Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 10 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт  Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай Монгол Улсын хууль болон Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төслийн санхүүжилт олгох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг тус тус  нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой ажээ. Тухайлбал, уг санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд онцгой байдлын байгууллагын гал түймэр унтраах, аврах ангийн нэг аврагч, гал сөнөөгч эд хөрөнгө, иргэдийг хамгаалахаар үүргээ гүйцэтгэхэд нь  гал түймэр унтраах ангийг зохих хэмжээнд хүчин чадал өндөртэй, шинэ үеийн тоног төхөөрөмж бүхий автомашинаар хангах юм. “Гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ: Онцгой байдлын байгууллагад ашиглагдаж байгаа гал түймэр унтраах автомашин, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал сайжирч, газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах, шатахуун түгээх станцууд, томоохон хэмжээний худалдааны төвүүдэд гарсан гал түймрийг унтраах чадавх сайжрах болон аюулт үзэгдэл, ослын голомтод түргэн шуурхай очих, цаг алдалгүй түргэн шуурхай аврах, гал түймэр унтраах үйл ажиллагаа сайжрах болно. Иймд Санхүүгийн хэлэлцээрийг баталснаар гал түймрийг хөөсөөр унтраах авто машин худалдан авч, аюулт үзэгдэл, гал түймэр унтраах үйл ажиллаагааг сайжруулах ач холбогдолтой юм.

Түүнчлэн тус эмхэтгэлд Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай, Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн байна. Тухайлбал, “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасгаж, хөгжлийн түвшнийг ойртуулж, бүсүүдийн хөгжлийн түвшнийг эрэмбэ дараатай дээшлүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн дараах арга хэмжээг хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан: 1/төрийн байгууллагуудыг эрхлэх асуудал, чиг үүрэг, үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааны хамрах хүрээг нь харгалзан нийслэл Улаанбаатар хотоос үе шаттайгаар нүүлгэн, бүсчлэн байршуулах талаар бодлого боловсруулах; 2/Улаанбаатар хотоос орон нутагт шилжин ажиллах төрийн албан хаагчид дэмжлэг үзүүлэх, нийгмийн баталгааг хангах асуудлыг судалж, холбогдох арга хэмжээ авах, хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, шийдвэрлүүлэх; 3/төрийн байгууллага, албан хаагчдыг орон нутагт бүсчилсэн байдлаар шилжүүлэн байршуулахад шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг тооцон тухайн жилийн улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлэж байх.

Мөн “Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн: 1/Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 2/Ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 3/Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 4/Биеийн тамир, спортын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 5/“Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 6/Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 7/Даатгалын тухай, Даатгалын зуучлалын тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн төслүүд /Шинэчилсэн найруулга/; 8/Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төсөл  /Шинэчилсэн найруулга/; 9/Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 10/Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 11/Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл; 12/Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл; 13/Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл; 14/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 15/Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 16/Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 17/Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 18/Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн  төсөл /Шинэчилсэн найруулга/; 19/Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 20/Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын “Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай” хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл; 21/Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл; 22/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл; 23/“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 24/““Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 25/Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл; 26/“Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 27/Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төсөл  /Шинэчилсэн найруулга/; 28/Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай хуулийн төсөл; 29/Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл; 30/Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл; 31/Хөдөө аж ахуйн бүсийн тухай хуулийн төсөл; 32/Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл; 33/Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай Юнидруа /Хувийн эрх зүйн нэгтгэх олон улсын хүрээлэн/-ын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл; 34/Хүний эрхийг хангах багц хуулийн төсөл35/Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 36/Цусны донорын тухай хуулийн төсөл; 37/Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл; 38/Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл; 39/Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 40/Шинжлэх ухааны паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл; 41/Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 42/Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 43/Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 44/Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл  /Шинэчилсэн найруулга/ ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл