Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа

  2020-04-21 19:04  372

 

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.  

Дэлхий даяар коронавируст халдвар (СО\/ID-19)-ын цар тахал тархсанаас үүсэх эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд Гамшгаас хамгаалах тухай болон Онц байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгаж, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Захирамж гаргаж, ажлын хэсгийг Ж.Энхбаяр гишүүнээр ахлуулан байгуулсан юм.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд гамшгаас хамгаалах удирдлага, зохион байгуулалт, салбар хоорондын ажлын уялдаа, зохицуулалтыг хангах, холбогдох талуудын хариуцлага, эрх, үүргийг хэрэгжүүлэх, хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох зохицуулалт бүрэн хангагдаагүй байна. Түүнчлэн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, иргэний хууль ёсны эрхийг түр хязгаарлах, үнэн зөв мэдээ мэдээллийг нэгдсэн байдлаар хүргэх зэрэг шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд холбогдох хууль тогтоомжийн уялдаа, эрх зүйн зохицуулалтын чадамж бүрэн биш байгаагаас үүдэн хүндрэл үүсэж байгаатай холбоотойгоор хуулийн төслийг боловсруулсан байна.


Хуулийн төсөлд:

-Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээг нэмж тусган, бэлэн байдлын зэрэгт бүрэн болон хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх ойлголтыг шинээр томьёолох;

-Гамшгаас хамгаалах асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар шинэ зүйл нэмж оруулах;

-Улсын Их Хурал, Засгийн газрын гамшгаас хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх бүрэн эрхэд нэмэлт оруулах;

-Гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал үүссэн үед гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, шуурхай зохион байгуулах, хяналт тавих эрх бүхий Улсын онцгой комиссын бүрэн эрхэд хамаарах асуудлаар шинэ зүйл нэмж оруулах;

-Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, Засаг дарга нарын бүрэн эрх, улсын албад, хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтуудыг тусгасан байна.

Хууль батлагдсанаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн нийгмийн хэвийн үйл ажиллагаа, хүн амын аюулгүй, эрүүл, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх эрх зүйн орчин боловсронгуй болно гэж хууль санаачлагчид үзэж байна.


  2020-04-21 19:04  372