БСШУСБХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

  2021-07-01 01:00  145

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн (2021.07.01) хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.


Эхлээд Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав.

 Хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёлын яам, Үндэсний статистикийн хорооны удирдлага, холбогдох албан тушаалтны бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн гишүүд оролцлоо.Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат хуралдаанд танилцуулсан юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 99 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 73 байгууллагад дүгнэлт гаргаж, 23 байгууллагыг аудитын түүвэрт хамруулан, 3 байгууллагад итгэл үзүүлсэн байна. Дүгнэлт гаргасан 60 байгууллагад зөрчилгүй, 12 байгууллагад хязгаарлалттай, 1 байгууллагад сөрөг дүгнэлт өгчээ.

Соёлын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 30 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 21 байгууллагад дүгнэлт гаргаж, 9 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан. Дүгнэлт гаргасан 19 байгууллагад зөрчилгүй, 2 байгууллагад хязгаарлалттай дүгнэлт өгсөн талаараа танилцууллаа.

Аудитын дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг сурагчдын дотуур байрны зардлыг бууруулсан асуудлыг тодруулав. Хөдөө орон нутгийн сургуулийн дотуур байрны  тохижилт үйлчилгээ муу, шаардлага хангахгүй байхад зардлыг бууруулсан шалтгаан, хэмнэгдсэн зардлыг юунд зарцуулсан талаар тодруулав.

  БШУ-ны Дэд сайд Г.Ганбаяр ковидтой холбоотойгоор хичээл дотуур байрны зардлыг бууруулсан. Боловсролын салбараас танагдаж буй мөнгө ковидын эсрэг эрүүл мэндийн салбарт зарцуулагдсан. 2020 онд дотуур байрны асуудалд анхаарч 16,1 тэрбумын төсөвтэй 25 дотуур байр барьсан гэлээ.

Өөр асуулт асууж, үг хэлэх УИХ-ын гишүүн байсангүй тул Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов.

Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

Дараа нь Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав.

Хуралдаанд Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг танилцуулга хийв. Тэрбээр танилцуулгадаа, цар тахлын дэгдэлт нэмэгдэж, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлаас үүдэн ард иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх, хил орчмын цар тахлын тархалтын улмаас түүхий эдийн экспорт эрс буурч, төсвийн орлогод сөргөөр нөлөөлж эхэлснийг дурдсан. Иймд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай санхүүжилтэд зориулж төсвөөс нийт 735.1 тэрбум төгрөгийг нэмж зарцуулна. Хүүхдийн мөнгө болон нийгмийн халамжийн тэтгэмжийг он дуустал үргэлжлүүлэн олгоход 618.9 тэрбум төгрөг, Засгийн газрын нөөц санг 60 тэрбум төгрөгөөр, аймгийн Засаг даргын  нөөц санг 20 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон байна. Төрийн байгууллагууд төсөв хэмнэх горимд ажиллах, төлөвлөсөн арга хэмээг зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага, үр дүн, ач холбогдлоор нь эрэмбэлж хэрэгжилтийг нь хойшлуулах, цуцлах зэргээр төсвийн урсгал зардлыг 132.9 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын зардлыг 90 тэрбум төгрөгөөр, гадаад зээл ашиглалтыг 60 тэрбум төгрөгөөр нийт 282.9 тэрбум төгрөгөөр зардал танах ба хэмнэгдсэн зардлыг (КОВИД-19) цар тахлын хариу арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөжээ.

Бодлогын дээрх арга хэмжээний үр дүнд Монгол Улсын нэгдсэн 2021 оны нэгдсэн төсвийн нийт орлого 13,731.0 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 15,748.3 тэрбум төгрөг болж, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 3,691,8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.8 хувьтай тэнцэх юм байна.

Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн П.Анужин, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан үг хэллээ. УИХ-ын гишүүн П.Анужин ирэх намар буюу  шинэ хичээлийн жилд  Үдийн цайг хөтөлбөрийг  Үдийн хоол болгох хууль хэрэгжиж эхэлнэ. Хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн асуудлыг төсөвт суулгаж өгч буйд талархаж зөв шийдвэр хэмээн байр сууриа илэрхийлэв.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танхимаар хичээллэж буй байдлыг хэмнэлт гэж харан, боловсролын салбарт хөрөнгө оруулалтыг буруулж жил бүр хасаж байгаад харамсаж байна. Боловсролын салбарын шинэчлэл үр дүнд суурилсан зарчимд шилжсэн тул 2022 оны төсөв батлах зарчим өөр байх ёстой. Багшийн нэмэгдэл цалин, боловсролын зээлийн сан, хүүхдийн үдийн хоолны асуудлыг анхаарах ёстой гэлээ.


 Гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 


  2021-07-01 20:38  145