Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөний төслийг Ажлын хэсэгт танилцууллаа

  2019-10-16 08:38  152

    Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөг шинэчилж боловсруулсан төслийг өнөөдөр /2019.10.16/ Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Ажлын хэсгийн гишүүдэд танилцууллаа. 


    Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын даргын захирамжаар Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулан байгуулсан бөгөөд тус Ажлын хэсэгт төслийг танилцуулсан юм. 

    Өмнө нь Улсын Их Хурлын 2002 оны тавдугаар сарын 24-ны өдрийн 22 дугаар тогтоолоор таван зорилт, 54 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан стратеги төлөвлөгөөг баталсан бөгөөд баталснаас хойш 17 жил болсон учир шинэчлэн батлах шаардлага үүссэн талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан танилцуулгын эхэнд онцлоод  2019-2024 он хүртэл хэрэгжүүлэх Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөний төсөлд зургаан зорилго, 11 зорилтыг дэвшүүлж, энэ хүрээндээ 67 арга хэмжээг хэрэгжүүлэхээр нарийвчлан төлөвлөснийг дэлгэрэнгүй тайлбарлалаа.  

    Төслийг боловсруулахдаа улс орнуудын парламентын стратеги төлөвлөгөөнд шинээр тусгагдаж байгаа зорилго, зорилтуудыг судалж, Олон улсын парламентын холбооноос зөвлөмж болгодог хууль тогтоох, хянан шалгах үндсэн чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлдэг, ард түмний төлөөллийг хангаж, итгэлийг хүлээсэн, мэргэшсэн, чадавхтай, хариуцлагатай парламентыг бий болгох эрхэм зорилго дэвшүүлсэн байна.  


    Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн шалгуур үзүүлэлтийг мөн Олон улсын парламентын холбооноос зөвлөсөн Тогтвортой хөгжлийн зорилгын өөрийн үнэлгээний арга зүйг ашиглан боловсруулжээ. 

    Орчны шинжилгээгээр эрсдэлээ тооцоолж боловсруулсан төслийг танилцуулсны дараа Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан, Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, асуултад Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон ажлын дэд хэсгийн гишүүд дэлгэрэнгүй хариулт өгөв. 

    Төгсгөлд нь Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан, ажлын дэд хэсэг сайн төсөл боловсруулсан байна хэмээн тэмдэглээд, Ажлын хэсгийн гишүүдийн хэлсэн саналыг төсөлд нэмж тусган Улсын Их Хурлын даргын Зөвлөлийн хуралд танилцуулсны дараа Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд, Улсын Их Хурлын тогтоолоор батална гэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


  2019-10-16 18:10  152