Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн 2017 оны 18 дахь дугаарын тойм


“Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн 2017 оны 18 дахь дугаарт Тогтоолын дэд заалт хүчингүй болсонд тооцох тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ.

“Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 11 дэх дэд заалтыг дээрх тогтоолоор хүчингүй болгосон юм.

Мөн Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн байна.

Хууль тогтоомжийн эмхэтгэлийн шинэ дугаарт Журам батлах тухай, Тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоох тухай Засгийн газрын тогтоолуудыг нийтэлжээ.

Журам батлах тухай тогтоолоор “Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журмыг баталсан бөгөөд Цэргийн сургуулиас бусад их, дээд сургууль, коллежийн эрэгтэй оюутан, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн эрэгтэй суралцагч сурч байх хугацаандаа цэргийн мэргэжил олгох “Оюутан-цэрэг” сургалтад хамрагдан цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгдэх харилцааг энэхүү журмаар зохицуулах аж. “Оюутан-цэрэг” сургалтад Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр дамжааны оюутан, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч сайн дурын үндсэн дээр хамрагдах юм байна.

“Оюутан-цэрэг” сургалтад хэрхэн бүртгүүлж элсэх, сургалтын зохион байгуулалт, “Оюутан-цэрэг”-ийн хүлээх үүрэг, хариуцлагын талаар журамд хэрхэн тусгасныг “Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлээс авах боломжтой.

Тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоох тухай  тогтоолоор 2017 онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг хавсралтаар баталж, Цэргийн дүйцүүлэх албыг 2017 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 5,052,230 (таван сая тавин хоёр мянга хоёр зуун гучин) төгрөг байхаар тогтоосон байна.

Түүнчлэн Журам шинэчлэн батлах тухай, Үндэсний хөтөлбөр батлах тухай Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл