Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал - Энэ долоо хоногт (2022.05.23-05.29)


Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн төлөөлөл Б.Жаргалмаа, Х.Булгантуяа, Ч.Ундрам, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг нар Шведийн Хаант Улсын Риксдагийн тэргүүн дэд дарга, хатагтай Оса Линдестам тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. 2022.05.23 http://parliament.mn/n/t1bon

Шведийн Хаант Улсын парламент буюу Риксдагийн Тэргүүн дэд дарга хатагтай Оса Линдестам тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2022.05.23 http://parliament.mn/n/tsbon

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” сэдвийн дор хэлэлцүүлэг өрнүүлж, эрдэмтэн, судлаач, хуульчдын санал, зөвлөмжийг сонсов. 2022.05.23 http://parliament.mn/n/t6bon

Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөрийн санаачилгаар “Монгол Улсад төрийн зохицуулалтыг оновчтой болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. 2022.05.23 http://parliament.mn/n/1nbon

Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2022.05.24 http://parliament.mn/n/1sbon

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-иас Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. 2022.05.24 http://parliament.mn/n/16bon

УИХ-ын Тогтвортой хөгжлийн дэд хороо болон Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо хамтран Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар хурал хийлээ. 2022.05.24 http://parliament.mn/n/ugbon

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны эхэнд Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг хийсэн. Дараа нь Засгийн газраас 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ. 2022.05.24 http://parliament.mn/n/unbon

Шведийн Хаант Улсын Риксдагийн Тэргүүн дэд дарга хатагтай Оса Линдестам тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалахлаа. 2022.05.24 http://parliament.mn/n/ukbon

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Дараа нь Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Үргэлжлүүлэн “Хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо, төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүн"-гийн талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцэв. Хуралдааны төгсгөлд "Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн 2017-2020 оны улсын төсвийн санхүүжилтийн хэрэгжилт, үр нөлөө-"ний талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцэв. 2022.05.24 http://parliament.mn/n/uqbon

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Чехийн парламентын бүлгийн дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзлаа. 2022.05.25 http://parliament.mn/n/u1bon

Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулсан Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах Ажлын хэсгийн гишүүн Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Б.Жаргалмаа нар Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр болон Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. 2022.05.25 http://parliament.mn/n/usbon

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” сэдвээр цуврал хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Өнгөрөгч даваа гаригт (2022.05.23) эрдэмтэн судлаач, хуульчдын саналыг сонссон бол улс төрийн намуудын удирдлагуудын саналыг сонсох ээлжит хэлэлцүүлгээр үргэлжиллээ. 2022.05.25 http://parliament.mn/n/u6bon

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын 2022 оны 14 дүгээр тогтоолоор байгуулсан Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. Дараа нь Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Дараа нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр, Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. 2022.05.25 http://parliament.mn/n/u4bon

Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийн хэрэгжилтийг хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа нар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 55 дугаар сургууль, Хөгжлийн бэрхшээлтэй нялхсын 10 дугаар сувилал болон Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. 2022.05.26 http://parliament.mn/n/wkbon

Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос Төрийн албаны зөвлөл, Сангийн яамтай хамтран “Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 2022.05.26 http://parliament.mn/n/wgbon

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Азийн хөгжлийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2022.05.26 http://parliament.mn/n/igbon

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хэлэлцэж дэмжлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Дараа нь  УИХ дахь МАН-ын бүлгийн завсарлагааны хугацаа дууссан тул Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ. Дараа нь “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.  Монгол Улсын Ерөнхийлөгч 2022.05.20-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.  2022.05.26 http://parliament.mn/n/ikbon

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 2022.05.26 http://parliament.mn/n/wqbon

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар  Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх асуудлаар дараагийн нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулахаар тогтон санал хураалтыг түр хойшлууллаа. Дараа нь Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Мөн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2022 оны 14 дүгээр тогтоолоор байгуулсан “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Үргэлжлүүлэн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. 2022.05.26 http://parliament.mn/n/iqbon

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд санал хураалт явуулах үед УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн бүлгийн хуралдаанаар төслийг дахин хэлэлцэж, гишүүд саналаа нэгтгэх шаардлага байна гэсэн үндэслэлээр завсарлага авсан билээ. Дараа нь Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжээгүй учир Хуулийн төсөл буцаах тухай УИХ-ын тогтоол батлан, төслийг хууль санаачлагчид нь буцаалаа. Үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа. Дараа нь Монгол Улсын Их Хурлаас 2016, 2019 онуудад өрийн удирдлагын талаар баримтлах дунд хугацааны стратегийн баримт бичгийг 2 удаа баталж байсан бол 2020 онд шинээр бүрдсэн Монгол Улсын Их Хурал анх удаагаа Монгол Улсын Засгийн газрын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлантай танилцаж, Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон бодлогын баримт бичиг болох 2023-2025 онд баримтлах өрийн удирдлагын стратегийн баримт бичгийг баталлаа. Мөн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

2022.05.27 http://parliament.mn/n/i4bon

Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Ё.Баатарбилэг нар өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд санаачлан боловсруулсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай анхдагч хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2022.05.27 http://parliament.mn/n/i6bon

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдоос Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандаж, Сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонсов. 2022.05.27 http://parliament.mn/n/snbon

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” сэдвээр цуврал хэлэлцүүлгийг энэ долоо хоногт зохион байгуулав. Өнгөрөгч даваа гаригт (2022.05.23) эрдэмтэн судлаач, хуульчдын саналыг сонссон бол лхагва гаригт (2022.05.25) улс төрийн намуудын удирдлагуудын байр суурийг сонссон. Өнөөдөр (2022.05.27) Үндсэн хууль тогтоогчдын холбоотой хамтран зохион байгуулсан ээлжит хэлэлцүүлгээр 1992 онд ардчилсан Үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурлын депутатуудын санал бодлыг сонссон юм. 2022.05.27 http://parliament.mn/n/s4bon

Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төсөл, Монголын Карл Попперын Мэтгэлцээний нийгэмлэг хамтран “Парламентын боловсрол” илтгэх ур чадвар, мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь шатыг зохион байгууллаа. 2022.05.29 http://parliament.mn/n/s6bon

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл