Цэс

Холбоо барих

Монголын Парламентын Бүлгэмийн дүрэм

МОНГОЛЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛГЭМИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл 

1.1. Монголын парламентын бүлгэм нь /цаашид “МПБ” гэх/ Олон Улсын Парламентын Холбоо /цаашид “ОУПХ” гэх/-ны үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын зүгээс харилцаа, хамтын ажиллагааг дэмжиж, өргөжүүлэн ажиллах зорилго бүхий Монгол Улсын Их Хуралд байгуулагдсан үндэсний бүлгэм бөгөөд Монгол Улсын Их Хурлын гишүүдийн сайн дурын олон нийтийн байгууллага мөн.

1.2. МПБ нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ, ОУПХ-ны дүрэм болон энэхүү дүрмийг мөрдлөг болгоно.

1.3. МПБ, гишүүд нь бусад орны хууль тогтоох байгууллагууд, бүс нутгийн парламентын байгууллага, хоёр талын парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд төрийн гадаад бодлого нэгдмэл байх, гадаад харилцаанд үндэсний ашиг сонирхлыг дээдлэх зарчмыг баримтална. 

Хоёр. МПБ-ийн үйл ажиллагааны зарчим, чиг үүрэг

2.1. МПБ үйл ажиллагаандаа ардчилсан ёс, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн хамгаалах, хууль дээдлэх, эрх хэмжээнийхээ асуудлыг хамтран хэлэлцэх зарчмыг баримтална.

2.2. МПБ бусад орны хууль тогтоох байгууллагуудтай хоёр талын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, ОУПХ болон олон улс, бүс нутгийн парламентын байгууллагуудаас парламентын ардчиллыг хөгжүүлэх, дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө олон улсын хамтын байгууллагын хүчин чармайлтыг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаанд оролцох үндсэн чиг үүрэгтэй ажиллана.

2.3. МПБ Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах хүрээнд олон тулгуурт гадаад бодлогын зарчмыг эрхэмлэж, бусад орны парламентын бүлгүүдтэй идэвхтэй хамтын ажиллагааг хөгжүүлнэ. 

2.4. ОУПХ-ны холбогдох тогтоол, шийдвэр, зөвлөмжийг хэрэгжүүлнэ.

Гурав. МПБ-ийн гишүүн

3.1. МПБ-ийн дүрмийг зөвшөөрч, МПБ-ийн гишүүн байх хүсэлтээ илэрхийлсэн Монгол Улсын Их Хурлын гишүүн МПБ-ийн гишүүн байна.

3.2. МПБ-ийн гишүүн дараах үүрэгтэй:

3.2.1. МПБ-ийн дүрмийн заалт, МПБ-ээс гаргасан хамтын шийдвэрийн хүрээнд үйл ажиллагаа явуулах; 

3.2.2. МПБ, хоёр талын парламент хоорондын бүлгийн үйл ажиллагаа, тэдгээрийн шугамаар хэрэгжүүлж буй арга хэмжээнд идэвх, санаачилгатай оролцох;

3.2.3. Гадаад арга хэмжээний үеэр ҮАБЗ-ийн зөвлөмжийг мөрдөж, гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиглэл, Улсын Их Хурлын удирдлагын зөвшөөрөлгүйгээр аливаа санал санаачилга гаргахгүй байх.

Дөрөв. МПБ-ийн Бүх гишүүдийн хурал

4.1. МПБ-ийн удирдах дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал болно.

4.2. Бүх гишүүдийн хурлыг МПБ-ийн Гүйцэтгэх хорооны дарга зарлан хуралдуулна. 

4.3. Бүх гишүүдийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ:

4.3.1. Гүйцэтгэх хорооны ажлын тайлан;

4.3.2. ОУПХ-ны тогтоол, шийдвэр, зөвлөмжийн хэрэгжилт;

4.3.3. Гүйцэтгэх хорооны гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх тохиолдолд түүний оронд тухайн гишүүний харьяалагдах нам, эвслийн бүлгээс дэвшүүлсэн гишүүнийг сонгох;

4.3.4. МПБ-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах.

4.4. Бүх гишүүдийн хурал хоёр жилд нэг удаа хуралдана. 

4.5. Бүх гишүүдийн хуралд оролцсон гишүүдийн ердийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргана. 

Тав. МПБ-ийн анхдугаар хурал

5.1. МПБ-ийн анхдугаар хурлыг Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрх хүлээн зөвшөөрөгдсөний дараа Улсын Их Хурлын дарга зарлан хуралдуулна.

5.2. Анхдугаар хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:

5.2.1. Улсын Их Хурлын гишүүдийг МПБ-ийн гишүүнээр баталж, МПБ-ийг шинэчлэн байгуулах тогтоол гаргах;

5.2.2. МПБ-ийн дүрмийг батлах;

5.2.3. Гүйцэтгэх хорооны дарга, дэд дарга, гишүүдийг сонгох;

5.2.4. Гүйцэтгэх хороог байгуулж тогтоол гаргах.

Зургаа. МПБ-ийн Гүйцэтгэх хороо

6.1. МПБ-ийн Гүйцэтгэх хороо нь дарга, дэд дарга, 7 гишүүн, нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй байна. 

6.2. МПБ-ийн Гүйцэтгэх хорооны даргад олонхын бүлгээс, дэд даргад цөөнхийн бүлгээс нэр дэвшүүлж, МПБ-ийн анхдугаар хурлаар ил санал хураалт явуулан гишүүдийн ердийн олонхын саналаар сонгоно.

6.3. Гүйцэтгэх хорооны гишүүдэд намын бүлгүүдийн сонгуульд авсан суудлын тоог харгалзан тухайн нам, эвслийн бүлгээс нэр дэвшүүлж, МПБ-ийг зохион байгуулах анхдугаар хурал болон энэ дүрмийн 4.3.3-д зааснаар Бүх гишүүдийн хурлаар ил санал хураалт явуулан гишүүдийн ердийн олонхын саналаар сонгоно. 

6.4. Гүйцэтгэх хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн төлөөллийг заавал оруулна.

6.5. Гүйцэтгэх хорооны эрх үүрэг:

6.5.1. Бүх гишүүдийн хурлаас гарсан шийдвэрийн биелэлтийг хангах;

6.5.2. ОУПХ-ны тогтоол, шийдвэр, зөвлөмжийг Улсын Их Хурлын харьяалагдах Байнгын хороонд танилцуулж, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, тухайн асуудлаар холбогдох байгууллагуудад санал, хүсэлт тавих; 

6.5.3. ОУПХ болон бусад орны парламент дахь бүлгүүд, олон улс, бүс нутгийн парламентын бусад байгууллагатай харилцаа тогтоож, хамтран ажиллах;

6.5.4. Цаг үеийн шаардлагатай олон улсын чухал асуудлаар ОУПХ-нд МПБ-ийн байр суурийг илэрхийлэх.

6.6. Гүйцэтгэх хороо жилд нэг удаа хуралдана.

6.7. Гүйцэтгэх хорооны үйл ажиллагаа нь Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар сонгогдсон гишүүд тангараг өргөх хүртэл үргэлжилнэ. 

6.8. МПБ-ийн өдөр тутмын үйл ажиллагааг Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэс эрхлэн явуулж, МПБ-ийн Гүйцэтгэх хороо хяналт тавина.

6.9. Гүйцэтгэх хорооны дарга дараах эрх, үүрэгтэй:

6.9.1. Гүйцэтгэх хороог удирдлагаар хангаж ажиллах;

6.9.2. ОУПХ-ны холбогдох тогтоол, шийдвэр, зөвлөмжийн мөрөөр Улсын Их Хурлаас авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар ОУПХ-нд захидал бичиг илгээх;   

6.9.3. МПБ-ийн ажлын төлөвлөгөөг жил бүр баталж, захирамж гаргах;

6.9.4. Улсын Их Хурал дахь хоёр талын парламентын бүлэг байгуулж, даргаар ажиллах тухай Улсын Их Хурлын гишүүдээсгаргасан хүсэлтийг хүлээн авч, холбогдох захирамж гарган шийдвэрлэх;

6.9.5. Хоёр талын парламентын бүлгийн дэд дарга, гишүүнээр ажиллах, чөлөөлөгдөх тухай Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан хүсэлтийг хүлээн авч, холбогдох захирамж гарган шийдвэрлэх;

6.9.6. МПБ-ийн шугамаар хүлээн авах төлөөлөгчдөд урилга явуулах;

6.9.7. Гүйцэтгэх хороогоор хэлэлцэн баталсан аливаа асуудлаар захирамж гаргах.

6.10. Гүйцэтгэх хорооны даргын эзгүйд дэд дарга орлон ажиллана. 

6.11. МПБ-ийн Гүйцэтгэх хорооны Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга хавсран ажиллана.

Долоо. Хоёр талын парламентын бүлэг 

7.1. Улсын Их Хурлын гишүүн хоёр талын парламентын бүлэг байгуулж, даргаар ажиллах болон парламентын бүлэгт дэд дарга, гишүүнээр элсэж ажиллах хүсэлтээ МПБ-ийн Гүйцэтгэх хорооны даргад бичгээр гаргана. 

7.2 Улсын Их Хурлын гишүүн хоёр талын парламентын 3 хүртэлх бүлгийн дарга, 5 хүртэлх бүлгийн гишүүн байж болно.

7.3. Хоёр талын парламентын бүлэг нийт 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй, 2 хүртэлх дэд даргатай байж болно. 

7.4. Хоёр талын парламентын бүлгийн дарга Засгийн газрын гишүүнээр томилогдсон тохиолдолд бүлгийн даргаас чөлөөлөгдөнө.

Найм. Бусад

8.1. МПБ-ийн санхүүгийн эх үүсвэр нь улсын төсөв, бусад орлогоос бүрдэнэ.

8.2. МПБ өөрийн тэмдэг, хэвлэмэл хуудастай байна. 

8.3. Энэхүү дүрэм нь МПБ-ийн Бүх гишүүдийн хурлаар баталсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

-----оОо-----

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл