Байнгын хороо Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

  2019-12-19 08:08  516


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2019.12.19) үдээс хойш хуралдаж, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан нарын зургаан гишүүн санаачлан боловсруулж, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хийж Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хурааж шийдвэрлэн, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.


Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн хийлээ. Ажлын хэсэг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэж гишүүдэд тараасан байна. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтад заасны дагуу нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу зарим асуудлаар санал хураалт явуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ.

 Ингээд хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсгээс гаргасан саналуудаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Тухайлбал, төслийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт “цахим хуудас” гэсний өмнө “Энэ хуулийн 48.1.1, 48.1.3-т заасан” гэж нэмэх, төслийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалтын “18 нас хүрсэн иргэний улсын бүртгэлийн биеийн давхцалгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/ бүртгэлд бүртгүүлж, иргэний бүртгэлийн дугаар авсан” гэснийг “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад заасан 18 насанд хүрсэн” гэж, төслийн 28 дугаар зүйлийн 28.10 дахь хэсгийг “Эвсэлд нэгдсэн намуудын олонх нь эвслээс гарсан тохиолдолд эвслийг тарсанд тооцно” гэж тус тус өөрчлөн найруулахаар болов.


Мөн төслийн 33 дугаар зүйлийн 33.2.9, 33.3.11 дэх заалтын “эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх талаарх Цагдаагийн ерөнхий газрын” гэснийг “ял эдэлж байгаа эсэх талаарх цагдаагийн төв байгууллагын” гэж, төслийн 45 дугаар зүйлийн 45.6 дахь хэсгийг “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй” гэж тус тус өөрчлөн найруулахыг дэмжив.

Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн 30 дугаар зүйлд “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн агуулгатай 30.8 дахь хэсгийг нэмэх санал дэмжигдсэн. Харин эцсийн хэлэлцүүлгийн шатанд төслийн энэ заалт нь Үндсэн хуульд болон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй нийцэж буй эсэхийг дахин нягтлах шаардлагатай гэж үзээд холбогдох лавлагаа материал гаргуулан судалж нягталсан байна. Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 6 дугаар дүгнэлтэд тухайн үеийн хуульд тусгагдсан нэр дэвшигч нь “ялгүй байх” гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэснийг Улсын Их Хурал 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзэж, тогтоол баталжээ.

Иймээс төслийн анхны хэлэлцүүлгийн шатанд дэмжигдсэн дээрх саналыг хасахаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг дэгийн хуулийн дагуу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь буюу 11 гишүүний 9 нь дэмжсэн юм.


Түүнчлэн төслийн 21 дүгээр зүйлд “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 21.9-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө цахим хэлбээрээр нэг удаа олгоно” гэсэн агуулгатай хэсгийг нэмж, дугаарыг өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжив. Төслийн анхны хэлэлцүүлгийн үед Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж зарчмын зөрүүтэй энэ саналыг гаргасан боловч Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй. Харин төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлөөс гаргасан энэ саналыг эргэн харж дахин авч үзэх хүсэлтийг төрийн бусад намуудаас илэрхийлсэн учраас эцсийн хэлэлцүүлгийн явцад анхаарах шаардлагатай гэсэн чиглэлийг хуралдаан даргалагчаас Байнгын хороонд өгсөн юм.


Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж зарчмын зөрүүтэй дээрх саналтай холбогдуулсан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуульд сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуульд оролцож байгаа намуудад цахим хэлбэрээр нэг удаа өгөхөөр заасан, гэхдээ хугацааг тодорхой зааж өгөөгүй. Бүртгэлийн байгууллага сонгуулийн санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хороодод өгөх хуулийн заалттай. Иймээс хүсэлт гаргасан намуудад 20-иос доошгүй хоногийн өмнө сонгогчдын нэрийн жагсаалтыг өгөх зохицуулалтыг оруулж байгаа. Гэхдээ сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж олшруулах, тараахыг энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.15 дахь заалтаар хориглосон гэдгийг хэллээ. Мөн тэрбээр сонгогч биеийн давхцалгүй өгөгдөл буюу гарын хурууны хээгээр бүртгүүлж саналаа өгдөг болсон учраас дахин санал өгөх боломжгүй. Харин иргэний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж санал өгөхийг оролдвол эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх заалттай гэдгийг нэмж тодотгосон юм.

Эцэст нь хууль хоорондын нийцлийг хангах, зөрчлийг арилгах, ойлголтыг нэг мөр болгох үүднээс ажлын хэсгээс гаргасан саналын дагуу төслийн зарим заалтыг дахин нягтлаад Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн баригдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай, Төрийн албаны тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Сонгуулийн тухай, Төрийн аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай, Зөрчил хянан шийдвэрлэх тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


  2019-12-19 17:10  516