“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 07 дугаарын тойм

  2020-02-12 13:12  1290


Эмхэтгэлийн шинэ дугаарт Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудыг хамт батлагдан гарсан хуулиудын хамтаар нийтэлжээ.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг оновчтой болгож гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл тоолдог болгажээ. Ингэснээр гэмт хэрэг үйлдсэн нь хөдлөшгүй баримтаар тогтоогдсон хэдий ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох буюу ял завшуулах нөхцөлийг хаасан зохицуулалт болсон төдийгүй эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим хангагдах зарчмын өөрчлөлт ажээ. Энэхүү зохицуулалттай холбогдуулан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, мөн үндэслэлээр шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан гэмт хэргийг тус тус сэргээн шалгахаар, түүнчлэн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй байхаар хуульчилсан байна.

Биеэ үнэлэхийг зохион байгуулах, худал мэдээлэл тараах, мөрийтэй тоглоом зохион байгуулах зэрэг үйлдлийг шинээр гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгаж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисийг хууль бусаар ашиглах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэглэл үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл, нэмри бүх насаар нь хорих ял шийтгэдэг байхаар ялыг хүндрүүлж өөрчилжээ.

Зөвхөн ойр дотны хүндээ учирсан аюулыг зайлуулсан үед баримтлах аргагүй хамгаалалтын зохицуулалтыг өөрчилж, аюулыг өөр аргаар зайлуулах ямар ч боломжгүй үед хэн нэгэн этгээдэд аргагүй хамгаалалтыг хэрэглэсэн тохиолдолд аргагүй хамгаалалтад тооцохоор болгож хамрах хүрээг нь өргөжүүлэн зохицуулсан байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын гишүүдээс Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл /Мал хулгайлах/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлснийг УИХ хэлэлцэж баталсан бөгөөд уг хуулийн өөрчлөлтөөр мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд аливаа этгээд олон тооны малыг, эсхүл бусадтай бүлэглэж, эсхүл улсын хилээр нэвтрүүлж, эсхүл машин механизм ашиглаж, эсхүл ноцтой хохирол, хор уршиг учруулж, эсхүл гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол гэмт хэрэгтэнийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, мөн олон тооны малыг найман бог, хоёр бод, түүнээс дээш мал байхыг, нэг бодыг дөрвөн богоор тус тус тооцож байх зохицуулалтыг тусгаж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг хассан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар шүүх хэрэг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тохиолдолд шүүгчийн бүрэлдэхүүнийг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой зохицуулалтыг тусгажээ. Тухайлбал, анхан шатны шүүхэд шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах, сунжрах байдал гарч байгааг шийдвэрлэх зорилгоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуулиар харьяалуулсан асуудлыг шийдвэрлэсэн шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахыг хориглож байсныг өөрчилж тухайн шүүгч шүүх хуралдаанд орж болохоор зохицуулсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах үүднээс прокурорын даалгаварт мөрдөгч санал бичих, мөн хуульд заасан тохиолдолд мөрдөгч бие даан даалгавар бичих эрхтэй байхаар зааж, хэн нэгэн этгээдийг яллагдагчаар татсан боловч шалган шийдвэрлэх ажиллагаа хийхгүй удаашруулдагаас хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байгаа тул хэргийг шалган шийдвэрлэх ерөнхий хугацааны зохицуулалт оруулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуультай хамт Шүүхийн тухай хуульд нэмэлт орсноор Үндсэн хуульд заасан Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах зохицуулалт бий болсон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйл ажиллагаанд хүндрэл үүсгэж, төлбөр төлөгчийг төлбөр төлөхөөс зайлсхийх боломжийг бий болгож байсан гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэхийг хориглосон зохицуулалтыг халж, төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх журам, үндэслэлийг хуульчилжээ.

Хорих анги нь хоригдлыг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон шүүгчийн захирамжийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор хоригдлын зан байдал, засрал хүмүүжлийн талаарх тодорхойлолтыг түүний оршин суух газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст хүргүүлдэг байхаар зохицуулсан байна.

Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтан өөрөө зөвшөөрсөн тохиолдолд өдөрт 4 цагаас ихгүй хугацаанд нийтэд тустай ажил хийдэг байсныг өөрчилж, 8 цагаас ихгүй хугацаанд хийж болохоор тусгажээ.

Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн зарим гэмт хэрэгтэй уялдуулан орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах, мөрийтэй тоглох, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших, төрийн тусгай хамгаалалт тогтоосон орон зайд агаарын зайн зөрчил үйлдэх зэргийг хуульчилсан байна. Нийтийн эрх ашгийг хамгаалах хүрээнд олон улсын хөл хориот өвчны талаар мэдүүлэхээс татгалзах, агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх зэрэг асуудлын хариуцлагыг Зөрчлийн тухай хуульд шинээр нэмж, бусдад ажил, албан тушаал, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгө, сэтгэл санааны үр дагавар үүсгэж бэлгийн харьцааны үйлдэл хийх сэдлээ илэрхийлсэн бол, мөн хүүхдийн тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй бол долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах торгуулийн шийтгэлийн нэгжийг багасгах, зарим зөрчлийн хэрэгт албадлагын арга хэмжээг хэрэглэхгүй байхаар тусгасан бөгөөд тухайлбал энгийн хог хаягдлын торгуулийн хэмжээг багасгаж, аюултай хог хаягдлын торгуулийн хэмжээг нэмсэн, мөн эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар, цэгт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан бол хүнийг тавин нэгжээр торгодог байсныг хорин нэгжээр торгохоор багасгажээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалгах ажиллагааг шуурхай хэрэгжүүлэх зорилгоор холбогдогчийг дуудан ирүүлэх, зөрчлийн хэргийг нэгтгэх, тусгаарлах, прокурор зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хянаад гаргах шийдвэр, түүний журам, түүнчлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгаад эрх бүхий албан тушаалтнаас гаргах шийдвэрийн нэг хэлбэр болох зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэлээс чөлөөлөх шийдвэр гаргах ажиллагааны журмыг тодорхой тогтоох зэрэг зохицуулалтыг хуульд шинээр тусгаж, холбогдох хэсэг, заалтуудыг өөрчлөн найруулж хуульчилсан байна. Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн зарим зүйл, заалт өөрчлөгдсөнтэй холбоотой зөрчлийн харьяалан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан, шүүхийн зөрчил шалган шийдвэрлэх харьяаллын давхардал, хийдлийг арилгасанаас гадна оролцогчийн эрхийн баталгааг нэмэгдүүлэх зорилгоор хэрэг бүртгэлийн ажиллагаатай холбоотой гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх журмыг тогтоож, зөрчил шалгах ажиллагаанд шинжээчийг томилох шийдвэр гаргах болон шинжээчийн дүгнэлтэд тавих шаардлагыг өөрчилсөн байна.

Ххялбаршуулсан журмаар зөрчил шийдвэрлэх ажиллагааны журам болон шийдвэрт гомдол гаргах журмыг тодорхой зохицуулж, зөрчил үйлдсэн этгээдийг донтох сэтгэцийн эмгэгтэй эсэхийг тогтоох шинжилгээ хийх, шүүхээс албадан эмчилгээнд хамруулах шийдвэр гаргах журам болон хүний биед гэмтэл учирсан эсэхийг тогтоохтой холбоотой асуудлыг хуульчилсан байна.

Мөн дугаарт Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай, Санхүүгийн зохицуулах хорооны зарим гишүүнийг нөхөн томилох тухай, Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолууд, Засгийн газарт чиглэл өгөх тухай /Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлжээ.

Уг зарлигаар дэлхийн олон улс болон манай хөрш БНХАУ-д шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан 17 дугаар жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгосон байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2020-02-17 13:12  1290