Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, С.Одонтуяа, Ц.Туваан нар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, С.Одонтуяа, Ц.Туваан нар Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай болон Хууль тогтоомжийн тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулснаа өнөөдөр (2024.04.19) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.


Монгол Улсын Их Хурал анх 2000 онд Донорын тухай хуулийг баталсан. Манай улсын анагаах ухааны салбарт эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээ эрчимтэй хөгжиж, эмчилгээний арга хэлбэр, тоо, чанарын үзүүлэлт сайжирч байгаатай холбоотойгоор хуульд 2012, 2014, 2015, 2021 онуудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Дэлхийн 93 улс оронд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээг хийж гүйцэтгэдэг бөгөөд эдгээрээс 90 оронд энэ төрлийн харилцааг зохицуулсан бие даасан хууль тогтоомж байдаг байна. Манай улсад эдийн засаг, санхүүгийн хувьд хязгаарлагдмал хэдий ч эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний төрлүүдийг хамтад нь амжилттай хийж гүйцэтгэж байгаа цөөн орны тоонд багтдаг.

Монгол Улсад 2006 онд анхны бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийснээс хойш 2023 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 331 иргэнд бөөр (41 иргэнд амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгасан), 234 иргэнд элэг (12 иргэнд амьгүй донороос элэг шилжүүлэн суулгасан), Хавдар судлалын үндэсний төвд нийт 118 хүнд элэг шилжүүлэн суулгах (эдгээрээс 10 хүнд амьгүй донороос элэг шилжүүлэн суулгасан) эмчилгээг амжилттай хийжээ. Түүнчлэн эд, эс, үр шилжүүлэн суулгах эмчилгээний төрлүүд хурдацтай хөгжиж иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, үр хүүхэдтэй болох хүсэл мөрөөдлийг нь биелүүлж байна. Одоогоор 24 иргэнд ясны чөмөгний үүдэл эс, 24 иргэнд нүдний эвэрлэг, 1735 иргэнд арьс, 150 гаруй иргэнд шөрмөс шилжүүлсэн суулгасан бол 974 иргэнд үр шилжүүлэн суулгах эмчилгээг хийснээс 442 хүүхэд эсэн мэнд төржээ. 

Монгол Улсын хүн ам 3.4 сая гаруй болсон бөгөөд үүнээс 45 хүртэлх насны иргэд нийт хүн амын 70 гаруй хувийг эзэлж байна. Хүн амын дунд залуучуудын эзлэх хувь өндөр байгаа нь ирээдүйд өвчин эмгэг өсөх хандлагатай байгаа нь эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ, үйлчилгээний хэрэгцээ шаардлага улам нэмэгдэх хандлагатай байгааг хуулийн төсөл санаачлагчид хэлж байна. Иймд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог, мэргэжил тус бүрийн нарийн төвөгтэй асуудлыг зохицуулах хэрэгцээ шаардлагыг харгалзан Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний хүрээ нэмэгдэж, иргэд эх орондоо дэлхийн жишигт хүрсэн эмчилгээ үйлчилгээг авах боломж бий болно. Мөн амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээ нэмэгдэж, амьд донорыг хамгаалах үйл явц сайжрахын зэрэгцээ хүний болон хүний эрхтний наймаанаас сэргийлэх нөхцөлийг сайжруулах эрх зүйн орчин бүрдэнэ гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн танилцууллаа.

Төсөлд хүүхдэд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах зардлыг улсын төсөв тусгах, шаардлагатай багаж хэрэглэл, тоног төхөөрөмж, шинжилгээ судалгаа, сургалтын үйл ажиллагааны санхүүжилтийн шинэ тогтолцоог бий болгох зэрэг нарийвчилсан зохицуулалтыг тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл