АБГББХ: Санхүүгийн хэлэлцээр, эээлийн гэрээ, санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

  2019-12-17 18:02  448

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2019.12.17) хуралдаан 11 цаг 51 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Эхлээд Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төслийн талаар танилцуулав. Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явцуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг Бүгд Найрамдах Франц Улсын 57.985.000 еврогийн зээлийн хүрээнд хэрэгжүүлэхээр 2017 оноос хойш ажиллаж байгаа юм. Төслийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулжээ.


Зээлийн хугацаа 30 жил бөгөөд үндсэн зээлийн төлбөрөөс эхний 10 жил чөлөөлөгдөнө. Зээлийн хүү жилийн 0.08 хувь гэлээ. Үндсэн зээлийг хагас жил тутам ижил хэмжээтэй, дараалсан 40 удаагийн төлбөрөөр эргүүлэн төлнө. Олон улсын валютын сангийн аргачлалаар энэхүү зээлийн хөнгөлөлтийн түвшин 60.3 хувь байгаа гэдгийг сангийн сайд танилцууллаа. 

Хэлэлцээр соёрхон батлах тухай уг хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

Дараа нь Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төслийн талаар танилцуулсан. Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрт заасан Сонгино дахь “Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэлийн төслийн төсөвт өртгийг 25 сая ам.доллараас 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлэхээр Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гарын үсэг зурсан байна. Унгар Улсын Засгийн газрын зээлийн хугацаа 17.5 жил бөгөөд үндсэн зээлийн төлбөрөөс эхний 4 жил чөлөөлөгдөнө. Зээл нь хүүгүй. Олон улсын валютын сангийн аргачлалаар хөнгөлөлтийн түвшин 40.47 хувь болохыг танилцуулсан юм. 


Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын хөгжлийн сэргээн босголт хөгжлийн банк хоорондын Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төслийн талаар танилцуулсан юм. 

Монгол Улсын Засгийн газраас Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн багцын хүрээнд Дэлхийн банкнаас төсвийн дэмжлэг болгон “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлэн Хөгжлийн бодлогын санхүүжилт авахаар харилцан тохиролцсон. Хөтөлбөрийн санхүүжилт болох 100 сая ам.долларыг Дэлхийн банкнаас авахаар тохиролцож, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр болон  Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулжээ. 

Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын хөгжлийн сэргээн босголт хөгжлийн банк хоорондын Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын 3 дахь удаагийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ч.Хүрэлбаатар сайд танилцуулав. 


Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын гурав дахь удаагийн 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны анхны хэлэлцээрийг Вена хотноо 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотноо 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гарын үсэг зурж байгуулаад байна.

Энэхүү 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн зээлийн ерөнхий нөхцөл нь зээлийн хүү (жилийн) 0 хувь, зээлийн хугацаа 26.5 жил хүртэл, зээлийн үндсэн төлбөрөөс 12 жил чөлөөлөгдөнө. Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрт тусгагдсанаар хөнгөлөлттэй зээлээр дэд бүтэц, хотын усан хангамж, эрүүл ахуй, бохир ус, хог хаягдал, төмөр замын болон замын хөдөлгөөний аюулгүй байдал, боловсрол, мэргэжлийн боловсролын сургалт, эрүүл мэнд, иргэний хамгаалал, хөдөө аж ахуй, бусад нийгмийн дэд бүтцийн салбаруудын төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой гэв. 

Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын ассоциаци хоорондын Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын 3 дахь удаагийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, Сангийн сайд танилцуулав. Тазрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл’- ийн тухай

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.70-д “Газрын тосны олборлолтыг тогтвортой нэмэгдүүлэн, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна" гэсэн зорилт дэвшүүлсэн.

Улсын Их Хурлаас 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон баталсан бөгөөд Засгийн газрын 2017 оны 59 дүгээр тогтоолоор дээрх хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг хэрэгжүүлэхээр тогтсон. Төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг Энэтхэгийн “Инженерс Индиа Лимитед” компани боловсруулж, үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардлыг 1.236 сая ам.доллар гэж тооцоолсон тул нэмэлт 236 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай болсон. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэр болох 236.0 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг байгуулжээ. 


Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь хуулийн төслийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 





  2019-12-17 13:35  448