Цэс

Холбоо барих

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.03.27) нэгдсэн хуралдаан 16.36 цагт 52 хувийн ирцтэйгээр эхэлж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.


Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа.

Хууль зүйн байнгын хороо 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхдээ УИХ-ын гишүүнээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн гэлээ. Хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан саналын томьёоллын үндэслэлээ тайлбарласан бөгөөд саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ц.Гарамжав, Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Ж.Батзандан, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн болон дэмжигдээгүй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явууллаа.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлд Эрүүдэн шүүх үйлдэл үйлдэгдсэн гэж үзэх хангалттай үндэслэлээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан, тэрхүү зөвлөмжийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба Шүүхийн ерөнхий зөвлөлд даруй хүргүүлэх тухай хэсэг, заалт нэмэх саналыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар гаргасныг Хууль зүйн байнгын хороо дэмжсэн юм. Харин энэ саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Мөн тус хуулийн 18.5 дахь “Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн, аливаа нэг этгээдийн талд шүүхийг үйлчлүүлсэн буюу үйлчлүүлэхээр дарамт үзүүлсэн нь Ерөнхий шүүгчийг хугацаанаас нь өмнө албан тушаалаас нь огцруулах үндэслэл болно” гэсэн заалтад “эрүүдэн шүүх үйлдэл үйлдэгдсэн гэж үзэх хангалттай үндэслэлээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан” хэмээн нэмж өөрчлөн найруулах саналыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар гаргаж, Хууль зүйн байнгын хороогоор дэмжигдсэн ч нэгдсэн хуралдаанаар гишүүдийн олонхын дэмжлэг авсангүй.   


Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийг “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга гэмт хэрэгт холбогдсон, түүнчлэн энэ хуулийн 31.2-т заасны дагуу баривчлагдсан бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан, эсхүл эрүүдэн шүүх үйлдэл үйлдэгдсэн гэж үзэх хангалттай үндэслэлээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсныг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралд хүргүүлсэн бол уг санал, зөвлөмжийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ" хэмээн өөрчлөн найруулах санал мөн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ингээд зарсмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Хууль зүйн байнгын хорооны хуралдааны дараа чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл