Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос 2012 оны намрын чуулганы хугацаанд гүйцэтгэсэн ажлын тайлан

  2013-02-20 00:00  1134

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНООС 2012 ОНЫ НАМРЫН ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД ГYЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН

 

2013.02.07

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо нь 2012 оны намрын чуулганы хугацаанд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Улсын Их Хурлын хяналт, шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэн хяналт шалгалтын ажил хийх, Байнгын хорооны гишүүд сонгогчидтойгоо уулзалт хийж, төрийн хууль тогтоомж, төр, засгийн бодлого шийдвэрийг таниулах, иргэд сонгогчдын санал бодлыг судлан цаашдын үйл ажиллагаандаа тусгах, олон улсын байгууллага, гадаад орны төлөөлөгчидтэй уулзаж хамтын ажиллагааны чиглэл бодлогыг тодорхойлох зэрэг чиглэлээр ажиллав.

Тус хугацаанд Байнгын хороо гишүүдийн 75 хувийн дундаж ирцтэйгээр 20 удаа хуралдаж, нийтдээ давхардсан тоогоор 25 асуудал хэлэлцэж, 29 санал, дүгнэлт, 6 танилцуулга, 20 удаагийн хуралдааны тэмдэглэл гаргасан байна.

Мөн 12 хуулийн төсөл /дагалдаж өргөн мэдүүлэгдсэн хуулиудыг оруулаагүй/, 3 Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцсэнээс тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд 11 хууль, 2 Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа.

Тус Байнгын хороонд хандаж байгууллага, иргэдээс ирүүлсэн 23 өргөдөл, 88 албан тоотод тухай бүр нь хариу өгч байсан. Байнгын хорооноос нийт 61 албан тоот явуулж, 1022 хуудас хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон холбогдох лавлах материалыг хувилж, Улсын Их Хурлын гишүүдэд тараасан байна.

 

Нэг.Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл дээр ажилласан талаар

Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд 11 хууль, 2 Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа.Үүнд:

1. Улсын Их Хурал Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудыг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хэлэлцэн баталсан бөгөөд Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх байсан боловч Монгол Улсын Засгийн газраас 2012 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл болгон өөрчилж, 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр баталлаа.

Тухайлбал:Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт Боловсролын тухай хуулийн 3.1.15-д заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 12 сарын, сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 18 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгах болон сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмч нарт 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох зэрэг 2 заалтыг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Харин сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн Боловсролын тухай хуулийн 43.1.7.а-д зааснаас бусад багш, туслах багш нарт 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох асуудлыг 2013.01.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр боллоо.

Мөн төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт- үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт Боловсролын тухай хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 24 сарын, үүнээс сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан бол 36 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг төрийн албан хаагчийн цалингийн сүлжээг баримтлан улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгохоор боллоо.

2. 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнээс өргөн мэдүүлсэн Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталлаа.

Улсын Их Хурлаас нийгмийн шилжилтийн үйл явцад тухайн иргэний өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй, төлөх боломжгүй байсан хугацааг нөхөн тооцож, тухайн иргэнээр тэтгэврийн шимтгэлийг нь нөхөн төлүүлэх асуудлыг зохицуулсан болно. Энэ хуулийн үйлчлэлд 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан аж ахуйн нэгж, байгууллага нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасан үндэслэлээр татан буугдсаны улмаас ажилгүй болсон, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрчлөн байгуулагдсаны улмаас орон тооны цомхотголд орсон, өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан, мэргэжил, ур чадвар, эрүүл мэнд нь тухайн ажил, албан тушаалд тэнцэхгүй болсны улмаас ажлаас халагдсан иргэд хамаарна.

А.Монгол Улсын Засгийн газраас 2012 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимгэлийг нөхөн тооцох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж хууль санаачлагчид нь буцаах тогтоол баталлаа.

3. Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ж.Батзандан нараас 2012 оны 8 дугаар сарын 27ы өдөр Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж 2012 оны 9 сарын 14-ний өдөр баталлаа.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар аймаг нийслэлийн нийгмийн даатгалын газар, хэлтсийн даргыг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргатай зөвшилцөж аймаг нийслэлийн засаг дарга, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргыг нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилж, чөлөөлж байгааг өөрчилж, аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтсийн даргыг нийгмийн даатгалын төв байгууллагын дарга Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн аймаг, нийслэл, дүүргийн салбар нэгжтэй зөвшилцөн томилж, чөлөөлж байхаар болсон.

4. Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ж.Батзандан нараас 2012 оны 8 дугаар сарын 27ы өдөр Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж 2012 оны 9 сарын 14-ний өдөр баталлаа.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөн тухайн шатны Засаг дарга томилж, чөлөөлж байгааг өөрчилж, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргыг томилж, чөлөөлөх болсон.

5. Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн томилох асуудлыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2012 оны 10 дугаар сарын 10, 16ы өдрийн хуралдаанаараа хэлэлцээд Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа.

Даатгуулагч болон ажил олгогч талуудаас 19 хүний санал, материал ирүүлснийг Байнгын хорооны хуралдаанд танилцуулж олонхийн санал авсан 6 хүнийг болон Засгийн газрын төлөөлөл болгосон 3 хүнийг томилуулах саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

6. Монгол Улсын Засгийн газраас 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа.

Тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хэд хэдэн зарчмын нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд тамхи борлуулах аливаа цэгт тамхины нэр, үнэ, тамхин бүтээгдэхүүнийг биетээр дэлгэн тавихаас бусад хэлбэрээр тамхи сурталчлахыг хориглов. Мөн утаат тамхи татахыг хориглосон газрын хүрээг өргөтгөв. Тухайлбал: агаарын хөлөг, зорчигч тээврийн галт тэрэг, зочид буудал, цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шатанд тамхи татахыг нэмж хориглов.

Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор, түүнчлэн баар, цэнгээний газарт тамхи, тамхин бүтээгдэхүүнээр худалдаа хийхгүй, мөн 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдах, түүгээр тамхи худалдуулахгүй байх, тамхины хяналтын тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын хэмжээг нэмэгдүүлж, утаат тамхи татахыг хориглосон газар тамхи татаж зөрчил гаргасан иргэнийг 50000 төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох зэрэг заалтууд нэмэгдэж, хууль батлагдлаа.

7. Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Хүний дархлал олдмол хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурал 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа.

Тус шинэчилсэн найруулгад ХДХВ-ийн халдвар авсан болон ДОХ-той нь тогтоогдсон хүний эрхийг хамгаалах, түүнчлэн эдгээр хүмүүсээс хүлээх үүрэг, эдлэх эрхийг хуульчилж, ДОХ-той гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргаж байх тухай хуулийн заалт нь олон улсын холбогдох конвщнцийн заалтыг буюу хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байгаа тул тухайн заалтыг хүчингүй болголоо.

Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баримталж байгаа бодлогод нийцүүлэн тэмцэх гэдэг үгийг хэрэглэхгүй болж, хуулиас хаслаа. ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээ хийх, шинжилгээнд хамрагдах талаар зөвлөгөө өгөх журмыг батлан гаргаж мөрдүүлэх үүргийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хүлээж байх, төрийн захиргааны бусад төв байгууллагуудаас ХДХВ, ДОХ-оос сэргийлэх талаар хэрэгжүүлэх эрх, үүргийг нарийвчлан зааж, тусгалаа.

Төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага нь баталгаажаагүй цус, цусан бүтээгдэхүүн, эхийн сүү, донорын эрхтэн болон зүү тариур, бусад багаж хэрэгслээр хүний дархлал хомсдолын вирусын халдвар эмнэлэгтээ тархахгүй байх нөхцөл бүрдүүлэх үүргийг хуульчиллаа.

8. Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2012 оны 10 дугаар сарын 10ы өдрийн хуралдаанаараа хэлэлцээд Монгол улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг батлах нь зүйтэй гэсэн санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүллээ.

9. Монгол Улсын Засгийн газраас 2012 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа баталлаа.

Тус өөрчлөлтөөр ажил олгогч болон даатгуулагчийн төлөх нийт шимтгэлийн хэмжээнд өөрчлөлт оруулахгүйгээр тэтгэмжийн сангийн санхүүгийн чадавхыг сайжруулах, тэтгэмжийн даатгалын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор төсөлд тэтгэмжийн даатгалын ажил олгогчийн болон даатгуулагчийн төлбөл зохих шимтгэлийн хувь хэмжээг тус бүр 0,8 болгох, ажилгүйдлийн даатгал хэсэгт ажил олгогчийн болон даатгуулагчийн төлбөл зохих шимтгэлийн хувь хэмжээг тус бүр 0,2 хувь болгож өөрлөхөөр тусгасан.

10. Монгол Улсын Засгийн газраас 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр баталлаа.

Магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн сэтгэл засалч эмчийн өвчтөнд өгсөн зөвлөгөө нь даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний багцад хамаардаг болсон. Сэтгэцийн эмгэгтэй хүний эрх ашиг, аюулгүй байдлыг хангах, сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх аливаа хүчин зүйлсийг бууруулах чиглэлээр Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль шинэчлэгдлээ.

11. Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай, Боловсролын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хэлэлцэн баталсан.

Эдгээр хуулиар дараах үндсэн асуудлыг зохицуулсан:

1/ Улсын Их Хурал 2012 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Хөдөлмөрийн яамыг шинээр байгуулан жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн асуудал, мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцооны хөгжлийн асуудлыг тус яамны эрхлэх асуудалд хамааруулсан. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай, Боловсролын тухай хуулиудад хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллага, ажилтны чиг үүрэгт жижиг, дунд үйлдвэрийн болон, мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон чиг үүргийг нэмж тусгалаа.

2/ Орон нутаг дахь хөдөлмөрийн асуудал хариуцсан нэгж Засаг даргын удирдлага дор ажиллаж байгаа одоогийн тогтолцоо нь орон нутгийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг оновчтой, шуурхай хэрэгжүүлэх, хяналт, хариуцлагын тогтолцоог үр дүнтэй явуулахад хүндрэл учруулж байгаа тул уг нэгжийг Хөдөлмөрийн сайдын удирдлага дор ажиллуулах чиглэлээр өөрчлөлт оруулав. Ингэснээр ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилтыг хангах, хөдөлмөрийн удирдлага, зохион байгуулалтыг оновчтой болгох, удирдлагын шат дамжлагыг бууруулахад ач холбогдолтой.

3/ Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн байгууллагын тогтолцоог, Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөл, мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон бүсийн арга зүйн төвөөс бүрдэхээр шинээр тодорхойллоо. Түүнчлэн мэргэжлийн боловсрол, сургалтын шинэ хэлбэрүүдийг /хосмог сургалт, хөдөлмөр эрхлэлтийн/ нэвтрүүлэх, багшид бакалавр болон түнээс дээш зэрэгтэй байх шаардлагыг тавьж байсныг өөрчилж, бакалаврын зэрэггүй боловч мэргэжлийн өндөр зэрэгтэй ажилтан дадлагын сургалтыг явуулж болохтой холбогдсон өөрчлөлтийг тус тус оруулсан.

12. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хэлэлцэн баталлаа.

Тус хуулинд Ерөнхий боловсролын тусгай сургуулийн суралцагчдад үдийн хоолоор үйлчлэх, дотоодын рашаан, сувилалд асруулах, сувилуулах шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэг талын унааны болон эрхийн бичгийн үнийн зардлыг 100 хувиар, тухайн хүүхдийг асрамжилж яваа 1 иргэнд 50 хувиар нөхөн олгох, 16 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох чиг үүрэг бүхий нарийн мэргэжлийн эмч, боловсролын болон нийгмийн хамгааллын байгууллагын төлөөлөгчдөөс бүрдсэн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс байгуулах, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш, нийгмийн ажилтан, цэцэрлэгийн туслах багш, эмч, сувилагчид үндсэн цалингийн 10-30 хувьтай тэнцэх нэмэгдлийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тооноос хамаарч олгох зэрэг асуудлууд тусгагдаж батлагдлаа.

13. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хэлэлцэн баталлаа.

Тус тогтоолоор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн биелэлтийг хангах, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбогдуулан дараах арга хэмжээг 2013 онд багтаан авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгаж байгаа бөгөөд Улсын Их Хурлын даргын 2012 оны 103 дугаар захирамжаар байгуулсан барилгын тухай, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн тайлан, дүгнэлтийг үндэслэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон барилгын тухай хууль тогтоомж, стандарт, норм ба дүрэм зөрчсөн, түүнчлэн зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан аж ахуйн нэгж, байгууллага, холбогдох этгээдийг нийтэд мэдээлэх, тэдгээрт хариуцлага тооцох, эрүүл мэндээрээ хохирсон иргэн болон амь насаа алдсан иргэний гэр бүлд нөхөн төлбөр олгох асуудлыг хуульчлах, тухайн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны тоо, ажлын байрны эрсдэлийн түвшнээс хамааруулан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны ажилтны тоог тогтоох зэрэг асуудлууд тусгагдав.

 

Хоёр.Байнгын хорооны тогтоол

Тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд доорхи тогтоолуудыг гаргаж хэрэгжүүллээ.

1.Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн баталлаа. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн /орон тооны бус/ дүрэмд Ажлын албаны ажилтнуудыг албаны дарга томилж, чөлөөлөх, ажлын албаны ажиллах журмыг Зөвлөлийн хурлаар хэлэлцэж, батлах гэсэн заалтуудыг тус тус нэмлээ.

2.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны орон тоог нэмэгдүүлэн баталсантай холбогдуулан 2013 оны үйл ажиллагааны зардлын төсвийг хавсралтад заасны дагуу 52,9 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр Байнгын хорооны тогтоол баталлаа.

3.Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулж, Ажлыг алба нь 10 орон тоотой байхаар өөрчлөлт оруулан Байнгын хорооны тогтоол баталлаа.

4.Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.9, 24.10 дахь хэсэг, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэгт заасны дагуу Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгыг томиллоо.

 

Гурав.Хяналт шалгалтын ажлын талаар

1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 01 тоот тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг тодорхой удирдамжийн дагуу Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургууль, 124 дүгээр цэцэрлэг, Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургууль, Харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэг, Боловсролын Их сургууль, Эрүүл мэндийн шинжлэх ухааны Их сургуулийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.

Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга З.Баянсэлэнгээр ахлуулсан Ажлын хэсгийн бүрэлдхүүнд Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан, С.Ганбаатар, Г.Уянга, Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр болон Байнгын хорооны ажлын алба, Боловсрол Шинжлэх Ухааны яам, Нийслэлийн боловсролын газрын холбогдох албан тушаалтнууд ажиллаж, сургууль, цэцэрлэгийн багш ажилчидтай уулзаж, санал сэтгэгдэл, тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.

Ажлын хэсгээс Багш нарын нийгмийн асуудлыг анхаарч, орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах, СӨБ-ын чиглэлээр магистрын зэрэгтэй иргэнийг 6 сараас 1 жил хүртэлх хугацаанд мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж багш бэлтгэх, БШУЯ-аас жил бүр зарладаг өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуулиудад тэтгэлэгт хөтөлбөрт мэргэжлийн залуу багш нарыг хамруулах, багш болохоор суралцаж байгаа бүх суралцагчдад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн хичээлийг судлуулах, цэцэрлэгийн багшийг ээлжийн багштай болгох /одоо багш нар 10 цаг ажиллаж байгаа/, тус их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийг түшиглэн цэцэрлэгийн удирдах ажилтан бэлтгэх асуудлыг шийдвэрлэх талаар асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах зүйтэй гэж үзлээ.

Мөн Ажлын хэсгээс Сургуулийн өмнөх боловсролын хэрэгцээ жил тутам нэмэгдэж байгаатай болон энэ салбарт тулгамдаж байгаа асуудалтай холбогдуулан Хүүхэд харах үйлчилгээ (Child care center) бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж үзсэн. Энэхүү үйлчилгээний зорилго нь гэр бүлийн хэрэгцээг баримжаалсан, гэр бүлийн хөдөлмөр эрхлэх, суралцах бололцоог хангах, хүүхэд асран хамгаалах, хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэхэд чиглэгддэг. Манай орны хувьд бусад улс оронд өргөнөөр хэрэгжүүлж буй “Хүүхэд харах үйлчилгээ”-г хүн ам ихээхэн төвлөрсөн нийслэл, аймгийн төвүүдэд эрхлэх сонирхол бүхий иргэн хүүхэд харах үйлчилгээний сургалтанд хамрагдснаар гэртээ болон тусгай бэлтгэсэн байранд хэрэгжүүлэх боломжтой гэж үзэн, бага насны хүүхдэд үзүүлэх үйлчилгээний шинэ хэлбэр болгохоор Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан Улсын Их хуралд өргөн мэдүүлээд байна.

2. УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, ХАХНХЯ-ны Ахмад настан хариуцсан мэргэжилтэн Балжмаа, ЭМЯ-ны Бодлого хэрэгжилтийн газрын дарга Д.Мөнхбат, байнгын хорооны гишүүдийн хамт 2012 оны 10 дугаар сарын 31 ны өдөр төв аймгийн Батсүмбэр сумын гуравдугаар багийн нутаг, Баянголын аманд байрлах Улсын асрамжийн газрын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, зохих үнэлэлт, дүгнэлт өглөө.

Улсын асрамжийн газар нь 1924 онд Маршил Х.Чойбалсангийн санаачлагаар Улаанбаатар хотод “Махан дов” хэмээх газар анх байгуулагдаж, 1956 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд шилжин байрлаж байжээ. Харин 1967 оны 5-р сарын 22-ны өдрийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 154 дүгээр тогтоолоор Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг “Баянголын ам” хэмээх газар нүүлгэн шилжүүлэх шийдэр гарснаар одоогийн буй энэ нутагт суурьшжээ. Уг асрамжийн газрын барилга 1982 онд ашиглалтанд орсон. Одоогийн байдлаар 110 хүн асруулж байгаа бөгөөд ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг байна. Хуулиндаа асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл, садангүй, бие даан амьдрах чадваргүй, ганц бие, байнгын эмчилгээ асаргаа шаардлагатай ахмад настан буюу 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн авахаар заасан байдаг ч тус газар асруулж байгаа иргэдийн 45 орчим хувь нь сэтгэцийн өөрчлөлт, оюуны хомсдолтой хүмүүс байдаг байна. Гурван давхартаа сувилгааны тасагтай, байнгын асаргаа шаарддаг хэвтрийн 22 хүн байдаг. Тус газар нийт 48 ажилтан ажиллаж байгаагаас хоёр нийгмийн ажилтан, найман гэрээт ажилтан, захиргаа аж ахуйн салбарт арав, хүн эмнэлэгт хорь, гал тогоонд долоон хүн ажилладаг. Үүнээс эмч, сувилагч, асрагч нар нь төрийн үйлчилгээний ажилтан хэдий ч асрамжийн газар нь Эрүүл мэндийн яамандаа бус Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт харьяалагддаг учир бусад эмнэлгийн байгууллагын ажилтнуудын адил нэмэгдэл, урамшуулал авдаггүй. Хамгийн ахмад асруулагч 94 настай бөгөөд хамгийн олон жил буюу 41 жил тус асрамжинд асруулж байгаа буурлууд байлаа. Мөн 40 наснаас доош насны 20 гаруй харж хандах хүнгүй асруулагч нар байна. Тус газрын жилийн төсөв 500 гаруй сая төгрөг бөгөөд үүнээс хоол хүнсэнд 100 сая, хувцас 16 сая, эм тарианд 5 орчим сая төгрөгийг зарцуулдаг. Жилд хоёр удаа эмч нар ирж үзлэг хийдэг хэмээгээд ойр зуурын эмчилгээ шинжилгээг сумын төвийн эмнэлэгтээ хийлгэдэг. Тус газар сүүлийн жилүүдэд 3-4 төрлийн суурь өвчтэй мөн хавдартай хүмүүс ихээр ирэх болсон байна. Улаанбаатар хотод очиж нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэхэд дамжлага, очер дараалал ихтэй байдаг нь ихээхэн чиргэдэл үүсдэг байна.Жилийн өмнө тус төв байрандаа их засвар хийлгэсэн байна. Урьд урьдны жилүүдэд асруулагч ахмадуудын тэтгэвэрийн 30 хувийг өөрсдөд нь олгож, үлдсэн 70 хувийг орон нутгийн төсөвт оруулдаг байсныг зогсоож, 70 хувийг ахмадуудад, 30 хувийг асрамжийн газрын төсөвт суулгадаг болсон байна.

Ажлын хэсгээс: Тус Баянголын аманд бүх төрлийн нарийн мэргэжлийн эмчилгээ оншилгооны багажтай нэгдсэн том эмнэлэг байгуулах, эмнэлгийн үйлчилгээг сайжруулах арга хэмжээ авах;

Хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн өөрчлөлттэй, ахмад настангаар нь ангилсан төрөлжсөн асрамжийн газар бий болгох;

Зураг төсөл нь хийгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгыг барих төсөв мөнгийг 2014 оны төсөвт суулгуулах;

Улсын асрамжийн газрын асруулагч нарыг нас, хүйс, эрүүл мэндийн байдлаар нь төрөлцүүлэх, ялангуяа сэтгэцийн өвчтэй 20 хүнийг зохих байгууллагад шилжүүлэх;

Асруулагч нар голдуу зүрх судас элэг, хоол, боловсруулах эрхтний өвчтэй, цус харвалтын улмаас саажилт үүссэн, байнгын эмчилгээ шаардлагатай байдаг учраас эмийн зардал болон ариун цэврийн зардлыг нэмэгдүүлэх;

Зүрхний бичлэгийн, хамар, хоолойн утлагын болон ЭХО аппарат зэрэг эмчилгээ, оншилгооны болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах;

Нийгмийн болон асаргааны ажилтны орон тоог нэмэгдүүлэх;

Улаанбаатарт эмчилгээнд ирсэн асруулагч нарт зориулсан түр хонуулах байрыг бий болгох талаар арга хэмжээ авах зүйтэй гасан санал, дүгнэлт гаргалаа.

3. Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүдийн саналаар соёл урлагийн байгуулагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, тухайн байгуулагуудын тулгамдсан асуудлуудтай газар дээр нь танилцаж ажиллалаа.

Ажлын хэсэг нийслэлд үйл ажиллагаа явуулж буй соёл, урлагийн байгуулагуудын үйл ажиллагаатай танилцаад мэргэжлийн урлагийн байгуулагуудад уран бүтээлчдийн нийгмийн асуудлыг шийдэх, байгуулагын хэвийн үйл ажиллагааг хангах болон шинэ уран бүтээл туурвих зэрэг арга хэмжээнд тухайн жилийн давсан орлогыг зарцуулдаг байх санал гаргасныг Сангийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны хамтарсан 153/267 тоот тушаалаар баталсан “Соёлын байгуулагын өөрийн давсан орлогыг зарцуулах журам”ын дагуу тухан байгуулагад нь өөрийн давсан орлогыг нь буцаан олгуулж, хэрэгжилтийг ханган ажилладаг боллоо.

4.Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүдийн саналаар Хүүхдийн төлөө Үндэсний газрын харьяа Нялхсын клиник төв, Хүүхэд асран хүмүүжүүлэх төв, Хаяг тогтоох төв болон Өгөөмөр, Бадамлянхау халамж асрамжийн төвүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь шалгаж танилцах Ажлын хэсэг байгуулан ажиллаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хүүхдийн эрх, хамгаалал хариуцсан мэргэжилтэн Тунгалагтамир, Эрүүл мэндийн яамны Оношилгоо, эмчилгээний хэлтсийн дарга Гончигсүрэн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын албаны зөвлөх Л.Лхагвасүрэн, Хүүхдийн төлөө үндэсний газрын хүүхэд хамгааллын газрын дарга Б.Жавзанхүү, Монголын хүүхдийн эрхийн үндэсний төвийн тэргүүн Т.Цэвээн, Сургуулиудын нийгмийн ажилтны нийгэмлэгийн тэргүүн Б.Мөнхжаргал, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны референт Р.Болормаа, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын зөвлөх П.Ангараг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын туслах Б.Бүжинлхам нар болон хэвлэл мэдээлллийн ажилтнууд ажиллалаа.

Ажлын хэсэг дээрх байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан тайланг хэлэлцээд цаашид авах арга хэмжээний талаар болон Хүүхдийг гэмт явдлаас урьдчилан сэргийлэх, хорих болон асрах газар байгаа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үйл ажиллагааны шинэчлэлийг дэмжих, эрх, эрх чөлөө нь хязгаарлагдсан хүүхэд, эмэгтэйчүүдийн салшгүй эрхийг хамгаалах талаарх тулгамдсан асуудал, хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр авч байгаа арга хэмжээ, тулгамдсан асуудал мөн Эрүүгийн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шинэчлэлийн хүрээнд насанд хүрээгүй хүүхдэд хүлээлгэх хариуцлагыг ялгаатай болгох, хорихоос өөр төрлийн арга хэмжээг хөгжүүлэх, гэр бүл, хүүхдийн эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөлд хийж байгаа дүгнэлт, сэжигтэн, яллагдагчийн ар гэр, амьдралыг хүндэтгэх хандлага, давтан гэмт хэргийн шалтгаан нөхцөл, цаашид анхаарах хэрэгцээ, Гэр бүлийн хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд асрах, халамжийн газрын үйлчилгээг гэр бүлд төвлөрүүлэх, асрамжийн дараах үйлчилгээг хөгжүүлэх хэрэгцээ, мэргэжлийн болон амьдрах ур чадварын сургалтын хэлбэрийг түгээх боломж нөхцлүүдийн талаар холбогдох байгууллагуудыг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Дөрөв. Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгүүд

1.”Улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төв байгууллагыг шинэчлэх асуудал, Хорих ял эдлэж байгаа эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал /цалин, хөлс, нэрийн данс, амьдрах байр, ажиллах нөхцлийн талаар/, эцэг, эх нь хорих газарт ял эдэлж байгаа бага насны хүүхдэд харгалзан дэмжигч, асран хамгаалагч тогтоож байгаа ажиллагааг шинэчлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг

Хүүхдийн төлөө Үндэсний газрын харьяа Нялхсын клиник төв, Хүүхэд асран хүмүүжүүлэх төв, Хаяг тогтоох төв болон Өгөөмөр, Бадамлянхау халамж асрамжийн төв зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан тайланг хэлэлцээд цаашид авах арга хэмжээний талаар болон Хүүхдийг гэмт явдлаас урьдчилан сэргийлэх, хорих болон асрах газар байгаа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үйл ажиллагааны шинэчлэлийг дэмжих, эрх, эрх чөлөө нь хязгаарлагдсан хүүхэд, эмэгтэйчүүдийн салшгүй эрхийг хамгаалах талаарх тулгамдсан асуудал, хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр авч байгаа арга хэмжээ, тулгамдсан асуудал мөн Эрүүгийн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шинэчлэлийн хүрээнд насанд хүрээгүй хүүхдэд хүлээлгэх хариуцлагыг ялгаатай болгох, хорихоос өөр төрлийн арга хэмжээг хөгжүүлэх, гэр бүл, хүүхдийн эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөлд хийж байгаа дүгнэлт, сэжигтэн, яллагдагчийн ар гэр, амьдралыг хүндэтгэх хандлага, давтан гэмт хэргийн шалтгаан нөхцөл, цаашид анхаарах хэрэгцээ, Гэр бүлийн хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд асрах, халамжийн газрын үйлчилгээг гэр бүлд төвлөрүүлэх, асрамжийн дараах үйлчилгээг хөгжүүлэх хэрэгцээ, мэргэжлийн болон амьдрах ур чадварын сургалтын хэлбэрийг түгээх боломж нөхцлүүдийн талаар холбогдох байгууллагуудыг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлгээр Эмэгтэйчүүд болон насанд хүрээгүй иргэнд ногдуулж байгаа ялын бодлогын тухай. /давтан гэмт хэрэг үйлдсэн үед ногдуулж байгаа ялын бодлого, ээжтэйгээ хамт хорих ангид байгаа хүүхдийн асуудал, хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах асуудал, эмнэлгийн магадлах товчооны дүгнэлтээр өвчний учир хугацаанаас өмнө ялаас чөлөөлөх талаар/, Эмэгтэйчүүд болон насанд хүрээгүй иргэнд ял ногдуулахдаа гэр бүлд суурилсан бодлого, шинэчлэл хийх тухай /хүүхэдтэйгээ хамт хорих ангид байгаа эмэгтэйчүүд, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн иргэнийг гэр бүлд суурилсан байдлаар хүмүүжүүлэх тухай/, Насанд хүрээгүйчүүдийн хорих ангид ял эдлэж байгаа хүүхдийн сурч, боловсрох эрх зөрчигдөж байгаа тухай. /ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн программд хууль, эрх зүйн хичээл оруулах тухай, хорих ял эдлэж байхдаа МСҮТөвд хамрагдаж, мэргэжилтэй болох асуудал/, Улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төв байгууллагыг шинэчлэх асуудал, Хорих ял эдлэж байгаа эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал /цалин, хөлс, нэрийн данс, амьдрах байр, ажиллах нөхцлийн талаар/, Эцэг, эх нь хоёулаа хорих газарт ял эдэлж байгаа бага насны хүүхдэд харгалзан дэмжигч, асран хамгаалагч тогтоож байгаа ажиллагааг шинэчлэх асуудлуудаар ярилцаж, Засгийн газарт Хүүхдийг гэмт явдлаас урьдчилан сэргийлэх, хорих болон асрах газар байгаа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зэрэг яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Байнгын хорооны тогтоолоор чиглэл өгөхөөр шийдвэрлэлээ.

Хэлэлцүүлэгт НББСШУБХороо, Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн шүүх, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Хүүхдийн төлөө үндэсний газар, Хүүхдийн асран хүмүүжүүлэх төв, Хүүхдийн эрхийн үндэсний төв, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн төлөөлөл холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Давтан гэмт хэрэг үйлдсэн үед ногдуулж байгаа ялын бодлого хатуу байгаа, мөн Эмэгтэйчүүдийн хорих ангид 0-1 насны 10 хүүхэд ээжтэйгээ хамт амьдарч байна, амьдарч байгаа байр нь хүртэл “Нярай хүүхэдтэй эхийн байр” гэдэг нэртэй боловч 1 нас хүрэхээр нь ар гэрт нь, хамаатан садан, асрамжийн газар хүүхдийг өгдөг юм байна. Хорих ангиас өөр газар байлгах боломжийг судлах шаардлагатай байна. Хүүхдийн хоол, нэмэгдэл тэжээл, эрүүл мэндийн байдал, ахуй хангамжийг сайжруулах талаар арга хэмжээ яаралтай авах шаардлагатай байгаа тул холбогдох яамдад үүрэг өглөө.

2. “Сэтгэцийн эрүүл мэндийн эрх зүйн орчны шинэчлэл” хэлэлцүүлэг

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, ЭМЯ-тай хамтран сэтгэцийн эрүүл мэндийн хуулийн эрх зүйн шинэчлэл, сэтгэцийн эрүүл мэндийн байдал, одоогийн тогтолцоо, сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийн тулгамдсан асуудал мөн сэтгэцийн эмгэгтэй хүний эрхийн асуудал, хүүхэд өсвөр насанд тохиолдох сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, сэтгэцийн эрүүл мэндийн тогтолцоог ДЭМБ-СЭМТҮА-аар үнэлсэн тухай тайлан ( амиа хорлох байдал ), сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж байгаа эрсдэлт хүчин зүйл, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжихэд Төрийн бус байгууллагуудын оролцооны талаар илтгэлүүдийг сонсож, мэргэжлийн байгууллагууд, сэтгэцийн хувийн эмнэлгүүдийн төлөөлөл, ТББ-уудыг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгууллаа.

3. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг удирдаж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг танилцуулсан бөгөөд “Хамт олонд суурилсан сэргээн засах үйлчилгээ”, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролд хамрагдалтыг сайжруулах, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын орчинг сайжруулах, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багш, ажилтнуудыг бэлтгэх, мэргэшүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засалтын үйлчилгээг сайжруулах, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт илрүүлэлт, оношлогоо, бүртгэлийн тогтолцоог бий болгох, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засалтын хөтөлбөр боловсруулах, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмчилгээ, эмийн зардлын хөнгөлөлт үзүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлж буй нийгмийн халамжийн тэтгэмж, тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамж, халамжийн үйлчилгээг сайжруулах асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Хүн амын хөгжил,нийгмийн хамгааллын яам, Сэргээн засах хөгжлийн үндэсний төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоо, UNICEF, ADRA ОУБ, Хүүхдийн төлөө үндэсний газрын хүүхэд хамгааллын газар, Хараагүйчүүдийн 116 р сургууль, 10-р цогцолбор, 55 сургууль, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо, Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоо, Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо, Монголын дүлий иргэдийн үндэсний холбоо, Хромсомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сан, 70-р сургууль, 63-р сургууль, Монголын нугасны ивэрхийн марал элч сан, Боловсролын хүрээлэн, Монголын дүлий иргэдийн үндэсний холбооны төлөөллүүд хэлэлцлээ.

 

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРОО


  2016-09-23 02:27  1134