Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 14 дугаарын тойм


Эмхэтгэлийн шинэ дугаарт Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай, Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай, А.Ганбатыг албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлжээ.

Мөн Үндэсний хөтөлбөр батлах тухай, Журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн байна.

Үндэсний хөтөлбөр батлах тухай тогтоолоор “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн, тэжээлийг импортлоход зарцуулж байгаа их хэмжээний валютын урсгалыг дотоодын үйлдвэрлэлд чиглүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл, эрчимжүүлэлтийг дэмжих, иргэдийн амьжиргаа, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр дээрх хөтөлбөрийг боловсруулжээ.

Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогын хүрээнд мал аж ахуйн үйлдвэрлэлийг бүсчилж хөгжүүлэх, төрөлжүүлэн эрчимжүүлэх, төвлөрсөн хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг тогтворжуулах, малын гаралтай зарим нэр төрлийн бүтээгдэхүүний импортыг бууруулах, экспортыг дэмжих, эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх, тэдгээрийн хөрөнгө оруулалт, эдийн засгийн үр өгөөжийг сайжруулахад энэ хөтөлбөрийн зорилго оршиж буй ажээ.

Журам батлах тухай тогтоолоор “Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам”-ыг баталсан аж.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны шүүхэд гомдол гаргахад анхан шатны шүүхээс оноосон ялаас илүү хүнд ял оноох, эрх зүйн байдлыг дордуулж болохоор зохицуулсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаас гаргажээ.

Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгын агуулгад нийцэхгүй байхаас гадна хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхийн шийдвэрийг давж заалдах иргэний үндсэн эрхийг хөндөж буй учир Үндсэн хуулийн цэц ийм шийдвэр гаргасан байна.

Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно.” гэж заасны “... хүндрүүлж ...” гэснийг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж заасны “...  эсхүл хүндрүүлж ...” гэснийг, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж заасны “...  эсхүл хүндрүүлж ...” гэснийг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл