ПАРЛАМЕНТЫН СУДАЛГАА, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

  2022-03-05 15:47  239

Анх Засгийн газрын дэргэд Төрийн бодлого, нийгмийн асуудал судлах төвийг 1990 оны арваннэгдүгээр сард байгуулж, мөн энэ үед Улсын Бага Хурлын Тамгын газрын бүтцэд Шинжилгээ, лавламжийн хэсэг ажиллах болсноор Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын ажлын албаны Судалгаа, шинжилгээний нэгжийн үүсэл тавигджээ. Улмаар 1991 оны зургадугаар сард Улсын Бага Хурлын дэргэд Төр, нийгэм судлалын академи байгуулсан байна. Тус академи нь төрийн байгуулал, эрх зүй, улс төр судлал, социологи, төрийн эдийн засаг, нийгмийн бодлогын асуудлаар судалгаа явуулах, дэлхийн улс орнуудын парламентат ёсыг судалж, төрийн бодлого, үйл ажиллагааны шинжлэх ухааны үндэслэл, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага байв.

УИХ-ын 1994 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 15 тоот тогтоолоор Төр, нийгэм судлалын академийн эрдэм шинжилгээ, судалгааны хэсгийг түшиглэн УИХ-ын дэргэд Судалгааны төв байгуулсан бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газрын бүтцэд Мэдээлэл, лавламжийн алба ажиллаж байв.

1996 онд Судалгаа, мэдээлэл лавламжийн алба байгуулж, шинжилгээ судалгааны хэсэг, сүлжээ программын хэсэг, архив, номын сан гэсэн бүтэцтэй ажиллаж байсан бол УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2001 оны зургадугаар сарын 20-ны өдрийн 198 дугаар захирамжаар Мэдээлэл, судалгааны хэлтэс байгуулагдан Мөн оны аравдугаар сараас тус хэлтсийн бүтэц дэх Номын сангийн хэсгийг Захиргаа, олон нийттэй харилцах хэлтэст харьяалуулж, УИХ-ын Тамгын газарт шинжлэх ухааны суурь судалгаанд үндэслэн хялбаршуулсан лавлагаа мэдээлэл бэлтгэх үүрэг бүхий 3 судлаач ажиллах болжээ.

2003 онд УИХ-ын дэргэд Бодлогын шинжилгээний төвийг 4 хэсэгтэй, 17 орон тоотой байгуулж, өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж байв.

Улмаар УИХ-ын даргын 2008 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 147 дугаар захирамж, УИХ-ын 2009 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 3 дугаар тогтоолоор Бодлогын шинжилгээний төвийг Тамгын газрын зохион байгуулалтын бүтцэд шилжүүлэн Ерөнхий нарийн бичгийн даргын эрхлэх асуудлын хүрээнд Судалгаа шинжилгээ, олон нийттэй харилцах төв болгон байгуулсан бол 2009 оны гуравдугаар сараас Судалгааны төв болон өөрчлөгджээ.

2013 онд Тамгын газрын Судалгааны төвийг Судалгаа, шинжилгээний хэлтэс болгон өөрчилж, 2016 онд тус хэлтсийг Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн харьяа Судалгаа, мэдээлэл, лавлагааны алба болгон зохион байгуулсан юм.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2019 оны аравдугаар сарын 30-ны өдрийн 642 дугаар захирамжаар Парламентын судалгааны хүрээлэн болгон шинэчлэн зохион байгуулсан бол УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 144 дүгээр захирамжаар Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн болгож, Судалгааны алба, Сургалтын алба, Номын сан гэсэн 3 нэгжтэйгээр ажиллаж байна.

Үндсэн чиг үүрэг:

Парламентын судалгааны хүрээлэн нь Монгол Улсын Их Хурлаас хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэх, УИХ-ын гишүүд хууль санаачлах, хуулийн төсөл боловсруулах болон УИХ- ын чуулганаар хэлэлцэн батлахад шинжлэх ухааны үндэслэл бүхий нотолгоонд суурилсан судалгааны баримт мэдээлэл, лавлагаагаар шуурхай хангах, хараат бус судалгаа шинжилгээ хийх, санал зөвлөмж боловсруулах, мэдээллийн сан бүрдүүлэх, парламентын судалгаа шинжилгээг хөгжүүлэх, УИХ-ын гишүүд, тэдгээрийн ажлын алба, Тамгын газрын нийт ажилтнуудын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн сургалт зохион байгуулах, олон нийтэд парламентын боловсрол олгох сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэглэгдэхүүнийг бэлтгэх, түгээх, парламентын номын сангийн үйл ажиллагааг хариуцах зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг.


  2022-04-20 16:34  239