Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайханаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.10.13/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 06 минутад гишүүдийн 65.3 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайханаас 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тавьсан Малчдын өмнө тулгамдаж буй асуудлын талаарх асуулгын хариуг сонссон юм.

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мэдээлэл хийв. Тэрбээр мэдээлэлдээ, Мал аж ахуйн салбараас жилд дунджаар 500.0-600.0 мянган тонн мах, 15.0-20.0 сая ширхэг арьс шир, 33.0-35.0 мянган тонн ноос, 10.1 мянган тонн ноолуур, 750.0-850.0 сая литр сүү, 225.0-250.0 сая ширхэг өндөг үйлдвэрлэн 2022 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 12.6 хувийг, нийт экспортын 5.6 хувийг бүрдүүлж буйг онцолсон.

Мөн улсын хэмжээгээр 2022 оны эцэст мал тооллогын дүнгээр 71.1 сая толгой мал тоологдож, өмнөх оноос 3.8 саяар өссөн. Мал тооллогын 2022 оны дүнгээр нийт малтай өрхийн 76.8 хувь буюу 190.8 мянган өрх нь жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж, амьжиргааны эх үүсвэрээ бүрдүүлж байгаа малчин өрх байна.Малчин өрхийн тоо өмнөх оноос 2.2 мянга буюуя1.2 хувиар өссөн дүнтэй гарсныг сайд мэдээлэлдээ дурдаад мал аж ахуйн салбарт 2023 онд 20.1 сая эх мал төллөж,17.8 сая төл бойжуулсан. Ингэснээр энэ оны 09 дүгээр сарын сүүлийн байдлаар 80 сая толгой мал бэлчээрлэж байна гэв.   

Мөн мал аж ахуйн салбарын хөгжилд тулгамдаж буй асуудал нь малын өвчлөл, мал эмнэлгийн үйлчилгээний үнэ тарифын асуудал байдаг. Олон улсын хорио цээртэй мал, амьтны гоц халдварт өвчний тархалтаас үүдэлтэйгээр мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гадаад зах зээлд гарах нөхцөл хязгаарлагддаг. Салбарын яам малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины тарилгын хөлсийг 2023 онд нэг дахин нэмэгдүүлсэн. Ингэснээр малын вакцин, тарилга зэрэг мал эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч малын өвчлөлийг бууруулах эерэг үр нөлөө үзүүлэх юм гэж байлаа.   

Мал аж ахуй салбарын бодлогын үр дүнг тооны бус чанарын шалгуураар хэмжих зорилтыг хэрэгжүүлж байна. Засгийн газрын шийдвэрээр баруун гурван аймаг (Баян-Өлгий, Увс, Ховд) бүхэлдээ, Хөвсгөл аймаг бүтнээр нь, Булган, Дорнод, Хэнтий аймгийн зарим сумдад мал эмнэлгийн дэглэм бүхий тусгаарлагдсан эрүүл бүс байгуулахаар бэлтгэл хангаж байна. Харин бусад аймгуудад мал бордож бэлтгэн нийлүүлэх хамгаалалттай аж ахуйнуудыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад тулгуурлан байгуулах боломж бүрдүүлэх Хөдөө аж ахуйн бүсийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Тусгаарлагдсан эрүүл бүс, хамгаалалттай аж ахуй байгуулахтай холбогдуулан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулахаар санал тусгаж байна. Эдгээр эрүүл бүс, тусгаарлагдсан аж ахуйнуудад бордох мал сүргийг олон улсын шаардлагын дагуу ялган тэмдэглэж бүртгэлжүүлэн түүхий эд, бүтээгдэхүүнийг мөшгих тогтолцоог бүрдүүлэх замаар гадаадад гаргах, үнийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм. Ийнхүү Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, шаардлагыг хангасан малын өвчнөөр тайван бүс, байгууламж бий болсноор мал аж ахуйн салбараас үйлдвэрлэх түүхий эд болон боловсруулсан бүтээгдэхүүнийг нэмэгдүүлж, гадаадын зах зээлээс валютаар орлого бүрдүүлж салбарын хөгжилд төдийгүй малчид, иргэд, аж ахуйн нэгжүүд ашигтай ажиллах эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдэнэ гэдгийг Х.Болорчулуун сайд мэдээлэлдээ дурдахын зэрэгцээ Монгол Улсын Их Хурлын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны “Хүнсний хангамж, хөдөө аж ахуйн салбарын технологит ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоолын хүрээнд дээрх аж ахуйн нэгжүүд Мал, аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээлд хамрагдаж байна. Тухайлбал, мах, сүү, тахианы мах, өндөг үйлдвэрлэлийн чиглэлээр 12 иргэн, аж ахуйн нэгж 29.7 тэрбум төгрөгийн зээлд хамрагдсан бөгөөд одоо үйлдвэрлэлээ өргөтгөх ажлыг хийж байна гэв. 

Түүнчлэн малчдын залуу халааг  бэлтгэх, дэмжих талаар төрөөс тодорхой бодлого, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Монгол Улсын Их Хурлаас баталсан Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд малчдын зарим эрх, үүргийг шинээр тодорхойлсныг тэрбээр тодотгоод Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол малчин” үндэсний хөтөлбөр нь төрийн зүгээс малчдад тулгамдсан зарим асуудлуудыг шийдвэрлэх, малчдыг мэдээллээр хангах, хөгжүүлэх, орон нутагтаа ая тухтай ажиллах, амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, бүтээмж, орлого, ашгийг нь өсгөхөд чиглэгдсэн хөтөлбөр болсон хэдий ч уг хөтөлбөрт тусгагдсан хөрөнгө, санхүүжилтийн асуудал бүрэн шийдэгдээгүй байгаатай холбоотой зарим хүндрэл үүсэж байна. Тиймээс НҮБ-ын Хүнс, аж ахуйн байгууллагын дэмжлэгтэйгээр "Залуу малчдын сургалтын хэрэгцээг тодорхойлох нь" төслийг 2021-2023 онд хэрэгжүүллээ. Төслийн үр дүнд "Залуу малчдад зориулсан чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр"-ийг боловсруулаад байна. Цаашид энэхүү хөтөлбөрийг манай салбарт хэрэгжих олон улсын төсөл, хөтөлбөрөөр дамжуулан малчдад зааж сургаж, үр дүнд  хүрэх  чиглэлээр ажиллах болно. Өнгөрсөн 7 хоногт "Мал аж ахуйн сэргэлт-залуу малчдын үндэсний чуулган"-ыг Төрийн ордонд зохион байгуулан малчдад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр 10 арга хэмжээг тодорхойлон хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна гэж байлаа.


Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэ хямд, өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулагдаж чадахгүй байгаа нь үнэн. Бид арьс шир, ноос ноолуурын борлуулалтыг сайжруулах чиглэлээр дараах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаа. Тухайлбал, арьс ширний боловсруулах үйлдвэрийг дотооддоо барьж байгуулан ашиглалтад оруулах хүртэл хугацаанд арьс ширийг түүхийгээр нь гадаадад гаргах боломжийг бүрдүүллээ. Мөн ноолуурын боловсруулалтын шатлалыг ахиулж угаасан бус самнасан ноолуур экспортлох зохицуулалтын арга хэмжээ авлаа. Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд  ноолуур бэлтгэлийн үйл ажиллагаанд 216.9 тэрбум, арьс шир бэлтгэлийн үйл ажиллагаанд 20.0 тэрбум, ноос бэлтгэлд 16.0 тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээлийг  арилжааны банкаар дамжуулан олгосон бөгөөд Засгийн газраас нийт зээл, зээлийн хүүгийн хөнгөлөлтийг олгосон. Зээл, зээлийн хүүгийн зөрүү зэрэг татаас, урамшууллын бодлогоос гадна мал, махны экспортыг дэмжих бодлого баримтлан, зарим шийдвэрийг гаргаад байна. Тухайлбал, Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний  өдрийн зөвлөмжөөр адуу, үхэр, хонь, ямааны түүхий мах, дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны махыг бодлогын гэрээний үндсэн дээр хязгаарлалтгүй экспортлохоор баталсан. Ингэснээр экспортлогч, импорлогч талын хооронд байгуулсан мал эмнэлгийн хорио цээрийн протокол болон импортлогчийн шаардлага хангасан тохиолдолд тэмээнийхээс бусад бүх төрлийн малын түүхий болон дулааны аргаар боловсруулсан махыг экспортлож, малыг эдийн засгийн эргэлтэд эрчимтэй оруулах боломжийг бүрдүүлсэн. Мөн Засгийн газрын 2017 оны 318 дугаар тогтоолоор үржлийн бус эр хонь, ямааны 10 хүртэл хувийг экспортлох ажлыг зохион байгуулж байна. Мал, махны экспортын улирлын ялгааг арилгаж, нийлүүлэлтийн тасралтгүй байдлыг хангах зорилгоор Засгийн газрын 2022 оны 424 дүгээр тогтоолоор мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүсүүдийг байгуулахаар шийдвэрлэн холбогдох анхан шатны арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна. Ингэснээр жил бүр 25-30 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулж бэлчээрийн ачааллыг бууруулан, малчид, аж ахуй эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэн, дотоодод ажлын байрыг шинээр бий болгох боломж бүрдэнэ гэдгийг салбарын сайд мэдээлэлдээ онцлов.  

Хот суурин газрын хүн амын сүүний хангамжийн сайжруулах зорилгоор өвлийн улиралд бэлтгэн нийлүүлсэн литр сүүнд 500 төгрөгийн урамшуулал олгож эхэлснээр сүү нийлүүлэлтийн хэмжээ сүүлийн гурван жилд 52 хувиар нэмэгдсэн. Бэлтгэх сүүний хэмжээг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хангах чиглэлээр сүүний урамшууллыг хоёр дахин нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ухаалаг мал аж ахуйг хөгжүүлэх бодлогын болон зохион байгуулалтын арга хэмжээг олон улсын  байгууллагатай хамтран хэрэгжүүлэх, байгалийн бэлчээр, усны нөөцөд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж буй талаар малчдыг зохих мэдлэг, мэдээлэлтэй, хариу арга хэмжээ авах чадавхтай болгох чиглэлээр “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийг уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг, байгалийн нөөцөөс хамааралтай Ховд, Завхан, Сүхбаатар, Дорнод аймагт хэрэгжүүлж эхлээд байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, Мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийн үндэс болсон бэлчээрийн бүртгэл, үнэлгээг дахин нарийвчлан хийж, бэлчээрийн төрөл, төлөв байдлыг бодитой тодорхойлох, хөдөө аж ахуйн цаг уурын мэдээллийг өргөтгөх, мэдээлэл нь салбарын эрсдэлийг бууруулах, арга хэмжээ төлөвлөх, хэрэгжилтийг хангах ач холбогдолтой. Манай улсын мал сүргийн тооны өсөлтөөс шалтгаалсан бэлчээрийн даац хэтрэлт төвийн бүсийн аймгуудад их байгаа, бэлчээрийн даацад тохирсон тооны малтай,  аж ахуйтай байх бодлогын хүрээнд малын борлуулалтыг дэмжих, махны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх шаардлага нэн тэргүүний зорилт болж байна гэж байлаа.

Мэдээллийн төгсгөлд тэрбээр, Манай яам жил бүрийн бэлчээрийн даацын судалгаанд үндэслэн мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангаж отор нүүдлийн зохицуулалтыг хийж байна. Улсын тусгай хэрэгцээний нутаг буюу аймаг дундын отрын есөн бүсэд 783.3 мянган га бэлчээрт 2023-2024 онд өвөлжүүлж, хаваржуулах малын тоог тодорхойлох орон тооны бус зөвлөлийн хурлууд зохион байгуулагдаж байна. Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангасан тухай нэгдсэн дүнг 11 дүгээр сарын 20-ны дотор Засгийн газарт танилцуулах бэлтгэл ажлыг хангаж байна гэсэн юм.  

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Ц.Сандаг-Очир, Т.Аубакир, Ж.Батсуурь, О.Цогтгэрэл, Б.Энх-Амгалан, Г.Ганболд нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Гишүүд Монгол Улсын нийт бэлчээрийн 70 орчим хувь нь цөлжилтөд өртөж, энэ нь мал аж ахуйн салбарын тулгамдсан гол асуудлын нэг болоод буйг дурдахын зэрэгцээ цаашид малчид руу чиглэсэн ялангуяа залуу малчдыг дэмжсэн Засгийн газрын хөтөлбөр гаргаж, санхүүжилттэй нь шийдвэрлэх, улсын төсөвт батлагдсан ноос, арьс ширний урамшууллыг хугацаа алдахгүй олгоход анхаарч ажиллах шаардлагатай гэсэн саналтай байлаа. Түүнчлэн гишүүдээс улсын сайн малчин шалгаруулах журмыг өөрчлөхөөс эхлээд цаашид бэлчээрийн асуудалд салбарын яамнаас баримталж буй бодлогыг илүүтэй лавласан. Мөн малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, туслах малчдын эрх зүйн орчны бүрдүүлэх, хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг тодруулав.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, “Нийт нутгийн төвийн бүс болон баруун аймгуудын бэлчээрийн даацын асуудал хүндэрч, байгалийн хадлангаа авч чадахгүй байдалд хүрсэн тул аймаг, орон нутаг дамжин отор нүүдэл хийх, зүүн аймгуудаас хадлан тэжээлээ авдаг болсон. Иймд зөвхөн нүүдлийн мал аж ахуйг бэлчээрээр явуулах бус цаг агаарын хүндрэлтэй үед ногоон тэжээлээр хангах чиглэлд яам бодлого гарган ажиллаж байна. Энэ жил 100 мянган га-д ногоон тэжээл тарьсан нь өнгөрсөн жилийнхээс 40 хувиар өссөн. Одоо 225 мянган тонн ногоон тэжээл хурааж авах бөгөөд энэ нь өвлийг өнтэй давахад тодорхой үр дүн үзүүлнэ. Мөн өвсийг экспортод гаргахгүй, дотооддоо худалдан борлуулах ажлыг зохион байгуулж байна. Цаашид малын тоонд бус нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсэн байдал, сум орон нутаг, иргэдэд тусламж дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан улсын аварга малчинг шалгаруулах бөгөөд холбогдох журмаа эрс өөрчилнө” гэж хариулсан. Мөн тэрбээр, “2013 оноос хойш арьс ширийг экспортод гаргахыг хориглосон байсныг Засгийн газрын тогтоолоор өнгөрсөн жилээс чөлөөлж, холбогдох үйлдвэрүүд ашиглалтад орох хүртэл хоёр жилийн хугацаанд бүх төрлийн арьс ширийг экспортлохоор болсон. Ингэснээр арьс ширний түүхий эдийн үнэд өөрчлөлт орно гэж бид тооцоолж байгаа бөгөөд улмаар арьс шир худалдан авах үйлдвэрүүдэд бодлогын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон” гэдгийг хариултдаа онцлов. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 71 дүгээр зүйлд туслах малчинтай байгуулах хөдөлмөрийн гэрээний онцлогийг тодорхой тусгаж, цалингийн доод хэмжээтэй тэнцүү буюу түүнээс их хэмжээгээр сар бүр цалинжуулж ажиллуулах боломж бүрдүүлсэн. 2022 оны жилийн эцсийн байдлаар 19 мянган орчим туслах малчин, ажил олгогч малчинтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байна гэсэн статистик мэдээлэл гарсан” хэмээх нэмэлт тайлбарыг өгсөн.

Эцэст нь асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан малчдын өмнө тулгамдаж буй асуудлын талаар үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улс нэн яаралтай бэлчээрийн менежмент хийж, тоонд бус чанарт суурилсан эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд дорвитой шинэчлэл хийх нь зүйтэйг тодотгохын зэрэгцээ цаашид малчдын залуу халааг бэлтгэх нь тулгамдсан асуудал болоод буйг онцлон тэмдэглэсэн. Мөн “Малчид малын өвс, тэжээлийн дутагдал, түүхий эд үнэгүйдэж байгаа талаар байнга ярьдаг тул аймгуудад, бүсчилсэн хэлбэрээр малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр, бэлтгэн нийлүүлэх баазуудыг барьж байгуулахад Засгийн газар, салбарын яам онцгой анхаарч ажиллах нь чухал” гэж байлаа.  

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар мэдээлэлтэй холбогдуулан үг хэлсэн.  Малчдын өмнө нь тулгамдаж буй үндсэн асуудал болох цөлжилт, бэлчээрийн доройтол, малын гаралтай түүхий эдийн үнэ, борлуулалт, малчдын эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудал, залуу малчдын халааг бэлтгэх, мал аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын үр дүн, хэрэгжилтийн талаар гишүүд олон чухал асуудал хөндсөнийг Улсын Их Хурлын дарга дурдахын зэрэгцээ эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, цөлжилттэй тэмцэх, Монгол малчин, Шинэ хөдөө, Хөдөөгийн сэргэлт зэргээр Монгол Улсад мал аж ауй, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх хөтөлбөр, аян багадаагүй. Харин батлагдсан хууль тогтоомжийг бодитой хэрэгжүүлэх явдал хангалтгүй байгааг онцлон тэмдэглэв.  

Мөн Улсын Их Хурлын дэд дарга болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой ярилцаад бид малчдын болон хөдөөгийн сэргэлтийг дэмжих бүлгэмийг байгуулж ажиллах нь зүйтэй гэж үзсэн. Үүний гол үндэс нь малчдын холбоог бүх аймгуудад байгуулж, асуудлыг нэгдсэн журмаар шийддэг тогтолцоог дэмжих нь чухал байна. Нэгдсэн тогтолцоо байхгүй болохоор малчдын асуудал хаягдсаар байна гэж байлаа. Түүнчлэн Хөдөө аж ахуйн их сургууль, УИХ-ын Тамгын газрын парламентын судалгаа, сургалтын хүрээлэн хамтран малчдын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар судалгаа хийсэн. Олон улсын туршлагаас харахад, малчдын нэгдэл, хоршоог дэмжих замаар малыг эрүүлжүүлэх, бэлчээрийн доройтлыг бууруулах, усан хангамж, малчдын нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэж байгаа тул цаашид энэ асуудлыг ажил хэрэг болгоход Хөдөө аж ахуйн их сургууль, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран ажиллаж, ирэх долоо хоногт хэлэлцүүлэг зохион байгуулж, нэгдсэн бодлого гарган ажиллах шаардлагатайг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл