Цэс

Холбоо барих

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль зэрэг 115 хуулийн төслийг эцэслэн баталлаа

Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2023.01.12) Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 115 хууль, тогтоолын төслийг эцэслэн баталж, Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ.


Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон товыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хуралдааны эхэнд танилцуулаад, үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж “Монгол Улсын гадаад өрийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид баримтлах бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонсохоор байсан ч асуулга тавьсан гишүүн мэдээллийг дахин нягтлах шаардлагатай гэсэн хүсэлт ирүүлсэн тул товыг хойшлуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлэх үед Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Засгийн газраас 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хасахыг шаардав. Тэрбээр, намрын ээлжит чуулган завсарлах тун дөхсөн энэ үед чухал, гол асуудалд анхаарал хандуулцгаая. Халзан бүргэдэйн орд газрын асуудлаар Засгийн газарт асуулга тавиад нэг жил гаруйн хугацаа өнгөрсөн ч сураггүй болсон. Цаг үеийн чухал асуудлыг авч хэлэлцэхгүй байгаадаа дүгнэлт хий, чуулган завсарлах хугацаа тулчихлаа гэв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, үнийн өсөлт хэрээс хэтэрч, иргэдийн аж амьдрал ядууралд өртөж байхад Засгийн газраас арга хэмжээ авахгүй байна. Банкны салбараас гарсан зээлийн дийлэнх хувь нь хэрэглээний зээл эзэлжээ. Энэ нь иргэдийн цалин, тэтгэвэр хүрэлцэхгүй, зээлээс зээлийн хооронд амьдарч, хуримтлалгүй болсныг илтгэж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийг цагаан сараас өмнө олгох хэрэгтэй, шаардаж байна гэсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг Төсвийн тогтвортой байдлын санг түүхий эдийн үнэ унасан үед хэрэглэдэг бол төсвийн цоорхойг нөхдөг хэрэгсэл болгосон. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар асуулга тавьсны хариуд ирүүлсэн мэдээлэл хангалттай бус, метиллинг түлшинд хэрэглэснээс хойш нөхцөл байдал хэр байгаа тухай мэдээллийг иргэдэд хүргэе. Олон нийтийг мэдээлэлжүүлэх нь чухал. Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Улсын Их Хурлаар хэлж, ярьж байх ёстой гээд асуулгыг хэлэлцүүлж өгөхийг хүсэв.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх асуудлаас хасъя гэсэн саналаар санал хураалт явуулна гээд нүүрсний сонсгол зохион байгуулагдаж, нүүрсний хулгайг шалгах үүрэг бүхий Түр хороо үнэлэлт, дүгнэлт, тайлангаа гаргаж, тогтоолын төслөө боловсруулсан. Холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгсөн УИХ-ын тогтоолын төслийг ирүүлсэн. Ирэх 7 хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Түр хорооны санал, дүгнэлтийг сонсоно. Нүүрсний сонсголыг мартаж, хаясан зүйл байхгүй. Үнэн зөвийг тогтоохын төлөө, ард түмэнд мэдэх эрхийг хангаж, сонсогдсон, яригдсан зүйл үнэн, бодит эсэхийг шалгахын төлөө Улсын Их Хурал санаа тавьж ажиллах болно гэсэн юм. Түүнчлэн аливаа хууль тогтоомжийг Засгийн газраас өргөн барьж мэдүүлэхдээ иргэдийн саналыг сонсож, тухайн асуудлаар нэгдмэл байр суурьтай, нэгдсэн зарчимтайгаар хэлэлцүүлэхээр орж ирэх шаардлагатай байгааг онцлоод Улсын Их Хурал бол ард түмний төлөөллийн байгууллага учраас ард түмэн, иргэний нийгмийн саналд үндэслэн шийдвэр гаргана. Үнэн, худал нь нотлогдоогүй мэдээллээр иргэдийг төөрөгдүүлж, хагаралдуулдаг, зөрчил үүсгэдэг байдлыг таслан зогсоохыг сануулав.  


Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Далай ашиглах тухай хуулийн төсөл, Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Жагсаал, цугаан хийх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Жижиг дунд үйлчилгээг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зохиогчийн эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэвлэл мэдээллийн тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг нийт 115 хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Үүний дараа Монгол Улсаас гадаадын зарим улсад суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгчдийг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд заасныг үндэслэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар С.Сүхболдыг; Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Доржийг эгүүлэн татаж, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Байгалмааг; Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазарыг эгүүлэн татаж, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Мөнх-Өлзийг; Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболдыг эгүүлэн татаж, Байнгын төлөөлөгчөөр Н.Анхбаярыг шинээр томилох саналыг зөвшилцөхөөр ирүүлснийг хэлэлцэв.


Уг томилгоотой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ш.Адьшаа, Ц.Мөнх-Оргил, Д.Өнөрболор, Б.Пүрэвдорж, Д.Ганбат нар нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлэв. Хуралдаанд үг хэлсэн гишүүдийн олонх нь дипломат албанд бэлтгэгдэж мэргэшсэн, туршлагатай хүмүүсийг нэр дэвшүүлжээ хэмээн үнэлж, нэр дэвшигчдийг дэмжихээ илэрхийлэхийн сацуу улс орныхоо гадаад харилцааг ахисан түвшинд хүргэхийн төлөө ажиллахыг захиж, сануулж байв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл