Цэс

Холбоо барих

ХЗБХ: Зарим байгууллагын 2022 оны төсвийн төслийг хэлэлцлээ


    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.07.06) хуралдаан 09 цаг 08 минутад Улсын Их Хурлын 15 гишүүн ирцэд бүртгүүлснээр цахимаар эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтлоо.

    Хуралдаанаар эхлээд Улсын Дээд шүүхийн 2022 оны төсвийн төслийг хэлэлцэж, Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Амардэлгэр танилцуулав. Монгол Улсын шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталж, хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор төслийг боловсруулсан бөгөөд ирэх оны төсвийг энэ оны батлагдсан төсвөөс 16 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж төсөөлсөн гэв. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж заалт болон холбогдох тогтоол, журамд нийцүүлэн цалин хөлс болон нэмэгдэл урамшуулалд 8.4 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан байна. Түүнчлэн төслийн эдийн засгийн зардлыг ангиллаар нь дэлгэрэнгүй танилцуулсан. Монгол Улсын шүүхийн тухай хуульд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнг Улсын дээд шүүхийн дэргэд ажиллуулахаар заасны дагуу, мөн Улсын дээд шүүхийн шүүгч хэрэг, маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой судалгаа хийх чиг үүрэг бүхий гурав хүртэл судлаач туслахтай байж болох зохицуулалтад нийцүүлснээр цалин урамшууллын хэсэгт голлох өөрчлөлт гарсан байна.


    Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Цар тахлын нөхцөлд төсвийн бүх байгууллага хэмнэлтийн горимд ажиллаж байгаа ийм нөхцөлд хүрээлэнгийн шинэ байрны ТЭЗҮ, автомашины зардал, мөн зарим орон тооны нэмэх асуудлыг хэмнэлтийн горимд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй гэдэг байр суурийг гишүүд илэрхийлж байв. Түүнчлэн хэрэгжүүлэх ажлуудаа эрэмбэлэн, үе шаттайгаар шийдвэрлэх төлөвлөгөө боловсруулж ажиллах нь зүйтэй гэдэг чиглэл өгсөн. Ийнхүү санал хураалт явуулахад Улсын Дээд шүүхийн 2022 оны төсвийн төсөлд хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн гаргасан саналуудыг тусган, төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 76.5 хувь нь дэмжив.


    Дараа нь Шүүхийн ерөнхий зөвлөл болон сахилгын хорооны 2022 оны төсвийн төслийг хэлэлцсэн. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр танилцууллаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны төсвийн төслийг Төсвийн тухай хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, Улсын Их Хурлын “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 2021  оны 3 дугаар тогтоолыг тус тус үндэслэн нийт 135.3 тэрбум төгрөг байхаар боловсруулсан байна. Үргэлжлүүлэн тэрбээр урсгал зардал; цалин хөлс, нийгмийн даатгалын зардал; хөрөнгийн зардлын төсөв болон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл заалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах урсгал зардлын нэмэлт төсвийн талаар нэгбүрчлэн танилцуулав.

    Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Пүрэвдорж, Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Б.Энх-Амгалан нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт мэдээлэл авсан. Шүүхийн үйл ажиллагааг цахимжуулах шаардлагын үүднээс тоног төхөөрөмжийн хангамжийн асуудлыг шийдвэрлэхээр холбогдох зардлыг төсөвт тусгасан гэдэг мэдээллийг ажлын хэсгээс өгч байв. Төрийн үйлчилгээний цахим шилжилтийн хүрээнд орон тоог хэмнэж, үүнээс үүдэн төсөв, зардлын ямар хэмнэлт гарсныг Н.Учрал гишүүн тодруулахад “Шүүхийн салбар цахим шилжилтийн хүрээнд орон тоо хэмнэх боломжгүй. Монгол Улсын шүүх жилд 80 гаруй мянган хэрэг маргааныг шийдвэрлэдэг. Маргаан бүр иргэдийн эрх ашгийг хамгаалдаг. Шүүхийн талаар хүмүүс янз бүрийн мэдээллийн улмаас байр сууриа илэрхийлдэг ч шүүхээр үйлчлүүлсэн иргэдийн 60 хувь нь сэтгэл ханамжтай гэсэн судалгааны дүн бий. Зарим аймаг, сумдын шүүх түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Шүүхийн хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр төсвийн төслийг боловсруулж, оруулж ирсэн. Одоогоор 41 шүүх Тамгын газрын байргүй байгаа. Харин энэ удаагийн төсвийн төсөлд гурвыг нь шийдвэрлэхээр тусгаж оруулж ирсэн” гэв. Сүүлийн долоон жилийн турш шүүхийн хөрөнгө оруулалтын зардлыг төсөлд огт тусгаагүй явж ирсэн, эдийн засгийн нөхцөл байдлыг маш сайн ойлгож байгаа ч зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж тодорхой асуудлуудыг төсөлд тусгасан гэдэг тайлбарыг хэлж байсан. 


    Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт орон тоо, барилга байгууламжийн зардлын төлөвлөлттэй холбоотой тодруулга хийж тайлбар авсан. Ийнхүү гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Хэлэлцүүлгийн явцад гишүүдийн гаргасан саналуудыг төсвийн төсөлд тусган, төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 64.7 хувь нь дэмжлээ.

    Дараа нь Хүний эрхийн Үндэсний Комиссын 2022 оны төсвийн төслийг хэлэлцэж, энэ талаар тус Комиссын гишүүн Г.Нарантуяа танилцуулав. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс /цаашид “Комисс” гэх/ улсын төсвөөс санхүүжнэ. Комиссын дарга жилийн төсвийн төслийг төлөвлөн Улсын Их Хурлын даргад хүргүүлэх бөгөөд төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлнэ. Комиссын дарга Байнгын хороогоор зөвшөөрөгдсөн төсвийн төслийг улсын нэгдсэн төсвийн төсөлд нэгтгүүлэхээр төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасан хугацаанд хүргүүлнэ” гэж заасан байдаг. Төсвийн төслийг боловсруулахдаа Жендэрийн тэгш байдлын тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон эдгээр хуулийн дагуу Комиссын чиг үүрэг нэмэгдэж, бүтэц өргөжсөнтэй холбогдуулан 5,793.7 сая төгрөг байхаар төсөвлөснөө танилцуулсан. Тус Комиссын ирэх оны төсвийн төсөлд Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын Төсвийн хяналт шинжилгээний газраас дүн шинжилгээг хийснийг Байнгын хорооны хуралдаанд мөн танилцуулсан.


    Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Комиссын орон тоог эрх зүйн шинэчлэлтэй холбогдуулан нэмэх шаардлага бий ч зохистой хэмжээнд байлгах ёстой гэдэг байр суурийг илэрхийлэн, төсвийн төслийн төлөвлөлтийг шүүмжилж байв. Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд төслийг төлөвлөсөн байдлаар дэмжих боломжгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн.

    Комиссын үндсэн үйл ажиллагааны зардал буюу судалгаа явуулах, шинжээч томилох зэрэг зардлуудыг зайлшгүй шаардлагын үүднээс нэмэгдүүлэн төлөвлөсөн гэдэг тайлбарыг ажлын хэсгээс өгч байв. Тус Комиссыг анх байгуулагдахад бүх зардлыг НҮБ-ын төслөөс санхүүжүүлж байсан учраас үйл ажиллагааны зардал, төсөв улсын төсөвт тусгагддаггүй байсан гэлээ. Тус байгууллагын үндсэн хөрөнгийн 99 хувь нь актлагдахаар байгааг мөн хэлж байсан. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт ирэх оны төсвийн төслөө өмнөх оныхоос гурав дахин нэмэгдүүлж, төсөөлсөн байгааг шүүмжиллээ.


    Улсын Их Хурлаас 2020 онд баталсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай, 2021 онд баталсан Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг хэрэгжүүлэх, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх шинэ бүтцийг байгуулах шаардлагатай. Эдгээр механизмийг шинээр эхлүүлэх, хэвшүүлэх зардал болон захиргааны ажилтнуудынхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг төсөвт тусгасан гэдэг тайлбарыг ажлын хэсгээс өгсөн. Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар төсвийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Өнөөдрийг хүртэл Монгол Улс хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаагаа гадны зээл, тусламжаар санхүүжүүлж ирснийг дурдав. Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд шинэ институциуд байгуулах үүргийг өгсөн, үүнийг хэрэгжүүлэхэд төсөв шаардлагатай гэдгийг хэлж байлаа. Ийнхүү Байнгын хорооны гишүүд Хүний эрхийн Үндэсний Комиссын 2022 оны төсвийн төслийг хэлэлцээд, санал хураалт явууллаа. Хэлэлцүүлгийн явцад Байнгын хорооны гишүүдээс гаргасан саналуудыг төсвийн төсөлд тусган, төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

    Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд Үндсэн хуулийн 2021 оны 6 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны  тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Төслийн талаар Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцууллаа. Хууль, тогтоол Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол ажлын 15 өдрийн дотор тухайн болон холбогдох бусад хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулах бөгөөд хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж, нэгдсэн хуралдаанд оруулахаар заасан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зохицуулалтын дагуу төслийг боловсруулсан гэв.


    Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал гаргах шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын саналыг С.Бямбацогт гишүүн гаргав. Уг горимын саналыг 11 гишүүн дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл