Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт ШУА-ийн төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулав

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Шинжлэх ухааны академийн удирдлагууд болон хүрээлэнгийн захирлуудыг 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Төрийн ордны “Г” танхимд хүлээн авч уулзан шинжлэх ухаан, технологийн салбарын өнөөгийн байдал, судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүн, ололт амжилт, ШУА-ийн шинэчлэл, эрдэм шинжилгээний байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа, эрх зүйн орчны зохицуулалт зэрэг асуудлаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцлоо.

Ажил хэргийн уулзалтанд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Г.Баярсайхан, Д.Сумъяабазар, Боловсрол, шинжлэх ухааны яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэг, тус яамны Шинжлэх ухааны хэлтсийн дарга Ө.Сүхбаатар, ШУА-ын ерөнхийлөгч Б.Энхтүвшин, дэд ерөнхийлөгч Д.Рэгдэл, Т.Дорж, Монгол Улсын анхны ерөнхийлөгч, академич П.Очирбат нар болон хүрээлэнгүүдийн захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга нар оролцлоо.

Уулзалтын эхэнд ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин “Монгол Улсын шинжлэх ухааны академийн үйл ажиллагаа, түүний шинэчлэл” сэдэвт илтгэлийг танилцуулав.

НББСШУБХ-ны дарга Д.Батцогт бид өнөөдөр нийгмийн бүхий л салбарт шинэчлэлт, өөрчлөлтийг хийж, хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулж байна. Тус Байнгын хороо эрүүл мэнд, боловсролын салбарыг шинэчлэхтэй холбогдуулан нэлээд олон хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөж байна. Шинжлэх ухаан, технологийн салбарын удирдлага, менежмент, хууль эрх зүйн орчинг шинэчлэхэд эрдэмтэд, судлаачид та бүгдийн санал зөвлөмж үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна гээд тухайн салбарын өмнө тулгамдсан асуудал, нэн яаралтай Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх ямар асуудал байгааг тодруулахыг зорьсоноо хэллээ.

Хүрээлэнгүүдийн захирлууд эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, эрдэм шинжилгээний ажилтнуудын нийгмийн асуудлыг дорвитой шийдвэрлэх, ШУА-ийн статусыг эргэн харах, бүтэц, зохион байгуулалт, хэрэгжүүлэх механизмыг сайжруулах, шинжлэх ухааны үндэслэлтэй хуулийн төсөл боловсруулах, ер нь бидний үр хүүхдүүдэд нийгмийн баялагийг бүтээгч сэтгэлгээ алга болсон, шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачдын залгамж халааг бэлтгэх зэрэг асуудалд анхаарлаа хандуулахыг хүслээ.

Хүрээлэнгийн захирлууд бидний хүлээн авч уулзан эрдэмтэн, судлаачдынхаа санал бодлыг сонсож байгаад талархал илэрхийлээд уулзалтыг ажил хэрэг болгох, ШУА, түүний хүрээлэнгүүд болон их, дээд сургуулиудын хоорондын уялдаа холбоо туйлын хангалтгүй байгааг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын анхны ерөнхийлөгч, академич П.Очирбат хуулийг хэрэгжүүлэх механизмыг сайжруулах, оюуны потенциал үнэгүйдэж байна, залуу эрдэмтэн, судлаачдыг бэлтгэх асуудал туйлын хангалтгүй, шинжлэх ухаааны салбар руу зүтгэх, ажил амьдралаар холбох хүн бараг үгүй болсон гэхэд хилсдэхгүй болсныг дурдлаа. Эрдэм шинжилгээний ажилтнуудын нийгмийн асуудлыг дорвитой шийдвэрлэхгүйгээр шинжлэх ухаан, технологийн салбар хөгжихгүй байгааг онцлоод өнөөдөр эрдэм шинжилгээний ажилтан 540 мянган төгрөгний цалин аваад 20 хувийг нь суутгалд өгдөг, томилолтын зардал нь өдрийн 12 мянган төгрөг энэ нь хаанаа ч хүрэлцэхгүй тул гадны эрдэмтэн, судлаачдыг хөдөө орон нутагт дагаж явах нийтлэг үзэгдэл болсон гэлээ.

Ажил хэргийн уулзалтанд оролцогчдоос шинжлэх ухааны байгууллагуудын бизнесийн зарчмаар бүтээлч үйл ажиллагаа явуулахад саад болж буй төрийн зохицуулалтыг өөрчлөх, эдгээр байгууллагуудад ашиг орлогоо захиран зарцуулах эрх олгох, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, Инновацийн хуулийн заалтуудыг хэрэгжүүлэх ажлыг яаралтай зохион байгуулах, хөрөнгө оруулалтын бодлого, хамтран ажиллах журам боловсруулах, гаднаас оруулж буй эрдэм шинжилгээний багаж, тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд татвараас чөлөөлөх, Монгол судлалын үндэсний зөвлөлийг байгуулах зэрэг саналуудыг тус Байнгын хороонд ирүүллээ.

Уулзалтаас шинжлэх ухаан, технологийн салбарыг дэмжих, түүний чадавхийг бэхжүүлэх асуудлаар Байнгын хорооны тогтоолоор Ажлын хэсэг байгуулах, Улсын Их Хурлын гишүүдийг оролцуулсан шинжлэх ухааны салбарыг дэмжих лобби бүлэг байгуулахаар харилцан тохиролцов.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл