Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 47 дугаарын тойм


Эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хууль болон хамт батлагдсан хуулиудыг нийтэлжээ.

Монгол Улсын төсөвт 2020 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 8,596,584.8 сая төгрөгөөр, Монгол Улсын төсвөөс 2020 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 10,852,267.3 сая төгрөгөөр, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2020 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 1,828,930.3 сая төгрөгөөр, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх “Барих-Шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн дүнг 323,583.4 сая төгрөгөөр, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2020 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 125,200.0 сая төгрөгөөр, Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу Ирээдүйн өв санд 2020 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 976,960.0 сая төгрөгөөр, Өрийн удирдлагын тухай хуулийн 12.1.2, 12.1.4-д зааснаас бусад зориулалтаар үүсгэсэн өрөөс 2020 оны төсвийн жилд төлөх Засгийн газрын гадаад, дотоод зээллэгийн үндсэн төлбөрийн хэмжээг 968,452.3 сая төгрөгөөр, Засгийн газрын 2020 оны төсвийн жилд нэмэгдүүлэх өр болон өрийн баталгааны дээд хэмжээг 2,135,637.1 сая төгрөгөөр баталж, Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль болон Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичигт нийцүүлэн өрийн зохицуулалтын үйл ажиллагааг авч хэрэгжүүлэхээр тусгажээ.

Мөн дугаарт Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн байна.

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан татварын орлого, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлогыг төсөвт бүрэн төвлөрүүлэх, батлагдсан төсвийг зориулалтын дагуу хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах, Засгийн газрын худалдан авах ажиллагааг хуулиар тогтоосон хугацаанд төсөвт өртөгт багтаан зохион байгуулах, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ баталсантай холбогдуулан татан буулгасан, нэгтгэн зохион байгуулсан Засгийн газрын тусгай сангуудын өр авлагыг барагдуулах, зээл олголт, түүнд хяналт тавихтай холбогдсон хуульд заасан журмыг баталж мөрдүүлэхийг Засгийн газарт даалгажээ.

Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг гадаадын зээл, тусламж болон дотоодын банк, санхүүгийн байгууллагаас бүрдүүлэн, эх үүсвэрийн хэмжээг 2020 оны эхний хагас жилд багтаан 2018 оны түвшинд хүргэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэртэй холбоотой мэдээллийг бүрэн бүртгэж, бүртгэлийг цахимжуулах, хуулийн дагуу газрын төлбөр ногдуулж, хураах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж ажиллахыг мөн даалгажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл