Төрийн албыг бэхжүүлэх тухай гуравдугаар сэдвийг танилцууллаа

  2017-04-30 14:35  850

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар орон даяар зохион байгуулж байгаа анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөлдөх уулзалт (2017.04.30) “Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх” сэдвийн танилцуулгаар үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат дээрх үндсэн сэдвийн хүрээнд зөвлөлдөх уулзалтын нийт төлөөлөгчдөд хэлэлцүүлэх 3  саналыг танилцууллаа.


Монгол Улсын Үндсэн хуульд төрийн албаны талаар маш бага хөндсөн байдаг байна. Монгол Улсад төрийн төв болон орон нутгийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагууд, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн эрхлэх асуудлын хүрээний болон шүүхийн байгууллагууд нь төрийн албаны ажил үүргийг эрхлэн явуулдаг байна. Төрийн албан хаагчдын тоо 2001 оноос хойш аажмаар өссөөр 2012 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар нийт 162 769 төрийн албан хаагч,  2016 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар нийт 186 458 төрийн албан хаагч ажиллаж байгаагаас 3 092 нь улс төрийн, 19 687 нь төрийн захиргааны, 35 736 нь төрийн тусгай албаны, 127 943 нь төрийн үйлчилгээний албанд ажиллаж байна. Дээрх статистик мэдээллээс харахад 4 жилийн хугацаанд төрийн албан хаагчдын нийт тоо 23 689-аар нэмэгдсэн байна.

Төрийн албыг тогтвортой, улс төрөөс хараат бус болгохын тулд 2008 онд Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж улс төрчдөөс бусад бүх төрийн албан хаагчдыг намын харьяалалгүй болгосон аж.

Гэвч, төрийн албан тушаалд томилох, халахдаа улс төрийн намын харьяаллыг харгалзан шийдвэрлэсэн асуудалтай холбоотой  гомдол захиргааны хэргийн шүүхэд ихээр ирдэг. Түүнчлэн албаны тоон үзүүлэлтээс харахад сонгуулийн дараа халаа сэлгээ хийх нь их байна. Энэ нь төрийн алба улс төрөөт хараат байсаар байгааг харуулж байна хэмээн үзжээ.

Ийнхүү гуравдугаар сэдвийн хүрээнд дараахь 3 саналыг хэлэлцүүлэхээр танилцуулав.


Санал 3.1: Төрийн албаны зөвлөлийг улс төрөөс хараат бус, Монгол Улсын Үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллага болгох

Монгол Улсад 1995 онд төрийн албаны гол харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай анхны хууль батлагдсан. Энэ хуулиар төрийн захиргааны албан хаагчийн стандартын удирдлагыг төрийн албаны төв байгууллага буюу Төрийн захиргааны албаны зөвлөл гүйцэтгэх болжээ. Энэ байгууллага нь гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд бие даасан байдалтай ажиллаж байсан юм.

Харин 2002 онд Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн найруулж Төрийн албаны зөвлөлийг үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнадаг байгууллага болгон өөрчилсөн. Ингэснээр тус Зөвлөлийг бие даасан, гүйцэтгэх эрх мэдлээс хараат бус байгууллага болгосон гэж үздэг.

Хуульд зааснаар Төрийн албаны зөвлөл нь төрийн албыг мэргэшсэн, тогтвортой, үр нөлөөтэй байлгаж, түүнийг улс төржүүлэхгүй, авлигад өртүүлэхгүй, зохисгүй хүмүүст завшуулахгүй байх, төрийн албан хаагчдын чадавхийг сайжруулах үүргийг гүйцэтгэнэ.

 “Монгол Улсад эрх мэдэл хоорондын уялдаа холбоо хангагдаагүй байдлын гол шалтгаан юу гэж үзэж байна” гэсэн асуултад нийт оролцогчдын 53,1 хувь нь төрийн алба улс төрөөс хамааралтай, түүнээс үүдэн төрийн албан хаагчдын чадавхи сул байна гэсэн хариулт өгчээ.

Мөн “Төрийн албаны тогтвортой байдлыг хангахын тулд дараахь арга хэмжээний алийг нь авах шаардлагатай гэж Та үзэж байна” гэсэн асуултад 2246 хүн хариулснаас 1213 хүн буюу 54 хувь нь Төрийн албаны зөвлөлийн хараат бус байдал, Төрийн албаны эрх зүйн хамгаалалтыг Үндсэн хуульд тусгах,  633 хүн буюу 28,2 хувь нь улс төрийн намуудыг төрийн албаны томилгоонд оролцохыг хуулиар хориглох шаардлагатай гэжээ.

Тэгвэл санал болгож байгаа Төрийн албаны зөвлөлийг улс төрөөс хараат бус, Монгол Улсын Үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллага болгох өөрчлөлтийн эерэг талыг дурдвал, Төрийн албаны зөвлөлийн эрх зүйн байдлыг Үндсэн хуульд заах нь энэ байгууллагын бие даасан, хараат бус байдлыг хангах,  улс төрийн зорилгоор төрийн албыг тогтворгүй болгох явдлыг зогсоох, төрийн албан хаагчдын ур чадвар дээшилж, тэднээс гарч буй ажлын бүтээмж, гүйцэтгэл сайжирна. Түүнчлэн төрийн албан хаагчдын баталгаа бодитоор хангагдана.

Харин дээрхи өөрчлөлтийн сөрөг талыг дурдвал, Төрийн албаны зөвлөлийн тухай заалтыг Үндсэн хуульд оруулснаар эерэг үр дүн гарах нь одоогоор баттай биш, түүний хараат бус байдал хангагдах баталгаа байхгүй, салбар хууль тогтоомжоор зохицуулахад хангалттай.

Санал 3.2: Төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, тогтвортой, шатлан дэвших зарчимд шилжүүлэх.

Төрийн алба тогтвортой байх нь төрийн албан хаагч мэргэшсэн байхтай салшгүй холбоотой. Төрийн албан хаагч мэргэшсэн байх гэдэгт түүнийг төрийн ажилд дадлагажуулах, туршлага суусны хэрээр түүнийг илүү хариуцлагатай ажилд шат ахиулан ажиллуулахыг ойлгоно. Үүнийг хангах үндсэн арга нь албан тушаал бүрийн зорилго, чиглэл, түүнд ажиллах хүнд тавигдах шалгуур маш тодорхой байх учиртай.

Гэтэл манайд үйлчилж байгаа хууль тогтоомж хэт ерөнхий байгаагаас  байгууллагууд албан тушаалд тавих мэдлэг чадварын шаардлагыг ерөнхий байдлаар, нийтлэг үзүүлэлтээр тогтоодог. Сул орон тоо гарсан тохиолдол бүрт ажил олгогч өөрийн сонирхож байгаа хүндээ тохируулан ажлын байранд тавигдах шаардлагыг өөрчлөх, яг ижил албан тушаалуудад өөр өөр шаардлага тавьж төрийн албаны шалгалт зарлах нь элбэг байна. Мөн төрийн албан хаагчдыг хуульд заасан үндэслэлээс гадуур халж, чөлөөлөх нь тасардаггүй. Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэсэн төрийн албатай холбоотой маргаан 2012 онд 133 байсан бол 2015 онд 400 болж өссөн.

Төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, тогтвортой, шатлан дэвших зарчимд шилжүүлэх өөрчлөлтийн эерэг талыг дурдвал, Төрийн албыг мэдлэг чадвартай хүн хүчнээр бэхжүүлснээр төрийн албан хаагчдын ажлын чанар, бүтээмж, улмаар төрийн албаны үр ашиг, үр нөлөө дээшилэх, төрийн алба тогтворжих, шатлан дэвших /мерит/ зарчим жинхэнэ утгаар хэрэгжих сайн талтай. Харин сөрөг тал нь энэ асуудлыг заавал Үндсэн хуульд тусгах нь ач холбогдолгүй, салбар хууль тогтоомжоор зохицуулахад хангалттай гэж үзэж болох юм.


Санал 3.3.Төрийн алба улс төрөөс ангид байна. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээс хамаарч ажлаас халах, хуульд зааснаас бусад үндэслэлээр албан тушаал, зэрэг дэвийг бууруулахыг хориглох заалт Монгол Улсын Үндсэн хуульд нэмж оруулах.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн “Мянганы хөгжлийн зорилт-9” төслөөс 2010 онд явуулсан судалгаанд оролцсон мэргэжилтнүүдийн 76.1% нь “төрийн албан тушаалд улс төрийн нөлөө, танил талаар томилдог нь төрийн захиргааны албан тушаалд өндөр чадвартай хүмүүс ороход саад болдог” гэжээ.

Угтаа улс төрийнхөөс бусад төрийн албаны томилгоонд улс төрийн намын зүгээс огт оролцдоггүй, улс төрийн сонгууль ба түүний үр дүн төрийн албаны томилгоо болон хэвийн үйл ажиллагаанд нь огт нөлөөлөхгүй байх учиртай. Харин улс төрийн албаны тухайд бол өөр. Гэтэл сонгуулийн дараа “бүтцийн өөрчлөлт”, “баг бүрдүүлэх” нэрийдлээр өргөн хүрээтэй халаа сэлгээ хийдэг. Тухайлбал, Төрийн албаны зөвлөлөөс гаргасан хүснэгтээс харвал сонгуулийн дараахь жилд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан тухай гомдол даруй 3.4-өөс 4 дахин нэмэгддэг байна.

Төрийн албан тушаалд авах, халахдаа намын харьяаллыг харгалзан шийдвэрлэсэн тухай гомдол Төрийн албаны зөвлөл болон захиргааны хэргийн шүүхэд олноор ирдэг. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012, 2013 оны шүүн таслах ажиллагааны товч тайлангаас үзвэл төрийн албаны маргаан тогтмол өссөн төдийгүй, нийт захиргааны хэрэгт эзлэх хувийн жин нь сонгуулийн дараахь жилд огцом өссөн байна.

Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээс хамаарч ажлаас халах, хуульд зааснаас бусад үндэслэлээр албан тушаал, зэрэг дэвийг бууруулахыг хориглох заалт Монгол Улсын Үндсэн хуульд нэмж оруулах өөрчлөлтийн эерэг тал нь төрийн алба тогтворжих, шатлан дэвших /мерит/ зарчим жинхэнэ утгаар хэрэгжих, төрийн байгууллагад төрийн албан хаагчид намаар талцаж, албан тушаал дэвшихийн тулд зүй бус нөлөөлөл үзүүлэх зэрэг нь багасна. Харин сөрөг тал нь сонгуульд ялалт байгуулсан нам өөрийн намын гишүүдийн хүчээр мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг эрмэлзэнэ. Түүнчлэн энэ асуудлыг заавал Үндсэн хуульд тусгах нь ач холбогдолгүй, салбар хууль тогтоомжоор зохицуулахад хангалттай хэмээн үзсэн байна.

Танилцуулгын төгсгөлд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, нийт төлөөлөгчид “Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх” сэдвийн хүрээнд хэсгүүд тус тусдаа хэлэлцүүлэг хийсний дараа 15 цаг 20 минутад нэгдсэн хуралдаан болж, экспертүүд хэлтсүүдээс ирүүлсэн асуултад хариулт өгнө гэдгийг дурдав. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар орон даяар зохион байгуулж байгаа анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөлдөх уулзалт үргэлжилж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


  2017-04-30 14:35  850