Инфографик: Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга

  2019-09-18 13:12  310

    Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

    Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Д.Мурат, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нараас 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

    Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд дамжуулах сүлжээнд холбогдох сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүдийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгох, мөн айл өрх, албан байгууллагын түвшинд бага чадлын сэргээгдэх эрчим хүчийг ашиглахтай холбоотой харилцааг зохицуулах зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр тусгасан.


Хуульд орсон гол нэмэлт, өөрчлөлт:

    1.Сэргээгдэх эрчим хүчний үнэ, тарифын дээд хязгаарыг тогтоож, төслийг үнэ хаялцуулах өрсөлдөөний (төсөл шалгаруулалт) зарчмаар сонгон шалгаруулдаг болно. 

    2.Нар, салхины эх үүсгүүрээс нэгдсэн сүлжээнд нийлүүлэх үнэ тарифын дээд хязгаарыг өөрчлөн, төсөл шалгаруулалтын журмаар нарны станцын үнэ тарифыг 0.12 ам.доллар хүртэл, салхин станцын хувьд 0.085 ам.доллар хүртэл байхаар хуульчилсан. 

    3.Айл өрх, албан байгууллагууд өөрийн цахилгаан хэрэглээнд зориулж бага чадлын сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг ашиглах, мөн өөрийн хэрэглээнээс илүү гарсан цахилгааныг түгээх сүлжээнд худалдаалах боломжтой болж байна. 

Нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө:

    Эрчим хүчний хэрэглэгчдэд: Цахилгаан эрчим хүч хэрэглэж буй бүхий л хэрэглэгчдийн (айл өрх, аж ахуйн нэгж, уул уурхай) сарын цахилгааны төлбөрийн 13 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөр эзэлж байна. Цаашид өндөр тарифтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүд, ялангуяа нарны станц нэмэгдэх тусам энэ хувь хэмжээ нэмэгдэж хэрэглэгчдэд үнийн дарамт бий болох эрсдэл байсан тул хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүдийн үнийг өрсөлдөөний журмаар бууруулж, хэрэглэгчдэд бий болох байсан үнийн дарамтын эрсдэлийг бууруулсан.

    Эрчим хүчний системд: Өнгөрсөн хугацаанд нар, салхины эх үүсгүүрүүд олноор баригдсан хэдий ч техникийн нэгдсэн төлөвлөгөө муу байснаас болж эрчим хүчний системд техникийн хүндрэлүүдийг бий болгож эхэлсэн. Тиймээс цаашид ашиглалтанд оруулах эх үүсгүүрүүдийн байршил, хүчин чадал, төрлийг төрийн зүгээс нэгдсэн бодлогын хүрээнд төлөвлөх боломжтой болсон.

    Хөрөнгө оруулагчдад: Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр барих төслийн хөрөнгө оруулагчдын хувьд энэ чиглэлийн бодлого, хууль, эрх зүйн орчин ойлгомжтой, ил тод, олон улсын жишгийн дагуу байхыг чухалчилдаг. Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төслийн хэрэгжилтэд төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өндөр түвшинд байлгах боломжийг бий болгож өгсөн. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчний төслийн хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлдэг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөл, байгаль орчны үнэлгээ, газрын зөвшөөрөл, эх үүсвэрийн нөөцийн судалгаа болон жилийн баталгаат худалдан авалтын хэмжээ зэрэг эрсдэлүүдийг төрийн зүгээс өөрийн эрх мэдлийн хүрээнд үүрч, бууруулах боломжтой болж байна. Ингэснээрээ хөрөнгө оруулагч зөвхөн төслийн санхүүжилт, станцын бүтээн байгуулалт, ашиглалт үйлчилгээнд илүү анхаарал хандуулах боломжтой болсон.

Улсын Их Хурлын Тамгын газар




  2019-09-18 13:08  310