Цэс

Холбоо барих

Хууль зүйн байнгын хороо гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.10.03/ хуралдаанаар “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.


Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний байгууллагын төсвийн гүйцэтгэлийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд багтах байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 562.5 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарч, урсгал зардалд 524.3 төгрөг, хөрөнгийн зардалд 38.8 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Нийт зарлага болон цэвэр зээлийн дүнгийн 82.4 хувь буюу 463.5 тэрбум төгрөгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, 8.5 хувь буюу 48.1 тэрбум төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, 5.1 хувь буюу 28.9 тэрбум төгрөгийг Улсын ерөнхий прокурор, 3.9 хувь буюу 21.9 тэрбум төгрөгийг бусад төсвийн ерөнхийлөн захирагчдын багцын зарлага эзэлж буй аж.


Улсын төсвөөс 541.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагууд өөрийн орлогоор 17.9 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр 5.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн байна.

Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын талаар Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг танилцуулсан.

Хууль зуй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн тайланд 226 байгууллага нэгтгэгдсэнээс 146 байгууллагад “Зөрчилгүй”, 1 байгууллагад “Хязгаарлалттай”, 1 байгууллагад “Сөрөг” дүгнэлт өгч, 22 байгууллагын санхүүгийн тайланд “Итгэл” үзүүлж, 56 байгууллагын санхүүгийн тайланг аудитын түүвэрт хамруулжээ.


Аудитаар нийт 38.2 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 32.1 тэрбум төгрөгийн бүртгэлийн алдааг залруулж, 57.2 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож, 3.8 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах албан шаардлага өгч, 2.2 тэрбум төгрөгийн алдаа, зөрчлийг засах, давтан гаргахгүй байх зөвлөмжийг хүргүүлсэн байна.

Монгол Улсын Ерөнхий прокурорын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн тайланд 43 байгууллага нэгтгэгдсэнээс 33 байгууллагад “Зөрчилгүй”, 1 байгууллагад “Сөрөг” дүгнэлт өгч, 7 байгууллагын санхүүгийн тайланд Итгэл үзүүлж, 2 байгууллагын санхүүгийн тайланг аудитын түүвэрт хамруулсан байна.

Аудитаар нийт 1.8 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 1.7 тэрбум төгрөгийн бүртгэлийн алдааг залруулж, 3.2 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож, 31.9 сая төгрөгийн зөрчлийг арилгах албан шаардлага өгч, 81.6 сая төгрөгийн зөрчлийг засах, давтан гаргахгүй байх зөвлөмжийг хүргүүлжээ.

Дорноговь аймгийн Прокурорын газрын нягтлан бодогч нь ажилтнуудын нэр дээр цалин илүү бодож өөрийн дансанд авч ашигласнаар 7.7 сая төгрөгийн авлага үүсгэсэн, байгууллага хувь хүний дансанд 3.8 сая төгрөгийг шилжүүлэн авсан зэрэг зөрчилтэй байсан тул уг санхүүгийн тайланд “Сөрөг” дүгнэлт өгсөн байна.

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн төсвийн 2018 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Зөрчилгүй” дүгнэлт өгсөн байна.

Аудитаар нийт 666.7 сая төгрөгийн алдаа зөрчил илэрснээс 648.1 сая төгрөгийн бүртгэлийн алдааг аудитын явцад залруулж, 1.9 сая төгрөгийн зөрчилд 2 төлбөрийн акт, 16.7 сая төгрөгийн алдааг засах, давтан гаргахгүй байх талаар 4 зөвлөмж өгчээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын төсвийн 2018 оны санхүүгийн тайланд 41 байгууллага, нэгжийн санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 32 байгууллагын санхүүгийн тайланд “Зөрчилгүй” дүгнэлт өгч, 6 байгууллагын санхүүгийн тайланд “Итгэл” үзүүлж, 3 байгууллагын санхүүгийн тайланг аудитын түүвэрт хамруулжээ.


Аудитаар нийт 36.2 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 35.6 тэрбум төгрөгийн бүртгэл, тайлагналын алдааг залруулж, 20.2 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож, 30.8 сая төгрөгийн төгрөгийн алдааг засах, давтан гаргахгүй байх талаар зөвлөмж өгсөн байна.

Үндсэн хуулийн цэцийн даргын төсвийн 2018 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Зөрчилгүй” дүгнэлт өгсөн бөгөөд нягтлан бодох бүртгэлийн 1.5 тэрбум төгрөгийн алдааг залруулж, 2 зөвлөмж хүргүүлсэн аж.

Авлигатай тэмцэх газрын даргын төсвийн 2018 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Зөрчилгүй” дүгнэлт өгсөн бөгөөд 1 зөвлөмж хүргүүлсэн байна.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргын төсвийн 2018 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Зөрчилгүй” дүгнэлт өгсөн бөгөөд 5.5 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож, 1 зөвлөмж өгчээ.

Хүний эрхийн үндэсний комиссын даргын төсвийн 2018 оны санхүүгийн тайланд “Итгэл” үзүүлсэн байна. Тайлант онд тус байгууллагад 1,140.6 сая төгрөгийн төсөв батлагдсанаас гүйцэтгэлээр 1,134.9 сая төгрөгийг зарцуулсан байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Зөрчилтэй”, “Сөрөг” гэсэн дүгнэлт авсан байгууллагын талаар тодруулан асууснаар хэлэлцүүлэг өндөрлөж, Байнгын хороо санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ

Дараа нь Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан юм. /Танилцуулгыг бүрэн эхээр нь эндээс уншина уу/


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ц.Мөнх-Оргил, Ц.Нямдорж нар асуулт асуусан. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд Ард нийтийн санал асуулга явуулах асуудлыг Ерөнхийлөгч дэмжиж байгаа эсэх, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгээр хэлэлцэн батлах боломжтой буй эсэх асуудалд ямар байр суурьтай байгааг тодруулсан. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулгыг 30 тэрбум төгрөгөөр явуулахын эсрэг байгаа хэмээлээ. Тэрбээр, Ард нийтийн санал асуулга явуулахаар шийдсэн ч ирц бүрдэхгүй бол яах вэ. Ингэвэл хөрөнгө салхинд хийсэх болно гэлээ. Түүнчлэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгээр хэлэлцэн батлаад явах боломж бий гээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг агуулгын хувьд Ерөнхийлөгчийн зүгээс эсэргүүцэн хэлэх зүйл байхгүй гэдгийг тодотгосон юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд нар санал байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Үргэлжлүүлээд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслүүдийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан юм.


Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан дээрх хуулиудад тодорхой зүйлүүдийг тусгасан гэдгийг тодотгосон. Тухайлбал, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг зөрчлийн хугацаа тоолох зохицуулалттай уялдуулж, улмаар зарим гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг боловсронгуй болгохоор өөрчилсөн гэдгийг сайд онцолсон. Мөн аргагүй хамгаалалтын зохицуулалтанд хамрах хүрээг өргөжүүлж, эрх хасах, хорих зэрэг зарим ялын хэмжээтэй холбоотой зохицуулалтын зөрчлийг арилгасан байна.

Түүнчлэн зарим төрлийн гэмт хэрэг, тухайлбал, биеэ үнэлэхийг зохион байгуулах, бэлгийн дарамт учруулах, гүтгэх, мөрийтэй тоглоом зохион байгуулах зэрэг гэмт хэргийг тусгах, зарим гэмт хэргийн шинжийг ерөнхий ангид заасан нэр томьёотой нийцүүлсэн гэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд шүүх хэрэг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тохиолдолд шүүгч нэмж оруулах болон бүрэлдэхүүнгүй болсон тохиолдолд хэрхэн шийдвэрлэхийг ялгаж тусгайлан зохицуулахаар тусгажээ. Мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах үүднээс прокурорын даалгаварт мөрдөгч санал бичих, мөн зарим тохиолдолд мөрдөгч даалгавар бичих эрхтэй байхаар зааж, мэдүүлэг авах тухай бүлэгт үндсэн шаардлага болон тусгагдсан боловч зарим нэг оролцогчийн эрхэд тусгагдаагүй асуудлыг тухайлан тусгасан байна.

Практикт хэрэгжүүлэх явцад анхан шатны шүүхэд шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сунжруулах зэрэг асуудал гарч байгааг шийдвэрлэх зорилгоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуулиар харьяалуулсан асуудлыг шийдвэрлэсэн шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар өөрчилжээ.

Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Усан замын тээврийн тухай хууль зөрчих, Төрийн болон албаны нууцын тухай хууль зөрчих, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль зөрчих, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль зөрчих зөрчлийг нэмсэн байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар зохицуулагдаагүй аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нь харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж болон Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн захиргааны хэм хэмжээний акт гаргах талаар тусган холбогдох зөрчлийг хуульд тусгажээ.

Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийг багасгах, хэрэглэх албадлагын арга хэмжээг хасах талаар холбогдох байгууллагаас гаргасан саналд үндэслэн торгох шийтгэлийг хэмжээг багасгах, тусгай ангид заасан зарим албадлагын арга хэмжээг хасахаар тусгалаа. Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн Эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар, цэгт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар тусгалаа хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцууллаа.


Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд, зөрчил шалгах зарим ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлэхээр зохицуулсан нь давхардал, хийдлээс гадна салбарын хүрээнд тус хуулийг хэрэгжүүлж байгаа улсын байцаагчдын дунд ойлголтын зөрүү бий болох зэргээр бэрхшээл үүсгэж байгааг өөрчилж, нэгтгэн зохицуулсан гэлээ.

Тусгай журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулахаар заасан баривчлах шийтгэл бүхий зөрчлийг шалгах ажиллагааг шуурхай хэрэгжүүлэх зорилгоор холбогдогчийг дуудан ирүүлэх, зөрчлийн хэргийг нэгтгэх, тусгаарлах журмыг хуульд шинээр нэмж зохицуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төлбөр төлөгчийн гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх журам, үндэслэлийг тодорхой тусгасан гэлээ.

Түүнчлэн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтан өөрөө зөвшөөрсөн тохиолдолд өдөрт 4 цагаас ихгүй хугацаанд нийтэд тустай ажил хийдэг байсныг өөрчилж, 8 цагаас ихгүй хугацаанд хийж болохоор тусгажээ.

Хэлэлцүүлгийн үеэр багагүй маргаан дэгдээсэн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тооцох зохицуулалттай холбоотой асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тайлбар хийсэн. Тэрбээр, Эх газрын системтэй орнуудын Эрүүгийн хуульд гэмт хэргийн ангилал гэж байдаг. Гэмт хэргийг хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэж дөрөв ангилдаг. 2015 оны хуулиар гэмт хэргийн энэ ангиллыг байхгүй болгосон. 2002 оны хуулиар нэг жил хүртэл хугацаагаар хорих ялтай хөнгөн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа 6 сар байсан. 5-15 жилийн хорих ялтай хүнд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа 15 жил, онц хүнд хэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа 25 жил байсан. Харин 2015 оны хуулиар найман жил хүртэл хорих ялтай хэргийг хөөн хэлэлцэх хугацааг таван жил, 8-12 жилийн хорих ялтай гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг 12 жил, 25 жилийн ялтай гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг 20 жил болгон багасгасан. Дараа нь 2017 оны өөрчлөлтөөр 1-8 жилийн хорих ялтай гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг таван жил гээд орхисон. Бусад хугацаанууд нь хэвээрээ. Үндсэндээ эрүүгийн хэргийн ангиллыг байхгүй болгоод тэр ангиллаас үүдэлтэй хөөн хэлэлцэх хугацааны нийт үргэлжлэх хугацааг багасгаснаас ийм маргаан гараад байгаа юм гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, О.Батнасан, Ж.Батзандан, Б.Пүрэвдорж, Ц.Нямдорж, Х.Нямбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа  хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл