Монгол Улсын 2022 оны хөгжлийн төлөвлөгөөг баталж, хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив

  2021-07-01 00:59  255

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа


Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.07.01) нэгдсэн хуралдаан 14 цаг 28 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар эхлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулав. Мөн уг тогтоолын төслийг асуудлыг Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцуулсан юм.

Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний төслийг Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуультай уялдуулан боловсруулжээ.


Төрийн захиргааны төв, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас ирүүлсэн саналд үндэслэн Монгол Улсын  2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон бусад хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулсан. Тэдгээр байгууллагаас улсын хөгжлийн 2022 оны жилийн төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэх саналтай зорилт, арга хэмжээ, санхүүжүүлэх эх үүсвэрийн талаар санал авч, шаардлагатай саналуудыг тусгасан талаар сайд танилцуулгадаа дурдав. Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-ний төсөл нь нийт 6 бүлэг, 23 зорилготой бөгөөд Засгийн газрын үйл ажилллагааны хөтөлбөрт туссан зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээг төсөлд тусгасажээ.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Ж.Батжаргал, С.Ганбаатар нар асуулт асууж тодруулан хариулт авлаа. Гишүүдийн асуултад Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал болон ажлын хэсгийн холбогдох албан тушаалтнууд хариулт өгсөн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, С.Бямбацогт, С.Ганбаатар, Б.Баттөмөр, Ж.Мөнхбат нар тогтоолын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 58.1 хувь нь “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.


Хуулийн шинэ зохицуулалтын дагуу Монгол Улсын дараа жилийн хөгжлийн төлөвлөгөөг долоодугаар сарын 1-ний дотор батлах ёстой. Тиймээс Эдийн засгийн хороо өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны дундуур хуралдан төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Байнгын хороогоор төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргасныг дэмжжээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 53 хувь нь Байнгын хорооны горимын саналыг дэмжсэн тул тогтоолын төслийг батлах санал хураалгахад гишүүдийн 57.6 хувийн саналаар “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуулийн хугацаанд нь баталлаа.

Дараа нь төсөл санаачлагч гишүүн Б.Пүрэвдоржийн горимын саналын дагуу Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо өнгөрсөн сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хийж, төслийг зүйл бүрээр нь хэлэлцэн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж шийдвэрлэсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцуулсан юм.


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд Байнгын хорооны дарга болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, хуралдаанд оролцсон ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсан юм. Ингээд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж шийдвэрлэв. Тухайлбал, төсөл санаачлагч гишүүн Б.Пүрэвдорж хуулийн төслийн 1, 2, 3 дугаар зүйлийг 1 дүгээр зүйл болгон өөрчлөн найруулж, Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлд газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн гэсэн агуулгатай 4.1.5 дахь хэсэг, “4.1.6.керосин” гэсэн агуулгатай заалт нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргасныг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагч өгөв.


Мөн төслийн 4 дүгээр зүйлийг 2 дугаар зүйл болгож “Энэ хуулийг 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулах саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.2 нь дэмжлээ. Харин төслийн хуулийн нэрийн “нэмэлт, өөрчлөлт” гэснийг “нэмэлт” гэж  өөрчлөх саналаа төсөл санаачлагч гишүүн татаж авсан юм. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр шилжүүллээ.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй

Нэгдсэн хуралдаанаар Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Засгийн газраас өнгөрсөн сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулав.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай анхны бие даасан хуулийг 2002 онд баталж, 2009 онд шинэчлэн найруулж, 2012, 2015, 2016 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа - 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д заасны дагуу хуулийн төслийг шинэчлэн боловсруулах шаардлага үүсжээ. Дээрх зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх үүднээс Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээгээр тодорхойлсон хэрэгцээ, шаардлагад үндэслэн хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцүүлэн Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсныг сайд илтгэлдээ онцлов.


Хуулийн төсөл 8 бүлэг, 43 зүйлтэй юм. Төсөлд сургалтын байгууллага нь ажил, мэргэжлийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт, мэргэшлийн түвшин бүрт нийцүүлсэн сургалтын хөтөлбөрөө өөсрдөө боловсруулах, тасралтгүй сайжруулах, хөтөлбөрөөрөө өрсөлдөх боломжийг бий болгохоор зохицуулжээ. Сургалтын байгууллагын бие даасан байдлыг хангаж, удирдах зөвлөл болон захирлын эрх, үүргийг нэмэгдүүлж, чанар, гүйцэтгэл, үр дүнд суурилсан удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоог нэвтрүүлэх, мэргэжлийн өөрийн өртөгт суурилсан нэг суралцагчид ногдох хувьсах зардлын төлбөрийн аргаар санхүүжих шинэ зохицуулалтыг тусгасан байна.

Мөн хөгжлийн бодлого, эдийн засгийн хөгжил, үйлдвэржилт, бүсчилсэн хөгжилтэй уялдуулан сургалтын байгууллагыг төрөлжүүлэх, хотхон (кампус), салбар дундын дадлагын бааз хэлбэрээр хөгжүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын санхүүжилтийг гүйцэтгэл, чанар, үр дүнд суурилсан шинэ тогтолцоонд шилжүүлэхээр тусгажээ. Түүнчлэн суралцагч нь үйлдвэрлэлийн дадлага хийхдээ гурван талт гэрээ байгуулж, цалин хөлс авах, сургалтын орчны болон мэдээллийн үйлчилгээгээр хангагдах зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам танилцуулсан юм.


Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Г.Тэмүүлэн, Г.Дамдинням, Ш.Адьшаа, С.Чинзориг, Ц.Даваасүрэн, Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан, Ё.Баатарбилэг Г.Мөнхцэцэг нарын гишүүд асуулт асууж тодруулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Т.Аубакир, Г.Дамдинням, С.Чинзориг, М.Оюунчимэг нар хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Сайд А.Ариунзаяа гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв нь манай яаманд харьяалагддаг. Тиймээс хуулийн төслийг яамнаас боловсруулж, харьяаллын дагуу Нийгмийн бодлогын байнгын хороогоор төслийг хэлэлцээд явж байгаа. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдын үздэг ерөнхий эрдмийн хичээлийн агуулгыг хоёр яамны сайдын хамтарсан тушаалаар баталдаг. Ер нь дэлхийн ихэнх улс оронд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь хөдөлмөрийн яамандаа харьяалагддаг. Хуулийн төсөлд “мэргэжлийн боловсрол, сургалт” гэж ур чадварын сургалт эрхлэх, мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааг ойлгохоор тусгагдсан. Мөн мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт нь ажил, мэргэжлийн стандартад нийцсэн байх бөгөөд мэргэшлийн харгалзах түвшинд боловсруулахаар төсөлд тусгасныг дурдаж байв.

Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналыг дэмжсэнгүй. Иймээс хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаахаар болов.

Кибер аюулгүй байдлыг хангах эрх зүйн зохицуулалт бүрдүүлнэ

Дараа нь Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүлийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж хийсэн юм. Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.


Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Хувь хүний мэдээлэл /өгөгдөл/-ийг хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг шинээр боловсруулах, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийг хангах тухай хуулийг шинэчлэн найруулж, Улсын Их Хурлын 2021 оны чуулганаар хэлэлцэн батлуулахаар гаргасан хуваарь, цаг үеийн нөхцөл шаардлага, эрэлт хэрэгцээг үндэслэн уг хуулийн төслийг боловсруулжээ.

НҮБ-ын төрөлжсөн агентлаг болох Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гишүүн 193 орны хүрээнд гаргадаг кибер аюулгүй байдлын индексийг тухайн улсын хууль эрх зүйн орчин, техникийн хувьд хэрэгжүүлж буй арга хэмжээ, зохион байгуулалтын арга хэмжээ, чадавх бүрдүүлэх, хамтын ажиллагаа гэсэн 5 үндсэн, 25 үзүүлэлтийн хүрээнд гаргадаг аж.

Манай улсын хувьд кибер аюулгүй байдлын индексийн гол үзүүлэлт болох хууль эрх зүйн орчин бүрдээгүй, үндэсний кибер халдлага, зөрчлөөс сэргийлэх, хариу үйлдэл үзүүлэх чиг үүрэг бүхий  байгууллага байхгүй, хамтын ажиллагаа дутмаг  зэрэг үндэслэлээр  2017 онд 104 дүгээр байрт, 2018 онд 85 дугаар байрт эрэмбэлэгджээ.

Хуулийн төслийн зорилт нь кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоох, кибер орчин дахь мэдээллийн бүрэн бүтэн, хүртээмжтэй, нууцлагдсан байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэжээ. Хуулийн төсөлд цахим мэдээлэлд хандах, боловсруулах, ашиглах, түгээхэд ашиглагддаг мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, тэдгээрийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдлага зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу үйлдэл үзүүлэх, нөхөн сэргээх замаар кибер аюулгүй байдлыг хангах харилцааг зохицуулахаар тусгасан байна.


Орчин үеийн мэдээллийн технологид суурилсан нэгдсэн удирдлага бүхий төхөөрөмжүүдээр тоноглогдсон нийгмийн эрүүл мэнд, амин чухал хэрэгцээг хангах үйлдвэр, байгууламж, обьектууд нь кибер терроризмын гол бай болдгийг харгалзан онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг хуулиар тогтоож, түүний кибер аюулгүй байдлыг хангах тодорхой эрх, үүргүүдийг хуульчлахаар зохицуулсан. Кибер аюулгүй байдлыг хангах нь үндэсний хэмжээнд авч үзэх асуудал бөгөөд төр, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тусгах, хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянан зохицуулах нэгдсэн удирдлагаар хангах тогтолцоог бэхжүүлж өгсөн нь энэ хуулийн гол ач холбогдол юм гэдгийг хууль санаачлагч онцолж байв.

Хуулийн төсөл нь 5 бүлэг, 25 зүйлтэй бөгөөд Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Эрүүгийн хуульд холбогдох өөрчлөлтийг оруулах төслийг хамтад нь боловсруулжээ. Уг хуулийг 2021 оны арван нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төсөлд тусгажээ.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Н.Учрал нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн. Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 52.3 хувь нь хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.

Кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд АНУ, ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ, Япон, Хорват, Унгар, Гүрж, Литви, Латви, Сингапур, Эстони зэрэг улс бие даасан хууль баталж гаргасан байна. Хуулийн төслийг боловсруулахдаа кибер аюулгүй байдлын индексээр дэлхийд тэргүүлж буй БНСУ, ХБНГУ, Япон, Эстон зэрэг улс орнуудын хууль эрх зүйн орныг харьцуулан судалж, өөрийн орны практик нөхцөл байдлыг харгалзан үзсэн гэсэн хариултыг ажлын хэсгээс өгсөн юм.

Төсвийн тодотголтой уялдуулан хуульд өөрчлөлт оруулахыг дэмжив

Дараа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулав. Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулсан юм.

Үндэсний статистикийн хорооноос 2021 оны эхний улирлын эдийн засгийн бодит өсөлт 15.7 хувьд хүрснийг зарласан бөгөөд цар тахлын үед эдийн засгийн идэвхжлийг дэмжсэн төсөв, мөнгөний бодлогын нөлөөгөөр эдийн засгийн бодит өсөлт 2021 оны эцэст 6.5 хувьд хүрэхээр хүлээгдэж байгаа. Түүнчлэн олон улсын байгууллагууд Монгол Улсын эдийн засгийг 2021 онд 5-6 орчим хувиар өсөхөөр төсөөлж байгаа аж.

Тиймээс Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийг хүчингүй болгож, уг хуулийн үйлчлэх хугацаанд мөрдөгдсөн хязгаарлалтуудыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тусгах шаардлага үүсжээ. Мөн Улсын Их Хурал, Засгийн газраас цар тахлын эсрэг цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдэд шаардагдах төсвийн зардлыг 2021 оны төсөвт тусгаснаар төсвийн алдагдлын хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 8.8 хувьд хүрч нэмэгдэхээр байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагуудын хязгаарлалтуудыг хойшлуулан өөрчлөх шаардлагыг бий болгож байгаа аж. Дээрх хуульд заасан нөхцөл болон бодлогын өөрчлөлтийг хуульд тусгах зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.


Хуулийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.9 дэх хэсэгт заасан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2020 онд 12.5 хувиас, 2021 онд 8.8 хувиас, 2022 онд 5.1 хувиас, 2023 онд 3.6 хувиас, 2024 онд 2.8 хувиас тус тус хэтрүүлэхгүй, 2025 оны төсвийн жилээс эхлэн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байхаар, 19.3 дахь хэсэгт заасан өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өрийн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2021 болон 2022 оны төсвийн жилд 70 хувиас, 2023 оны төсвийн жилд 65 хувиас, 2024 оны төсвийн жилээс эхлэн 60 хувиас тус тус хэтрүүлэхгүй байхаар тусгасан байна.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Ц.Даваасүрэн, Х.Булгантуяа нар асуулт асууж тодруулан гишүүн Г.Тэмүүлэн, Т.Доржханд, Б.Бат-Эрдэнэ нар үг байр сууриа илэрхийллээ. Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 60.6 хувь нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.

Үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022- 2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэл, холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож танилцав.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 11,797.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.9 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 13,951.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.0 хувь, хөрөнгийн зардлын хэмжээ 3,540.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.4 хувь, нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээ 1,363.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3.2 хувь байхаар тус тус тооцож, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2,153.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувийн алдагдалтай байхаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг баталсан.


Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын улмаас эдийн засгийн өсөлт төсөөлж байснаас саарч, макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн төсөөлөлд өөрчлөлт орохоор байна. Мөн Засгийн газраас эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах зарим арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд шаардагдах эх үүсвэрийг тусгах, Засгийн газрын 2021 оны 43 дугаар тогтоолд заасны дагуу төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, зардлыг хэмнэх зэрэг томоохон бодлогын өөрчлөлтүүдийг 2021 оны төсөвт тусгах зайлшгүй шаардлага үүсжээ. Эдгээр бодлогын өөрчлөлтүүдийг төсөвт тусгаснаар 2021 оны төсвийн алдагдал ДНБ-ий 3.7 хувиар нэмэгдэж, ДНБ-ий 8.8 хувьтай тэнцэхээр байгаа аж.

Иймээс дээр дурдсан нөхцөл байдал, үндэслэл шаардлагын дагуу холбогдох өөрчлөлтийг хийж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 59.1 хувь нь дэмжсэнээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэг бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


  2021-07-01 19:49  255