Цэс

Холбоо барих

Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны тайланг сонсож, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

Төрийн албаны зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайланг сонсов


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын хорооны өнөөдрийн (2019.05.15) хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайлан-г сонсож, энэ асуудлын талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг танилцуулга хийсэн юм.

Төрийн албаны зөвлөл нь Улсын Их Хурал, Төрийн байгуулалтын байнгын хорооноос өгсөн зөвлөмж, чиглэлийг баримтлан, Төрийн албаны тухай хуульд заасан чиг үүргийн хүрээнд өөрийн Ажлын алба, салбар зөвлөлөөрөө дамжуулан бүрэн эрхээ хэрэгжүүлж, 2018 оны үйл ажиллагааны үндсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлж ажилласан гэж үзэж буйгаа Төрийн албаны зөвлөлийн дарга танилцуулгадаа дурдав. Мөн Улсын Их Хурлаас баталсан Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагалдан гарах 47 журмын төслийг шинээр болон шинэчлэн боловсруулж, төрийн албан хаагчид, иргэдийн санал бодлыг тусгах ажлыг зохион байгуулж, улмаар Улсын Их Хурал, Засгийн газраар батлуулахад зөвлөл анхаарлаа хандуулж ажилласан. Улсын Их Хурал, Засгийн газар, Төрийн албаны зөвлөлийн хамтын ажиллагаа, нэгдмэл бодлого, үйл ажиллагааны үр дүнд дээрх журмын ихэнх нь батлагдаж, хүчин төгөлдөр болсноор Төрийн албаны тухай шинэ хууль хэрэгжих эрх зүйн орчныг үндсэнд нь бүрдүүллээ. Энэ нь тус зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны нэг гол үр дүн байлаа гэдгийг тэрбээр онцлов.


Түүнчлэн орчин үеийн төрийн албаны хөгжлийн чиг хандлага, төрийн албаны удирдах ажилтны үүрэг, манлайллын талаарх олон улсын туршлагаас суралцах, өөрийн орны хөгжлийн зорилт, стратегиа тодорхойлох зорилтын хүрээнд төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн зохион байгуулж, шинэ хуулийн үзэл баримтлал, зорилго, зорилтыг иргэд, олон нийт, төрийн албан хаагчдад таниулах олон талт үйл ажиллагааны үр дүнд Монгол Улсад төрийн албаны шинэчлэлийн шинэ үе шатны эхлэл, нийгэм-сэтгэл зүйн үндсийг тавьж чадсан нь Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны нэг чухал үр дүн гэж үзэж буйг дурдав. Ингээд тэрбээр  Төрийн албаны зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны үр дүнг Төрийн албаны шинэтгэлийн эрх зүйн шинэ орчин; Төрийн албаны шалгалт, сонгон шалгаруулалт; Төрийн албан хаагчийн сургалт, хөгжил, ёс зүй; Төрийн албаны хууль тогтоомж, стандартын хэрэгжилт; Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаа гэсэн таван чиглэлээр хураангуйлан Байнгын хорооны гишүүдэд танилцуулсан юм.

Төрийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсанаар төрийн байгууллага, төрийн албан хаагчдын үйл ажиллагаа, тэдгээртэй холбогдсон олон талт харилцааг шинээр зохицуулах шаардлага үүссэн. Үүнтэй уялдсан шинэ хуулийн үйлчлэлийг хангахад нэн шаардлагатай харилцааг зохицуулахад чиглэгдсэн шинээр болон шинэчлэн батлан мөрдүүлэх 47 дүрэм, журмаас Ерөнхийлөгч 3, Улсын Их Хурал 9, Засгийн газар 23, Төрийн албаны зөвлөл болон Засгийн газар хамтран 12-ыг нь батлахаар тусгагдсанаас одоогоор Улсын Их Хурал, холбогдох Байнгын хороогоор хэлэлцэж батлах 9 эрх зүйн актаас 7 нь, Засгийн газраас батлах 23 журмын 19 нь батлагдсан. Ийнхүү Төрийн албаны тухай шинэ хуулийг дагалдан гарах журмын 80 гаруй хувь нь 2018 онд батлагдсанаар шинэ хууль хэрэгжих эрх зүйн орчин үндсэндээ бүрдсэн бөгөөд төрийн албаны шинэчлэлийг эхлүүлэх урьдач нөхцөл хангагдсан гэж үзэж байгааг илтгэгч дурдсан юм.

Төрийн албаны шинэ хуулийг хэрэгжүүлж, бодит ажил хэрэг болгох зорилтын хүрээнд Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөнийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, олон улсын байгууллагын оролцоо, дэмжлэгтэй зохион байгуулсан. Мөн шинэ хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангуулах, шинэчлэлийн гарааны нөхцөлийг тодорхойлох, төрийн албан хаагчдын сургалтын хэрэгцээг төлөвлөх зорилгоор Төрийн байгууллага, төрийн албан хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх улсын үзлэгийг Засгийн газартай хамтран анх удаа зохион байгуулжээ. Төрийн байгууллагын болон төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшингийн үнэлгээнд 13 яам, 23 агентлаг, 21 аймаг, 330 сум, нийслэл, 9 дүүргийн 44576 төрийн жинхэнэ албан хаагч буюу төрийн жинхэнэ албан хаагчдын 77 хувь нь хамрагджээ. Түүнчлэн шинэ хуулийг төрийн байгууллага, төрийн албан хаагчдад таниулах, хуулийн хэрэгжилттэй холбоотой мэдээлэл өгөх, хуулийн зохицуулалтын талаар нэг мөр ойлгож, дагаж мөрдөх зорилтын хүрээнд 51 төрийн байгууллагын 4410 албан хаагчдад сургалт, хэлэлцүүлэг хийсэн байна.

Тайлант онд Төрийн албаны зөвлөлд харьяаллын дагуу 26 байгууллагаас удирдах албан тушаалын 42 ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын захиалга ирүүлсний дагуу шалгалт зохион байгуулахад уг ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан 96 иргэн бүртгүүлснээс 80 иргэн шалгалтад тэнцсэн тул тэднийг төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэж, томилох эрх бүхий этгээдэд албан бичгээр хүргүүлсэн байна. Энэ хугацаанд төрийн захиргааны төв байгууллагын удирдах албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалтаар 42, төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас сонгон шалгаруулж, дүгнэлт гаргах шалгалтаар 76 хүнийг нэр дэвшүүлэн нийт 118 сул орон тоог нөхөн томилуулжээ.


Тайлант онд зарлагдсан 1479 орон тоонд 7851 иргэн бүртгүүлснээс 2626 нь тэнцэж, 739 иргэн өрсөлдсөн албан тушаалдаа томилогдож, нээлттэй зарлагдсан ажлын байрны 50.03 хувь нь нөхөгджээ. Харин нийтэд зарлагдсан 1479 ажлын байрнаас хүн бүртгүүлээгүй ажлын байр 259, бүртгүүлсэн боловч шалгалтаар хүн тэнцээгүй ажлын байр 481 байгаа бөгөөд хүн бүртгүүлээгүй ажлын байрны 249 нь аймаг, орон нутагт байгаа аж.

Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан мэргэшлийн шалгалтын дүн мэдээнээс үзэхэд эмч, эрүүл мэндийн мэргэжилтэн, мал зүйч, зоо техникч, малын эмч, соёлын төвийн эрхлэгч, байгаль хамгаалагч, инженер техникийн мэргэжил шаардагдах ажлын байранд иргэд бүртгүүлээгүй байна. Мөн тайлант онд төрийн албаны мэргэшлийн шалгалтыг улсын хэмжээнд нийт 53 удаа зохион байгуулж, шалгалтад тэнцсэн 2626 иргэнийг Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор төрийн албанд анх орох иргэний нөөцөд шинээр бүртгэжээ.

Төрийн албаны зөвлөл 2018 онд иргэн, төрийн албан хаагчдын нийт 505 өргөдөл, гомдлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн байна. Тэдгээр өргөдөл, гомдлын 145 нь ажлаас халсан, ажилд томилоогүй, бүтцийн өөрчлөлттэй, 210 нь сонгон шалгаруулалт, түүнээс үүдсэн томилгоотой, 96 нь ёс зүй, сахилгын шийтгэлтэй холбоотой асуудал байжээ. Төрийн албаны тухай хууль зөрчин ажлаас үндэслэлгүй халсан, чөлөөлсөн, зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн зэрэг үндэслэлээр эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрийг үндэслэлгүй болохыг шүүхээс тогтоож, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад хандсан иргэний өргөдөл, нэхэмжлэлийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 2016-2018 онд шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон, ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн төлбөр олгуулах 1037 шийдвэрт 4 тэрбум 690 шахам сая төгрөгийн нөхөн олговор олгуулах гүйцэтгэл хийхээс 2018 оны жилийн эцсийн дүнгээр 548 шийдвэрт 3 тэрбум гаруй төгрөгийн гүйцэтгэл хийгдээд байна. Энэ мэдээллээс харахад албан тушаалтны буруу шийдвэрээс болж улсын төсөвт жил бүр дунджаар 1 тэрбум орчим төгрөгийн нэмэлт ачаалал бий болж, улсад их хэмжээний хохирол учирч байна гэдгийг Төрийн албаны зөвлөлийн дарга дурдлаа.

Төрийн албаны шинэ хууль хэрэгжих эрх зүйн болон нийгэм-сэтгэл зүйн орчин бүрдсэн хэдий ч төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлж, мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай, ёс зүйтэй, үр ашигтай төрийн албыг төлөвшүүлэх хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллах шаардлагын үүднээс Улсын Их Хуралд хандаж зарим санал тавьж буйгаа тэрбээр дуулгасан юм. Тухайлбал,

-Төрийн албыг улс төрөөс хараат бус байлгах, хуульд заасан мерит зарчмыг тууштай сахин хамгаалах, төрийн албан хаагчдын эрх ашиг, эрх зүйн байдлыг бүрэн хангаж ажиллах баталгаа болсон Төрийн албаны төв байгууллагын хараат бус бие даасан байдлыг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулах;

-Орон нутгийн төрийн албан хаагчдын тавиас илүү хувь нь төвөөс томилогддог нь Үндсэн хуульд заасан засаг захиргааны нэгж дэх төрийн удирдлагын нэгдмэл байдал хангагдахгүй байх нөхцөл байдлыг үүсгэж байгаа учраас эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд төвлөрсөн босоо удирдлага, томилгоотой байгууллагыг хуулийн хүрээнд нэг мөр зохицуулахад анхаарах;

-Дэлхий дахинаа XXI зууны төрийн албаны өмнө шинэ сорилтууд тулгарч, төрийг шинээр бүтээх шинэ эрэл хайгуул, шинэ хандлага эрчимтэй өрнөж байна. Иймээс Монгол Улсын төрийн албаны шинэчлэлийг тууштай, тогтвортой хэрэгжүүлэх үүднээс Шинэчлэлийн үзэл баримтлал, дунд хугацааны /2020-2030/ стратеги зорилгоо тодорхойлсон бодлогын баримт бичгийг боловсруулж, батлан мөрдүүлэх зэрэг санал тавилаа.

Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны тайланд өнгөрсөн оны эцсийн байдлаар нийт 193557 төрийн албан хаагч байгаагаас 3403 нь буюу 1.8 хувь нь улс төрийн, 19034 буюу 9.8 хувь нь төрийн захиргааны, 38083 буюу 19.7 хувь нь төрийн тусгай, 133037 буюу 68.7 хувь нь төрийн үйлчилгээний албан хаагч байгааг тоон үзүүлэлтээр харуулжээ. Уг тайлангаас харахад оны эцсийн байдлаар төрийн албан хаагчдын тоо өмнөх оноос 0.55 хувь буюу 1082 албан хаагчаар өссөн байна. Төрийн албан хаагчдын дундаж нас 38.1 байгаа бөгөөд сүүлийн 10 жилийн 8 жилд нь төрийн албан хаагчийн дундаж нас 38 байсан нь дундаж нас тогтвортой байгааг харуулах үзүүлэлт юм. Харин өнгөрсөн оны байдлаар төрийн нийт 4293 байгууллага бүртгэгдсэн нь өмнөх оноос 42 байгууллагаар нэмэгдсэн үзүүлэлт юм.  


Төрийн албаны зөвлөлийн даргын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Н.Амарзаяа нар Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүдээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Мөн энэ үеэр Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан Улсын Их Хурлын Тамгын газраас Төрийн албаны зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайланд системчилсэн үнэлгээ хийж зохих санал, дүгнэлтээ ирүүлсэн, түүнчлэн “Ажиглалт” төрийн бус байгууллага хөндлөнгийн үнэлэлт дүгнэлтээ ирүүлсэн талаар гишүүдэд танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Н.Амарзаяа, Д.Лүндээжанцан нар үг хэлж байр сууриа илэрхийлэн цааашид анхаарах асуудлын талаар саналаа хэллээ. Үг хэлсэн гишүүд зөвлөл нь Төрийн албаны шинэ хуулийн орчинд ажлыг эхнээс нь зөв эхэлж, зөв суурийг тавьж олон нийтийн хүлээлт, хүсэмжид хүрч ажиллах, төрийн албаны үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулах, нэр хүндийг сэргээх, төрийн албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх, шатлан дэвших зарчимд суурилсан тогтвортой, мэргэшсэн төрийн албыг бүрдүүлэх хуулийн үзэл санааг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатайг онцолж байв.

Ингээд тус зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Төрийн албаны зөвлөл болон Засгийн газарт зарим чиглэл, зөвлөмж өгөхөөр тогтлоо.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

Дараа нь Засгийн газраас өнгөрсөн сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. Уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг энэ сарын 10-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанар хэлэлцэж дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм.


Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт улс төрийн албан хаагчид болох сум, дүүргийн Засаг дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч, мөн тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид болох зэвсэгт хүчин, хилийн цэрэг ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай албан тушаалаас бусад албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг төрийн албаны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтоохоор заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулжээ.

Байнгын хорооны хуралдаанаар уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо.

Харин “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг түр хойшлуулав. Аудитын газрын удирдах ба гүйцэтгэх албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг салбарын хуулиудаар нь зохицуулж, энэ дагуу Улсын Их Хурлаас эдгээр албан тушаалын цалингийн хэмжээг тусгайлан тогтоож байгаа учир энэ тогтоолд хамааруулахгүй байхаар төсөлд тусгасныг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл