Цэс

Холбоо барих

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Өнөөдрийн /2023.10.12/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцснээр эхэллээ.  Хууль санаачлагийн илтгэлийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулсан.

Тэрбээр илтгэлдээ, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9.1-т “Монгол Улсын Их Хурал орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно” гэж заасан байдаг. Энэ дагуу Монгол Улсын Их Хурлын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар тогтоолоор аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байхаар тогтоож, мөн хугацаанд ээлжит сонгууль зохион байгуулагдсан. Түүнчлэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 82.1-т “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэж хуульчилсан нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хугацааг тодорхой зааж өгсөн.Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, тухайн нутгийн өөрөө удирдах байгууллагыг өөрсдийн төлөөллөөр бүрдүүлэх, сонгуулийг нээлттэй, хяналттай зохион байгуулж явуулах удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн орчныг сайжруулахад чиглэсэн нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар боловсронгуй болгох зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байна гэлээ. Тухайлбал, сонгуульд оролцож буй нам, эвсэл нэр дэвшигчдээс зарцуулах зардлын хэмжээг бууруулах чиглэлээр сонгуулийн сурталчилгааны хуулиар зөвшөөрсөн арга хэлбэр түүний тоо, хэмжээг 50 хүртэл хувиар бууруулах, зардлын дээд хэмжээг тогтоохдоо сонгуулийн зардлыг бууруулах чиглэлийг баримтлах, сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, нягтлан шалгах үйл ажиллаганы ил тод, хяналттай байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигч, сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт, мониторинг хийх төрийн бус байгууллагуудын оролцоог хуульчлах, сонгогч нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгах, буруу бүртгэгдсэн тохиолдолд гомдол гаргах хэлбэрүүдийг нэмэгдүүлэх, санал тоолох төхөөрөмжөөс гарсан санал хураалтын үр дүнг 100 хувь гар аргаар давхар тоолж, хяналтын тооллого хийх зэрэг сонгууль зохион байгуулалтын үйл ажиллагааны ил тод байдал, хяналтын нэмэгдүүлэх чиглэлийн нарийвчилсан зохицуулалтуудыг нэмж тусгах шаардлагатай байна. Иймд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль зохион байгуулах үйл ажиллагааг болон эрх зүйн орчныг сайжруулах талаарх дээрх шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулахад уг хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт хуульчилсан дээрх хугацаанд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн тул тус хуулийн төслийг боловсруулсан. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт хуульчилсан нэг жилийн хугацааг зургаан сар болгон өөрчлөх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ гэв.

Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг тус байнгын хорооны дарга Н.Энхболд танилцууллаа. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Ажлын хэсгээс  УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Алтанхуяг, Н.Ганибал нарын гишүүд асуулт асуув. Тухайлбал, сонгууль болохоос 6 сарын өмнө  Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүйгээр хуульчилсан боловч хуульдаа өөрчлөлт оруулах замаар хуулийг өөрчилж байгаад шүүмжилттэй хандсан.  УИХ-ын гишүүн Н.Энхболд, энэхүү хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий 5 гишүүн буюу орон нутгийн удирдлагад ажиллаж байсан гишүүд өргөн барьсан гэдгийг онцолье. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. Гэхдээ заавал ирэх жилийн 4 сар хүртэл хууль хэлэлцэхийг хойшлуулна гэж ойлгож болохгүй. Улс төрийн үр дагавраа ойлгож байгаа. Хамгийн чухал нь энэхүү хуулийг хэлэлцэхэд олон нийтийн санаа бодол, улс төрийн намуудын байр суурийг сонсож, чамбай хэлэлцэх ёстой гэв. 


Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн, дэмжээгүй гишүүд үг хэлэв. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, нэг жилийн дотор хуулийг өөрчилж болохгүй. Эрх баригчид өөрсдийн эрх ашигтай нийцүүлэн хуульд өөрчлөлт оруулах гэж байна гэсэн байр сууринаас дэмжихгүй гэдгээ илэрхийллээ. Харин УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, УИХ-ын сонгуулийн тухай хуульд орсон зарим өөрчлөлтийг дагаж Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Тухайлбал, зардлыг бууруулах, эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх зэрэг өөрчлөлтийг хийхээс гадна орон нутгийн сонгууль ямар тогтолцоогоор  явуулах зэргийг зайлшгүй шийдэх шаардлагууд бий гэв. Энэ оны 12 дугаар сарын 31-ний өдөр  гэхэд хэлэлцэж, батална гэсэн чигтэй байна хэмээн дэмжиж үг хэлэв.  Тус хуулийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх эсэхээр санал хураахад 71,1 хувийн саналаар дэмжигдэж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Түүний дараа Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаар хууль санаачлагчийн илтгэлийг Батлан хамгаалахын сайд Г. Сайханбаяр танилцууллаа.


Тэрбээр, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль нь 1994 онд батлагдаж, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинээр болон шинэчлэгдэн батлагдсан хууль тогтоомжтой нийцүүлэх асуудлын хүрээнд нийт 23 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Хуулийн төслийг боловсруулахдаа Хууль тогтоомжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу төрийн захиргааны төв байгууллагууд болон Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрийн бус байгууллагуудаас саналыг авахад дэмжсэн бөгөөд хуулийн төслийн хэлэлцүүлгийг Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт дээр явуулж, Батлан хамгаалах яамны албан ёсны цахим сайтад иргэдээс санал дүгнэлт авахаар хуулийн төслийг байршуулсан бөгөөд санал ирээгүй болно. Иймд дээрх хууль зүйн болон практик хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хуулийн зарим эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох үүднээс хуулийн төслийг боловсрууллаа. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль нь 1994 онд батлагдаж, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинээр болон шинэчлэгдэн батлагдсан хууль тогтоомжтой нийцүүлэх хүрээнд нийт 23 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. УИХ-ын 2021 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд батлан хамгаалах чиглэлээр тусгасан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Батлан хамгаалах яамнаас боловсруулжээ. Төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тус хуулийн төсөлд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуультай нийцүүлэн тус хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудын эмэгтэй албан хаагчийн жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааг алба хаах хугацаанд оруулан тооцох,  дээрх хугацаанд төлбөл зохих эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хорооноос тухайн үед мөрдүүлэхээр баталсан сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон сар бүр улсын төсвөөс хариуцан төлөх эрх зүйн зохицуулалтыг тусгажээ. Хоёрдугаарт,  цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахтай холбогдсон зааврыг батлан хамгаалах болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлахтай холбогдсон эрх зүйн зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Гуравдугаарт, цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэн ахмад настны тухай хуулийн 3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан насанд хүрээгүй байхдаа нас барсан тохиолдолд түүний оршуулгын зардал олгогдохгүй байгаа  хийдлийг засаж, тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт энэ талаарх зохицуулалтыг, дөрөвдүгээрт, цэргийн албыг 10-аас доошгүй жил хаасан цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээртүүнчлэн цэргийн алба хаах насны насны хязгаар хэтэрч ажлаас чөлөөлөгдвөл түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгох эрх зүйн зохицуулалтыг тусгав гэв. 

Тус хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат танилцуулсан. Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг эмэгтэй цэргийн алба хаагчийн жирэмсний болон хүүхэд харах чөлөөний хугацааны төсвийг хуулийн төсөлд хэрхэн тусгасан талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир эмэгтэй цэргийн алба хаагчийн жирэмсэн болон хүүхэд харах чөлөөтэй байх үеийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд хэрхэн зохицуулж ирсэн, тэдгээр хүмүүсийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар, төслийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Цэргийн албыг 10-аас доошгүй жил хаасан цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч ажлаас чөлөөлөгдвөл түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно.” гэсэн нь жилд хэдэн хүн хамрагдаж хэдэн төгрөгийн төсөв зарцуулагдах талаар, өмнө нь олгож ирсэн цэргийн цолны зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодох заалт нь уг  хуулийг дордуулж эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат хуулийн төслийн хамрах хүрээнд Төрийн цэргийн бүх байгууллага орж байгаа эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг хуулиар олгогдсон жирэмсний болон амаржсаны дараах нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажиллаж байх хугацааны үндсэн цалин хөлснөөс тооцдог бөгөөд түүнээс хойш хүүхдээ 3 нас хүртэл харах тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож олгохыг ялгах эсэх талаар, 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгох гэснийг Төрийн албаны хуультай нийцүүлэн ажилласан жилтэй нь дүйцүүлэх талаар,  Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Ахмад настны тухай хуулийн насанд хүрээгүй байхдаа нас барсан тохиолдолд түүнд оршуулгын зардал олгодоггүй хуулийн хийдэл байгааг хэрхэн зохицуулах талаар, цэргийн анги, салбарт ажиллаж байгаа энгийн алба хаагчдын эрх зүйн байдлын талаар тус тус асуулт асууж, хариулт авлаа.  Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлээгүй бөгөөд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувийн саналаар үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн болно гэв.  Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Н.Ганибал, Д.Ганбат, Т.Аубакир нар асуулт асуусан. Тухайлбал, цэргийн эмэгтэй албан хаагчдыг хэрхэн бэлтгэж байна, дайчилгааны бэлэн байдлыг хэр хангаж байгаа тухай, алслагдсан анги, салбарт ажиллаж буй цэргийн албан хаагчдын хүүхдүүдийн боловсролд хэр анхаарч байна, тэтгэвэрт гарсан цэргийн албан хаагчдыг эргэн ажлын байраар хангах боломж бий эсэх талаар асуув. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр,  2021,  2023 онуудад  дайчилгааны болон орон нутгийн хамтарсан сургалтыг зохион байгуулсан. Монгол Улс дайчилгааны нөөц, чанарын хувьд боломжтой хэмжээнд байгаа. Онцгой нөхцөл байдал үүссэн үеийн эрсдэлийг тооцсон төлөвлөлт, бэлтгэлд анхаарч ажиллаж байна. Монгол Улсын зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн эзлэх хувь хэмжээ дэлхийн дундажтай харьцуулахад ойролцоо байгаа. Дэлхийн дундаж 13-15 хувьтай бол манайх 11 орчим хувьтай байна. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд эмэгтэй албан хаагчид хүйсийн ялгаагүйгээр  цэргийн инженер, офицерийн болон ахлагчийн албан тушаалд томилогдон ажиллаж байна. Алслагдсан анги, салбарын цэргийн албан хаагчдын нийгмийн асуудалд анхаарч эхэлсэн. Харин хүүхдийн боловсролын асуудал хүндрэлтэй байгаа. Тухайн сум, орон нутгийнхаа Ерөнхий боловсролын сургуульд суралцахаас өөрөөр шийдэх боломж байхгүй. Албан хаагчийн ихэнх хүүхдүүд гэрээсээ хол тухайн орон нутгийн  сургуулийн дотуур байранд амьдарч сурч, хүмүүжиж байна. Цэргийнхэн 45 наснаас тэтгэвэрт  гардаг. Тэднийг дараагийн амьдралд бэлтгэх талаар тодорхой ажлыг хийж байна. Тухайлбал, мэргэжил, туршлага, чадварыг нь харгалзан тодорхой ажлын байранд ажиллуулахыг эрмэлзэж байна гэв. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэж олонхи үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлж, дараагийн хэлэлцэх асуудалдаа орлоо.


Хуралдаанаар үргэлжлүүлэн Байнгын хорооны даргыг сонгох тухай хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэв.  УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг байнгын хорооны санал, дүгнэлтийг  танилцууллаа. Тэрбээр, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нэр дэвшигч УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг УИХ-д сонгогдон ажилласан туршлага, төрийн ажлын мэдлэг, ур чадварыг харгалзан  Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлэн хэлэлцүүллээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн, 53 настай. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1988 онд 14 дүгээр дунд сургууль, 1994 онд ОХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1998 онд Австралийн Үндэсний их сургуулийг тус тус төгссөн. 1994-2000 оны хооронд Гадаад хэргийн яаманд ажилласан. 2002-2008 онд Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, 2008-2011 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2011-2012 онд Ерөнхий сайдын зөвлөх, 2012 оноос Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, 2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд, 2016-2020 онд УИХ-ын гишүүн,  2017-2020 онд Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд,  2020 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож ажиллаж байна. Хууль зүйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг нэр дэвшүүлснийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн болно гэв. УИХ-ын нэгдсэн хуралдааны үеэр нэр дэвшигч Д.Цогтбаатараас асуулт асуух гишүүн байсангүй. Тиймээс Хууль зүйн байнгын хорооны даргаар Д.Цогтбаатарыг сонгох санал хураалтыг явуулж, 73,3 хувийн саналаар дэмжигдлээ. Ийнхүү УИХ-ын дарга Г.Занданшатар Д.Цогтбаатарыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгогдсон, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг тус байнгын хорооны даргаас чөлөөлсөн УИХ-ын тогтоолыг танилцуулав.


Нэгдсэн хуралдаан үргэлжлүүлэн Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай  хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Төслийг анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг  УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн билээ. Нийгмийн бодлогын байнгын хороо 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн болно. Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир товлолт вакцины төрөлд нэмэгдэж байгаа гурван өвчний вакцины нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөө болон манай орны хувьд энэ төрлийн өвчлөл нь нийт өвчлөлийн хэдэн хувийг эзэлдэг, энэ төрлийн вакциныг дэлхийн хэдэн улс орон товлолт дархлаажуулалтад оруулсан талаарх судалгаа байдаг эсэх талаар асуулт асууж хариулт авсан болно.  Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22 дахь хэсэгт заасныг баримтлан хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувийн саналаар дэмжсэн болно гэв. Тус байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй тул анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналаар санал хураалт явуулж,  дэмжигдлээ.



Өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатараас 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 2022 оны 12 дугаар сарын 08- ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Төсвийн байнгын хорооны 2022 оны 10 дугаар тогтоолоор хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ц.Сандаг-Очир нар болон холбогдох бусад албан тушаалтнууд ажиллалаа. Төсвийн байнгын хороо 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн болно. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөлд иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор Улсын Их Хурлын "D.Parliament.mn" цахим системээр дамжуулан олон нийтээс тухайн төсөлтэй холбогдуулан ирүүлсэн болон ажлын хэсгээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, дараах санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулж байна гээд төсөлд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг зөвхөн хуулийн этгээд эрхлэх бөгөөд зөвлөх үйлчилгээ эрхлэхдээ бусад татварын мэргэшсэн зөвлөхтэй гэрээгээр хамтарч ажиллах нь нээлттэй байх, зөвлөх үйлчилгээ эрхлэх хуулийн этгээд нь даатгалын байгууллагаа өөрөө сонгож, мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулах, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар олгох, гурван түвшний зэрэглэлтэйгээр буюу 1,2 дугаар түвшний эрхийг тав, таван жилийн хугацаагаар, 3 дугаар түвшний зэрэглэлийг хугацаагүй олгох, татварын мэргэшсэн зөвлөхийн хүрээг нэмэгдүүлэх зорилгоор татвар, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр 5-аас доошгүй жил их, дээд сургуульд багшилсан багш, 4-өөс доошгүй жил татварын асуудал эрхэлсэн төрийн байгууллагад ажмлласан албан хаагчийг хамруулах, татварын улсын байцаагчийн ажил, албан тушаалд 10-аас дээш жил ажилласан бол татварын эрх олгох  зэрэг санал, дүгнэлтийг гаргасан байна. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Б.Баттөмөр нар асуулт асуув.






Тус хуулийн төслийн талаарх Ажлын хэсгийн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Тухайлбал, зөвлөх үйлчилгээ эрхлэх хуулийн этгээд нь татвар төлөгчийг татварын эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар татвар төлөгчдөд мэдээлэл өгөх үүрэгтэй бөгөөд Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн гишүүн байна, Зөвлөх үйлчилгээ эрхлэх хуулийн этгээд нь даатгалын байгууллагаа өөрөө сонгож, мэргэжлийн хариуцлагыг даатгалд хамруулна гэсэн заалтыг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа дахин эргэн харах шаардлагатай гэсний дагуу УИХ-ын даргаас гүйцээн боловсруулах чиглэл авав. Мөн татварын улсын байцаагчийн ажил, албан тушаалд 10-аас дээш ажил ажилласан бол татварын албаны тодорхойлолтыг үндэслэн энэ хуулийн 15.1.3-т зааснаас хоёроос дээшгүй шалгалтаас чөлөөлж болох бөгөөд уг харилцааг татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох, сунгах, шалгалт авах журмаар зохицуулна гэсэн заалтыг мөн гүйцээн боловсруулах чиглэл өгч буцаав. Ажлын хэсгийн бусад зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл