талаар саналаа гишүүнд ирүүлж болно.

- Улсын Их Хурлын гишүүн Таны саналыг судлан үзэж, шаардлагатай гэж үзвэл хууль, Улсын Их Хурлын тогтоол санаачилна. Шаардлагагүй гэж үзсэн бол энэ тухай хариуг Танд бичгээр мэдэгдэх үүрэгтэй.

- Та өргөдөл, гомдлоо Улсын Их Хурлын гишүүнд ирүүлж болно.          

- Таны ирүүлсэн өргөдөл, гомдлыг судлан шийдвэрлэж хариуг нь шууд өгөх, эсхүл хариуцан шийдвэрлэх эрх, үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлж энэ тухай хариу мэдэгдэх ёстой.

- Гишүүнээс шилжүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан нь 30 хоногийн хугацаанд асуудлыг шийдвэрлэж хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа бичгээр хариу мэдэгдэх үүрэгтэй.


Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг хаанаас баталдаг, энэ дүрмээр ямар харилцааг зохицуулдаг вэ?

- Монгол Улсын Их Хурлаас тогтоол гарган Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг баталдаг. Улсын Их Хурлын 2009 оны 34 дүгээр тогтоолоор баталсан Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмээр Улсын Их Хурлын гишүүний төрийн албанд баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээг тогтоон мөрдүүлж байна. Дүрмийн гол зорилго нь төрийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулах нөхцөлийг бүрдүүлэх, хувийн ашиг сонирхлын нөлөөллөөс хамгаалах, төр, олон нийтийн итгэлцлийг бэхжүүлэхэд чиглэгдсэн.


Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Монгол Улстай холбоотой асуудлаар гадаадын байгууллага, албан тушаалтанд амлалт өгч болох уу?

- Болохгүй. Энэ бол ёс зүйн зөрчил болно. Учир нь ёс зүйн дүрмээр гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ зохих зөвшөөрөл-гүйгээр Монгол Улстай холбоотой аливаа асуудлаар гадаадын байгууллага, албан тушаалтанд амлалт өгөхийг хориглодог.


Улсын Их Хурлын гишүүн ямар нэг урамшуулал авч болох уу?

- Гишүүн зөвхөн иргэдийн боловсролыг дээшлүүлэх, оюуны хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор яриа хийх, илтгэл тавих, өгүүлэл, ном бичсэн тохиолдолд урамшуулал авч болно. Энэ тухайгаа хөрөнгө, орлогын мэдүүлэгт заавал тусгах үүрэгтэй.


“Мандат” гэдэг нь ямар утгатай үг бэ? Улсын Их Хурлын гишүүн итгэл алдсан тохиолдолд ард түмэн түүнийг эгүүлэн татаж болох уу?

- Мандат буюу “mandate” /англи хэлээр/ бүрэн эрх [1], даалгавар гэсэн утгатай. Мандат нь сонгуулийн эрхээр тодорхойлогдсон ард түмэн буюу сонгогчдоос нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх зорилготой төлөөлүүлэх бүрэн эрх байдаг. Мандат бол гишүүн болон түүний сонгогчдын хоорондын харилцааны шинж чанарыг тодорхойлно.

- Сонгогчид нь өөрийн элчийг парламентад илгээхдээ олгодог бүрэн эрх нь парламентын шинж чанараас хамаарч чөлөөт болон захирагдмал мандат гэсэн хэлбэртэй байна. Захирагдмал мандатын хувьд парламентын гишүүн нь гагцхүү тойргийнхоо сонгогчдын захиа даалгаврыг биелүүлэх үүрэгтэй, захиа даалгавар биелүүлээгүй гишүүнийг сонгогчид дуртай цагтаа огцруулдаг зарчимтай[2] бол чөлөөт мандатын хувьд парламентын гишүүн нь тойргийн сонгогчдоо бус, нийт ард түмнээ төлөөлдөг учраас сонгогчид итгэл хөсөрдүүлсэн гэсэн үндэслэлээр түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө эгүүлэн татах журам байдаггүй[3].

- Үндсэн хуульд зааснаар манай улсын парламентын гишүүн нийт ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталдаг, чөлөөт мандаттай учраас түүнийг тойргийн сонгогчид эгүүлэн татах боломжгүй.

[1] Д.Алтангэрэл.Англи-Монгол толь. УБ.2002 он .298 дахь тал.

[2] Б.Чимид.Үндсэн хуулийн мэдлэг. УБ 2008. 208 дахь тал.

[3] Ч.Энхбаатар. Үндсэн хуулийн эрх зүй. УБ.2007 он 226 дахь тал


Улсын Их Хурлын гишүүн ямар шугамаар гадаадад явж болох вэ?

- Улсын Их Хурлын гишүүн нь гадаадад айлчлах төрийн албан ёсны төлөөлөгчөөр, парламент хоорондын харилцааны шугамаар, дотоод болон гадаадын бусад байгууллагын шугамаар, хувийн хэргээр гадаадад явж болно.

- Гэхдээ Улсын Их Хурлын гишүүн нь албаны болон хувийн ажлаар гадаадад явах бүрдээ Улсын Их Хурлын даргаас заавал зөвшөөрөл авч захирамж гаргуулна. Захирамж гараагүй байхад гадаадад явснаар чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд оролцоогүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсанд тооцогдох бөгөөд ажил тасалсан өдрийн тоогоор тухайн гишүүний цалингаас хасах үндэслэл болно.


Улсын Их Хурал бүрэн эрхээ ямар хэлбэрээр зохион байгуулан хэрэгжүүлдэг, чуулган гэж юу вэ?

- Монгол Улсын Их Хурал бүрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлдэг.

- Чуулган нь парламентын засаглалтай улсын парламентын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр юм. Чуулган гэж парламентын гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн тулд цугларч, бүрэн эрхэд хамаарах асуудлаар шийдвэр гаргах үйл ажиллагааг зохион байгуулан хууль ёсоор хуралдах ажиллагааг ойлгодог.

- Чуулган нь Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан, Байнгын, дэд, түр хороодын дагнасан буюу хамтарсан хуралдаан, түүнчлэн улс төрийн нам, намуудын эвслийн бүлгийн хуралдааныг хамааруулсан ерөнхий нэр бөгөөд чуулган нь эдгээр хуралдаанаас бүрддэг. Өөрөөр хэлбэл, чуулганы хуралдаан нь Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан, Байнгын болон дэд, түр хороо, нам, эвслийн бүлгийн хуралдааныг хамарсан өргөн утгатай.

- Түүнчлэн Улсын Их Хурал нь бүрэн эрхээ Байнгын болон дэд, түр хороо, нам, эвслийн бүлэг, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлдэг. Зохион байгуулалтын бусад хэлбэрт нь ажлын хэсгийн хуралдаан ордог байна. Улсын Их Хурлын Байнгын болон дэд, түр хорооны эрхлэх асуудал, зохион байгуулалт, бүтэц, бүрэлдэхүүнийг хуулиар тогтоодог.


Улсын Их Хурлын чуулганы ямар хэлбэрүүд байдаг вэ? Тэдгээр нь өөр хоорондоо ямар ялгаатай вэ?

- Улсын Их Хурлын чуулган нь анхдугаар, ээлжит, ээлжит бус, онцгой чуулган гэсэн хэлбэртэй.

- Улсын Их Хурлын анхдугаар чуулган гэдэгт Улсын Их Хурлын сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш тодорхой хугацаа буюу 30 хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаар товлон зарлаж хуралдуулдаг чуулганыг ойлгоно.

- Улсын Их Хурлын ээлжит чуулган гэж Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон тодорхой хугацаатай буюу хагас жил тутам нэг удаа 50-иас доошгүй ажлын өдөр чуулдаг чуулганыг хэлнэ.

- Ээлжит бус чуулган гэж хуулиар тогтоосон ээлжит чуулганы чөлөөт цагт тодорхой эрх бүхий субьект буюу Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч, эсхүл Улсын Их Хурлын даргын санаачилгаар зарлан хуралдуулдаг чуулганыг хэлнэ.

- Харин ээлжит чуулганы чөлөөт цагт Монгол Улсын Ерөнхийлөгч онц болон дайны байдал зарласан тохиолдолд түүнээс хойш 72 цагийн дотор Улсын Их Хурлыг зарлахгүйгээр хуралддаг тусгай чуулганыг онцгой чуулган гэнэ.

- Эдгээр чуулган нь цаг хугацаа, чуулганы хуралдаан зарлах субьект болон хэлэлцэх асуудал зэргээр өөр хоорондоо онцлог ялгаатай. Тухайлбал, Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар хэлэлцэх асуудлыг хуулиар тодорхой тогтоосон байдаг бол ээлжит бус чуулганаар зөвхөн Улсын Их Хурлын даргын захирамжид заасан асуудлыг хэлэлцэх журамтай. Харин Улсын Их Хурлын онцгой чуулганаар хэлэлцэх асуудал нь зөвхөн онц болон дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг хэлэлцэх бөгөөд уг зарлигийг баталбал уг зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдох бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг.


Анхдугаар чуулганаар хууль баталж болох уу, уг чуулганаар ямар ямар асуудал хэлэлцэж болох вэ?

- Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар зөвхөн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэн баталдаг. Иймд Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулиас өөр хууль хэлэлцэх боломжгүй.

- Харин уг чуулганаар Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох, Байнгын болон дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах, тэдгээрийн дарга нарыг сонгох, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилох болон зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг. Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар хэлэлцэх асуудлыг хуульд нэг бүрчлэн тусгайлан заасан байдаг тул өөр асуудал хэлэлцдэггүй байна.


Анхдугаар чуулганы хуралдааныг хэн даргалдаг вэ?

- Монгол Улсын Ерөнхийлөгч анхдугаар чуулганы хуралдааныг нээж үг хэлэх бөгөөд тэрээр шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийг тангараг өргөх ёслол үйлдэж дуустал уг хуралдааныг даргалдаг. Дараа нь Улсын Их Хурлын даргыг сонгох хүртэл Улсын Их Хурлын гишүүдийн насаар хамгийн ахмад нь даргална. Улсын Их Хурлын дарга сонгогдсоноос хойш хуралдааныг удирдана.


Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан, түүний онцлог, ирц.

- Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан нь Улсын Их Хурлын чуулганы хугацаанд зохион байгууллагддаг, гишүүдийн тодорхой ирцээс бүрддэг хуралдаан юм. Нэгдсэн хуралдаан нь нээлттэй явагдана. Хаалттай хэлэлцэхээр хуульд заасан болон төрийн нууцтай холбоотой асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ. Харин бусад асуудлыг тухайн асуудлын шинж байдал, гишүүдийн саналыг харгалзан хаалттай хуралдаанаар хэлэлцэж болдог.

- Улсын Их Хурал нь нэгдсэн хуралдаанаараа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон бусад тодорхой асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргадаг. Өөрөөр хэлбэл, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Байнгын хороогоор урьдчилан хэлэлцсэний дараа нэгдсэн хуралдаанаар заавал хуульд заасан тодорхой үе шаттайгаар хэлэлцэн баталдаг. Нэгдсэн хуралдааны ирц нь хуульд өөрөөр заагаагүй бол нийт гишүүний олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцогддог. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын нийт гишүүн буюу 76 гишүүний олонхи буюу 39-өөс дээш гишүүн нь хүрэлцэн ирснээр тухайн өдрийн нэгдсэн хуралдаан эхлэх бөгөөд хуульд тусгайлан заагаагүй бол хэлэлцэж байгаа асуудлыг нэгдсэн хуралдаанд оролцож байгаа гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэдэг. Харин Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхын саналаар, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхийг чуулганд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар тус тус шийдвэрлэхээр Улсын Их Хурлын тусгай ирцийг Үндсэн хуульд заасан байдаг. Дашрамд дурдахад гишүүдийн ирц түүний дотор сонгосон гишүүнийхээ хуралдаанд оролцож байгаа ирцийн талаарх мэдээллийг Та Улсын Их Хурлын цахим хуудаснаас үзэж болно.


Улсын Их Хурал дахь нам /эвсэл/-ын бүлэг, тэдгээрийн үйл ажиллагаа, үндсэн үүрэг нь юу вэ?

- Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 8-аас доошгүй суудал авсан нам бүлэг байгуулах эрхтэй байдаг. Хэрэв сонгуульд эвсэл байгуулж оролцсон нам 8-аас доошгүй суудал авбал эвслийн бүлэг байгуулж болно.  Бүлэг гишүүдийнхээ дотроос даргаа сонгодог. Бүлэг нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар байр сууриа тодорхойлж санал, дүгнэлт гарган Байнгын хорооны, эсхүл нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, хэлэлцэж байгаа асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллуулах, нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны үед завсарлага авах, нэгдсэн болон Байнгын хорооны үйл ажиллагаанд өөрийн бүлгийн гишүүдийг оролцуулах зэрэг бүрэн эрхтэй.

- Улсын Их Хуралд бүлэг байгуулах эрхтэй нам нь Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах ажиллагаанд өргөн хүрээтэй оролцох боломжтой байдаг.

- Бүлэг нь өөрийн төсөвтэй, ажлын албатай байдаг бөгөөд уг ажлын албаны гүйцэтгэх үүргийг бүлгийн дүрмээр зохицуулна. Ажлын албыг Улсын Их Хурлын хоёр гишүүнд нэг ажилтан ногдохоор тооцон бүрдүүлдэг.


Байнгын хороо, түүний чиг үүрэг, бүрэлдэхүүнийг нь хэрхэн сонгодог вэ?

- Байнгын хороо нь Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын нэг хэлбэр мөн бөгөөд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, эрхлэх асуудлын хүрээнд төрийн бодлого, Улсын Их Хурлын үйл ажиллагааг боловсронгуй болгох санал боловсруулах, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй.

- Байнгын хорооны ажлын зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд Байнгын хорооны нийт гишүүний олонх нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно.

- Байнгын хороо 17-21 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүн нэгэн зэрэг хоёроос дээшгүй Байнгын хороонд харьяалагдан ажиллаж болно. Харин гишүүн нь Засгийн газрын гишүүнээр томилогдсон бол нэг Байнгын хороонд харьяалагддаг.

- Байнгын хороо нь төрийн бие даасан байгууллага биш бөгөөд Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохих салбар чиглэлийг дагнан эрхэлсэн дотоод бүтцийн нэгж юм.


Байнгын хорооны бүрэн эрхийн талаар тодруулна уу?

- Байнгын хороодыг төрийн бодлогын салбар, чиглэлээр байгуулдаг.

Байнгын хороод нь тус тусын эрхлэх асуудлын хүрээнд дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Үүнд:

- Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар, түүнчлэн Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүрэгтэй холбогдсон асуудлаар санал, дүгнэлт гаргах;

- Улсын Их Хурлын даалгаснаар, эсхүл өөрийн санаачилгаар Монгол Улсын Засгийн газарт санал оруулах, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр биелүүлэхийг шаардах;

- Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлт, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх;

- Засгийн газар, түүний гишүүн, Улсын Их Хурлаас байгуулдаг бусад байгууллага, тэдгээрийн удирдлагын тайлан, мэдээллийг сонсож хэлэлцэх, тэднийг томилох, сонгох, чөлөөлөх, огцруулах тухай санал, дүгнэлт гаргах;

- Чуулганаар хэлэлцэх асуудлаар болон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийн талаар судалгаа, тайлан, мэдээ, санал, дүгнэлт зэрэг баримт материалыг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах, тэдний мэдээллийг сонсох;

- Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор дагнасан болон холимог бүрэлдэхүүнтэй шалгалтын ажлын хэсэг байгуулж ажиллуулах;

- Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар санал, дүгнэлт гаргахад туслалцаа авах, мэргэжлийн байгууллага болон олон нийтээс санал авах зорилгоор шинжээч, мэргэжилтнээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж ажиллуулах;

- Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлаар гишүүд болон Байнгын хороонд ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдлыг хуралдаанаараа хэлэлцэх;

- Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын гаргасан эрх зүйн актыг хянаж, хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгуулах арга хэмжээ авах.


Дэд хороо, түүний чиг үүрэг юу вэ?

- Байнгын хорооны харьяанд тухайн Байнгын хорооны эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцаж, бодлогын баримт бичиг, асуудал боловсруулах буюу санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, түүнчлэн хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий дэд хороог байгуулан ажиллуулдаг.

- Дэд хороо нь тухайн эрхэлсэн асуудлаараа шалгалт, судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэд, байгууллагаас тайлбар авах, өөрийн байгуулсан дагнасан буюу хамтарсан ажлын хэсгээр хяналт шалгалт хийлгэх, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулж харьяалах Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх эрхтэй.


Түр хороо, түүний чиг үүрэг, хэрхэн байгуулж, ажилладаг вэ?

- Улсын Их Хурал тогтоолоороо тодорхой асуудлыг шалган судалж санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэгтэйгээр түр хороо байгуулан ажиллуулдаг. Түр хороо нь хариуцсан ажлаа гүйцэтгэхдээ Байнгын хороотой адил эрх эдэлдэг бөгөөд түр хорооны бүрэлдэхүүнд зөвхөн Улсын Их Хурлын гишүүд ордог.

- Түр хороо хариуцуулсан ажлын гүйцэтгэлийг хангаж, ажлынхаа дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулан зохих шийдвэр гаргасны дараагаар түүнийг Улсын Их Хурал татан буулгадаг.


Eрөнхийлөгч Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оролцож болох уу?

- Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд тааллаараа оролцож болно. Түүнчлэн Ерөнхийлөгч Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд төрийн гадаад, дотоод бодлогын асуудлаар үг хэлэх, мэдээлэл хийх эрхтэй. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд хэдийд ч оролцож үг хэлэх, мэдээлэл хийх эрхтэй.


Улсын Их Хурлын ээлжит чуулганы үйл ажиллагаа хэзээ эхэлж, хэзээ завсарлаж байна вэ?

- Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс дараа оны 02 дугаар сарын 10-ны хооронд, хаврын ээлжит чуулган 4 дүгээр сарын 05-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 01-ний хооронд хуралдана.


Хэрэв энэ хугацаандаа чуулган хэлэлцэх асуудлаа шийдвэрлэж амжаагүй бол хэрхэх вэ? Хугацаагаа сунгаад хуралдаж болох уу?

- Мэдээж Улсын Их Хурал хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаа хэлэлцэн дуусгахын төлөө ажиллана. Зайлшгүй шаардлагатай бол энэ хугацааг Улсын Их Хурлын дарга захирамжаараа 14 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болдог.


Улсын Их Хурлын чуулган хуралдаж байх явцдаа түр завсарлаж болох уу?

- Болно. Ажлын зайлшгүй шаардлага гарвал Улсын Их Хурлын дарга Зөвлөлийн саналыг харгалзан чуулганыг 7-14 хоногийн хугацаагаар түр завсарлуулж болно. Зөвлөл нь Улсын Их Хурлын даргын дэргэд ажилладаг бөгөөд дараах чиг үүрэгтэй:

- Нам, эвслийн бүлэг, Байнгын хороодын үйл ажиллагаа, Улсын Их Хурлын хяналт шалгалтын ажлыг уялдуулан зохицуулах,

- нам, эвслийн бүлэг, Байнгын хороодын санал болон хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хугацааг харгалзан ээлжит болон ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох,

- тухайн долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг батлах,

- Улсын Их Хурлын төсөв болон Улсын Их Хурлын дотоод үйл ажиллагаатай холбогдолтой бусад асуудлыг зөвшилцөх.


Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг чуулган эхлэхийн өмнөхөн хэвлэлээс олж танилцдаг. Ер нь тухайн чуулганы хугацаанд ямар ямар асуудал, ямар дараалалтай хэлэлцэхийг хэн хэрхэн, ямар журмаар тогтоодог юм вэ?

- Улсын Их Хурал тухайн ээлжит чуулган завсарлахаас өмнө дараагийн чуулганы хугацаанд хэлэлцэх асуудлыг баталдаг. Харин Улсын Их Хурлын дарга ээлжит чуулган эхлэхээс 7-гоос доошгүй хоногийн өмнө захирамж гарган хэлэлцэх асуудлын дэс дарааллыг тодотгон тогтоодог.

- Тухайн чуулганаар ямар ямар асуудал хэлэлцэхийг тогтоохдоо хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүд, түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын Байнгын хороод, Засгийн газар, Улсын Их Хуралд суудалтай нам, эвслийн бүлгээс ирүүлсэн саналыг харгалзан, зайлшгүй хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн асуудлуудыг хамруулан авч үзнэ.

- Асуудлын дэс дарааллыг тогтоохдоо тухайн асуудал нь хэлэлцүүлэгт оруулахад бэлэн болсон байх, түүнчлэн яаралтай гэж үзэх үндэслэлтэй байх, хуулиар хугацаа заан хэлэлцэхээр тогтоосон /Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, албан тушаалтны томилгоо/ байх зэрэг нөхцөл, шаардлагуудыг үндэслэл болгодог.


Долоо хоног бүрийн хуралдаанаараа хэлэлцэх асуудлыг хэрхэн тогтоодог вэ?

- Тухайн долоо хоногт нэгдсэн хуралдаан болон Байнгын, дэд, түр хороод, ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын товыг Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурлын дарга тогтооно.

- Улсын Их Хурлын үйл ажиллагааны шинэ долоо хоногийн хуваарийг Баасан гараг бүр www.parliament.mn сайтад нийтлэгддэг болно.


Гишүүн үг хэлэхдээ ямар дэг, журам баримтлах ёстой вэ?

- Дараалалд орох: үг хэлэх, асуулт асуухаа урьдчилан мэдэгдэн дараалалд орж хуралдаан даргалагчаас зөвшөөрөл авна.

- Бусдад шилжүүлэхгүй байх: тогтоосон хугацаанд өөрөө үг хэлэх, асуулт асуух, энэхүү эрхээ бусад гишүүдэд шилжүүлэхгүй байна.

- Гишүүний ёс зүйгээ баримтлах: хуралдаан даргалагч зөвшөөрөл өгөөгүй байхад үг хэлэх буюу асуулт тавих, энэхүү эрхээ эдлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, нэр төрийг нь гутаах, басамжлах, яриаг нь таслах, өмнөөс нь үг хэлэх, өөрийн саналыг дэмжүүлэх буюу бусдын саналыг үгүйсгэх зорилгоор шахалт үзүүлэх, хүч хэрэглэх зэрэг гишүүний ёс зүйд үл нийцэх үйлдэл гаргахгүй байна.

- Өөрийн байр сууриа илэрхийлэх: хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, тодорхой асуудал хэлэлцэхэд гишүүн өөрийн байр сууринаас хандаж үг хэлэх, санал хураалтад оролцоно.

- Үг хэлэх:  үг хэлэх хугацаа 5 минутаас илүүгүй байна.

- Асуух: асуулт асуух хугацаа 4 минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа 1 минутаас илүүгүй байна.

- Хариулт хэлэх: гишүүний асуултад хариулах хугацаа 4 минутаас илүүгүй, нэмэлт хариулт, тайлбар өгөх хугацаа 1 минутаас илүүгүй байна.

- Заавал оролцох: Нэгдсэн хуралдаанаар асуудал хэлэлцэхэд холбогдох Байнгын хорооны дарга, эсхүл түүнийг орлож байгаа гишүүн хуралдаанд заавал оролцоно.


Улсын Их Хурлын чуулган дээр гишүүдээс горимын санал гаргах тухай яригддаг. Горимын санал гэж юу?

- Горимын санал гэж: Улсын Их Хурлын гишүүнээс тодорхой асуудлыг хэлэлцэх журам, дарааллын талаар гаргасан саналыг хэлдэг. Өөрөөр хэлбэл, тухайн хуралдаанаар хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төсөл, бусад асуудлыг тухайн хуралдаанаар хэлэлцэхгүй хойшлуулах, эсхүл тухайн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг өөрчлөх үндэслэл, шаардлагыг тайлбарлан гаргасан санал гэж ойлгох бөгөөд уг асуудлыг гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Горимын саналаар нэг л удаа санал хураана.


Хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэдэн үе шаттайгаар хэлэлцэн шийдвэрлэдэг вэ?

- Хуулийн төслийг тодорхой дараалал бүхий үе шатаар шүүн хэлэлцдэг. Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад хуулийн төслийг хэлэлцэхдээ 1-4 үе шаттайгаар хэлэлцдэг байна. Гэхдээ энэ үйл явц гол төлөв 3 үе шаттай байдаг.

Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг дараах үе шатаар дамжуулан хэлэлцдэг:

1-р үе шат: Төслийг чуулганаар хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

- Хэлэлцүүлэгт оруулах

Эсхүл

- Хууль санаачлагчид буцаах

Энэ үе шатанд хуулийн төслийн үзэл баримтлалыг авч үзэж, хуулийн төслийн үндсэн заалтууд Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх, түүний ач холбогдол, практик учир холбогдолд үнэлэлт дүгнэлт өгдөг.

2-р үе шат:Улсын Их Хурал төсөлд оруулах гол өөрчлөлтөө энэ үе шатанд тохирно.

- Төслийн зүйл, заалт бүрээр Улсын Их Хурлын гишүүд зарчмын зөрүүтэй саналаа гаргаж, Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

- Харин Байнгын хороо хууль гаргах шаардлагагүй, өргөн мэдүүлсэн төсөл нь боловсруулалтын шаардлага хангаагүй, мөн хэрэгжих боломжгүй гэсэн санал, дүгнэлт оруулсан, түүнийг нэгдсэн хуралдаанд оролцогчдын олонх дэмжсэн бол төслийг хууль санаачлагчид буцаана.

3-р үе шатанд: Төслийг батлах

- Хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулна. Гэхдээ доорх үндэслэлээр хуулийг батлахаас өмнө зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулж болно:

- нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл хуралдаан даргалагчаас өгсөн;

- нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад төслийн зарим зүйл, заалт хоорондоо, эсхүл мөрдөж байгаа хууль тогтоомжтой зөрчилдсөн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Хууль зүйн байнгын хороо ийм санал, дүгнэлтийг дэмжсэн бол;

- нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч уг асуудлаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд.     

- Хуулийн төслийг батлах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй бол түүнийг хууль санаачлагчид буцаана.

 

Хууль, Улсын Их Хурлын тогтоолд хориг тавьсан бол түүнийг хэрхэн хэлэлцэн шийдвэрлэдэг вэ?

- Хэрэв Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан бол Улсын Их Хурал тухайн асуудлыг хэлэлцэх асуудлын дараалал харгалзахгүйгээр тэргүүн ээлжинд, тэгэхдээ 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэдэг.

 

Хууль, тогтоолын хүчин төгөлдөр болох хугацааг хэрхэн зохицуулдаг вэ?

- Хууль хүчин төгөлдөр болох гэдэг нь Улсын Их Хурлаар батлагдсан хуулийг бүх нийтээр дагаж мөрдөх албан ёсны хүчин чадалтай болж, эхлэх хугацааны тухай ойлголт юм.Тэгвэл батлагдсан хууль хэзээ хүчин төгөлдөр болох вэ гэдэг асуулт гарч ирнэ. Энд хоёр үндсэн зохицуулалт байдаг байна. Үүнд:

- Тухайн хуулийг батлахдаа хэзээнээс эхлэн хүчин төгөлдөр болох тухай асуудлыг урьдчилан тусгайлан заасан байх.

- Тухайлбал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан. Харин хүчин төгөлдөр болох хугацааг 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хууль гарсан байна.

- Улсын Их Хурлын тухайн шийдвэрт дээрхийн адил хугацааг  өөрөөр заагаагүй бол уг хууль албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 1О хоногийн дараа хүчин төгөлдөр болдог.

 

Хууль, тогтоомжийг мэдээлэх, хэвлэн нийтлэх талаар тодруулж хэлж өгнө үү?

- Батлагдан гарсан хуулийг заавал албан ёсоор нийтлэх шаардлага тавигддаг. Улсын Их Хурлын Тамгын газар нь Улсын Их Хурлаас баталсан хууль, бусад шийдвэрийн эцсийн найруулга хийх, хэлбэржүүлэн гаргах, албан ёсоор нийтлэх, мэдээлэх үүргийг хуулиар хүлээдэг. Хуулийг Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн гаргадаг “Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлд албан ёсоор нийтэлдэг бөгөөд үүнийг албан ёсны эх сурвалж гэж үздэг.

- “Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, хуулийн талаарх Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбарыг бүрэн эхээр нь нийтэлнэ.

 

Улсын Их Хурлын гишүүнээс тавьсан асуулга, асуултыг Улсын Их Хурал хяналтын бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа хэлбэр гэж ойлгож болох уу?

- Болно. Асуулга, асуулт нь дэлхийн улс орнуудын Парламентаас Засгийн газрынхаа үйл ажиллагаанд тавих хяналтын хамгийн түгээмэл, сонгодог хэлбэр бөгөөд улс орны нийтлэг эрх ашгийг хөндсөн, тодорхой зохицуулалт, үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай асуудалд Засгийн газрын үйл ажиллагааг чиглүүлэх Парламентын хяналтын чухал хэрэгсэл болж байдагт ач холбогдол нь оршдог.

 

Асуулга гэж юуг ойлгох вэ?

- Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулж ямар үр дүнд хүрсэн, түүнчлэн төр, нийгмийн ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзсэн асуудлаар Засгийн газрын байр суурийг тодруулах, тодорхой үйл ажиллагаа явуулахыг шаардаж  Улсын Их Хурлын гишүүнээс Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын удирдлагад бичгээр хандсаныг асуулга гэж хэлдэг.

 

Асуулгын хариуг хэрхэн яаж өгдөг вэ?

- Асуулга нь Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд нийцсэн байх ёстой байдаг бөгөөд Засгийн газар асуулгын хариуг 30 хоногийн дотор бичгээр өгдөг.

 

Улсын Их Хурал асуулгын хариуг хэрхэн сонсдог вэ? Сонсоод шийдвэр гаргадаг уу?

- Асуулгын хариуг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар заавал сонсох ба шаардлагатай гэж үзвэл Улсын Их Хурлаас тодорхой шийдвэр гаргадаг. Асуулгын хариуг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын аль нэг гишүүн сонсгож, Улсын Их Хурлын гишүүдийн асуусан асуултад хариулт өгдөг.

 

Асуулгын хариуг иргэн Та сонсох боломжтой юу?

- Тиймээ. Танд ийм боломж бий. Асуулгын хариуг ээлжит чуулганы үеэр сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногийн Баасан гаригийн 15 цагаас нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх бөгөөд энэхүү үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулдаг. Үндэсний радиогоор орон даяар шууд дамжуулдаг тул Та сонсох боломжтой.

 

Улсын Их Хурлын гишүүний асуулт гэж юуг ойлгох вэ?

- Улсын Их Хурлын гишүүнээс Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад төр, нийгмийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой нэг асуудлыг бичгээр тавьж, хандсаныг асуулт гэж хэлдэг.

 

Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл буюу Засгийн газрын тогтмол мэдээлэл гэж юуг хэлдэг вэ?

- Хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны  хөтөлбөр, тухайн жилийн төсөв, үндсэн чиглэлийн хэрэгжилт, улс орны эдийн засаг, нийгэм, санхүүгийн төлөв байдал болон олон нийтийн анхаарал татсан тулгамдсан бусад асуудлаар Улсын Их Хурал дахь цөөнхийн гишүүдээс амаар тавьсан асуултад  Ерөнхий сайд нэгдсэн хуралдаан дээр мэдээлэл хийж гишүүдийн асуултад хариулахыг хэлдэг.

 

Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл ямар хугацаанд хийгддэг вэ?

- Ерөнхий сайдын мэдээлэл сар бүрийн нэг дэх болон гурав дахь долоо хоногийн “Баасан” гаригийн 15 цагаас Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хийгддэг. Ерөнхий сайд мэдээлэл хийхэд Засгийн газрын бүх гишүүд байлцдаг. Нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий сайд 25 минутад багтаан мэдээлэл хийх бөгөөд Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан цөөнхийн төлөөлөл 25 минутанд багтаан үгээ хэлдэг.

 

Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг ямар байгууллагууд байдаг вэ?

- Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага гэдэг нь товчоор Улсын Их Хурлаас удирдлага нь томилогдож, үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнадаг байгууллага юм.

Тодруулбал, эдгээр байгууллага нь Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Монголбанк, Үндэсний аудитын газар, Үндэсний стастикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн үндэсний комисс болон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс юм.

 

Нээлттэй сонсгол гэж юу вэ?

- Нээлттэй сонсгол нь ард түмэн Үндсэн хуулиар олгогдсон төрийн үйл хэрэгт оролцох эрхийнхээ дагуу төрөөс гаргаж буй бодлого шийдвэрийн талаар санал шүүмж гаргаж, байр сууриа илэрхийлэх үйл явц бөгөөд иргэн Таныг шийдвэр гаргагч сонсоно гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох эрх бүхий байгууллагаас хэлэлцэж буй тодорхой хууль, бусад шийдвэрийн төслийн талаар иргэд  өөрсдийн байр суурь, үзэл бодлоо  чөлөөтэй илэрхийлэх, эсхүл санал тайлбар, нотлох баримтаа бичгээр ирүүлэх бодит боломжийг олгодог нэг төрлийн нээлттэй хэлэлцүүлэг юм.

- Нээлттэй сонсголын үндсэн зорилго бол тухайн шийдвэрлэх гэж буй бодлогын асуудлаар санал, шүүмжлэл, зөвлөмж хүлээн авч, тэдгээрийг нэгтгэн хууль тогтоомжийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, төрийн бодлогын асуудлыг шийдвэрлэхэд ашиглах явдал юм.

 

Ямар тохиолдолд хуулийн төслийн талаар ард нийтийн санал асуулга явуулдаг вэ?

Санал асуулгыг явуулах дараах үндэслэл бий:

- Хууль санаачлагч шаардлагатай гэж үзвэл нийгмийн нэн чухал харилцааг зохицуулахаар санаачилсан хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэх тухай саналаа Улсын Их Хуралд оруулдаг.

- Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар төрийн гадаад, дотоод бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудлаар ард нийтийн сонголт хийлгэх шаардлага гарсан тохиол-долд, түүнчлэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлаар санал асуулга явуулж болно. Нэг удаагийн санал асуулгыг дээд тал нь хоёр асуудлаар явуулна.

- Саналыг Улсын Их Хурал чуулганаар хэлэлцэж, гишүүдийн дийлэнх олонхын саналаар шийдвэрлэх бөгөөд төслийг ард нийтээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд хэлэлцүүлэх хүрээ болон түүнтэй холбогдон гарах зардлыг хэрхэн санхүүжүүлэхийг тодорхой заасан байна.

- Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонх нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхын санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ

- Хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэх ажлыг Засгийн газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нутаг дэвсгэртээ зохион байгуулна.

- Монгол Улс түүхэндээ ганцхан удаа л ард нийтийн санал асуулга явуулсан байдаг. Энэ үйл явдал 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр болсон бөгөөд Монгол Улсын түүхийн хуудаснаа ”БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх нийтийн санал хураалт” гэж тэмдэглэсэн байна.

- Монгол Улс нь БНХАУ-аас хараат бус бие даасан Бүрэн Эрхт тусгаар улс байх уу гэсэн асуултанд тухайн үед сонгуулийн насанд хүрсэн хүн амын 98,4 хувь буюу 487409 иргэн “тиймээ” гэж хариу өгч, бичиг мэддэг нь гарын үсгээ зурж, мэддэггүй нь эрхий хурууныхаа дардсыг үлдээсэн материал Монгол Улсын Үндэсний түүхий архивт одоог хүртэл хадгалагдан үлдсэн байдаг.

 

Хууль, Улсын Их Хурлын тогтоол хоорондоо ялгаатай юу? Хуулийн төрлүүдийн талаар дэлгэрүүлнэ үү?

Ялгаатай. Хууль, Улсын Их Хурлын тогтоолын аль аль нь эрх зүйн хэм хэмжээний акт мөн. Гагцхүү хүчин чадлын түвшингөөрөө, мөн цаг хугацааны шинжээр ялгагддаг.

- Хууль улс нийгмийн хүрээнд үйлчлэх, дээд хүчин чадалтай, байнгын  буюу тогтвортой үйлчлэх эрх зүйн акт.

- Харин Улсын Их Хурлын тогтоол нь хуулийг биелүүлэх, түүнийг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах зорилгоор хуулийн хүрээнд батлан гаргадаг нэг удаагийн буюу түр зуурын шинжтэй  эрх зүйн акт.

- Анхдагч хуулийн төсөл: тухайн харилцааг анх удаа зохицуулах  хуулийн төслийг;

- Хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл: хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, тэдгээрт нэмэлт оруулах тухай хуулийн төслийг;

- Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл: тухайн хуульд олон удаа өөрчлөлт орсноор үзэл баримтлал нь өөрчлөгдөх, эсхүл хуу-лийн нийт заалтын 50-иас дээш хувьд нь нэмэлт, өөрчлөлт орохоор бол шинэчилсэн найруулгын түвшинд боловсруулна.


Хуралдааны тов