Мэдээллийг ачааллаж байна ..

Улсын Их Хуралд 2016 оны 09 дүгээр сард иргэдээс 435 өргөдөл ирүүлснээс 33 өргөдлийг Улсын Их Хурлын гишүүнд гарт нь хаяглан ирүүлсэн байна. Нээлттэй ирүүлсэн 402 өргөдлөөс 111 буюу 27.6 хувь нь иргэдийн санал, 20 буюу 4.9 хувь нь гомдол, 2 буюу 0.5 хувь нь шаардлага, мэдээлэл, 260 буюу 64,6 хувь нь хүсэлт, 9 буюу 2,4 хувь нь бусад асуудлаар хандсан байна.Түүнчлэн 47 өргөдөл Улсын Их Хурлын бүрэн эрхийн хүрээнд, 355 өргөдөл бусад байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байна. Улсын Их Хурлын дарга, гишүүдэд 359 өргөдөл, Өргөдлийн байнгын хороонд 76 өргөдөл ирүүлсэн байна.

Энэ хугацаанд нийт 140 өргөдөл шийдвэрлэснээс 100 хүсэлтийг судлан шууд хариу өгч, 40 хүсэлтийг харьяаллын дагуу шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлсэн байна. Нийт 295 өргөдөл шийдвэрлэлтийн хугацаанд буюу судлах шатанд байна.

Өргөдлийн байнгын хороонд иргэдээс ирүүлсэн өргөдлийг салбараар нь ангилвал:

  1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудал 2;
  2. Байгаль орчин, аялал жуулчлалын асуудал 10; 
  3. Сангийн асуудал 10;
  4. Хууль зүй, дотоод хэргийн асуудал 45;
  5. Батлан хамгаалахын асуудал 1;
  6. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын асуудал 39;
  7. Зам, тээврийн хөгжлийн асуудал 4;
  8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал 186;
  9. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал 2;
  10. Эрүүл мэндийн асуудал 7;
  11. Эрчим хүчний асуудал 4;
  12. Шагналын асуудал 16;
  13. Бусад асуудал 76.

Ахуйн шинжтэй хувийн асуудлаар хандсан өргөдлүүдэд сургалтын төлбөр, орон сууц, гэртэй болох, ажлын байранд зуучлуулах, эд материал, мөнгөн тусламж авах, УИХ-ын гишүүдтэй уулзах, зөвлөгөө авахыг хүссэн өргөдлүүд нэлээд хувийг эзэлж байна.

Өргөдлийн байнгын хороонд нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар дараахь саналуудыг ирүүлжээ:

  • Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Улсын Их Хурлыг 2 танхимтай болгох;
  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид, тэдний гэр бүлийн гишүүдэд сувиллын газарт амрах эрхийн бичгийг хөнгөлөлттэй үнээр олгох, төлбөрийг нь төрөөс хариуцдаг болох, орон сууц, нөхөн олговор олгох зэрэг буцалтгүй тусламжийг дахин үзүүлэх;
  • Иргэд улсад олон жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хэдий ч тэтгэвэр, тэтгэмж авч амжилгүй нас барж байгаа тул өндөр насны тэтгэврийн тогтолцоог өөрчлөх, нас барахын өмнө банк болон бусдад өр, зээлтэй байсан тохиолдолд зээлийн үлдэгдэл төлбөрийг Нийгмийн даатгалын сангаас төлж барагдуулах хуулийн зохицуулалт хийх;
  • Цалин, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, вальютын ханшийг бууруулах, хүүхдийн мөнгийг олгох, Их, дээд сургууль, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдад тэтгэмжийг хэвээр олгох, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг өөрчлөхгүй байх, нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэвэр, тэтгэмжийг ажил эрхэлж байгаа иргэдэд олгохгүй байх;
  • Төрийн үйлчилгээний албан хаагчдад өндөр насны тэтгэвэр тогтоолгоход  тэтгэвэр тогтоолгоход төрийн жинхэнэ албан хаагчдын адил 1-12 сарын үндсэн цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгодог болох;
  • Хараагүй хүмүүст зориулсан 90 айлын орон сууцны барилгын ажлыг нийслэлийн төсвийн санхүүжилтээр гүйцэтгэж байгаа бөгөөд барилгын материалын зах зээлийн ханш нэмэгдсэнтэй холбогдуулан төсөвт 850 сая төгрөгийг нэмж тусгах;
  • Залуучууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил эрхлэлтийг дэмжих, нэмэгдүүлэх;
  • Гэр бүлийн тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хүүхдийн  тэтгэлэг гаргуулах журамд нэмэлт, өөрчлөлт оруулж, чангатгах, хуулийн хэрэгжилтийг хангах;
  • Хөвсгөл аймгийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд Нийгмийн халамжийн тухай хуульд заасан тэтгэвэр, тэтгэмжээ нэг жил гаруй хугацаанд дутуу авсан хуулийн хэрэгжилтийг хянан шалгах;
  • Улсын тусгай хамгаалалттай Дархан цаазат Богдхан уулын хамгаалалтыг сайжруулах;
  • Туул голын бохирдлыг бууруулах талаар арга хэмжээ авах;
  • Эрдэс баялаг, хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулж экспортлох;
  • Нью-Йоркийн 1958 оны конвенциор Монгол Улсад олгогдож буй эрхийн хүрээнд Монгол Улсын эрх ашиг хурцаар хөндөгдсөн, санхүүгийн хувьд их хэмжээний хохирол учруулсан “Samsung C&T/SCTECM” ХХК-ийн эсрэг Олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргах, Монгол Улсад учирсан хохирлыг нөхөн төлүүлж, улсын төсөвт их хэмжээний орлого оруулах.

Өргөдлийн байнгын хорооны ажлын алба


Хуралдааны тов