Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлтэй ажлын хэргийн талаар уулзалт зохион байгуулав.

  2014-01-13 00:00  253


Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл салбарын яамныхаа эрхлэх асуудлын хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажил, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бодлого, хууль эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэх хууль бусад шийдвэрийн төслүүдийн талаар тус Байнгын хорооны дарга Д.Батцогтод 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14.00 цагт танилцууллаа.

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл ярихдаа: Тус яам нь шинээр байгуулагдаад үйл ажиллагаа явуулахад нилээд хүндрэлүүд учирч байгаа тухайлбал, орон нутагт хэвтээ тогтолцоотой боловч санхүүжилт нь босоо тогтолцоогоор явагддаг тул хүрэлцдэггүй, орон нутгийн хувьд Соёл, спорт, аялал жуулчлалын газар, Биеийн тамир, спортын хэлтэс бусад албадууд, мөн музей, театр, номын сан гэсэн тусдаа нэгжүүдтэй үйл ажиллагаа явуулж байна.

Аялал жуулчлалын хувьд цаашид нилээд анхаарч, эрчимтэй хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаагаа танилцууллаа. Соёл, спорт, аялал жуулчлал гэсэн 3 салбар нийлснээрээ соёлын өвийн асуудлыг өндөр түвшинд авч үзэхэд ихээхэн ач холбогдолтой болсныг дурдлаа.

Аймгуудын хувьд язгуур өв, соёлоо дээдэлсэн брэнд урлагийн тоглолтуудтай болох, музейнүүдийн хувьд онцлох үзмэрүүдээ зарлах, соёлын өвөө хамгаалах гэрээт харуулуудтай болсон зэрэг 2013 онд шинээр санаачлан хийж хэрэгжүүлсэн ажлууд энэ салбарт олон байгаа талаар Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл онцоллоо.

Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар сайд саналаа танилцуулсан бөгөөд уг хуулийн төсөл хэлэлцэгдэн батлагдсанаар сумдын хувьд соёлын төвийн ажилтнуудын тоог нэмэгдүүлэх, улсын болон аймгийн чанартай музейд соёлын өвийн мэргэжлийн бүртгэгч ажиллуулах, соёлын өвийн гэрээт харуулуудтай болох зэрэг олон асуудлуудыг шийдвэрлэх эрх зүйн үндэс бий болж, соёлын өвийг эрэн сурвалжлах, бүртгэх, судалж шинжлэх, зэрэглэл тогтоох, үнэлэх, хадгалах, хамгаалах, сэргээн засварлах, сэргээн амилуулах, өвлөн уламжлуулах, өмчлөх, эзэмших, ашиглах, сурталчлах харилцааг зохицуулах юм.

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл цааш нь танилцуулахдаа аялал жуулчлал, спорт, соёлын салбарт бооцоот уралдаан, казино зэрэг олон үйл ажиллагаанаас санхүүжилт босгох эрх зүйн орчин бий болгох, Монголын кино урлагийг дэлхийн тавцанд өрсөлдөх боломж бий болгох, Чингис хаан цогцолбор, Морин спортын төв, Олон улсын кино цогцолбор, Угсаатны зүйн аялал жуулчлалын цогцолборыг концессийн гэрээгээр барьж байгуулахаар төлөвлөсөн зэрэг хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа олон шинэлэг ажлуудаа танилцууллаа.

Тус Байнгын хорооны дарга Д.Батцогт цаашид соёл, спорт, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд анхаарч, хамтран ажиллах болно гэдгээ дурдаад аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарах ялангуяа түүхийн дурсгалт газруудын нэгдсэн тайлбартай болох, гарын авлага гаргах, хөтөч орчуулагчдыг бэлтгэх асуудлыг нэгдсэн бодлогоор хангах, орон нутагт кинотеатруудыг сэргээх, тоног төхөөрөмжөөр хангах, үйл ажиллагааг нь дэмжих асуудлууд дээр анхаарч ажиллах талаар үүрэг өглөө.

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ
УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

  2016-09-22 08:21  253