“Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах” сэдвийг танилцууллаа

  2017-04-30 15:16  768


Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар орон даяар зохион байгуулж байгаа анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөлдөх уулзалт (2017.04.30) үргэлжилж байна. Зөвлөлдөх уулзалтад оролцогчдод УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах” сэдвийг танилцууллаа.

Нийгмийн бүхий л анги давхарга мэргэжил, сонирхлын бүлэг, нас, хүйсийг буюу Монголынхоо нийт ард түмнийг бүрэн төлөөлж зөвлөлдөх санал асуулгад оролцож буй төлөөлөгчид хэлэлцэх тавдугаар сэдэв бол төрийн хариуцлага, сахилга, нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх тухай асуудал болохыг тэрбээр танилцуулгынхаа эхэнд онцлов. Энэ сэдвийн хүрээнд:

  1. Улс төрөөс ангид төрийн хариуцлага, сахилгыг дээшлүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх Үндсэн хуулийн байгууллага бий болгох
  2. Төрийн хариуцлагыг дээшлүүлэх, авлигтай тэмцэх бодлого, хэрэгжилтийг хангах, нийгмийн шударга ёсыг сахин хамгаалах зорилгоор парламентын бүтцэд хянан шалгах түр хороо байгуулах боломжийг Үндсэн хуулиар бий болгох.
  3. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах чиг үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох тухай асуудлыг хэлэлцэх юм байна.

Төрийн сахилга хариуцлагыг сайжруулж, нэр хүндийг дээшлүүлэх асуудал  бүх шатанд олон жил яригдаж, тодорхой шийдэл, арга, хэмжээ авдаг хэдий ч үр дүн хангалтгүй байна гэжээ. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийн явуулсан судалгаагааны дүнгээр иргэд, олон нийт төрийн өндөр албан тушаалтны  хариуцлагын асуудалд  тун хангалтгүй гэсэн үнэлгээ өгсөн аж.  Дэлхийн банкнаас зургаан үндсэн шалгуураар хэмжин гаргадаг Иргэдийн дуу хоолой ба Хариуцлагатай байдлын индексийн 2015 оны байдлаар Монгол Улсын хариуцлагын индекс 0,21 хувь байна. Энэ нь туйлын хангалтгүй үзүүлэлт бөгөөд дунджаар 2,5 хувийн үзүүлэлтийг хариуцлагын тогтолцоо сайтай гэж үнэлдэг аж. Нэн ялангуяа төрийн өндөр албан тушаалтны үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн авлигаас ангид байж, тэдгээрийн манлайлах үүргийг бий болгох нь чухлаар тавигдаж байна. Өнөөдөр ч төрийг бэхжүүлэх, хариуцлага, хяналтын тогтолцоог Үндсэн хуульд тусгах асуудлыг хөндөн ярилцах болно хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулав. Энэ хүрээнд улс төрөөс ангид төрийн хариуцлага, сахилгыг дээшлүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх Үндсэн хуулийн байгууллага бий болгох асуудлаар төлөөлөгчдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөжээ.

Төрийн хариуцлага хяналтын хараат бус Үндсэн хуулийн байгуулагын хамгийн шилдэг загвар нь зүүн Азийн Үндсэн хуулийн эрх зүйд түгээмэл дэлгэрч буй “Хяналт, шалгалтын эрх мэдэл” байдаг аж. Энэ төрлийн тогтолцоо нь төсөв, санхүүгийн аудит, зөв үр ашигтай зарцуулалт, аливаа хөтөлбөрүүдийн хэрэгжилт, төрийн өндөр албан тушаалтны хариуцлагын асуудлаар мөрдөн шалгалт хийж, албан тушаалаас нь огцруулах, хөрөнгө орлого мэдүүлэх, мэдээллийн тэгш байдлыг хангах зэрэг бүхий л асуудлыг хамаардаг байна. Зүүн Азийн “Хяналт хариуцлагын засаглал” нь харьцангуй өргөн эрх мэдэлтэй, хүчин чадалтай хүчтэй байгууллага байж, эдийн засгийн өсөлтийг дэмжиж иржээ.


Хуулийн засаглал, хууль дээдлэх ёс төлөвшиж тогтсон улсуудад иргэний болон нийтийн эрх ашгийг хамгаалах байгууллагууд нь үр дүнтэй ажилладаг бол харин харьцангуй сул засаглалтай улсуудад Үндсэн хуулийн байгууллага байгуулах замаар асуудлыг шийдвэрлсэн санаачилга гарч байна гэж судлаачид үзжээ. Энэ онцлогйиг бид харгалзан үзэх ёстой гэдгийг судлаачид хэлдэг байна.

Монгол Улсад улс төрөөс ангид төрийн хариуцлага, сахилгыг дээшлүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх Үндсэн хуулийн байгууллага бий болгох, түүний үр нөлөө, эерэг, сөрөг талын талаар төлөөлөгчид хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Судлаачид үзэхдээ нэг талаас улс төрөөс хараат бусаар энэ байгууллагыг байгуулснаар төрийн өндөр дээд албан тушаалтны сахилга хариуцлага тооцох, харилцан хяналтын тогтолцоо бодитой хэрэгжинэ гэж үздэг бол нөгөө талаас ийм байгууллага нь одоо байгаа байгууллагын эрх хэмжээтэй давхардаж байгаа, тухайн байгууллагын бүтэц, зохион байгуулалт тодорхой биш,  байгууллага байгуулснаар зорилгодоо хүрнэ гэсэн баталгаа байхгүй гэж шүүмжилдэг. 

Үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцэх хоёр дахь асуудал нь Төрийн хариуцлагыг дээшлүүлэх, авлигтай тэмцэх бодлого, хэрэгжилтийг хангах, нийгмийн шударга ёсыг сахин хамгаалах зорилгоор парламентын бүтцэд хянан шалгах түр хороо байгуулах боломжийн тухай юм.

Төрийн хариуцлагыг дээшлүүлэх, авлигатай тэмцэх бодлого, хэрэгжилтийг хангах, нийгмийн шударга ёсыг сахин хамгаалахын тулд одоогоор шүүх эрх мэдлийн байгууллагаас гадна Авлигатай тэмцэх газар болон Аудитын ерөнхий газар голлон ажилладаг. Мөн Улсын Их Хуралд Ёс зүйн дэд хороо ажилладаг.

Авлигатай тэмцэх газар 2007 онд байгуулагдан, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх чиг үүрэгтэй ажилладаг. Гэвч төрийн өндөр албан тушаалтны авлигын хэргийг шалгахад холбогдох хуулиар хязгаарлалт тогтоосон байдаг учраас энэ байгууллага үр ашигтай ажиллаж чадахгүй байна хэмээн судлаачид, иргэд үзсэн гэлээ.

Аудитын ерөнхий газар нь Улсын Их Хуралд төсвийн хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх болон төсвийн хөрөнгийн хэмнэлт, төсвийн зарцуулалтын үр ашиг, үр нөлөөтэй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй.

Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хорооны хувь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дагуу 1997 онд байгуулагдсан ч идэвхтэй үйл ажиллагаатай байгаагүй. Ёс зүйн дэд хороо 2010 оноос хойш гурван удаа хуралдаж гишүүдийн ёс зүйн асуудлыг хэлэлцэн, сануулга өгөх дүгнэлт гаргасан байдаг байна.

Монгол Улсад төрийн хариуцлагыг дээшлүүлэх, авлигатай тэмцэх бодлого, хэрэгжилтийг хангах, нийгмийн шударга ёсыг сахин хамгаалах зорилгоор парламентын бүтцэд “Хянан шалгах түр хороо” байгуулах, түүний эерэг, сөрөг талын талаар судлаачид олон талын байр суурийг илэрхийлдэг байна.


Парламентын бүтцэд хянан шалгах хороо байгуулснаар Авлигатай тэмцэх газар, бусад хуулийн байгууллагын эрх хэмжээ хүрэхгүй байгаа авлигын болон нийтийн ашиг сонирхол хөндөгдсөн ноцтой асуудлаар парламент мөрдөн шалгалт хийж бодит байдлыг тогтоох, ингэснээр шүүх эрх мэдлийн байгууллагад тухайн асуудлаар гарц нээж өгнө гэж нэг хэсэг нь үздэг бол зарим судлаачид одоо байгаа бүтцийн байгууллагуудын эрх хэмжээг нэмэгдүүлвэл  уг асуудлыг шийдэх боломжтой, “Хянан шалгах түр хороо”-ны дүгнэлт нь шүүхэд үүрэг хүлээлгэхгүй тул парламентын мөрдөн шалгах явцад тогтоогдсон байдал бодит үр дүнд хүрэх эсэх нь эргэлзээтэй гэж зарим судлаач үздэг байна.

Зургаадугаар үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцэх 3 дахь асуудал бол нийгмийн шударга ёсыг бэхжүүлэхэд шүүхийн хараат бус байдлыг ханган бэхжүүлэх чиглэлээр шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх аж. Үндсэн хуулийн Дөрөвдүгээр бүлэгт шүүх эрх мэдлийн үндсийг тогтоон шүүгч хараат бус, шүүх бие даасан байх зарчмыг тунхагласан. Шүүгч гагцхүү хуульд захирагдах ба шүүгчийг үүргээ хэрэгжүүлэхэд нь төрийн албан тушаалтан, улсын төрийн нам, иргэн хэн боловч хөндлөнгөөс оролцохыг хориглосон. Үндсэн хуульд зааснаар “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөл” ажилладаг байна.

Тэгвэл Үндсэн хуулиар хамгаалагдсан шүүхийн хараат бус байдал бодит байдал дээр хэрхэн хангагдаж байгаад анхаарал хандуулах нь зүйтэй гэлээ.

Шүүгчийг томилох Үндсэн хуулийн бүрэн эрх, Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулж байгаа ердийн хуулийн бүрэн эрхүүд Ерөнхийлөгчид төвлөрч, Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийг тэргүүлэх хандлагатай болж үүгээрээ төрийн эрх мэдлийн бусад “салаа мөчир”-т Үндсэн хуулиар тогтоосноос өөр журмаар нөлөөлөх эрсдэл үүсч болзошгүй байгаа юм.


Зарим судлаачдын үзэж байгаагаар шүүхийн хараат бус байдлыг хангахад дээрх чиглэлийн өөрчлөлтийг оруулснаар Үндсэн хуулийн хуулийн үзэл баримтлал буюу шүүгчийн хараат бус, шүүхийн бие  даасан байдлыг хангах зарчимд нийцсэн, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг илүү тодорхой болгосон, Үндсэн хуулийн бус арга хэрэгслээр засгийн эрх мэдэл хооронд харилцан нөлөөлөх боломжийг хязгаарлана гэж үздэг бол зарим хэсэг нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүхэд үйлчилдэг байгууллага гэдэг статусыг маш тодорхой хуульчлах, шүүгчид, шүүн таслах ажиллагаанд нөлөөлөхгүй байх нөхцөлийг нь сайтар хангахгүй бол мөн л шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх эрсдэлтэй гэсэн байр суурийг илэрхийлдэг болохыг “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах” сэдвийн танилцуулгын төгсгөлд УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэллээ. Төсгөлд нь тэрбээр төлөөлөгчдийг уг сэдвийн хэлэлцүүлэгтээ идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.


Ийнхүү хоёр өдөр үргэлжилж буй анхдугаар зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шат болох зөвлөлдөл уулзалтын зургаан сэдвийг төлөөлөгчдөд танилцуулж дууссан юм. Монгол Улсын бүх аймаг, сум, хот, дүүргээс хүрэлцэн ирсэн 750 орчим төлөөлөгч үргэлжлүүлэн “Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх”, “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах” сэдэв тус бүрээр хэсгийн хэлэлцүүлэг өрнүүлнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2017-04-30 15:16  768