Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 38 дугаарын тойм


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар Ноот бичиг соёрхон батлах тухай, Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай, Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиудыг баталжээ.

Ноот бичиг соёрхон батлах тухай хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлаж буй ОХУ-ын эзэмшлийн барилга, байгууламжийн газрыг ОХУ-ын талд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хугацаатай, төлбөртэй ашиглуулахаас гадна ОХУ-ын талтай урьдчилан тохиролцсоны дагуу орон сууцны 8 байрыг Монгол Улсын талд үнэ төлбөргүй шилжүүлэн авах эрх зүйн үндэс бүрдэж буй юм байна.

Ноот бичиг соёрхон батлах тухай хууль нь 1 зүйлээс бүрдэх бөгөөд хуулийг батлагдсанаар Монгол Улсын нутаг дэвсгэрт бүртгэлтэй ОХУ-ын эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг бүртгэлжүүлэх, зарим орон сууцны байрыг үнэ төлбөргүй шилжүүлэн авах эрх үүсч буй аж. ОХУ-ын өмчийн барилга, байгууламжид газар эзэмшлийн гэрчилгээ олгож, кадастрын зураг хийхээр, нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу газрыг хугацаатай (60 жил+40 жил сунгах эрхтэйгээр), мөн төлбөртэй байхаар хуульд тусгасан байна.

ОХУ-ын эзэмшлийн орон сууцанд түрээсээр амьдарч байгаа 550 айл өрхийн 8 орон сууцыг Монгол Улсын талд үнэ төлбөргүй шилжүүлэн авахаар ОХУ-ын талтай харилцан тохиролцсон бөгөөд ОХУ-ын эзэмшлийн орон сууцанд амьдарч буй иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах нөхцөл бүрдэж буй юм байна.

Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн зорилт нь Бүгд Найрамдах Беларусь Улсын Хөгжлийн банкнаас 50.0 сая хүртэл еврогийн хөнгөлөлттэй зээлээр тус улсад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг Монгол Улсад нийлүүлэх төслүүдийг санхүүжүүлэхэд оршиж буй аж.

Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр зорилт нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 300 сая хүртэл ам.долларын хөнгөлөлттэй зээлээр уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл болон бусад үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын төслийг санхүүжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд оршиж байгаа юм байна.

Түүнчлэн эмхэтгэлийн шинэ дугаарт “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг баталсан Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг, мөн Зээлийн хэлэлцээрүүдийг бүрэн эхээр нь нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл