Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 06 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэн ба Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд болон хамт батлагдсан Малын генетик нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудад дараах онцлог зохицуулалтыг тусгажээ. Үүнд: 1.Олон улсын худалдааны чөлөөт байдлыг дэмжих болон улс, бүс, нутагт тархсан өвчнөөс хамгаалах, тэмцэх зорилгоор хамгаалалттай аж ахуйд мөрдөх биохамгааллын нийтлэг зааврыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга өвчин тус бүрээр батлах, хамгаалалттай аж ахуй нь дээрх зааварт нийцүүлэн өөрийн үйл ажиллагаанд мөрдөх биохамгааллын зааврыг баталж мөрдүүлэхээр; 2.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргаас бусад албан тушаалтан мал, амьтны гоц халдварт өвчний талаарх баталгаажаагүй мэдээллийг тараахыг хориглохоор; 3.Ургамлын хорио цээрийн гэрчилгээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тус тус олгохоор; 4.Эрсдэлийн үнэлгээ хийх журмыг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, эрсдэлийн үнэлгээг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон эрх бүхий албан тушаалтан гүйцэтгэдэг байхаар; 5.Гаалийн байгууллага улсын хилээр нэвтрүүлсэн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний талаарх мэдээллийг тогтоосон хугацаанд хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахимаар хүргүүлдэг байхаар; 6.Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын жагсаалтад Мал эмнэлгийн албыг нэмж оруулахаар; 7.Малын генетик нөөцийг ашиглах тусгай зөвшөөрөл олгоход тавигдах тусгайлсан шаардлагыг тодорхой болгохоор; 8.Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын болон хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий төрийн захиргааны байгууллагын улсын байцаагчийг Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний болон Мал аж ахуйн үйлдвэрлэлийн хяналтын улсын байцаагч гэж ангилан хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхой тусгахаар; 9.Зөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар мал, малын үржүүлгийн бүтээгдэхүүнийг энгийн зөвшөөрөлгүйгээр гадаадад гаргасан болон гаргахыг завдсан, малыг сонгон үржүүлэхдээ ашиг шимийн чиглэлийг дур мэдэн өөрчилсөн, эрх бүхий байгууллагаас тогтоосноос өөр бүс нутагт үржүүлсэн, малын үүлдэр, омог шинээр бий болгох, үр, өндгөн эс, хөврөлийг үйлдвэрлэх, бичил биетнийг өсгөвөрлөх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн бол зөрчилд тооцож, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн төрөл, хэмжээг тодорхойлохоор; 10.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар мал аж ахуйн үйлдвэрлэлийн хяналтын улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэх харьяаллыг шинээр тогтоосон зэрэг юм. Харин Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гадаад орны мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналтын байгууллагатай амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл мэнд, хорио цээрийн нөхцөлийг тохиролцох, гэрчилгээ олгох чиг үүргийг гаалийн байгууллагаас хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тус тус шилжүүлэхээр тусгасан байна.

Түүнчлэн тус эмхэтгэлд “Тогтоолын хавсралтыг өөрчлөн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн ба уг тогтоолын  хавсралтаар Монгол Улсын Их Хурлын 2017 оны 83 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрмийг өөрчлөн баталжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл