ТББХ: Ажлын хэсэг байгуулах, Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэв

  2019-06-18 17:22  370

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2019.06.18) хуралдаан 15 цаг 51 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 


    Эхлээд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзвэл Улсын Их Хурал төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг хууль санаачлагчийг оролцуулан байгуулж болно” гэж заасан байдаг. Байнгын хорооны дарга С.Бямбацогт эл заалтыг уншиж танилцуулаад, ажлын хэсийг байгуулах тухай тогтоолын төслийг танилцууллаа. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин ахалж ажиллах бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Солтан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар бүрэлдэхүүнд багтжээ. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцанг томилохоор төсөлд тусгасан байна. Ажлын хэсэг холбогдох хуульд нийцүүлэн боловсруулсан төлөвлөгөөнд нийцүүлэн ажиллахыг даалгахыг Улсын Их Хурлын тогтоолын төсөлд дурджээ. 

    Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон 13 гишүүний 12 нь буюу 92.3 хувь нь дэмжснээр “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн талаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 


    Дараа нь Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав. Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болсон тул Дэд хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Өнөөдрийн хуралдаанаар Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэр гаргуулсны дараа Дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэх ёстой. Одоогоор Дэд хороо 9 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнг Дэд хорооны бүрэлдэхүүнээс хасч, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийг оруулах саналаа танилцууллаа. 

    Ёс зүйн дэд хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хугацаа болсон тул чөлөөлөгдөх хүсэлтээ 2019 оны 05 дугаар сарын 10-ний өдөр хүргүүлсэн болохоо Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хэллээ. Тэрбээр Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцуулсан. 

    Уг танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон 14 гишүүний 12 нь буюу 85.7 хувийн саналаар Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


  2019-06-18 17:18  370