ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2019.07.29-08.02/

  2019-08-05 14:24  360

ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ долоо хоногт

/2019.07.29-08.02/

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар манай улсад албан ёсоор айлчлах Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлал эхэллээ.


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, ноён Мустафа Шентопыг Их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчилэв. 


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэм зочны хамт Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп Хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээж, гарын үсэг зурав. 2019.07.29. http://parliament.mn/n/jujy


Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп-той Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хэлэлцээний эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн хугацаанд Монгол, Туркийн харилцаа улс төр, батлан хамгаалах, соёл, боловсрол зэрэг олон салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна. Монгол Улс өөрийн гуравдагч хөрш, Иж бүрэн түншлэлийн харилцаатай Турк Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа ач холбогдол өгч ирсэн. Хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа ч сүүлийн жилүүдэд идэвхжиж буйд сэтгэл өндөр байгааг онцлон тэмдэглэлээ.


БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга, ноён Мустафа Шентоп “Эрхэмсэг ноён Г.Занданшатар Таны урилгаар Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байна. Монгол, Турк орон түүх, соёлын өргөн хэлхээ холбоотой. Тухайлбал “Хурал” хэмээх монгол үгийг туркээр “Курул” гэдэг. Энэ бол бидний түүхэн угсаа гарал нэгтэйн нэгэн илэрхийлэл юм” гэж үгийнхээ эхэнд хэллээ.

Хэлэлцээний үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Урал-Алтай хэлний бүлэгт хамаарах улсуудын парламент хоорондын хамтын ажиллагааны механизм бий болгох санаачилгыг дэвшүүлснийг ноён Мустафа Шентоп дэмжиж байгаагаа илэрхийлж, ойрын үед ажил хэрэг болгох талаар анхаарлаа хандуулна гэлээ. 2019.07.29. http://parliament.mn/n/kdjy


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, хүндэт зочин Мустафа Шентоп нар албан ёсны уулзалт хэлэлцээ хийсний дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Монгол Улсын Их Хурал,  Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга нарын уулзалтын үеэр хоёр орны парламентын хамтын ажиллагааг хөгжүүлэх, нийгэм эдийн засаг, иргэний нисэх, аялал жуулчлал тэргүүтэй олон салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцсон байна. Тодруулбал, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг дэмжих, Орхоны хөндийн аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэхэд хоёр орны парламентын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахаар тогтсон гэдгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд дуулгав. Үүний зэрэгцээ Турк Улсын туршлага, ноу-хау, ололт амжилтаас Монголд нэвтрүүлэх, хоёр орны бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр санал солилцсон байна. 


Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп олон мянганы улбаатай түүх, соёлын уламжлалт харилцаанд тулгуурлан Бүгд Найрамдах Турк Улс болон Монгол Улсын харилцаа хамтын ажиллагааг бүх салбарт хамгийн дээд түвшинд хүргэх чин хүсэлтэй буй бөгөөд хоёр орны төрийн дээд байгууллагууд, Засгийн газрууд эв санаа нэгтэй байгаад баяртай байна гээд Монгол Улсын Их Хурлын даргын дурдсан Урал-Алтайн хэлний бүлгийн улс орнуудын парламентын хамтын ажиллагааны санаачилгыг ойрын хугацаанд эхлүүлнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлэв. 2019.07.29. http://parliament.mn/n/jzjy


Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, эрхэмсэг ноён Мустафа Шентоп айлчлалын хүрээнд болсон “Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой” сэдэвт маркийн анхны өдрийн нээлтийн ажиллагаанд оролцов.

Энэ онд Монгол Улсад марк үүсэж хөгжсөний 95 жилийн ой, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тус тус тохиож байгааг УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан энэ үеэр онцоллоо. 


“Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой” сэдэвт  марк нь өнөөдрөөс эхлэн албан ёсоор худалдаанд гарч байгаа бөгөөд хамгийн отгон буюу 1046 дахь сэдэвт марк болж байгаа аж. 2019.07.29. http://parliament.mn/n/k8jy


Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрхэмсэг ноён Мустафа Шентоп болон Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын төлөөлөгчдийн айлчлал нь иж бүрэн түншлэлийн харилцаа бүхий Турк улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.

Эрхэмсэг ноён Мустафа Шентоп Турк улс ноос, ноолуур, арьс шир боловсруулах, даавуун эдлэлийн үйлдвэрлэл, аялал жуулчлалын чиглэлээр туршлага хуваалцахаас гадна Европын зах зээлд хамтран бүтээгдэхүүн гаргах боломжтой тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг талархан хүлээн авч буйгаа илэрхийлсэн юм. 2019.07.29. https://president.mn/10270/


Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, эрхэмсэг ноён Мустафа Шентоп Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн санхүүжилтээр Монголын Улсын Ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивт хэрэгжсэн төслийн нээлтийн ажиллагаанд оролцов. 

Эрүүгийн хэргийн төв архивын эрхлэгч прокурор З.Чимгээ зочдод төслийн хэрэгжилт болон тус архивын үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийсэн юм. Тус төвд Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн буцалтгүй тусламжаар 2019 оны 04 дүгээр сард 400 ширхэг архивын зориулалтын нягтаршуулсан шүүгээ, тавиурууд суурилуулан ашиглаж байгаа аж. 


Улсын Ерөнхий Прокурорын орлогч М.Чинбат уг төсөл амжилттай хэрэгжсэнээр прокурорын байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад чухал ач холбогдолтой болсныг тэмдэглээд архивын материалыг стандартын дагуу хадгалж, хамгаалах боломж олгосон Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн хамт олонд талархал илэрхийлэв. 2019.07.29. http://parliament.mn/n/kxjy


Хүндэт зочин Мустафа Шентоп Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн санхүүжилтээр хэрэгжсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлд “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг хэвлэн нийлүүлэх төслийн нээлтэд оролцлоо. 

Туркийн найрсаг ард түмний төлөөлөл болсон ТИКА-аас 1994 оноос өнөөг хүртэл манай улсад 45 орчим сая ам.долларын 668 төслийг хэрэгжүүлсэн байна. 2018 онд нийт 61 төслийг 2,5 сая ам.доллараар хэрэгжүүлсэн бол энэ онд 51 орчим төслийг 3 сая ам.доллараар хэрэгжүүлэхээр болжээ. Олон төсөл хөтөлбөрийн нэг нь энэхүү журамласан толь бичиг юм. 2015 онд Улсын Их Хурлаас Монгол хэлний тухай хуулийг баталсан бөгөөд энэ хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол хэлний зөв бичих дүрэм, толь бичгийг гаргах үүргийг холбогдох байгууллагууд хүлээсэн.


Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, эрхэмсэг ноён Мустафа Шентоп, “Аливаа улс үндэстнийг хэл, соёлын онцлог нь илтгэдэг. Хэл гэдэг тухайн нийгмийн бий болгодог гэж үздэг судлаачид цөөнгүй бий. Монгол хэлийг ирээдүй үр хойчдоо зөвөөр өвлүүлэн үлдээх, төрийн байгууллагууд журамласан толиор дамжуулан эх хэлнийхээ хэрэглээг нэг мөр ойлгож, хэрэглэдэг болоход энэ төсөл зорилго оршиж байна” гээд соёлын найрамдалт харилцааны томоохон илрэл болохуйц чухал төслийг санаачлан хамтран хэрэгжүүлсэнд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. 2019.07.29. http://parliament.mn/n/kujy

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, эрхэмсэг ноён Мустафа Шентоп Улсын Их Хурлын даргын урилгаар Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь “Эрдэнэ зуу” музей, Орхоны хөндий дэх Түрэгийн үеийн түүх дурсгалын үзмэр бүхий Хөшөө цайдам музейг үзэж сонирхон, малчин айлд зочилж нүүдэлчдийн ахуй соёлтой танилцсан юм.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар улс төрийн 17 намын төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан санал солилцов.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 72 дугаар тогтоолоор байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгээс өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан таван удаагийн цуврал хэлэлцүүлэгт санал бодлоо хуваалцаж идэвхтэй оролцсонд нь улс төрийн намуудын удирдлагуудад талархал илэрхийлэв.


Дараа нь уулзалтад оролцсон улс төрийн намуудын удирдлагууд үг хэлж байр сууриа илэрхийлэв. Намуудын дарга нар Улсын Их Хурлаас байгуулагдсан ажлын хэсгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаар өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан цуврал хэлэлцүүлгүүд нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэд олон нийтийн төлөөллийг оролцуулан өргөн хүрээнд зохиогдож, санал бодол, байр сууриа чөлөөтэй илэрхийлэн аль болох зөвшилцөл, ойлголцолд хүрэх, төслийн зүйл, заалтуудын талаарх ойлголт, байр сууриа нэгтгэхэд чухал ач холбогдолтой болсныг онцоллоо. 2019.07.29. http://parliament.mn/n/kzjy


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 29 дэх дугаар хэвлэгдэн гарлаа. Эмхэтгэлийн шинэ дугаарт Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай /Шинэчилсэн найруулга/ хууль болон хамт батлагдсан хуулиудыг нийтэлжээ. Уг хуульд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн тодорхойлолтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, ангиллын шалгуурыг ажилчдын тоо, жилийн борлуулалтын орлогын хэмжээнээс хамаарсан байдлаар өөрчилсөн бөгөөд ажилчдын тоо нэмэгдэх тусам тухайн аж ахуйн нэгжид олгох зээлийн хэмжээ нэмэгдэхээр, бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид банкаар дамжуулан зээл олгохоор тусгасан байна.

Мөн дугаарт Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/ баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийн тухай, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай, Ажлын хэсэг байгуулах тухай УИХ-ын тогтоолууд, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим хэсэг, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэлжээ. 2019.07.30. http://parliament.mn/n/m5jy


Улсын Их Хурлын 2019 оны 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх 5 удаагийн цуврал хэлэлцүүлгийг 2019 оны 7 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар хамтран Төрийн ордонд зохион байгуулсан.

Таван удаагийн цуврал хэлэлцүүлэгт нийт 705 хүн оролцжээ. Тэдний 154 нь асуулт асууж тодруулсан бол 155 оролцогч үг хэлж, санал бодлоо илэрхийлэв. Хэлэлцүүлэгт улс төрийн 28 намаас 203 төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагаас 261, эрдэмтэн судлаачид 90, цахимаар болон утсаар хүсэлтээ илэрхийлж бүртгүүлсэн иргэдийн төлөөлөл 110 хүн оролцсон байна. 2019.07.31. http://parliament.mn/n/qdjy


Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтэд танилцуулж, саналыг нь сонсож үйл явц үргэлжилж байна. Энэ хүрээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн зарим сум буюу Улсын Их Хурлын сонгуулийн 7 дугаар тойргийн иргэд, сонгогчидтойгоо уулзаж байгаа юм.

Тэрбээр эхлээд Баянхонгор аймгийн Өлзийт суманд ажиллаж, “Зуслангийн өдөрлөг” арга хэмжээнд оролцож, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналуудын талаар иргэдэд танилцуулга хийсэн юм. “1992 оны Үндсэн хууль шилжилтийн үүргээ сайн гүйцэтгэсэн. Улс орны нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлийг дагаад нэмэлт, өөрчлөлт хийх цаг нь болсон байна. Энэ өөрчлөлтийг хийх санаа нэг өдөр бий болоогүй. Сүүлийн хэдэн парламент дамжиж яригдсан асуудал, судалгаанд тулгуурлан хоёр жилийн хугацаанд боловсруулсан төслийг хэлэлцэж эхлээд байна. Олон үе шаттай хэлэлцүүлгүүд хийж, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, иргэдийн саналыг авч байгаа. Улс төрийн 18 намын удирдлагуудтай уулзахад бүгд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Бид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “дордуулсан” гэгдэх өмнөх долоон өөрчлөлтийг засах гэж байгаа гэдгийг онцлов.


Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд сумын Засаг даргыг тухайн орон нутгийн иргэд нь сонгодог байхаар тусгасан нь олон улсын чиг хандлагатай нийцэж буйг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтад оролцогчдын асуултад хариулт өгөхдөө тодорхой тайлбарлав. Хэрэв сонгогдсон Засаг дарга нь үүргээ биелүүлэхгүй байх, хууль зөрчсөн тохиолдолд “Засаг даргыг хуульд заасан үндэслэл, журмаар” огцруулах зохицуулалт төсөлд туссан гэдгийг тайлбарлаад иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, саналыг нь сонссон юм.


Мөн хөдөөд хот шиг амьдарч болохын жишээг харуулж, улсын хэмжээнд жишиг болон хөгжиж байгаа Дундговь аймгийн Гурвансайхан сумын Нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэнтэй Өлзийт сумын иргэдийг уулзуулан энэ талаарх арга туршлагатай нь танилцуулаад ийм жишгээр сумаа хөгжүүлэхэд иргэн бүр санаачлагатай оролцоыг уриалав. 2019.07.31. http://parliament.mn/n/q8jy


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан, Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн нарт “Хүсэлт тавих тухай” албан бичиг илгээлээ.

Авлига, албан тушаалын гэмт хэрэг, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ял завших боломжийг хууль хяналтын байгууллага олгож байгаа тухай иргэд, олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжилж байгаа төдийгүй Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэр бүхий алба хаагчдын авлигын хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон, хэт хөнгөн ял оногдуулсан талаар мэдээлэх болсон. Ялангуяа Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг буруу хзрэглэсэн талаар шүүмж, маргаан гарч байгааг албан бичигтээ дурджээ.


Иймд олон нийтийн зүгээс гаргаад байгаа хэт хөнгөн ял оногдуулж, хуулийг буруу хэрэглэсэн гэсэн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дугээр зүйлд заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах үндэслэл бий болсон эсэхийг шуурхай нягтлан үзэж, цаашид ял завшуулахгүй байх хууль зүйн бүх талын арга хэмжээ авахыг Улсын Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын даргаас хүссэн байна.


Харин Монгол Улсын Үндсэн хуулийн Тавь дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, мөн хэсгийн 4 дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах” гэж заасан, түүнчлэн дээр дурдсан хэргийг хянан шийдвэрлэх явцад хууль хэрэглээний талаар алдаа дутагдал гарсан эсэхэд дүн шинжилгээ хийж, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тодорхой арга хэмжээ авахыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс хүссэн байна. 2019.08.01. http://parliament.mn/n/qmjy


Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг ид өрнөж буй энэ цаг үед УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Жинст сумын хоёрдугаар багийн иргэдтэй уулзаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар халуун яриа өрнүүлэв.

Энэ үеэр иргэд байгалийн баялагтаа эзэн байх, түүнийг хэрхэн захиран зарцуулж буйг мэдэх эрхтэй байх, парламентын гишүүдийн “давхар дээл”-ийг тайлах, УИХ, Засгийн газар, шүүхийн сахилга хариуцлагын талаар ярилцаж, санал бодлоо илэрхийлж байлаа. Хамгийн онцгой анхаарал хандуулж байсан асуудал нь сумын Засаг даргыг ард иргэдээс сонгох тухай асуудал байв. Энэ асуудалд орон нутгийн иргэд болгоомжлолтой хандаж байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, уул уурхайн нөөц баялагтай суманд гадны нөлөө, мөнгөний нөлөөгөөр сонгуулийн үр дүнг бусниулж, нутгийн зон олны хүсэл зоригийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг Засаг даргатай болчих вий гэсэн болгоомжлол байгаа юм. Төрийн нэгдмэл бодлогыг хэрэгжүүлэхээс илүүтэй жижиг ван, гүн шиг бие даасан сумтай болчих эрсдэл байгааг УИХ-ын даргад уламжилж байлаа.


Орон нутгийн удирдлагыг сонгох, томилох үйл ажиллагаанд иргэд хяналтаа тавих эрх зүйн боломжийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хийхийг зорьж буйг УИХ-ын дарга тайлбарлав. Ингэхдээ хуулийн хүрээнд ямар нөхцөл бүрдсэн тохиолдолд иргэд огцруулдаг болох механизмыг тодорхой тусгана гэлээ.  

Баянхонгор аймгийн Жинст сумын иргэд төр хүчтэй байхад Үндсэн хууль сайн байх хэрэгтэй. Ард түмнээрээ хэлэлцүүлэн санал бодлыг нь сонсож байгаад УИХ-ын даргад талархал илэрхийлээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна гэлээ.


УИХ-ын дарга Г.Занданшатар Жинст суманд зохион байгуулагдсан “Зуслангийн өдөрлөг” арга хэмжээнд оролцсоны зэрэгцээ сумын бүтээн байгуулалтын ажлуудтай танилцав. Тус суманд хийгдэж буй бүтээн байгуулалт нь шинэ сум болж өргөжихөд цагаа олсон чухал дэмжлэг болж буйг сумын иргэд ам нэгтэй хэлж, УИХ-ын даргад талархал илэрхийлж байв. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэн УИХ-ын даргыг дагалдан ажиллаж, өөрийн төрөлх нутаг болох Гурвансайхан сумаа улсын хэмжээнд жишиг сум болгохоор сүүлийн 5 жил уйгагүй ажилласнаар эхнээсээ бодит үр дүн гарсан талаараа Жинст сумын иргэдэд танилцуулга хийсэн юм. 2019.08.02. http://parliament.mn/n/odjy


Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал болон хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос ирүүлсэн саналуудыг нэгбүрчлэн судалж, Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй уялдуулахаар Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгүүд хуралдав. 2019.08.02. http://parliament.mn/n/oujy

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, Төрөөс авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж бйу ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, холбогдох хууль тогтоомжийн хийдэл, зөрчил болон хуулийн хэрэглээний нөцхөл байдлыг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатараар ахлуулан байгуулав.


    Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж, Л.Энхболд нар ажиллах бол уг Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах дэд хэсгийг Улсын дээлд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын дарга, Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар шийдвэрлэв. 2019.08.02.  http://parliament.mn/n/o9jy


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн зарим сумдад ажиллаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлалтийн төслийн талаар танилцуулан иргэдийн санал бодлыг сонсож ажиллаж байгаа билээ.


Тэрбээр Баянхонгор аймгийн Баянлиг суманд ажиллахдаа тус сумын хоёрдугаар багийн малчин С.Ганболдынд зочилж, аж байдалтай нь танилцахын зэрэгцээ хот айлын малчидтай Үндсэн хуульд оруулах  нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар болон бэлчээр ашиглалт, малын ашиг шим, өв уламжлал, соёл зэрэг олон асуудлыг хөндөж, энгийн өрнүүн ярилцав.


Үргэлжүүлэн УИХ-ын дарга Г.Занданшатар Баянлиг сумын иргэдтэй нэгдсэн уулзалт хийж, санал бодлыг нь сонсохын зэрэгцээ сонирхсон асуултуудад хариулт өгсөн юм. Баянлиг суманд жижиг, дунд үйлдвэрлэлийн паркыг хөгжүүлэх ажил өрнөж байна. Иргэд нэгдэж хоршоо байгуулан хамтын хөдөлмөрөөр эсгий урлал, гутал, хөөрөг, модон эдлэл, хивс, дээл, хөх арвайн бүтээгдэхүүн хийж борлуулдаг байна. Өөрсдийн хөдөлмөрөөр олсон орологоо нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд ч харамгүй зориулж өрх толгойлсон эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлдэг талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлстийн дарга Д.Энхжаргал ярьж байлаа. 2019.08.02. http://parliament.mn/n/t8jy


Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг ид өрнөж буй энэ цаг үед УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Богд сумын иргэдтэй уулзаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцуулж, санал бодлыг нь сонсов. Цаг үеийн асуудлыг технологийн хөгжлийг ашиглан улс орны өнцөг булан бүрт мэдээллийг түргэн шуурхай авах боломж бүрдсэн бөгөөд Богд сумынхан ч энэ жишгээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх мэдээллийг авч байгаагаа хэлж байлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар Богд сумын хоёрдугаар багийн малчин П.Баярынд очиж аж байдалтай нь танилцаж, халуун яяриа өрнүүлэв. Тэрбээр 14 настайгаасаа сур дарж эхэлжээ. Нэг ширийг бэлэн болгоход 1-2 мянган удаа үндэсний маягаар дарж байж сая элдүүр нь ханадаг. Нэг үрхийн ширийг боловсруулалгүйгээр “ченжүүдэд” арилжихад 5000 төгрөг байдаг бол элдэж боловсруулж, идээлэхэд нэг үхрийн ширнээс 5 аргамж сур гардаг бөгөөд үүний нэгийг нь 100 мянган төгрөгөөр тооцон арилжихад 500 мянган төгрөг болдог байна. Малаас “амьсгаанаас нь бусдыг ашиглаж болдог” гэсэн өвөг эцгийн сургаалийг дагаж өнөөг хүрчээ. Мөн үхрийн ширээр хөм хийж, өвлийн хахир цагаар шалаа дулаалахад ашиглаж байгаа. Малын амьсгаанаас бусдыг хаядаггүй дээ гэлээ. 


УИХ-ын дарга хөдөө орон нутаг буюу өөрийн сонгогдсон тойрогтоо Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцуулах өдрөөр төрийн үйлчилгээг Богд сумын ард иргэдэд чирэгдэлгүй хүргэх “Нэг цэгийн үйлчилгээ”-г үзүүлэв. Мөн УИХ-ын даргын ивээл дор өсвөрийн үндэсний бөхийн барилдааныг гурван насны ангиллаар, шагайн харваа, гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж, аваргуудаа урамшуулсан юм. 2019.08.03. http://parliament.mn/n/tdjy


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар орон нутагт ажиллаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг малчид, иргэдэд танилцуулж, санал бодлыг нь сонсон халуун яриа өрнүүлж байна. Тэрбээр Баянхонгор аймгийн Баянговь суманд “Зуслангийн өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулж ажиллав. Энэ үеэр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж буй явц болон түүнд оруулах гэж өөрчлөлт, зохицуулалтын талаар иргэд сонгогдод дэлгэрэнгүй танилцуулсан юм. Баянговь сумын иргэд нутгийн удирдлагын тогтолцооны өөрчлөлтийг дэмжиж буйгаа илэрхийлж байлаа.


 Өдөрлөгийн хүрээнд  Улаанбаатар хотоос эхо оношилгоо, хүүхэд, эмэгтэйчүүд, гэмтэл, урологи, шүд зэрэг нарийн мэргэжлийн эмч нарын баг хөдөө орон нутгийн иргэдэд хоёр өдрийн турш эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн юм. Мөн энэ үеэр УИХ-ын дарга сумын иргэдтэй шатрын нөхөрсөг тоглолт хийсэн юм.


Говь нутагт мод, ургамал тарьж ургуулна гэдэг амаргүй ажил. Байгаль цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр бэлчээрийн даац муудаж, цөлжилт нэмэгдэх болсон энэ цаг үед Баянговь сумын малчин иргэд мод тарьж, нутаг орноо ойжуулахаар зорьж эхэлжээ. Үүний зэрэгцээ сумынхаа хэрэгцээг бүрэн хангах чацарганы тариалалтыг 2014 оноос эхлүүлсэн байна. УИХ-ын дарга Г.Занданшатар тус суманд ажиллах үеэрээ эдгээр иргэдийн төлөөлөлтэй уулзаж ярилцсаны зэрэгцээ төсвийн хөрөнгөөр тус суманд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын явц байдалтай танилцаж, холбогдох хүмүүст зарим чиглэл өгсөн юм. 2019.08.04. http://parliament.mn/n/tmjy

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


  2019-08-05 08:42  360