Цэс

Холбоо барих

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, зарим хуулийн төслийг эцэслэн баталлаа

Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.05.12) нэгдсэн хуралдаан 10 цаг 35 минутад 53.9 хувийн ирцтэй эхэлж, энэ өдрийн хуралдаанаар 9 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Уг тогтоолын төслийг Ц.Цогзолмаа нарын Улсын Их Хурлын долоон гишүүн санаачлан боловсруулж, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн.


Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа, тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нар нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамтарсан ажлын хэсэг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан бөгөөд Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа нарын гишүүд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах талаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдлыг Ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт 25, 29, 55, 63, 70, 116 дугаар тусгай сургууль, 10, 186 дугаар цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаад 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэж үзсэн байна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамлаж буй асуудлуудыг шийдвэрлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төсөлд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Хүүхэд, хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр 2017-2022 он” боловсруулж батлуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асран хамгаалж байгаа асран хамгаалагчийн асаргааны тэтгэмжийг амьжиргааны баталгаажих доод түвшинд хүргэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих “Тусгай хэрэгцээт сан” байгуулах талаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоог нарийвчлан гаргаж, тэгш хамруулан сургах орчныг бүрдүүлэн ажиллах, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэн оношлоход шаардагдах оношлогооны иж бүрэн тоног төхөөрөмж, тусгай хэрэгцээт сургуулийн сурагчдыг тээвэрлэх автобусаар хангах, тусгай хэрэгцээт сургуульд ажиллаж байгаа багш, ажилтан, албан хаагчдын цалингийн нэмэгдлийг шинэчлэн тогтоох, тусгай хэрэгцээт боловсролын байгууллагын багшлах боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах асуудлыг бодлогоор дэмжих, өвчний магадлалтай иргэдийн группыг сунгахад тулгарч байгаа асуудлуудыг нягталж, өвчтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байх боломжийг бүрдүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгажээ.

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэн ухааны байнгын хороо 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн байна.


Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Л.Болд, Н.Оюундарь, Н.Амарзаяа нар асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Л.Элдэв-Очир, С.Чинзориг, Б.Ундармаа нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүдийн асуултад Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, төсөл санаачлагч гишүүн Ц.Цогзолмаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нар өгсөн хариултдаа, Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа, хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс бүх талуудыг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг хэд хэдэн удаа зохион байгуулж ажлын уялдааг хангах арга хэмжээ авч байгаа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааны зардлыг нэмэгдүүлэхэд шаардлагатай 13.6 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэхээр ажиллаж байна, тогтоол батлагдсанаар энэ чиглэлийн суурь болох Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах боломж бүрдэнэ гэдгийг хэлж байв. Манай улсад одоогоор хөгжлийн бэрхшээлтэй 101730 иргэн байгаагийн 10 хувийг хүүхэд эзэлдэг аж. Эдгээр хүүхдүүдээс 1000 гаруй нь ерөнхий боловсролын тусгай сургуульд, 400 гаруй нь тусгай цэцэрлэгт хамрагддаг юм байна.

Ингээд Байнгын хорооны саналаар "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 83 хувь нь дэмжсэн тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа.


Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо энэ сарын 09-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжпэг авсан саналуудыг төслүүдэд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ.

Байнгын хороо төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийн шатанд хуулийн төслийн 2 дугаар бүлэгт тухайн салбарын үйл ажиллагааны мэргэжпийн онцлогтой холбоотойгоор хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх журам боловсруулах, хог хаягдпын норматив хэмжээг тогтоох, мэдээллийн сан бүрдүүлэх, үнэ тарифийг тогтоох, санхүүжүүлэх, заавар, аргачлал батлах эрхийг төрийн захиргааны зарим байгууллагад тусгайлан зааж өгсөн болон бусад хууль, тогтоомжтой нийцүүлсэн өөрчлөлтүүд хийх нь зүйтэй гэж үзжээ.


Мөн хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулах этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбоотой зохицуулалтыг Газрын тухай хуультай нийцүүлэн нэгтгэж нэг заалт болгон төслийн зургадугаар бүлэгт нэмж тусгасны зэрэгцээ хог хаягдлын үйлчилгээний хураамж, төлбөр төлөх асуудлыг Иргэний хуулийн гэрээний заалттай уялдуулан томьёолжээ. Түүнчлэн  хог хаягдал ангилах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах үйл ажиллагаанд ашиглах техник, тоног төхөөрөмж, материал, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг батлах тухай асуудал нь татварын бие даасан хуулиар зохицуулах харилцаа учраас төслөөс хасахаар шийдвэрлэсэн байна.


Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг асуулт асууж тодруулсны дараа Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 77.1 хувь нь дэмжсэн юм. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Хог хаягдлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг гишүүдийн 55.3-75 хувийн саналаар эцэслэн баталлаа.

Дараа нь Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа хийсэн юм. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн бөгөөд тус Байнгын хороо энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаараа төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг хийх үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг төсөлд нэмж тусган хуулийн төслийн нэр томьёог цэгцэлж, үг хэллэг, найруулгын шинжтэй зарим засвар оруулан төслийн эцсийн хувилбарыг боловсруулж гишүүдэд тараасан байна.


Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.9 хувь нь дэмжив. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан хуулийн төслүүдийг гишүүдийн 60-64.4 хувийн саналаар дэмжиж баталлаа.

Байнгын хорооны горимын саналаар хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарын санаачлан боловсруулсан уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.


Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны өмнө хуралдан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Байнгын хорооны хуралдааны явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон байна. Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэх, дагаж мөрдөх хугацаанд тулгарч байсан хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх хэрэгцээ, шаардлагыг үндэслэн хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлсон бөгөөд уг үзэл баримтлалд  нийцүүлэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг боловсруулжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Л.Мөнхбаатар нар асуулт асууж тодруулсан юм. Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны горимын саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.6 хувь нь дэмжив. Иймээс Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 73.9 хувийн саналаар бүхэлд нь баталлаа. Мөн уг холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах төслүүд батлагдлаа.  

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг үргэлжилж байна


Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж эхэллээ. Уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлэх үед Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан ч хуралдаан даргалагч дөрөв хоногийн завсарлага өгсөн юм.

АН-ын бүлгийн завсарлагын хугацаа дууссан тул чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхэллээ. Тус Байнгын хороо хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад дэмжсэн 79, дэмжээгүй 5 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр оруулж иржээ.


Ингээд Байнгын хорооноос дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхэлсэн юм. Тухайлбал, төслийн 1.7 дугаар зүйлийн гарчгийг “Хэргийн бодит байдлыг тогтоох” гэж өөрчлөх. 2.2 дугаар зүйлд Эрүүгийн хэргийн оролцогч, гэрчийн олонхи байгаа газарт, эсхүл дагнасан чиг үүрэгтэй алба, нэгжийн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн хэргийн шүүхийн харьяаллыг прокурорын саналыг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн өөрчлөн тогтоож болно.” Гэсэн агуулгатай 9 дэх хэсэг нэмэхээр болов. Мөн төслийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “хуулийг зөв хэрэглэсэн эсэхтэй холбоотой” гэснийг “Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх” гэж өөрчлөх, 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэрч, хохирогч, шинжээч, яллагдагчийг дуудан ирүүлэх;” гэсэн  агуулгатай 2.6 дахь заалт нэмэхээр тогтлоо. Түүнчлэн төслийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “2.12.прокурорын зөвшөөрлөөр мөрдөн шалгах нууц ажиллагааг явуулахаар эрх бүхий байгууллагад даалгавар бичиж, гүйцэтгүүлэх; 2.13.шаардлагатай тохиолдолд өөр нутаг дэвсгэр, эрх бүхий байгууллагад мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрэн сурвалжлах саналаа прокурорт гаргах;” гэсэн агуулгатай 2.12, 2.13 дахь заалтууд нэмэхийг гишүүдийн олонхи нь дэмжлээ.

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл