Цэс

Холбоо барих

ЭЗБХ:“Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.07.01) цахим хуралдаан 16 цагт гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

    Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй гэдгийг Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар мэдэгдэв. 


    Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг горимын санал гаргав. Тэрбээр, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд, Ажлын хэсэг ажиллаад, анхны хэлэлцүүлэгт бэлтгээд зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураасан. Гэвч Засгийн газраас хэлэлцүүлгийн явцад төслийг татаж, Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналууд болон шинээр нэмэх саналуудыг тусгасан тогтоолын төслийг Улсын Их Хуралд дахин өргөн бариад хэлэлцэх эсэхийг нь шийдээд байна. Иймд төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул  анхны хэлэлцүүлгээр нь батлах саналтай байна гэв.

    Дээрх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэн тул  энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл