Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы тойм хэвлэгдэн гарлаа

Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай зэрэг ач холбогдол бүхий 224 хууль, Улсын Их Хурлын 62 тогтоол баталсан юм. 2023 оны 10 дугаар сарын 02-ноос 2024 оны нэгдүгээр сарын 17-ныг хүртэл нийт 75 хоног хуралдсан тус чуулганы үйл ажиллагаа, батлагдсан хууль, тогтоомжийг нэгтгэн тоймлосон танилцуулга эмхэтгэл хэвлэгдэн гарлаа. Эмхэтгэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” батлагдсаны 75 жилийн ойд зориулж 2023 оны 12 дугаар сарын 09-нд зохион байгуулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааны талаарх мэдээллийг нэгтгэжээ.

2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурал 34 удаагийн нэгдсэн хуралдаан хийж, Байнгын болон Дэд, Түр хороодын 140 орчим удаагийн хуралдаанаар нийт 170 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна. “Нүүрсний” хулгайн асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хоёр үе шаттай явуулж, 412 гэрчийг дуудан оролцуулж, энэ хэргийн талаар ард түмний мэдэх эрхийг хангасан нь чуулганы бас нэгэн онцлог үйл явдал болсон юм. Энэхүү чуулганыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “шинэтгэлийн чуулган болсон” хэмээн дүгнэж, ард түмний засаглах эрхийг хангах, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, эргэх холбоог эрчимжүүлэхэд бодитой тодорхой үр дүн гарсныг онцолсон байна.

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас тогтмол эрхлэн гаргадаг энэхүү эмхэтгэлд Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааны талаарх мэдээллийг мөн дэлгэрэнгүйгээр нийтэлжээ. Улсын Их Хурлын хууль тогтоох болон хяналт, шалгалтын үйл ажиллагааг Тамгын газраас хэрхэн дэмжиж, зохион байгуулж, сурталчилж ажилласныг уг эмхэтгэлээс дэлгэрэнгүйгээр танилцах боломжтой хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Нэр Файл
Хавсралт файл Файл татах
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл