Монгол Улсын Их Хурлын Анхдугаар чуулганаас Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Гомбожавын Занданшатарын хэлсэн үг

  2020-06-30 08:41  617


    Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

    Тусгаар Монгол Улсын Бүрэн эрхт иргэд ээ,

    Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлыг сонгох 8 дахь удаагийн сонгууль амжилттай өндөрлөж, шинээр сонгогдсон гишүүд маань Монгол төрийн сүлдний өмнө төр, ард түмэндээ андгай тангаргаа өргөлөө. Ийнхүү 8 дахь удаагийн сонгуулиар бүрдсэн байнгын ажиллагаатай парламентын бүрэн эрх албан ёсоор хэрэгжиж эхэлж байна.

    Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон засаглах эрхээ эдэлж, төрийн үйл хэрэгт шууд оролцон, төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаа сонгон байгуулсан тусгаар тогтносон Монгол Улсынхаа ард иргэдэд гүн талархал илэрхийлье.

    Ард түмнийхээ итгэл хүндлэлийг хүлээж, захиас даалгаврыг өвөрлөн, төрөө түших эрхэм хариуцлагатай, өндөр нэр хүндтэй албанд тохоон томилогдсон Улсын Их Хурлын Эрхэм гишүүд Та бүхэнд халуун баяр хүргэе.

    Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагыг тэргүүлэх үүрэг хариуцлагыг надад оноож, сонгосон Монгол Ардын Нам, Монгол Ардын Намын дарга Ухнаагийн Хүрэлсүх, журмын нөхдөдөө чин сэтгэлийн талархал илэрхийлье.

    Эрхэм гишүүд ээ,

    Энэ удаагийн сонгуульд Монгол Ардын Нам 62, Ардчилсан Нам 11, “Та бидний эвсэл”, “Зөв хүн электорат” эвсэл, бие даагчдаас тус бүр 1 хүн сонгогдож, улс төрийн 4 нам парламентад суудалтай боллоо.

    Монгол Ардын Намын энэхүү үнэмлэхүй ялалт нь Ухнаагийн Хүрэлсүхийн тэргүүлж ажилласан Засгийн газрын эхлүүлсэн шударга ёсны тэмцэл, тогтолцооны шинэчлэл, бүтээн байгуулалтын аяныг цаашид тууштай үргэлжлүүлэх, эхэлсэн ажлаа дуусгах, улсаа хөгжүүлэх, сахилга хариуцлагыг чангатгах, ёс зүйг эрхэмлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ үр дүнд хүргэх, тогтвортой, хариуцлагатай, иргэнээ дээдэлсэн төрийг төвхнүүлэх алсын харааг дэмжсэн ард түмний итгэл, өндөр хариуцлага, үүрэг даалгавар гэж бид ойлгож байна.

    Ард түмнийхээ энэ итгэл, их хүчийг бид Монгол орны хөгжил дэвшил, Монголын ард түмний сайн сайхан маргаашийн төлөөх их давалгаа гэдгийг ухамсарлан ойлгож, түүний эрч хүчийг сааруулах биш, эгнээнд нь нэгдэж, хүчээ нэгтгэж, хошуучлан манлайлж зүтгэх ёстой.

    Энэ бол том зорилго, амаргүй ажил. Гэхдээ Монголын сайн сайхны төлөөх энэ зорилгоос ухрах, иргэдийнхээ итгэлийг хугалах эрх бидэнд байхгүй.

    “Том зорилго л Таныг хөдөлгүүр мэт зогсоо зайгүй ажиллуулж чадна” гэсэн мэргэн үг бий. Тиймээс Монгол орноо сэргээн мандуулах, хөгжлийн шинэ эрин үеийг эхлүүлэх том зорилгын төлөө нэгэн биеийн алжаалыг умартан зүтгэх эрхэм үүрэг эрхэм гишүүд Та бидэнд ногдож байна. 


    Эрхэм гишүүд ээ,

    Шинээр байгуулагдсан Улсын Их Хурал нэн яаралтай ажилдаа орж, ард түмэндээ амласан амлалтаа биелүүлж, хүчээ нэгтгэсэн ард түмнийхээ улсаа мандуулах эрмэлзэл тэмүүллийг ажил хэрэг болгох ёстой.

    Иймээс Улсын Их Хурал дараах таван чиглэлээр Ажлын хэсгүүд байгуулж, хугацаа алдалгүй ажилд нь оруулах ёстой гэж үзэж байна.

    1. Хуулийн реформ хийх ажлаа хугацаа алдалгүй үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах” томоохон хуулиуд биднийг хүлээж байна. Эхний ээлжинд 37 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, шинэчлэн найруулах шаардлагатай. Үүнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Шүүхийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай зэрэг олон хууль биднийг хүлээж байна. Заримынх нь эхний хэлэлцүүлгийг хийсэн, төсөл нь бэлэн болсон байгаа. Шууд хэлэлцэж эхлэхэд ямар ч саад байхгүй.    

    2. Эдийн засгаа эрсдэлээс хамгаалах, өсөлтийн суурийг бүрдүүлэх, мөрийн хөтөлбөрт багтсан амлалтаа хэрэгжүүлэх ажилд шуурхайлан орох шаардлагатай байна. Коронавирусийн халдварт цар тахлын нөлөөллөөс эдийн засгаа, иргэдээ хамгаалах, ажлын байр, экспортыг нэмэгдүүлэх, нэгэнт авч хэрэгжүүлсэн арга хэмжээг үр дүнд хүргэх нь чухал байна. Тухайлбал, банк санхүүгийн реформыг үргэлжлүүлэх, зээлийн хүүг бууруулж 1 оронтой тоонд хүргэх, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүг багасгах зэрэг шийдвэрийг Улсын Их Хурал нэн яаралтай гаргахыг ард түмэн хүлээж байгаа.

    3. Эдийн засгаа солонгоруулахын тулд эхний ээлжинд хос морьтой болж, уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгаа өөрчилж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлого өнөө маргаашгүй бодит ажил хэрэг болж эхлэх шаардлагатай байна. Үүний тулд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг санхүү, зээл, татварын бодлогоор дэмжих, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, экспортын чиг баримжаатай хөгжүүлэх зарчмыг хангасан шийдвэрүүдийг гаргах нь зайлшгүй чухал юм.

    4. Төрөө төвшитгөх, сайн засаглалыг бүрдүүлэх үүргийг бид ард түмнээсээ авсан. Энэ хүрээнд төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг бэхжүүлж, ёс зүйг сахиулахад эн тэргүүнд анхаарах хэрэгтэй байна. Иймд Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороог Ёс зүйн байнгын хороо болгон өргөтгөх ёстой гэж Улсын Их Хурлын даргын хувьд үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд туссан Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааг нэн яаралтай журамлаж, хуульчлах хэрэгтэй байна. Энэ бүтцүүдээр дамжуулан зөвхөн Улсын Их Хурлын гишүүдийг биш, нийт төрийн албан хаагчдад хариуцлага, ёс зүйг хэвшүүлэх, тэдний үйл ажиллагааг хянан шалгах байнгын ажиллагаатай тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

    5. Иргэдийн нийгмийн хамгааллын чиглэлээр нэгэнт авч хэрэгжүүлж байгаа бодлогыг цаашид тууштай үргэлжлүүлж, Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт багтсан “Элэг бүтэн Монгол”, “Хуримтлалын нэгдсэн сан”, “Тэтгэврийн шинэчлэл”, “Бага өртөгтэй орон сууц”, “Тогтвортой амар амгалан гэр бүл” зэрэг олон хөтөлбөрийг ойрын үед эцэслэн боловсруулж, батлуулах шаардлагатай байна.


    Эдгээр 5 чиглэлээр Улсын Их Хурлаас ажлын хэсгүүд байгуулж, ойрын үед ажилд нь оруулна. Зуны сар зургаа биш. Нөгөө талаар улсын нийгэм, эдийн засгийн байдал, цаашдын төлөвөөс дүгнэлт хийхэд бидэнд амарч суух эрх алга байна.

        Тиймээс төрөө түших, түмний итгэлийг биелүүлэх журамт үүрэгтээ эзэн нь байхыг Та бүхнээсээ хүсье.

        Хөх тэнгэрийн дор Монгол эх орон минь мөнх оршиж, төр засаг нь түвшин, түмэн олон нь амгалан байх болтугай.     


  2020-06-30 17:47  617