ЭЗБХ: “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв  

  2020-08-25 12:21  288

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.08.25) хуралдаан 52,6 хувийн ирцтэй эхэлж, 3 асуудал хэлэлцэв. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор саналтай гишүүн байсангүй тул “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.  

 

    УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Улаанбаатар хотын гэр хорооллыг цахилгаанаар бүрэн хангах асуудал, доголдлыг хэрхэн арилгах талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээс асуулаа. Эрчим хүчний сайд 7300 орчим ахуйн хэрэглэгч цахилгаан эрчим хүчний доголдолтой байна. Энэ доголдлыг арилгахад 9 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Энэ жил нийслэлийн төсөвт 5 тэрбум төгрөг тусгасан. Энэ хөрөнгөөр 2900 орчим хэрэглэгчийн эрчим хүчний доголдлыг арилгаж, үлдсэн хэрэглэгчийг 2021 онд багтаан эрчим хүчинд холбохоор хөтөлбөрт тусгасан гэлээ. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн  Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүсийг эрчим хүчээр хангана гэж хөтөлбөрт оруулсан атлаа түүнийг холбох шугам сүлжээний асуудлыг тусгаагүй алдаа гаргасан байгааг санууллаа.

 

    Мөн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ирэх жилүүдэд өрийн менежментийг хэрхэн хийх гэж байгааг тодруулсан. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ирэх жилүүдэд өрийг цаг тухайд нь төлөөд явна. Сангийн яаман дээр Төрийн нарийн бичгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Олон улсын санхүүгийн зах зээлд бонд гаргах чиглэлээр бэлтгэл ажил эхлээд явж байна гэв. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Чинзориг, Ц.Цэрэнпунцаг нар үг хэллээ. Тухайлбал, хөгжлийн бодлого төлөвлөлт,  байгалийн баялгийн сан, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, хүний хөгжил, сумдын бүтээн байгуулалтын асуудлуудыг хөндөн үг хэлж, санал гаргав. Ингээд гишүүд үг хэлж дууссны дараа төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Ийнхүү “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.



    Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийв.

    Тэрбээр, танилцуулгадаа “Цахим засаглал” үндэсний хөтөлбөрт төрийн үйл ажиллагааг боловсронгуй болгох түүнд Инновацийг нэвтрүүлэх арга замын нэг нь цахим засаглалыг хөгжүүлэх юм. Энэ зорилгын хүрээнд аж ахуй нэгжүүдэд олгох тусгай зөвшөөрлийг хялбаршуулах, түргэн шуурхай болгох үүднээс тусгай зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авах, мэдээллийн санг үүсгэх, түүнийг солилцох үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг тусгаарлан зохицуулах шаардлага бий болж байна. Төрийн захиргааны төв болон захиргааны байгууллагууд өөрийн чиг үүргийн хүрээнд тус тусдаа хуульд заасан тусгай зөвшөөрлийг олгож байгаа тул энэ харилцааг нэгдсэн байдлаар зохицуулсан журмыг Засгийн газраас батлахаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээлээ.

 

    УИХ-ын гишүүн Т.Доржханд банк санхүүгийн байгууллагын зөвшөөрөл хамаарч байгаа эсэх, Б.Энхбаяр гишүүн хайгуулын болон ашигт малтмалын лицензийг цахимаар олгоход үүсэх асуудал, сонирхлын зөрчлийн асуудлыг хөндсөн бол УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг лицензийн тоог цөөлөх талаар асуулт асууж, хариулт авлаа.  Мөн УИХ-ын гишүүн  Х.Булгантуяа цар тахалтай холбоотойгоор дэлхий даяар цахим шилжилтийг хийж байна. Цахим гарын үсгийн хуулийн хэрэгжилтийг анхаарах ёстойг онцоллоо.

    Ингээд зарчмын зөрүүтэй санал ирээгүй тул Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дууслаа. Байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцуулахаар боллоо.

 

    Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 5 гишүүн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн  “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхлэв. Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явууллаа.  Зарчмын зөрүүтэй санал гаргасан гишүүд саналаа тайлбарлан, зарим гишүүний гаргасан саналтай нь холбоотойгоор гишүүд тодруулга, хариулт авсан юм. Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Э.Бат-Амгалан гишүүн танилцуулахаар боллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 


  2020-08-25 20:01  288