Цэс

Холбоо барих

Ч.Хүрэлбаатар:Засгийн газрын тусгай сан 29 байсныг 21 болгоно


Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.10.24) үдээс хойших хуралдаан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн талаарх санал хураалтаар үргэлжиллээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Дараа нь Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. 

Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хууль зүй байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нар  тус тус танилцууллаа. 

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай  хууль  нь 1993 онд батлагдсанаас  хойш  нийт 13 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 30 орчим заалтад холбогдох өөрчлөлт оруулсан хэдий ч хуулийн зүйл, заалт хоорондын уялдаа холбоо хангалтгүй, нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэлтэй асуудлууд тулгарч байгаа аж. 

2018 оны байдлаар Монгол Улсын 175687 иргэн 76 улсад байнга оршин сууж ажил хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн мэдээлэл байгаа боловч бодит байдал дээр нэгдсэн тоо бүртгэл нь тойм төдий байдаг байна. Учир нь иргэд сайн дураар бүртгүүлдэггүй, албадах ямар ч боломж байхгүй тул хилийн чанадад байгаа тухайн Дипломат төлөөлөгчийн газарт ирж ямар нэг байдлаар төрийн үйлчилгээ авсан иргэдийн тоон  дээр  суурилдаг. Түүнчлэн Дипломат төлөөлөгчийн газар болон Консулын газар  байхгүй улсад  оршин суугаа, зорчиж байгаа иргэдийн мэдээлэл байх боломжгүй зэрэг асуудал байсаар байгааг хуулийн төслийн танилцуулгад дурджээ. 

Иймд хилийн чанадад байгаа иргэдийн бүртгэлийн нэгдсэн системийг боловсронгуй болгох,  бүртгэлтэй иргэд, ялангуяа их, дээд сургуульд суралцаж байгаа залуусаа дэмжих, тэднийг шаардлагатай ажлын байраар хангах зорилгоор тэдгээрийн мэдээллийг төрийн болон төрийн бус байгууллагууд, ажил олгогчдод нээлттэй солилцох боломжийг бүрдүүлж, Дипломат төлөөлөгчийн газрыг хилийн чанадад байгаа иргэдээ бүртгэх, Монгол Улсын төрийн үйлчилгээ, нийгмийн хамгааллын бодлогыг Монгол Улсын бүх иргэнд жигд хүртээмжтэй хамруулахад санаачлагатай ажиллах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзжээ. 

Уг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.  

Хууль санаачлагч хилийн чанадад байгаа иргэдийн бүртгэлийн нэгдсэн системийг боловсронгуй болгох, иргэдэд туслах сан, сангаас тусламж дэмжлэг үзүүлэх хэлбэрийг тодорхойлох, төрийн үйлчилгээ, нийгмийн хамгааллын бодлогыг Монгол Улсын иргэн бүрд жигд хүртээмжтэй хүргэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төслийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Л.Болд гадаадад зорчиж байгаа иргэд дипломат төлөөлөгчийн газраар үйлчлүүлэх, эрхээ хамгаалуулах, төрийн үйлчилгээ авах, сонгууль өгөх, хүүхдийн мөнгө авах, газар өмчлөх, хувьцаа эзэмших зэрэг асуудлуудлыг хуулийн төсөлд хэрхэн зохицуулж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар хилийн чанадад байгаа иргэн нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд үүсэх үүрэг хариуцлага, иргэдэд туслах сантай холбоотой эрхээ хэрхэн эдлэх, иргэн цагаачлах, удаан хугацаагаар гадаадад оршин сууснаар эрх нь зөрчигддөг асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уялдуулсан эсэх талаар асуулт асууж, хариулт авсан болно. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулгадаа дурдсан.  


Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Болд нарын зүгээс  гадаад улсад амьдарч байгаа иргэдийн хэдэн хувь нь газар өмчилсөн талаарх дүн мэдээллийг тодруулахын зэрэгцээ хилийн чанадад байгаа монгол иргэдэд туслах сангийн үйл ажиллагааны талаар лавлаж байлаа. 

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн хариултдаа, гадаад улсад амьдарч байгаа 175 мянга гаруй иргэдээс хэд нь газар өмчилсөн талаарх мэдээлэл тодорхойгүй  байна. Хилийн чанадад байгаа  монгол иргэдэд туслах сан 2008 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэ сангийн дүрмийг Засгийн газрын тогтоолоор баталсан бөгөөд тодорхой хэмжээний төсөв тавигддаг. Сангийн нийт хөрөнгийн 50 хувийг хилийн чанадад нас барсан монгол иргэдийн шарил, чандрыг эх оронд нь авч ирэхэд зарцуулдаг бол үлдсэн төсвийг гадаадад ял эдэлж байгаа монгол иргэдийг эргэх,  эд хөрөнгөө хаяж гээгдүүлсний улмаас төлбөрийн чадваргүй болсон иргэдийг эх оронд нь буцаахад зарцуулдаг. Шинэ хуулийн төсөлд сангийн үйл ажиллагааг хуульчилж, хөрөнгө зарцуулах асуудлыг тодорхой заасан байгаа гэж байлаа.

Ингээд Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 63,6 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

Архив албан хэрэг хөтлөлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Дараа нь Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар нар тус тус танилцуулав. 


Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг энэхүү хуулийн төсөлд анх удаа хуулийн хэм хэмжээгээр зохицуулсан байна. Албан хэрэг хөтлөлтийг хуульчлан журамласнаар энэхүү үйл ажиллагаа боловсронгуй болж, баримт бичигтэй ажиллах албан хаагчдын хариуцлага сайжирна гэж төсөл санаачлагчид үзжээ. 

Архивын баримтын зэрэглэлийг тогтоохдоо Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн холбогдох заалттай уялдуулж, уг хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасан шалгуурыг хангасан архивын баримтыг хосгүй үнэт баримтад хамааруулахаар зааж, нэн үнэт, үнэт, ердийн гэсэн зэрэглэлд хамааруулах архивын баримтыг хэрхэн тодорхойлох үндэслэлийг хуулийн төсөлд тусгасан. Мөн архив албан хэрэг хөтлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхой тусгасан талаар танилцуулгад дурдсан байлаа.  

Архив судлал, баримт судлалыг хөгжүүлэх, архивын баримтыг эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах, олон нийтэд сурталчлах, архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр ажиллаж байгаа хүний нөөцийн чадавхийг сайжруулах, мэргэшүүлэх асуудлаар гарч байгаа хэрэгцээ, шаардлагыг харгалзан үзэж Сургалт, судалгааны төвийг Архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын  дэргэд ажиллуулахаар зааж,  чиг үүргийг нь тусгасан бөгөөд хуулийн төсөл нь найман бүлэг, 50 зүйлтэй аж.

Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2019 оны 10 дугаар сарын 22- ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.

Хууль санаачлагч нь Архивын болон албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг харилцан уялдаатай зохицуулах зорилгоор албан хэрэг хөтлөлтийн асуудлыг хуульчилж, байгууллагын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мөрдөх журам, баримт бүртгэх, хянан шийдвэрлэх, бүрдүүлэх, архивт шилжүүлэх үйл ажиллагааны талаар нарийвчилсан зохицуулалтыг тусгаж, иргэдэд тулгарч байгаа хэрэгцээг үндэслэн архивын баримт бичгийг түр хадгалах үйлчилгээг бий болгон эрх зүйн үндсийг тодорхойлж, өмчийн хэлбэрээс үл хамааран байгууллага бүр архивтай байх, Үндэсний төв архив, төрөлжсөн архив, аймаг, нийслэлийн архив, тусгай архив нь төрийн архивын эрх хэмжээтэй ажиллах, төрийн болон байгууллагын архивын чиг үүрэгт архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, архивын ашиглалтын үйл ажиллагаанд цахим үйлчилгээ нэтрүүлэх зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байгааг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулгадаа дурдав. Тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн аж.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Архив бол Монгол төрийн ой санамж гэдгийг тодотгохын зэрэгцээ төрийн хэчнээн архив үйл ажиллагаа явуулж байгааг лавласан. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Монгол Улсын хэмжээнд  төрийн 37  архив үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр нь бусад архивуудаасаа баримтыг байнга хадгалдгаараа онцлогтой гэж хариулав.

Ингээд Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 61,7 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.  

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим хэсэг заалт хүчингүй болсонд тооцох тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 

Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Төвсийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нар тус тус танилцуулсан.

Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг баталсан. Уг хуулиар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11,122.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.3 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 13,197.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.4 хувь байхаар тус тус тооцож, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2,074.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувийн алдагдалтай байхаар баталсан. 

Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх, бизнесийн орчныг дэмжих бодлогын үр дүн, энэ оны эхний найман сарын эдийн засаг, төсвийн гүйцэтгэл, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн нөлөөлөл, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн болон төлбөрийн чадавх нэмэгдэж байгааг харгалзан 2020 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд заасан хэмжээнээс 675.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр тооцсоныг Сангийн сайд илтгэлдээ онцлов.

Түүнчлэн, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн санхүүжүүлэх, агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төсөвт байгууллагуудын шатахуун, дулааны зардлыг үнэ тарифын өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн төслүүдийг бүрэн дуусгах, 2018 оны төсөвт батлагдаж хэрэгжиж эхэлсэн боловч санхүүжилтээ бүрэн аваагүй төслүүдийн хураагдсан санхүүжилтийг олгох зэрэг арга хэмжээг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлага үүссэн нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд заасан нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг өөрчлөх нөхцөл болж байгааг дурдлаа.


Иймд дээр дурдсан нөхцөл байдал, үндэслэл шаардлагын дагуу холбогдох өөрчлөлтийг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгаж, тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11,797.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 29.0 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 13,872.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.1 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2,074.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувийн алдагдалтай байхаар тооцсоныг Сангийн сайд танилцуулсан юм.

Төсвийн байнгын хороо уг хуулийн төслийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэн, дэмжсэн байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар, С.Эрдэнэ, Д.Хаянхярваа нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. 

Гишүүдийн зүгээс Хавдар судлалын үндэсний төвийг 100 ороор нэмэгдүүлэх, шаардлагатай төсөв хөрөнгийг хуваарилах боломж бий эсэх, валютын нөөц  бүрдүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах асуудлыг 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд хэрхэн тусгасныг тодруулав.

Шийдлээ гаргаад явж болно. Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг өргөн барихын өмнө Хавдар судлалын үндэсний төв эмнэлэг түрээслэх тухай нэг ширхэг цаас ч бидэнд ирүүлээгүй байсан гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа онцлов. Мөн тэрбээр,  валютын нөөцийг нэмэгдүүлэх үндэслэл нь экспорт гэдгийг онцлорхын зэрэгцээ энэ хүрээнд аялал жуулчлалыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Ийм учраас иргэний агаарын тээврийн либералчлалыг хүчтэй хийж, аялал жуулчлалын тусгай бүсийг байгуулж, үүндээ чиглэсэн тусгай, чиглэл бодлого боловсруулж ажиллана гэдгийг тодотгов. Түүнчлэн шинэ салбаруудыг экспортод гаргах чиглэлийг хөгжүүлэхээр Засгийн газар ажиллаж байна гэж байлаа.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Хавдар судлалын үндэсний төвийн орыг 100-аар нэмэгдүүлэх, эмч, сувилагчдын үйл ажиллагааны зардал болох 13,8 тэрбум төгрөг, техник хэрэгсэл, лабораторийн 5,9 тэрбум төгрөгийн зардлыг шийдэж өгөх шаардлагатай байна гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа төсөв хэлэлцэж байгаа явцад гишүүдийн гаргаж байгаа саналуудыг анхаарч үзэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. 

  Ингээд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 

Ирээдүй өв сан анх удаа 363 тэрбум төгрөгийн хуримтлалтай боллоо

Дараа нь Засгийн газраас  2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн  Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим хэсэг заалт хүчингүй болсонд тооцох тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. 


Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Төвсийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нар тус тус танилцуулав. 

Засгийн газраас 2020 онд хэрэгжүүлэх төсвийн бодлогын хүрээнд төсвийн зарлагын шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд орон нутгийн өмчийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах, төсвийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр зарим зохицуулалтыг хийхээр төлөвлөж, үр дүнг нь Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлд тусгаад байгааг Сангийн сайд илтгэлдээ онцлоод энэ хүрээнд зарим хуульд зохих зохицуулалт оруулахаар боловсруулсан тухайгаа танилцуулав. Тухайлбал, Газрын төлбөрийн тухай хууль 1997 оноос хэрэгжиж эхэлснээс хойш эдийн засаг, хууль, эрх зүйн орчин өөрчлөгдөж байгаатай холбогдуулан газрын бүртгэлийг ил тод болгох, цахимжуулах, газрын төлбөр ногдуулалт, төлөлтийг хялбарчлах, бусад хууль тогтоомжтой нийцүүлэх чиглэлээр холбогдох хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсжээ.

Газрын тухай хууль болон Газрын төлбөрийн тухай хуульд газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацааг газрын суурь үнэлгээ болон итгэлцүүрийг үндэслэн газар эзэмших, ашиглах гэрээнд зааснаар ногдуулан төлөхөөр зохицуулсан. Гэвч Засгийн газраас суурь үнэлгээ, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас итгэлцүүр шинэчлэн тогтоох бүрд иргэн, аж ахуйн нэгжгэй байгуулсан газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ, түүнд заасан төлбөрийн хэмжээг тухай бүрд нь шинэчлэх шаардлага үүсдэг байна. Гэрээг нэг бүрчлэн шинэчлэн байгуулах нь иргэн, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулах цаг хугацаа шаардсан ажил болдог бөгөөд одоогийн байдлаар улсын хэмжээнд гэрээ шинэчлэн байгуулах ажил 30 орчим хувийн хэрэгжилттэй байгаа аж. Үүнээс шалтгаалан Газрын төлбөрийн тухай хууль, Засгийн газраас тогтоосон газрын суурь үнэлгээний дагуу газрын төлбөрийн ногдуулан хураан авах боломжгүй нөхцөл байдал үүсэж иржээ.

Түүнчлэн, Газрын тухай хуульд аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумдын газрын даамлын эрх хэмжээнд газрын төлбөрийг ногдуулж, хураахаар заасан боловч газрын даамал нь Татварын ерөнхий хуульд заасан татвар ногдуулах, хураах ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй тул газрын төлбөр төлөөгүй, төлөхөөс зайлсхийсэн этгээдээс төлбөр хураахад хүндрэлтэй нөхцөл үүсдэг байна. Өнөөгийн байдлаар газрын төлбөрийг сум, дүүргийн газрын даамал хураан аймаг, нийслэлийн төсөвт орлогыг 100 хувь төвлөрүүлж байгаагийн улмаас тухайн сум, дүүрэг бие даан газартай холбоотой үүсдэг тулгамдсан асуудпаа шийдэх санхүүгийн боломжгүй болж, орлого төвлөрүүлэх идэвх санаачилгыг бууруулж байна. Иймээс газрын асуудлаар үүсээд буй хүндрэлийг сум, дүүрэг нь өөрөө шийдвэрлэх боломж олгох, орлого төвлөрүүлэлтийг эрчимжүүлэх зорилгоор газрын төлбөрийн орлогын 40 хувийг тухайн сум, дүүргийн төсөвт хуваарилах нь зүйтэй гэж үзжээ.

Энэ үндсэн дээр газрын бүртгэлийг цахимжуулж ил тод болгох, төлбөр ногдуулах, төлөх харилцааг хялбарчлах, сум, дүүрэг бие даан газрын асуудлаа шийдвэрлэх, газрын төлбөр хураах идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зорилгоор Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах болон Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Мөн Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна. Хуулийн дагуу Ирээдүйн өв сангийн хөрөнгийн удирдпагыг сангийн хөрөнгийг эзэмшихгүй, зөвхөн олгогдсон эрх хэмжээний хүрээнд хөрөнгө оруулалт хийж, сангийн хөрөнгийн бодит үнэ цэнийг хадгалах, арвижуулах үүрэгтэй мэргэжлийн, бие даасан, 100 хувь төрийн өмчит хуулийн этгээд буюу Ирээдүй өв сан корпораци хэрэгжүүлэхээр заасан. Иймд Ирээдүйн өв сан корпораци тогтвортой бие даан үйл ажиллагаа явуулах бүтэц, чадамжтай болох хүртэлх хугацаанд сангийн хөрөнгийн удирдлагыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх шилжилтийн үеийн зохицуулалтын шинжтэй холбогдох өөрчлөлтийг Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд оруулахаар тусгажээ.

Түүнчлэн Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим хэсэг, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг боловсруулсан байна. УИХ-аас 2017 онд Зөрчлийн тухай хуулийг батлахдаа Жолоочийн даатгалын тухай хуулийн 28 дугаар зүйлийг хүчингүй болгосон. Гэвч Жолоочийн даатгалын тухай хуулийн 22.1.2-т “энэ хуулийн 28.1-д заасан орлогын 50 хувь;” гэсэн заалтыг үлдээсэн байх тул түүнийг хүчингүй болгох, мөн хуулийн 22.1.4-т авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын 10 хувийг Жолоочийн даатгалын санд төвлөрүүлэхээр заасныг хүчингүйд тооцохоор хуулийн төсөлд тусгасан байна.

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо уг асуудлыг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Г.Тэмүүлэн, Ц.Гарамжав, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, үг хэлэв. 


Гишүүдийн зүгээс ипотекийн зээл эргэн төлөлт сайтай учир эх үүсвэрийг нь Ирээдүй өв сангийн хуримтлалаас гаргах талаар судалсан эсэх, тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмж байгаа ч, хавтгайруулах бус бага тэтгэвэр авч байгаа иргэдийнхийг нэмэгдүүлэх боломж бий эсэхийг тодруулж байлаа. Мөн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шалтгааныг лавласан. 

Ирээдүй өв санд 2019 оноос хойш анх удаагаа хуримтлал бий болж, одоогоор 363 тэрбум төгрөг байна. Өмнө нь Хүний хөгжил сангийн 1.2 их наяд төгрөгийн өр байсныг буцааж төлсөн. Энэ мөнгийг дотооддоо оруулах нь хуулиараа хориотой. Учир нь баялгийн хараалаас зайлсхийхийн тулд энэ хөрөнгийг гадаадад урт хугацааны эрсдэлгүй үнэт цаасанд хөрөнгө оруулах эрх зүйн зохицуулалттай. 2030 он хүртэл эндээс нэг ч төгрөгийг зарцуулах боломжгүй хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулав. 

Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хариултдаа, Засгийн газраас сүүлийн гурван жилийн турш инфляцийн түвшинтэй уялдуулан цалин, тэтгэврийг нэмэгдүүлж байна. Доод буюу 320 мянган төгрөгийн тэтгэвэр авагчид нь нийт хүмүүсийн 60 хувийг эзэлж байна. Үүнийг 500 мянган төгрөгт хүргэвэл нийт 700 тэрбум төгрөг шаардлагатай байгаа учир төсөв санхүүд хүндрэл үүсэх аюултай. Нөгөөтэйгүүр, доод тэтгэврийг огцом нэмэгдүүлэхэд хөдөлмөрийн үнэлэмж бууруулах эрсдэлтэй гэдгийг анхааруулав. Мөн тэрбээр, малчнаар ажилласан нэг жилийг 1.5 болгохыг хүчингүй болгох талаар бид хуулийн төсөлд оруулсан. Учир нь малчид маань байгалийн хүнд ширүүн нөхцөлд ажилладаг ч тэдний тэтгэвэрт гарах насыг таван жилээр урагшлуулсан тул ажилласан жилийг 1,5-аар нэмэгдүүлж, давхар хөнгөлөлт эдлүүлэхээс зайлсхийсэн гэдгийг гишүүдэд тайлбарлаж байлаа. 

Ингээд  Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн  хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. 

Ч.Хүрэлбаатар:Засгийн газрын тусгай сан 29 байсныг 21 болгоно

    Хуралдааны төгсгөлд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн хүчингүй болсонд тооцох тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуулийн зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай, Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 

  Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Төсвийн байнгын  хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нар тус тус танилцуулав. 

Сангийн сайд танилцуулгадаа, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль нь 2006 онд батлагдсанаас хойш нийт 52 удаа нэмэлт, өөрчлөлт орж, хуулийн агуулга, зорилго нь алдагдаж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах, төсвийн сахилга батыг алдагдуулахад хүргээд байна. Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Сангийн яам тусгай сангуудад газар дээр нь санхүүгийн хяналт, шалгалт хийж, цөөнгүй зөрчил, дутагдал илрүүлснийг онцолсон юм. 

Шинэчилсэн найруулгын төсөл баталснаар Засгийн газрын тусгай сангуудын давхардал арилж, зарцуулалт нь оновчтой, үр ашигтай, ил тод болж,  хяналт хариуцлагын тогтолцоо сайжирч, төсвийн сахилга батыг сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ. 

Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна. 


Монгол Улсын Засгийн газраас тусгай сангуудад хийсэн шалгалт, судалгааны үр дүнд зарим тусгай сангийн чиг үүрэг давхцалтай, эх үүсвэрийг зориулалтын бусаар ашигласан, түүнд тавих хяналтын чиг үүргийг хэрэгжүүлээгүй, сангийн хөрөнгийг үндэслэлгүй, хууль зөрчиж зарцуулсан зэрэг зөрчил, дутагдал үүссэн байна.

Засгийн газрын тусгай сангуудын хөрөнгийн зарцуулал, ажлын албаны үйл ажиллагаанд тавих хяналтыг боловсронгуй болгож, олон нийтэд нээлттэй, ил тод, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх асуудлыг зохицуулах, түүнчлэн үйл ажиллагаа явуулаагүй, бие даасан сан байх шаардлагагүй сангуудыг татан буулгах, нэгтгэх зохион байгуулах болон Засгийн газрын тусгай сан, бусад төсвийн хөрөнгөөр санхүүждэг, Засгийн газрын тусгай сан, төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах ил тод байдлыг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулах, хяналт, үр нөлөөг дээшлүүлэх талаарх зохицуулалтыг тусган Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулгадаа онцолсон. 

 Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүдийн зүгээс Засгийн газрын сангуудыг татан буулгаж, нэгтгэж байгааг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ шинээр сан бий болгож, төсөв хуваарилах шаардлагатай эсэхийг тодруулж байлаа. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан төр, бизнестэй хутгалдан, сан нэрээр мөнгө хуваарилах бус зах зээлийн зарчмаар Төрийн банкаар дамжуулан боловсрол, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийг хуваарилах нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг гэр хорооллын иргэдийг дэмжих сан байгуулах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа. 

Бизнесийн асуудалд төр оролцох шаардлагагүй гэдэгтэй Сангийн сайд Ч.Хүрэлбаатар санал нэг байгаагаа онцлоод улсын хэмжээнд Засгийн газрын 29 тусгай сан байгааг 21 болгохоор төсөлд тусгасан гэж байлаа. Тухайлбал, нэг байранд байсан Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Мал хамгаалах санг нэгтгээд Үйлдвэрлэлийг дэмжих сан байгуулахаар төсөлд тусгасан гэв. Харин Боловсролын зээлийг Төрийн банкаар дамжуулахаар банкны шалгуур өндөр тул уг зээлийг авах боломж хязгаарлагдмал байдаг учир сангийн хүрээнд зохицуулахаар болсон гэдгийг Сангийн сайд хариултдаа тодотгов. 

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 63,6 хувь нь дэмжсэн. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл