Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Богд суманд ажиллалаа

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Баянхонгор аймагт гурав дахь өдрөө ажиллалаа.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг ид өрнөж буй энэ цаг үед УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Богд сумын иргэдтэй уулзаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцуулж, санал бодлыг нь сонсов.


УИХ-ын дарга Г.Занданшатарыг дагалдан Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Отгонбаяр, ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Т.Гантогтох, УИХ-ын гишүүн асан, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэн болон албаны бусад хүмүүс ажиллаж байна.

Сумын Засаг даргыг ард иргэдээсээ сонгодог болохыг

Богд сумынхан дэмжиж байна

Технологийн дэвшлийг ашиглан цаг үеийн аливаа асуудлын талаарх мэдээллийг улс орны өнцөг булан бүрт түргэн шуурхай хүртэх боломж бүрдсэн бөгөөд Богд сумынхан ч энэ жишгээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл авч байгаагаа хэлж байлаа.

Н.Эрдэнэболд: - Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх мэдээлэлд анхааралтай хандаж байгаа. Сумын Засаг даргыг ард нийтээр сонгох тухай зохицуулалт тусгасныг ойлгосон. Үүнийг миний хувьд дэмжиж байгаа. Учир нь сумын Засаг даргыг нийт ард иргэдээсээ сонгодог болсноор тухайн дарга сум, орон нутгийнхаа төлөө ажилладаг болно. Зарим нэг сөрөг тал үүсэхийг үгүйсгэх аргагүй. Манай сумын хувьд хүндрэл үүсэхгүй байлаа гэхэд бусад суманд тохиромжгүй байх талтай. Гэхдээ иргэдээсээ сонгодог болбол суманд намчирхах, нэгнийгээ хувь хүний үзэл бодол, ашиг сонирхлоор хавчих зэргээр хоёр талд хуваагддаг байдал арилна. Сум орон нутаг нэг эрх ашгийн төлөө ажилладаг болно. Эсвэл Үндсэн хуулиар Ерөнхий сайд нь аймгийн Засаг даргаа томилдог. Аймгийн Засаг дарга нь сумын Засаг даргаа, сумын дарга нь багийн даргаа томилдог болох нь дээрээсээ харилцан хариуцлага тооцдог болох сайн тогтолцоо бүрдэнэ гэж бодож байна. Багийн даргыг ард нийтээс сонгодог байх нь  хариуцлагын тогтолцоо алдагдах эрсдэл дагуулдаг. Үндсэн хуулийн төслийг иргэдээрээ хэлэлцүүлж байгаад баяртай байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх цаг нь болсон гэж боддог. 

Ц.Отгонбаяр: - Монгол Улсын нийгэм, эдийн засаг болон өнөөгийн нөхцөл байдлаас улбаалаад, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлага үүссэнийг эрдэмтэн судлаачид ч хэлж байгаа. Бид бүхэн дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудтай хөл нийлүүлэн алхах, нийгмийн хүлээлтийг хангахын тулд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал буруугүй”-н жишгээр нийт ард иргэд, улс төрийн намуудын дунд хэлэлцүүлэг өрнүүлж байгааг дэмжиж байгаа.  Энэ үйл хэрэгт УИХ-ын дарга манлайлан оролцож, уулзалт ярилцлагуудыг хийж, иргэдээсээ санал сэтгэгдлийг нь сонсож, бүх шатанд ажиллаж байгаад баяртай байна. Багийн дарга нарыг томилох нь зүйтэй. Сумдын Засаг дарга нарыг ард нийтээс сонгохдоо хариуцлагын тогтолцоог Үндсэн хууль болон бусад салбар хуулиудаар нарийвчлан зохицуулах хэрэгтэй. Үгүй бол зарим нэг суманд бүх ард иргэдээсээ сонгогдсон нэрийдлээр “хаанчлагдаж”, хувь хүний сонирхол, эсхүл улс төрийн бүлэглэлийн ашиг сонирхолд автах, “буруу ишилсэн сүх шиг” төрийн бодлогыг хэрэгжүүлэхгүй байх зэрэг нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй. Үүнийг онцгой анхаарч ажиллах ёстой. Нөгөө талаар  хууль зөрчвөл шууд огцруулна гэсэн зохицуулалт байгааг анхаарах хэрэгтэй. Тодруулбал, аймгийн Засаг дарга өөрийн үзэмжээр хандаж, хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр сумын Засаг даргаа солиод, өөрийн ашиг сонирхолд нийцүүлж томилгоо хийхийг үгүйсгэхгүй. Энэ мэт эрсдэл байгаа учраас сайн хэлэлцэж байж шийдэх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч нарыг сумын Иргэдийн хурлын төлөөлөгч нараас сонгох буюу сонгогдсон төлөөлөгчийг аймгийн Иргэдийн хурал сонгоно гэсэн концепци байгаа. Үүн дээр санал нийлэхгүй байгаа. Өөрийн ажил, амьдралын асуудлаа шийдээд бусад хүмүүсийн асуудал хамаагүй мэтээр авирладаг, явцуу эрх ашиг үүсэх эрсдэлтэй. Тйимээс энэ зохицуулалтыг эргэн харж, нягтлах хэрэгтэй. 


О.Дуламдорж:  - Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар олон санал гарч байна. Эвтэй, нэгдмэл байдлыг эрхэмлэх нь чухал гэдгийг хэлмээр байна. Нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан хэд хэдэн санал байна. Тухайлбал, “Давхар дээл”-ийг тайлах асуудлыг дэмжиж байгаа бөгөөд Ерөнхий сайд болон Шадар сайд л “давхар дээл”-тэй байх нь зүйтэй. Мөн УИХ-ын гишүүдийг иргэд өөрсдөө эгүүлэн татдаг байх тодорхой зохицуулалтыг Үндсэн хуульд тусгах хэрэгтэй. Сумдын Засаг дарга нарыг ард иргэдээс шууд сонгодог болох тухай заасныг дэмжиж байгаа. Харин шүүгчдийн хариуцлагыг дээшлүүлж, тэднийг томилох, огцруулах зохицуулалтыг тодорхой тусгах хэрэгтэй. 

Л.Лувсанцэрэн: - Сумдын нутгийн хил хязгаарыг Үндсэн хуульд дахин тусгах саналтай байна. Тийм боломж байгаа болов уу. Одоогийн нөхцөлд отор нүүдэл хийж очоод, бусад сумдынханд хөөгдөх, туугдах тохиолдол их болсон. Түүнчлэн төрийн байгууллагуудад хяналт шалгалт их ирж байгаа ч үр дүн нь мэдэгдэхгүй байна. Иймд бүх төрлийн хяналт шалгалтын чанарыг сайжруулж, эргээд нүдэнд харагдаж, гарт баригдахуйц үр дүнг харуулдаг болмоор байна. 

Д.Батсуурь: - Шударга ёсыг тогтоохыг зорин ажиллаж байгаа УИХ-ын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд олон нийтийн дунд асуудал үүсгээд байгаа хэрэг хөөн хэлэлцэх тухай зохицуулалтыг оруулах хэрэгтэй. Мөн Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг намаас бус, иргэдээс сонгодог болох нь зүйтэй. 


Баянхонгор аймгийн Богд сумын иргэд ийнхүү Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар өөрсдийн байр суурийг илэрхийллээ. 

П.Баяр: Хөдөлмөрлөж л чадвал хөдөө орон нутагт сайхан амьдрах боломж бүрэн байна

УИХ-ын дарга Г.Занданшатар сумдын айл өрхүүдээр орж, халуун дотно яриа өрнүүлж байгаа бөгөөд өчигдөр (2019.08.02) Баянхонгор аймгийн Богд сумын хоёрдугаар багийн малчин П.Баярынд очлоо. Тэрбээр 14 настайгаасаа эхлэн сур элдэж эхэлжээ. Эндхийнхэн "Сур дарах" гэдэг юм байна. Үхрийн нэг ширийг сур болгоход 1-2 мянган удаа уламжлалт аргаар "дарж" байж сая сайхан элдүүр болдог гэнэ. Үхрийн ширийг боловсруулалгүйгээр “ченжүүдэд” арилжихад 5000 төгрөг байдаг. Харин идээлж, боловсруулсны дараа нэг үхрийн ширээр 5 аргамж сур хийдэг бөгөөд нэгийг нь 100 мянган төгрөгөөр тооцон арилжихад нийтдээ 500 мянган төгрөг болдог байна. "Малаас амьсгалаас нь бусдыг ашиглаж болдог гэсэн өвөг эцгийн сургаалийг дагаж өнөөг хүрлээ. Мөн үхрийн ширээр хөм хийж өвлийн хахир цагаар шалаа дулаалахад ашиглаж байгаа. Ер нь малын амьсгалаас бусдыг хаядаггүй дээ" гэж тэр ярьж байна.  Тэрбээр өвөлжөөний газартаа улаан сухай, бургас, хайлаас, агч, чацаргана зэрэг таван төрлийн 70 гаруй модыг 8 жилийн турш тарьж, цөлжилтийн эсрэг чадах бүхнээ хийж эхэлжээ. Тарьсан модоо ашиглан ташуур, уурганы толгой зэргээ хийчихдэг болжээ. Ирэх жилүүдээс мод тарих талбайгаа томсгож 100 мод тарих төлөвлөгөөтэй байгаагаа хэлж байлаа. Байгаль дэлхий цөлжиж байна гэж ярихаас хэтрэхгүй хойш сууж байхын оронд хүн бүр ухамсарлаж нэг ширхэг ч гэсэн модыг орчин тойрондоо тарьж, ургуулж чадвал цөлжилтийг зогсоох боломжтойг П.Баяр УИХ-ын даргыг айлчлах үеэр хэлж байлаа. Амар хялбар зүйл гэж үгүй тул хийж бүтээх чинхүү хүсэл эрмэлзэлтэй байж, юмхнаар юм хийж чадвал хөдөөд сайхан амьдрах боломж бүрэн бий гэж тэр хэллээ. 


УИХ-ын дарга Г.Занданшатарыг хөдөө орон нутаг буюу өөрийн сонгогдсон тойрогтоо Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцуулах өдөртэй давхцан төрийн үйлчилгээг Богд сумын ард иргэдэд чирэгдэлгүй хүргэх “Нэг цэгийн үйлчилгээ” зохион байгуулагдаж байлаа. 

Мөн УИХ-ын даргын ивээл дор өсвөрийн үндэсний бөхийн барилдааныг гурван насны ангиллаар явуулж, шагайн харваа, гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, тэргүүлэгчдийг урамшуулсан юм. 


Богд суманд тавигдаж буй гүүрийг ирэх оны дөрөвдүгээр сард хүлээн авахаар төлөвлөжээ. Нийт 2.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий төмөр бетонон гүүрийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байна. Говь-Алтай болон баруун чиглэлийн тээврийн хэрэгсэл энэ гүүрээр дамжин өнгөрөх бөгөөд төлөвлөсөн хугацаандаа багтаж ашиглалтад оруулахын төлөө ажиллаж байна гэж “Хөх байгаль” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Гал-Эрдэнэ УИХ-ын даргад танилцууллаа. 

УИХ-ын дарга Г.Занданшатар тус сумын зарим төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан юм. Иргэд, байгууллагуудын удирдлагын санал хүсэлтэд тулгуурлан ирэх оны төсөвт Богд сумын 150 хүүхдийн дотуур байрны санхүүжилтийг суулгаж өгөх талаар судалж ажиллахаа тэрбээр илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл