Цэс

Холбоо барих

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат ИБУИНХУ-ын Нийтийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Том Гоулдсмит-тэй уулзав

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын парламентын тогтолцоо, үйл ажиллагаа, хуулийн төсөл боловсруулах, батлах үйл явц, E-petition буюу өргөдөл гомдлын цахим системийн үйл ажиллагаа, парламентын судалгаа, олон нийтийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр туршлага судлахаар тус улсад ажиллаж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Их Хурлын бүрэлдэхүүн өргөжиж, 126 гишүүнтэй ажиллах болсонтой холбогдуулан олон гишүүн бүхий парламентууд, тэдгээрийн хуралдааны дэг, парламентын ажлын албаны зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар судалж, сайн туршлагыг нэвтрүүлэхэд Тамгын газар анхаарал хандуулж буй юм.


Энэхүү ажлын айлчлалын хүрээнд Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат өчигдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Нийтийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Том Гоулдсмит-тэй уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Монгол Улсын “Гуравдагч хөрш”, Хүний эрх, ардчиллын нийтлэг үнэт зүйлсээр холбогддог ИБУИНХУ өрнөдийн улсуудаас хамгийн түрүүнд Монгол Улсыг хүлээн зөвшөөрч 1963 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дипломат харилцаа тогтоож байсныг тэмдэглээд, ялангуяа 1990 оноос хойш Монголд ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжих шилжилтийн үеийг даван туулахад тус улсын оруулсан хувь нэмрийг Монголын төр, засаг өндрөөр үнэлдэгийг онцлон тэмдэглэв.

Мөн энэ удаагийн айлчлал Их Британийн парламентын Нийтийн танхимын ажлын алба, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны түүхэнд шинэ үеийг эхлүүлэх онцгой үйл явдал гэж үнэлж буйгаа тэмдэглээд, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойших 34 жилийн хугацаанд Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газар парламентын ардчиллыг бэхжүүлэх, ард түмний төлөөллийн институц болох парламентыг чадавхжуулах чиглэлээр олон улсын парламентуудтай хамтын ажиллагаа хөгжүүлж ирснийг онцолсон юм.

Мөн тэрбээр дэлхийн улс орнууд ард түмний төлөөллийн институц болох хууль тогтоох үйл ажиллагаагаа сайжруулах эрэл хайгуулыг эрчимтэй хийж, парламентаа шинэчлэх алхмуудыг идэвхтэй хийсээр байгаа энэ цаг үед “Парламентат ёсны өлгий” гэгддэг Их Британийн Нийтийн танхимаас туршлага судлах арга хэмжээг зохион байгуулж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, энэхүү туршлага судлах арга хэмжээний хүрээнд суралцсан зүйлс, хуримтлуулсан мэдлэг Монголын парламент, парламентын ажлын албаны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, үйл ажиллагааны арга барилаа өөрчлөх, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Нийтийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Том Гоулдсмит уулзалтад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд, Нийтийн танхим, түүний Тамгын газрын үйл ажиллагааны талаар танилцуулсан. Нийтийн танхим нь 650 гишүүнтэй бөгөөд сонгуулийг нэг мандаттай 650 тойрогт мажоритар системээр явуулдаг байна. Англи 529, Уэльс 40, Шотланд 72, Умард Ирланд 18 сонгуулийн тойрогтой. Парламентын бүх нийтийн сонгууль 5 жил тутамд болж, сонгуульд дийлэнхийн санал авсан улс төрийн нам засгийн газрыг эмхлэн байгуулдаг аж.

Эрхэмсэг ноён Том Гоулдсмит энэ удаагийн айлчлалаар Нийтийн танхимын Парламент хоорондын харилцааны асуудал хариуцсан алба, Өргөдлийн хороо, Их Британийн Парламент дахь Олон Улсын Парламентын Холбооны асуудал хариуцсан бүлэг, Бүх намын Британи-Монголын парламентын бүлгийн Парламентын боловсрол, иргэдийн оролцоо хариуцсан газар, Нийтийн танхимын номын сан, судалгааны газрын үйл ажиллагаатай танилцан арвин туршлага хуримтлуулна гэдэгт итгэлтэй байгаагаа уламжилсан.

Тэрбээр 1996 оноос Нийтийн танхимын Тамгын газарт ажилласан бөгөөд Нийтийн танхимын комиссын нарийн бичгийн дарга, хорооны Ажлын албаны даргын албыг хашиж байгаад 2023 оны 03 дугаар сард Хааны зөвшөөрлийн дагуу ИБУИНХУ-ын Нийтийн танхимын 52 дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон байна.

Цаашид хоёр улсын Парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг Ерөнхий нарийн бичгийн дарга нар уулзалтын үеэр харилцан тэмдэглээд, парламентат ёсны хөгжил, Тамгын газруудын туршлага, ур чадварыг харилцан солилцох, мэргэжилтнүүдийн дадлагажуулах, тус тусын болон бусад улсын туршлагыг судлахад хамтран ажиллахаар ярилцав.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Эрхэм Ерөнхий нарийн бичгийн дарга Том Гоулдсмит-ийг Нийтийн танхимын төлөөлөгчдөө тэргүүлэн тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлан ирэхийг урьж байгаагаа илэрхийллээ. Уулзалтад Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Энхсүх оролцсон юм.



Мөн өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат тэргүүтэй Улсын Их Хурлын Тамгын газрын төлөөлөгчдийг Нийтийн танхимын Парламент хоорондын харилцааны асуудал хариуцсан албаны дэд дарга Эмма Мэкэй, Өргөдлийн хорооны нарийн бичгийн дарга Йонна Велхам, Хуулийн газрын нарийн бичгийн дарга Лиам Лоуренс Смит нар хүлээн авч Нийтийн танхимын бүтэц чиг үүрэг, Өргөдлийн хорооны үйл ажиллагаа, хууль тогтоох үйл явц, Нийтийн танхимын номын сан, судалгааны газрын үйл ажиллагааны талаар танилцуулсан. Энэ үеэр тус улсын парламентын тогтолцоо, хуралдааны дэг, парламентын мэтгэлцээн явуулах журам, цахим өргөдлийн тогтолцооны талаар харилцан мэдээлэл солилцож, яриа өрнүүлсэн юм. 

“Ардчиллыг дэмжих Уэстминстерийн сан”-гийн төлөөлөлтэй уулзав

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат мөн өдөр “Ардчиллыг дэмжих Уэстминстерийн сан”-гийн Европ, Төв Азийн хөтөлбөрийн ахлах зохицуулагч Роб Ван Лэувэн-тэй уулзсан юм.

Тус сан 1992 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн 30 гаруй оронд үйл ажиллагаа явуулж, тухайн орны хууль тогтоох байгууллагатай хамтран ажилладаг байна. Эхэнд үед парламент ямар үйл ажиллагаа явуулах ёстой вэ гэдэгт чиглэн ажилладаг байсан бол өдгөө парламент дахь ардчиллыг хэрхэн бэхжүүлэх, үүнд парламентын оролцоог хэрхэн уялдуулах вэ гэдэгт анхаарал хандуулан ажиллаж байгаа аж.

Сангийн  Европ, Төв Азийн хөтөлбөрийн хүрээнд европын таван оронд үйл ажиллагаа явуулж буйг Роб Ван Лэувэн дурдаад, тухайлбал Гүрж Улсын парламенттай уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар, Украйны парламенттай хуулийн төсөл боловсруулах, парламентын судалгаа, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр хамтран ажиллаж байна хэмээсэн. Түүнчлэн тус сан Балканы баруун бүсийн орнуудтай залуучуудын цагаачлал, улс төр дэх эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцооны чиглэлээр хамтран ажиллаж байгааг тэмдэглээд, сангийн үйл ажиллагаа парламентын боловсрол, хууль тогтоох үйл явц, хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, дижитал систем зэрэг долоон чиглэлд хуваагддагийг онцолсон.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, дэлхийн 30 гаруй улс, бүс нутагт ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг Уэстминстерийн сангийн хэтийн зорилго, эрхлэн явуулдаг үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөнд талархаад, хүний эрх, эрх чөлөөг хангах, ардчилсан засаглалыг бэхжүүлэх явдал бол манай хоёр улсын төдийгүй дэлхий нийтийн нийтлэг үнэт зүйлс. Энэ чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжууд байна хэмээсэн.

Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтүүд, тэрхүү өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлж 126 болгон, парламентын төлөөлөх чадварыг нэмэгдүүлсэн талаар, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэдтэйгээ хамтран хууль боловсруулах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор бий болгосон D-Parliament цахим платформын тухай, Монгол Улсын парламент 2023 оны 11 дүгээр сард Олон Улсын Парламентын Холбооны дэмжлэгтэйгээр Хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээг анх удаа зохион байгуулсан талаар мэдээлэл өгч энэ үнэлгээний мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд ч тус сантай хамтран ажиллах боломжууд байгааг дурдсан.

Уулзалтын үеэр Монгол Улсад хоёр удаа зохион байгуулагдсан Зөвлөлдөх санал асуулга, Үндсэн хуулийн өөрчлөлт, 126 гишүүнтэй болж өргөжих шинэ парламентыг хүлээн авах бэлтгэл болон бусад асуудлаар санал солилцсон.

Их Британийн парламент дахь Бүх намын Британи-Монголын парламентын бүлгийн дарга Жэймс Грэй-тэй уулзлаа

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Их Британийн парламент дахь Бүх намын Британи-Монголын парламентын бүлгийн дарга Жэймс Грэй тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзсан юм.

Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар Их Британийн парламентад айлчлал хийх завшаан тохиосонд баяртай буйгаа илэрхийлээд, энэ удаагийн айлчлал манай хоёр улсын Парламентын Тамгын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад өндөр ач холбогдолтой, түүхэн үйл явдал хэмээн онцолсон.

Тэрбээр, Британийн парламентын Нийтийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Том Гоулдсмит-тэй албан уулзалт хийж, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын парламентын тогтолцоо, хууль тогтоох үйл ажиллагаа, Өргөдлийн хороо болон парламентын номын сан, судалгаа мэдээллээр хангах үйл ажиллагааны туршлагатай танилцсан. Мөн Ардчиллыг дэмжих Уэстминстерийн сантай хийсэн уулзалт үр дүнтэй болсныг тэмдэглэн хэлэхийг хүсч байна.


Айлчлалын үр дүнд ярьж тохирсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгох чиглэлээр бид бүхий л нөөц бололцоогоо дайчлан, идэвхтэй ажиллах болно. Үүнд Их Британийн парламент дахь Бүх намын Британи-Монголын парламентын бүлгийн дарга, ноён Жэймс Грэй Таны оруулах хувь нэмэр, манлайллыг бид өндрөөр үнэлж байна хэмээсэнНоён Жеймс Грэй, Монгол Улсын парламент Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, ард түмний засаглах эрхийг бодитой хангаж, парламентын төлөөлөх чадварыг сайжруулах хүрээнд Улсын Их Хурлын гишүүдийг тоог 126 болгон сонгуулийн холимог тогтолцоог хуульчлан баталгаажуулсан талаар мэдээлэл авсанаа дурдаад, энэ удаагийн айлчлал 126 гишүүнтэй шинэ парламент бүрэлдэхийн өмнө болж байгаагаараа өндөр ач холбогдолтой болж байгааг тэмдэглэсэн юм. Мөн Их Британийн парламентын сайн туршлага, үйл ажиллагааны арга барилыг өөрийн парламентын онцлог, шинэчлэлийн зорилготойгоо уялдуулан нэвтрүүлэхэд анхаарч ажиллахыг хүссэн

Уулзалтын үеэр айлчлал, туршлага судлах арга хэмжээний үр дүн, Монгол Улсад өрнөж буй парламентын шинэтгэлийн үйл явцын талаар санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл