Цэс

Холбоо барих

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон бусад хуулийн төслүүдийг батлав

УИХ-ын чуулганы өнөөдрийн (2017.05.11) үдээс хойших нэгдсэн хуралдаан Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Үндсэн чиглэлийн биелэлтийн танилцуулгыг, УИХ-ын гишүүн С.Чинзориг тус асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг танилцуулсан юм.


Дээрх танилцуулгуудтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авлаа. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-д тусгагдсан 158 арга хэмжээний 47-48 арга хэмжээ нь 50 хувиас доош биелэлттэй байгаа нь хоёр Засгийн газар ажилласантай хамааралтай байх, гэхдээ эдгээрийг биелүүлээгүй ажилтан, албан тушаалтнуудад ямар хариуцлага хүлээлгэх вэ хэмээн УИХ-ын гишүүн Я.Содбаатар асуулаа. Мөн мал аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн үндэсний сүлжээний байгуулах зорилтын талаар тодруулсан юм. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хариулт өгөхдөө 2015 онд батлагдсан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийг хэрэгжүүлсэн 2016 онд хоёр Засгийн газар ажилласан онцлогтой гэдгийг санууллаа. Түүнчлэн өнгөрсөн жилүүдэд яамд хоорондын уялдаа муу байсан гэдэг дүгнэлт гаргаад буйгаа тэрбээр хэллээ. Түүхий эд бэлтгэлийн сүлжээг бий болгох асуудал нь Аж үйлдвэрийн яамны эрхлэх асуудлын хүрээнд багтаж байгаад 2016 оны наймдугаар сараас ХХААХҮЯ-нд шилжиж  иржээ. Ингэхдээ 2016 оны эхний найман сарын хугацаанд энэ чиглэлээр хэдэн удаагийн сургалт явуулснаас өөр хийсэн ажилгүй, тухайн үйл ажиллагааг хэрэгжүүлэх ямар ч төсөвгүй байсан хэмээн ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга хариулт өгсөн. Мал аж ахуйн гаралтай бараа, түүхий эд бэлтгэлийн үндэсний сүлжээ байгуулах шаардлагыг үндэслээд салбарын яам түүхий эд бэлтгэлийн тогтолцооны хувилбарт санал хэмээх зөвлөх үйлчилгээг зарлан хувилбаруудыг хүлээн авсан гэлээ.


УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Саранчимэг нар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д тусгагдсан Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв байгуулах болон Төв аймгийн Хөшигийн хөндийн шинэ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон эхний ээлжийн барилгажилтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах зорилт, арга хэмжээний биелэлт 0 хувьтай байгаагийн шалтгааныг тодрууллаа. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудал орхигдоогүй, тусдаа сан ажиллаж байгаа бөгөөд энэ шугамаар Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр тодорхой хэмжээний зээл, дэмжлэг туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа явагдаж байгаа хэмээн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат мэдээлэл өглөө. Мөн тэрбээр өмнөх Засгийн газар найман сар ажилласны дараа бид үргэлжлүүлэн үлдсэн дөрвөн сард нь гүйцээж ажилласан гэдгийг онцлон хэлсэн юм. Төв аймгийн Хөшигийн хөндийн шинэ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон эхний ээлжийн барилгажилтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг гүйцэтгэх санхүүжилт болох 633 сая төгрөг тухайн оны төсөвт тусгагдаагүй учраас энэ ажлыг гүйцэтгэх аргагүй болсон гэдгийг Ажлын хэсэг тайлбарлав. Нөгөө талаас Хөшигийн хөндий орчмын газрын маргаанууд бий, шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байгаа гэдгийг хэллээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж уул уурхайн бус экпортыг дэмжих тал дээр Засгийн газар ажиллах шаардлагын талаар дурдаад “Үе үеийн Засгийн газар мах экспортлох талаар ярьдаг 2016 онд 100 мянган тн мах экспортолно гэж төлөвлөсөн атлаа ердөө 9000 тн мах экспортолсон байна. Монгол Улсын малын тоо өссөн, хүн амын тоо харин энэ хугацаанд хэвээрээ байгаа. Малын тоо толгой өссөнтэй холбоотойгоор бэлчээрийн даацын асуудал хурцдаж, иргэдийн дунд махны зохисгүй хэрэглээ нэмэгдэх хандлага гарч байна. Тиймээс малчдын санхүүгийн асуудлын чухал шийдэл болох махны экспортод онцгой анхаарах нь чухал” гэдэг саналыг хэллээ. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат 100 мянган тн мах экспортлох зорилт нь өмнөх Засгийн газрын үед төлөвлөгдсөн бөгөөд шинээр байгуулагдсан Засгийн газар энэ чиглэлээр хэд хэдэн улс оронтой яриа, хэлэлцээ хийн ажиллаж байгааг дуулгав. Малын эрүүл ахуйн асуудал нэлээд их бэрхшээл учруулж байгаа бөгөөд холбогдох яамд ихээхэн анхаарал хандуулан, хүч гарган ажиллаж байна хэмээн Ажлын хэсгээс мэдээлэл өглөө. Мөн бэлчээрийн даац хэтэрч буй асуудлыг шийдвэрлэхийн тулд салбарын яам малын тоо толгой бус чанарт анхаарал хандуулах нь зүйтэй гэдэг чиглэл баримталж ажиллаж байна гэв. Ийнхүү УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, О.Батнасан, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асуун, Ажлын хэсгээс хариулт авч, тодорхой саналуудыг хэлсэн.

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн батлав

Нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа. Тус байнгын хороо хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулахдаа агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан байна. Мөн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар төслийн талаархи зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрийг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн байна.


Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуулийн төслийн зарим зүйл, заалтын талаар тодруулан асуулаа. Эрүүгийн хуулийн 19 дүгээр бүлэг нь Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн тухай бөгөөд 19.1 дүгээр зүйлд “Монгол Улсын иргэн Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор дайны, дайн бүхий байдал, зэвсэгт халдлага, мөргөлдөөн, түрэмгийллийн үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ” хэмээн тусгасан байдаг. Энэ хууль 2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжинэ гэдгийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар тайлбарлалаа. Түүнчлэн тус хуульд “Олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явах, танхайрах” гэсэн хоёр төрлөөр танхайрах зөрчлийг тус тусад нь ялгаж тусган, зохицуулалтыг тусгасан гэв. Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчим, гудамж талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш хаясан бол олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явах гэж үзэх юм. Харин хэрүүл маргаан үүсгэсэн, бусдыг өдөөн хатгасан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, олон нийтийг илтэд үл хүндэтгэсэн, дарааллын журмыг зөрчсөн, бусдын эд хөрөнгийг эвдэж, сүйтгэж, гэмтээж биеэ авч явах зэргээр нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн бол танхайрах зөрчил хэмээн үзэхээр төсөлд тодорхойлсон байна. Түүнчлэн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хадгалсан, байр саваар хангасан, тариалсан гэх мэт үйлдлүүдтэй холбоотой Эрүүгийн хуулийн зохицуулалтын талаар дэлгэрэнгүй тайлбарлав. Харин мансуурах зорилгоор газ, цавуу үнэрлэж байгаа үйлдлийг зөрчил хэмээн тооцож, хариуцлага хүлээлгэхээр тусгасан гэлээ.

Ийнхүү хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэг бүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. Үргэлжлүүлэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 74.5 хувийн саналаар дэмжин баталлаа. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нэг бүрийг батлах санал хураалт явуулж, УИХ-ын гишүүдийн олонх дэмжин баталсан юм.

Хуулийн төслүүдийг баталлаа

Үүний дараа чуулганы нэгдсэн хуралдаан Зөрчлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлж болно” хэмээн заасныг үндэслэн хуулийн төслүүдийг боловсруулсан байна. Хууль зүйн байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын гишүүн анхын хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргаж, уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийн мөн танилцуулгад дурдсан.


Байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор ял шийтгэлийн “эрх хязгаарлах” гэсэн шинэ төрлийн зохицуулалт тусгах боломж бий эсэхийг асуусан юм. Шинэ төрлийн ял шийтгэл тусгах боломжгүй гэдгийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хэлээд “Хуулийн төсөлд гэр бүлийн хүрээнд үйлдэж буй хууль зөрчсөн үйлдлийг эхний удаад зөрчил, давтан үйлдсэн тохиолдолд эрүүгийн хэрэг хэмээн тооцох юм. Энэ зохицуулалттай нийцүүлэн Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн” гэж тайлбарлав. Мөн дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж буй хүрээнд “эмийн түүхий эд” хэмээх нэр томъёог хуульд нэмж тусгах, ингэснээр эмийн найрлагад ордог “мими” хэмээх түүхий эдийг хууль бусаар хилээр оруулсан үйлдлийг зөрчил хэмээн тооцох зохицуулалт тусгагдсан гэв. Үүний дараа төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах Байнгын хорооны горимын саналыг дэмжих санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд дараагийн санал хураалт явагдаж Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг анхны хэлэлцүүлгээр батлахыг гишүүд 70.6 хувийн саналаар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг мөн 70.6 хувийн саналаар дэмжин баталлаа.

Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлав

Үүний дараа 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нэгдсэн хуралдаанд танилцуулав.


Байнгын хороо дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээс санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг хуулийн төсөлд бүрэн тусгаж, эцсийн хувилбаруудын төслийг бэлтгэсэн байна. Тухайлбал, авто замын засвар арчлалтын ажлыг хариуцсан байгууллагын үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэх, судалгаа шинжилгээний ажил хийх, техник технологийн шинэчлэх, хөндлөнгийн хяналт тавих, хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх, авто замын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг авто замын сангаас санхүүжүүлэх, авто замын техник технологийн хяналтыг зөвлөх үйлчилгээний болон захиалагчийн хяналтын зардлыг авто зам, авто замын байгууламжийн төсөвт өртөгт тусгах, авто замын байгууламжийн барилгын ажлын явцад зайлшгүй хийх нэмэлт ажлыг магадлашгүй ажлын зардлаас санхүүжүүлэх, авто зам, авто замын байгууламжийн зураг төслийн алдааг зураг төсөл боловсруулсан байгууллага, зохиогч хариуцаж гарсан хохирлыг бүрэн барагдуулах, зураг төслийн техникийн шинэчлэлийн шийдлийн талаар гаргасан дүгнэлтийн алдааг магадлал хийсэн этгээд хариуцах зэрэг зарчмын зөрүүтэй санал нэг бүрийг төсөлд тусгасан гэв. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасны дагуу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3-ын саналаар төслийн 28.4 дэх хэсэг буюу “Шинээр барьж байгуулсан авто зам, замын байгууламжийн чанарын баталгаат хугацаа нь гүйцэтгэгч болон техник технологийн хяналт тавьсан хуулийн этгээдэд тус бүр 3 жил байна” гэж, мөн төслийн 36 дугаар зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруурлснаар хуулийн төслийн 25.1.1 дэх заалтыг 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс, энэ хуулийг 2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгах саналын томъёоллуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн байна.


Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, О.Батнасан нар зарим зүйлийг тодруулан Ажлын хэсэг, Байнгын хорооноос хариулт авсан. Үүний дараа зарчмын зөрүүтэй саналын хоёр томъёоллоор санал хураалт явуулсныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Төгсгөлд нь Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлахыг гишүүдийн 75.5 хувь нь, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг гишүүдийн олонх дэмжин баталлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл