Цэс

Холбоо барих

“Үндсэн хууль дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт ба эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах асуудал” агуулгын хүрээнд гурван илтгэл танилцууллаа

Улсын Их Хурлын Тамгын газраас “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” сэдвээр өнөөдөр (2017.12.18) Төрийн ордонд зохион байгуулж буй эрдэм шинжилгээний бага хурал “Үндсэн хууль дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт ба эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах асуудал” гэсэн агуулгын хүрээнд үргэлжиллээ.


Энэ хүрээнд гурван илтгэлийг танилцуулав.

Эхлээд “Үндсэн хуулийн хэрэгжилт, шинэчлэлийн асуудал ба Засгийн газрыг байгуулахад УИХ, Ерөнхийлөгчийн институцийн оролцоо” сэдвээр Удирдлагын академийн захирал, доктор, профессор С.Зүльфикар илтгэл тависан.


Тэрбээр илтгэлийнхээ эхний хэсэгт  Монгол Улсын төрийн байгуулалтын хэлбэрийн тухай товч мэдээлэл хийгээд, 1992 оноос хойших төрийн тогтвортой байдлын талаар танилцууллаа. Парламентын засаглалтай буюу манай улстай төсөөтэй системтэй дэлхийн улс орнууд буюу ХБНГУ, Япон улстай харьцуулан мэдээллээ хүргэсэн.

Манай улсын эрх зүйн зохицуулалт бас улс төрийн практикт  Засгийн газрыг байгуулах, өөрчлөх, огцруулах асуудал хэрхэн явагдаж ирснийг тэрбээр илтгэлдээ танилцуулав.

Манай улс өнгөрсөн 26 жилийн хугацаанд 13 Засгийн газрыг байгуулсан бөгөөд хоёр Засгийн газар нь бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажилласан, Засгийн газруудын бүрэн эрхийн хугацаа дунджаар 1.4-1.6 жил байсныг дурьдлаа.

            УИХ нь Засгийн газрыг байгуулах, өөрчлөх, огцруулах асуудалд шийдвэрлэх эрхтэй оролцдог нь гүйцэтгэх засаглалын тогтвортой байдалд нөлөөлж байгааг илтгэлээрээ хөндсөн.

            Эрх зүйн зохицуулалт дахь тулгамдсан асуудлуудыг илтгэлдээ дэвшүүлэхдээ тухайлбал, Ерөнхий сайд, сайдад нэр дэвшигчдийг хэлэлцэн батлах, томилох, Засгийн газарт үл итгэх асуудлыг ердийн олонхийн саналаар шийдвэрлэдэг нь УИХ дуртай цагтаа Засгийн газрыг огцруулах боломжийг нээж өгсөн талаар танилцууллаа.

Засгийн газрын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж буй шалтгааныг Ерөнхий сайд багаа дангаараа бүрдүүлэх боломжгүй байгаа нь кабинетийнхээ төлөө хүлээх хариуцлагыг бүрхэгдүүлсэн, УИХ нь Засгийн газарт үл итгэх асуудлыг ердийн олонхийн саналаар шийдвэрлэж байгаа нь угтаа Засгийн газрыг УИХ-аас хамааралтай болгосон, УИХ сайдад нэр дэвшигчдийг хүн тус бүрээр хэлэлцэн баталдаг нь кабинетийн зарчимд сөрөг нөлөө үзүүлж буйг хөндсөн юм.  

Төгсгөлд нь тэрбээр Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрыг байгуулахдаа түүний тогтвортой байдлыг хэрхэн хангах боломж, арга зам байгаа талаар судлаачийн зүгээс хувилбараа мөн танилцуулав.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан Засгийн газрын бүрэлдэхүүнээ тогтоох, гишүүдийг томилох, чөлөөлөх эрхийг Ерөнхий сайдад олгох, Засгийн газрын гишүүдийн тодорхой хувь нь УИХ-ын гишүүн байж болохоор хязгаарлах нь байж болох хувилбар гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн юм.

Дараа нь “Төрийн хяналтын байгууллагын чиг үүрэг, тогтолцооны асуудал” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн доктор, дэд профессор,  О.Мөнхсайхан илтгэл тавилаа.


Тэрбээр илтгэлийнхээ эхэнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд төрийн хяналтын бие даасан байгууллага байгуулж болохоор тусгасан учир энэ сэдвийг тусгайлан сонирхсоноо тэмдэглээд төрийн хяналтын байгууллага нь уламжлалт болон нэмэлт аргаар эрх мэдлээ хэрэгжүүлдэг талаар илтгэлдээ танилцууллаа.

Тэрбээр манай улсад Хүний эрхийн үндэсний комисс, Үндэсний аудитын газар зэрэг төрийн хяналтын байгууллага байгаа учир эдгээр байгууллагаа  төлөвшүүлж ажиллуулах нь үр дүнтэй талаар саналаа дэвшүүлэв. Ингэхдээ эдгээр байгууллагын удирдлагыг улс төрөөс хараат бусаар томилж, улс  төрөөс хараат бусаар үйл ажиллагаа явуулах эрх  мэдэлтэй болгох, үйл ажиллагаа явуулах төсвийг нэмэгдүүлэх замаар төлөвшүүлэх саналаа дэвшүүлсэн юм.

“Үндсэн хууль дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт ба эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах асуудал” агуулгын хүрээнд гурав дахь илтгэлийг “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ба шүүх эрх мэдлийн шинэчлэлийн асуудал” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн доктор, дэд профессор,  Д.Гангабаатар танилцууллаа.


Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд шүүгчийн хараат бус томилгоо болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоог нэмэгдүүлэхтэй холбоотой, шүүгчийн насны хязгаартай холбоотой асуудал орсон учир үүнтэй холбож илтгэлээ танилцуулна гэдгээ эхлээд тэмдэглэсэн.

Тэрбээр илтгэлдээ ерөнхий шүүгчийг томилдог одоогийн мөрдөж байгаа хуулийн заалт, процедурын сөрөг болон эерэг талыг тодотгохын зэрэгцээ үүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд туссан саналтай харьцуулж мэдээллээ хүргэв.

Мөн дэлхийн улсуудад ерөнхий шүүгчийг томилдог хувилбаруудын талаар танилцуулсан. Шүүхийн ерөнхий зөвлөлөөрөө дамжуулж томилгоо хийдэг практик дэлхийн 60 гаруй улсад байдаг талаар дурьдлаа.

Тэрбээр шүүгчийн томилгоо улс төрөөс хараат байж болохгүй гэж судлаачийн байр сууриа илэрхийлэн төсөлд туссанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоог нэмэгдүүлж, гүйцэтгэх засаглал, УИХ, Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлэх тоо адил тэнцүү, мөн ард иргэдийн оролцоог хангасан хувилбар байж болохыг танилцууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл