Цэс

Холбоо барих

Хуулийн төслүүдийг анхны болон эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороодод шилжүүлэв

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

     Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.05.31) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, мөн Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд-ийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэв.


      Эдгээр хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы энэ сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хийх явцад Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал авч хуулийн төсөлд тусган оруулж ирэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр тав хоногийн завсарлага авсан юм. Намын бүлгийн завсарлагын хугацаа дууссан тул чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг ийнхүү үргэлжлүүлэв.

    Уг хуулийн төслүүдтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ сарын 30-ны өдөр “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг Засгийн газарт ирүүлжээ. Уг албан бичигт ”Засгийн газраас Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл, Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй танилцлаа. Дээрх хуулийн төслүүдэд тусгайлан өгөх саналгүй болно” гээд хэлэлцүүлгийн явцад ажлын хэсэгт Ерөнхийлөгчийн Тамгын газраас төрийн цэргийн байгууллага хариуцсан ахлах референт Ч.Сайнтөрийг оролцуулахаа мэдэгдсэн байна.

    Хуулийн төслүүдийн үзэл баримтлалын талаарх төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийллээ. Ингээд Байнгын хорооны саналаар Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл, Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Иймээс эдгээр хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.


     Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийн 2.2 дахь хэсэгт “Монгол Улсын батлан хамгаалах тогтолцооны үндэс нь төр, захиргааны байгууллагууд, нийт иргэний оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа болно.” хэмээн тодорхойлж, Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Орон нутгийн хамгаалалт нь Монгол Улсын өөрийгөө хамгаалах стратеги бөгөөд төрийн бүх шатны байгууллагын хамтын ажиллагаа, бүх нийтийн оролцоонд тулгуурлана", мөн хуулийн 7.4 дэх хэсэгт “Орон нутгийн хамгаалалтын харилцааг хуулиар зохицуулна” гэж тус тус заасан. Энэ үндсэн дээр Орон нутгийн хамгаалалтын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулжээ. Уг хуулийн төсөл нь нийт зургаан бүлэгтэй юм. Хуулийн төсөл батлагдсанаар иргэний эх орноо хамгаалах Үндсэн хуулийн заалт хэрэгжих, орон нутгийн хамгаалалтын талаар иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын бүрэн эрх, чиг үүргийн уялдаа хангагдаж, улсын орноо батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны цогц байдал бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.

     Харин Дайчилгааны тухай хуулийг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг шаардлагатай үед дайны байдалд шилжүүлэх, цэргийн дайчилгааны бэлэн байдлыг хангах, дайчилгаа явуулах үндэслэл, журам, энэ талаарх төрийн байгууллагын бүрэн эрх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хүлээх үүргийг тогтоож, дайчилгаа явуулахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилтын хүрээнд анх 1998 онд баталжээ. Түүнээс хойших хугацаанд уг хуульд  таван удаа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

     Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт “Монгол Улс нэгдсэн удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгааны тогтолцоог эдийн засгийн төлөв байдал, зэвсэгт хүчний гүйцэтгэх үүрэгт нийцүүлэн бүрдүүлнэ”, Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Дайчилгааны тухай хуулийг Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг, Монгол Улсын батлан хамгаалах хууль тогтоомжид нийцүүлэхээр заасны дагуу уг хуулийн төслийг боловсруулжээ.

    Хуулийн төсөлд улсын болон цэргийн дайчилгааны зохицуулалтыг боловсронгуй болгох үүднээс нэр томьёог тодорхойлж оруулж өгснөөс гадна дайчилгааны үндсэн арга хэмжээг дайчилгааны бэлтгэлийг хангах болон дайчилгаа явуулах үеүдээр тодорхойлж, түүнийг эрх бүхий байгууллагуудын эрх, үүрэгт тодорхой зааж өгчээ. Мөн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Дайчилгааны тухай хуулийн бүтэц, хуулийн хамрах хүрээг хэвээр хадгалж, улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэх үеийн энэ хуулиар зохицуулах нийгмийн харилцаанд хамаарах асуудпыг бүрэн тусгаж, хуулийн нэр томьёог тодотгох, улсын дайчилгаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг тодорхойлох, Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт заасан зорилтуудыг хангах зорилгоор холбогдох зохицуулалтыг нарийвчлан тусгасан байна.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

    Дараа нь Засгийн газраас энэ оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төсөлд улсын хэмжээнд батлагдсан бүх салбарын зардлын норм, норматив, стандартыг шинэчлэх ажлыг зохион байгуулах, урсгал болон хөрөнгийн зардлын төлөвлөлт, төсвийн гүйцэтгэлийн хяналт хийхэд эдгээр норм, норматив, стандартыг хэрхэн ашиглах талаар холбогдох хуульд заасан журам, зааврыг баталж мөрдүүлэх, шаардлагатай бол хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх болон 2019 оны төсвийн тухай хуулийг боловсруулахдаа Төсвийн тухай хуульд нийцүүлэн батлагдсан зураг, төсөвгүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг тусгахгүй байх зэрэг асуудлыг тусгасан байна.


   Төсвийн байнгын хорооны энэ оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 06 тоот тогтоолоор дээрх хуулийн төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаанаар ахлуулан байгуулсан бөгөөд тус Байнгын хорооны энэ сарын 29-ний өдрийн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хурааж шийдвэрлэжээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

     Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулсны дараа төслийн анхны хэлэлцүүлгийн явцад ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авлаа. Тухайлбал, хуулийн төслийн 1 дүгээр зүйлийг “Төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, арга хэмжээний урсгал болон хөрөнгийн зардлыг төлөвлөх, гүйцэтгэлийн хяналт хийхдээ батлагдсан норм, норматив, стандарт, зураг төсвийг үндэслэнэ” гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн төслийн 24.1 дэх хэсгийг “Төсвийн зарлага нь урсгал болон хөрөнгийн зардал, эргэн төлөгдөхтөлбөрийг хассан цэвэр зээлийн нийлбэрээс бүрдэнэ” гэж өөрчлөн найруулах, хуулийн төслийн гарчгийн “нэмэлт” гэсний дараа “өөрчлөлт” гэж нэмэхээр тогтов. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нэгдсэн хуралдаанд танилцуулав.

     Засгийн газраас энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эд хөрөнгийн улсын бүртэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы энэ сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Энэ үндсэн дээр улсын бүртгэлийн багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулан байгуулж ажиллуулжээ.

   Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хурааж шийдвэрлэн энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтсон байна. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр, М.Билэгт нарын зэрэг гишүүд асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.


   Ингээд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Тухайлбал, хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг “Энэ хуулийн зорилт нь бүртгэлийн ангиллыг тогтоох, бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэх, түүнчлэн улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчим, төрөл, мэдээллийн нэгдсэн сан, улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, улсын бүртгэлийг хөтлөхтэй холбоотой нийтлэг харилцааг зохицуулахад оршино” гэж өөрчлөн найруулахыг гишүүдийн 62.5 хувь нь дэмжлээ.

    Мөн төслийн 5, 6, 10 дугаар зүйлийг нэгтгэн “Бүртгэлийн ангилал, бүртгэл хөтлөх” гэсэн 5 дугаар зүйл болгож, бүртгэлийг улсын бүртгэл, төрөлжсөн бүртгэл гэж ангилах, улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо нь иргэний улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл, эд хөрөнгийн улсын бүртгэлээс бүрдэх, эдгээрээс бусад хуульд заасан бүртгэл нь төрөлжсөн бүртгэлд хамаарах бөгөөд төрөлжсөн бүртгэлийн жагсаалтыг Засгийн газар батлах, хуульд өөрөөр заагаагүй бол бүртгэлийг цахим хэлбэрээр хөтөлж болох зэрэг зохицуулалт хийхээр болов. Түүнчлэн хуулийн төслийн 14 дүгээр зүйлд “Хяналтын улсын ахлах байцаагч, улсын байцаагч нь эрх зүйч мэргэжилтэй байна” гэсэн агуулгатай 14.3 дахь хэсгийг нэмэх, төслийн 16 дугаар зүйлийг “Улсын бүртгэлийн мэдээллийн сангийн систем, техник технологи, програм хангамжийн ерөнхий шаардлага болон төрийн цахим мэдээллийн сан хариуцсан байгууллагатай мэдээлэл солилцох журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж, 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсгийг “Улсын бүртгэлийн байгууллага нь улсын бүртгэлийн цахим мэдээллийн санг нөөцлөн технологийн дагуу хадгална” гэж тус тус өөрчлөн найруулахаар болов. Мөн төслийн “Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага” гэсэн 25 дугаар зүйлийг “25.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, “25.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус өөрчлөн найруулахыг дэмжив.

    Хуулийн төслийн 19 дүгээр зүйлийн 19.4-19.13 дахь хэсгийг өөрчлөн найруулах санал дэмжигдсэнээр хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага, түүний харьяа салбар, нэгж, ажилтан лавлагаа, мэдээлэл авах тухай хүсэлт, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шийдвэрлэж хариу өгөх, лавлагаа, мэдээллийг цахим хэлбэрээр олгож болох бөгөөд энэ нь архивын эх нотлох баримт бичигтэй нэгэн адил хүчинтэй байхаар зохицуулахаар болов. Түүнчлэн улсын бүртгэлийн талаар лавлагаа, мэдээлэл, хуулбар авсан этгээд уг мэдээллийг ашиглан тухайн эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагч болон хувьцаа эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээх зохицуулалт хийхээр болов.  

   Ингээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл