“Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хууль тогтоомжийн төслийн сонсголыг зохион байгууллаа

  2019-06-12 08:26  283

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр /2019.06.12/ “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хууль тогтоомжийн төслийн сонсголыг Төрийн ордноо зохион байгууллаа. 

УИХ-ын гишүүн Н.Учралаас Монгол Улсын Их Хуралд 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийн төсөл нь нийтийн ашиг сонирхолд шууд хамааралтай эдийн засаг, нийгмийн харилцааг зохицуулах тул “Нийтийн сонсголын тухай” хуулийн 7.1 дүгээр заалтын дагуу хууль тогтоомжийн төслийн өнөөдрийн сонсголыг зохион байгуулсан юм.

Ингээд сонсголыг нээж УИХ-ын гишүүн Б.Ундармаа хэлсэн үгэндээ, энэхүү хууль тогтоомжийн сонсголоор хуулийн төслйин талаар мэдээллийг олон нийтэд хүргэх, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, иргэдийн санал, зөвлөмжийг сонсох, мөн хуралдаанд оролцогчдын саналыг нэгтгэн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэх, хуулийн төслийн хэлэлцүүлгийн үе шатанд гишүүдэд танилцуулах зорилттой юм гээд мэдээлэл хийх албаны хүмүүсийг танилцуулав.

Эхний мэдээллийг УИХ-ын гишүүн Н.Учрал Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар танилцуулав. Тэрбээр,     манай улс анх 1997 онд Төрийн бус байгууллагын тухай хуулийг баталснаар иргэний нийгмийн байгууллагууд байгуулагдах эрх зүйн үндэслэл бүрдсэн.  2017 оны байдлаар 27000 гаруй төрийн бус байгууллага Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар бүртгэгдсэнээс 8000 орчим нь нийгэмд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төрийн бус байгууллагууд дунд нийгэмд үйлчлэх зорилготой мэргэжлийн нэгдсэн холбоо гэх нэршилтэй байгууллагууд нэлээдгүй байгаа ч тэдний үйл ажиллагаа, тогтвортой байдлыг хангах хууль эрх зүйн орчин дутмаг байдгаас үйл ажиллагаа нь хангалтгүй байна. Барилгын, эрүүл мэндийн зэрэг зарим салбарт төрийн байгууллагын гүйцэтгэх үйлчилгээний буюу зохион байгуулалтын чиг үүргийг Засгийн газар тогтоол гаргах замаар төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж байна. Гэсэн хэдий ч төрийн бодлого төлөвлөлтөд мэргэшсэн иргэний нийгмийн байгууллагатай хамтрах, саналыг нь тусгах, мэргэжлийн удирдамж, арга зүйн зөвлөмжөөр хангах чиглэлийн үйл ажиллагаа доголдолтой байна. Төрөөс мэргэшсэн төрийн бус байгууллагатай харилцах талаар эрх зүйн зохицуулалтыг авч үзвэл анх 1991 онд Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль батлагдаж төрийн байгууллага болон үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбоо, бусад салбар холбоодын хамтын ажиллагааг хуулийн хүрээнд зохицуулсан байна. Түүнээс хойш 1995 онд Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль, 2000 онд Монголын Улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хууль, 2012 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль зэрэг мэргэшсэн төрийн бус байгууллагын оролцоо, чиг үүргийг тусгайлан хуульчилж, төрийн байгууллагатай хамтран ажиллах хүрээг тодорхой болгосон. 


Гэтэл бусад салбарын мэргэжлийн нэгдсэн холбоодын үйл ажиллагааг Төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулдаг бөгөөд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд төдийлэн ахиц, дэвшил ажиглагдахгүй байна. Энэ нь төрийн байгууллагын үйл ажиллагааны ачааллыг бууруулах боломж бололцоо сайжрахгүй байх, төрийн бус байгууллагаар төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэхэд ямар шалгуурыг хангасан байгууллагатай харилцах нь тодорхойгүй, нэг чиглэлийн хэт олон байгууллага нь тухайн салбарынханыг төөрөгдүүлэх, цаашилбал зарим нэг салбарыг төлөөлөх боломжгүй байгууллагууд төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх нэрийн дор хүнд суртлыг бий болгох, салбарын чөлөөт өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөл байдлыг бий болгоод байна. Улмаар яамдуудын бодлого боловсруулах, тодорхойлох чадамж сулрах, худалдан авалт, сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах, тусгай зөвшөөрөл олгох зэрэг зохион байгуулалтын шинж чанартай, ач холбогдол багатай ажилд анхаарах зайлшгүй нөхцөл байдал өөрлөгдөхгүй байна.

Түүнчлэн төрийн байгууллагууд мэргэжлийн холбоод, мэргэшсэн хувь хүнтэй хамтран ажиллах үйл ажиллагааны цар хүрээгээ орон тооны бус зөвлөлд ажиллуулах, зарим тохиолдолд зөвлөхийн ажил үйлчилгээ гүйцэтгүүлэх төдийхнөөр хязгаарлаж байгаа нь нэг талаас, тэдгээр хамтын ажиллагааны хууль эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгаатай, нөгөө талаас мэргэжлийн холбоодод нэгдсэн хамтын ажиллагаа байхгүй, чадавхи нь сул байдагтай холбоотой гэж үзэж байна.

 

Иймд “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийн төсөл өргөн мэдүүлж, энэ нь 4 бүлэг 20 зүйлтэй бие даасан хууль юм. Уг хуулийн зорилт нь мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны  зохион байгуулалт, чиг үүрэг, эрх зүйн байдлыг тодорхойлох, төрийн болон бусад төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, харилцахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино гэлээ.

Үргэлжлүүлэн Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн Гүйцэтгэх захирал Б.Энхболд мэдээлэл хийж, саналаа хэллээ. Тэрбээр, өнгөрсөн хугацаанд бидний хувьд Төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх явцад тулгарч байсан хэд хэдэн асуудлууд байгааг гурван бүлэгт хуваан товчхон хэлэх саналтай байна гэв. Тухайлбал, хуулийн төслийн 3 дугаар бүлэг Хамтын ажиллагаа бүлгийн 14, 15, 16 дугаар зүйлд тодорхой зааж оруулсан нь шийдэл хүргэж байх гэв. Мөн төрийн бус байгууллагыг шалгаруулах механизмыг тодорхой зааж, гадны хүчин зүйлийн нөлөөг байхгүй болгох хэрэгтэй байна гэсэн санал хэлж байв.

Дараа нь “Дат консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Алгаа олон улсын нийтлэг жишээн дээр тулгуурласан Мэргэжлийн холбоодод тавигдах нийтлэг шаардлагын талаар мэдээл хийв. Үүний дараа сонсголд оролцогчид хуулийн төсөлтэй холбогдуулан өөрсдийн байр сууриа илэрхийлэхийн сацуу саналаа мөн хэлж байв.

Ийнхүү сонсголд оролцогчдын саналыг нэгтгэн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2019-06-12 13:36  283