“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 40 дугаарын тойм

  2019-10-21 15:56  170


Эмхэтгэлийн шинэ дугаарт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Манжуур хотод Консулын газар нээн ажиллуулах тухай, Бүгд Найрамдах Беларусь Улсад Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай, Арабын Нэгдсэн Эмират Улсад Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлжээ

Мөн Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, А.Ганбатыг албан тушаалаас чөлөөлөх тухай, Д.Ганзоригийг албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн байна. Ерөнхийлөгчийн зарлигаар Эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан А.Ганбатыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын албан тушаалаас чөлөөлж, Д.Ганзоригийг томилжээ.

Түүнчлэн Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөр, “Төрийн байгууллагаас төрийн болон бусад байгууллагатай цахим хэлбэрээр мэдээлэл солилцох, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журам”уудыг баталсан Засгийн газрын тогтоолуудыг нийтэлжээ.

“Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 27 дугаар тогтоолын 1 дэх заалтын “... асаргааны тэтгэмжийн хэмжээг сард  76,000 (далан зургаан мянган) төгрөгөөр ...” гэснийг “Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.2.4-д заасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг сард 114,000 (нэг зуун арван дөрвөн мянган) төгрөгөөр, бусад асаргааны тэтгэмжийг сард 76,000 (далан зургаан мянган) төгрөгөөр” гэж өөрчилсөн байна.

Эмхэтгэлийн 40 дугаарт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэлжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг  Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэжээ.

Дээрх хуулийн зохицуулалтаар баг, хороо, сум, дүүргийн Хурал хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлэхээр хуульчилсан байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно.” гэсэн заалтыг зөрчөөгүй байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2019-10-14 17:31  170