Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын 2012 оны намрын чуулганы хугацаанд Төсвийн байнгын хорооноос хийсэн ажлын тайлан

2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр
Улаанбаатар хот

Төсвийн байнгын хороо нь Улсын Их Хурлын тухай хуульд заасан эрхлэх асуудлын хүрээнд Улсын нэгдсэн төсвийг хэлэлцэн батлах, түүний гүйцэтгэлийг батлах явцад хяналт тавих, төрийн санхүү зээлийн болон татварын бодлогыг тодорхойлох, гадаад улс, олон улсын санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээ хэлцлийг зөвшилцөх талаар санал, дүгнэлт гаргах, Улсын төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор Засгийн газраас гаргаж буй үнэт цаасны хэмжээ тогтоох, түүний хэрэгжилтэд хяналт тавих, нягтлан бодох бүртгэл аудитын бодлогыг тодорхойлох асуудлыг хэрэгжүүлж ирлээ.

Байнгын хороо бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг баримтлан үйл ажиллагаагаа явуулсан болно.

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрүүдийг Байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах, гарсан хууль, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд ил тод байлгах, иргэд, сонгогчид, төрийн бус байгууллагаас тавьсан санал, хүсэлтийг гишүүдэд уламжлах, хуульд заасан хугацаанд хариу өгөх, Байнгын хорооны үйл ажиллагааны бүхий л материалыг зохих журмын дагуу архивын нэгж болгон цэгцлэх, Байнгын хорооны үйл ажиллагааг нийтэд мэдээлэх сурталчлах ажлыг зохион байгууллаа.

Байнгын хорооны үйл ажиллагааг намрын чуулганы хугацаанд болон долоо хоногоор төлөвлөн хэрэгжүүлж ирлээ.

Нэг. Монгол Улсын Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэн баталсан талаар:

Тайлангийн хугацаанд Төсвийн байнгын хорооны хуралдааныг дунджаар 63.0 хувийн ирцтэйгээр 17 удаа хуралдуулж 58 асуудал /давхардсан тоогоор/ хэлэлцүүлснээс 42 хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл 12-г Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн байна.

Дээр дурдсан хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдэд нийт 29 санал, дүгнэлт, 3 танилцуулга, 220 саналын томьёолол бэлтгэн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ.

Байнгын хорооноос тайлангийн хугацаанд төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, сонгогчдоос 98 албан бичиг хүлээн авч хугацаанд нь хариу өгсөн байна. Байнгын хорооноос 100 албан бичиг явуулжээ.

Төсвийн байнгын хорооны хуралдааны тойм болон Байнгын хороон дээр зохион байгуулсан асуудлаар УИХ-ын веб сайтад 78 мэдээлэл бэлтгэн нийтэд мэдээлэв. Мөн Улсын Их Хурлаар батлуулсан хууль, цаг үеийн асуудлаар 3 удаа хэвлэлийн бага хурлыг зохион байгуулав. Байнгын хорооны үйл ажиллагааны талаар хэвлэлийн мониторинг хийлгэх зорилгоор “Таймс Эм Жи Эл” ХХК-тай гэрээ байгуулан ажиллуулж, Байнгын хорооны үйл ажиллагааны талаар төвийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, радио, телевизээр мэдээлсэн үйл ажиллагаанд үнэлгээ хийлгэж ажиллалаа.

Монгол Улстай хамтран ажилладаг Олон улсын санхүүгийн байгууллага болон гадаад орноос ирсэн зочид төлөөлөгчидтэй Байнгын хорооны дарга болон Улсын Их Хурлын гишүүдийy уулзах уулзалтыг давхардсан тоогоор 14 удаа зохион байгуулж, уулзалтын тэмдэглэл хөтөлсөн.

Тайлангийн хугацаанд Байнгын хороонд ирсэн 98 /697 хуудас/ албан бичиг, 1944 хуудас хууль, тогтоолын хувийн хэргийг архивт хүлээлгэн өгсөн болно.

Тайлангийн хугацаанд Төсвийн байнгын хорооны эрхлэх асуудлынхаа хүрээнд дор дурдсан хуулийн төслүүдийг хэлэлцүүлэн батлууллаа. Эдгээрээс зарим хууль Улсын Их Хурлын бусад шийдвэрийн талаар товчлон дурдвал:

1.Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.

Монгол Улсын 2013 оны Улсын төсөв нь Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 2013 оны 1 дүгээр сарын 1-ээс бүрэн хэрэгжиж эхлэх учраас төсвийн бодлого, санхүүгийн харилцаанд эрх зүйн шинэ орчинд хэрэгжих онцлог хууль болж байгаа юм.

Улсын Их Хурлаар Монгол Улсын 2013 оны Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн бодлогыг макро эдийн засгийн тогтворжуулалтын үндсэн хэрэгсэл болгож Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу төсвийн тусгай шаардлагуудыг бүрэн хангаж баталсан юм.

Монгол Улсын 2013 оны Нэгдсэн төсвийн нийт орлого 7,088.3 тэрбум төгрөг ДНБ-ий 40.2 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага өргөн барьсан төслөөс 4.6 тэрбум төгрөгөөр буурч 7,444.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 42.2 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 356.3 тэрбум төгрөгт буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэж байгаа нь Төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хууль болон төсвийн тусгай шаардлагуудыг хангаж байгаа юм.

2013 оны төсвийн жилээс зарлагын өсөлтийг зохистой түвшинд тогтоох зорилготой төсвийн зарлагын тусгай шаардлага, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай байх, төсвийн орлогын төлөвлөлтөнд татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар татварын хувь, хэмжээг өөрчлөх, эдийн засаг дахь татварын ачааллыг нэмэгдүүлэхгүй байх, зорилтот үр дүндээ хүрч, нийгэм эдийн засагт үр ашгаа өгсөн, цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй болсон зарим татварын хөнгөлөлт, чөлөөлтийг багасгах замаар татварын орлогын суурийг нэмэгдүүлэх, татварын тэгш, шударга байх, нийгмийн баталгааны асуудлыг салбар бүрт өөрөөр тогтоож, тухайн нэг салбарыг онцгойлон нэмэгдүүлдэг явдлыг зогсоож нийтлэг нэг байлгах, макро эдийн засаг, төсвийн тогтвортой байдлыг дэмжих, бэлэн мөнгөний нийлүүлэлтээс шалтгаалсан эдийн засгийн халалт үүсэхээс сэргийлэх зорилгоор ашигт малтмалын салбараас орох орлогыг хуримтлуулах, баялагийн сангийн хэлбэрээр ажиллуулах зэрэг зарчмуудыг баримтлав.

Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, “Орон нутгийн хөгжлийн сан”-д олгох хөрөнгийг ихээхэн нэмэгдүүлэх замаар орон нутгийн хөгжлийг дэмжих, төсвийн ил тод байдал, иргэдэд төсвийн төлөвлөлтөнд оролцох, гүйцэтгэлд хяналт тавих боломжийг олгох зэрэг шууд ардчиллын зарчмууд Төсвийн тухай шинэ хуулиар хэрэгжих боломжтой болсон.

Төв болон орон нутгийн төсвийн харилцаанд санхүүгийн дэмжлэг, орлогын болон тусгай зориулалтын шилжүүлгийн шинэ механизм хэрэглэх замаар орон нутгийн төсөв санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулах чухал шинэчлэлтийг эхлүүлсэн юм.

2. Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нигмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан тодорхой зарим асуудлыг яаралтай хэрэгжүүлэх шаардлагын үүднээс Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн батлууллаа.

Энэ тогтоолоор Монгол Улсын 2013 оны төсвийн орлогын төлөвлөгөөг бүрэн биелүүлэхэд бүхий л нөөц бололцоогоо дайчлах, төлөвлөгөөний зорилтыг нэр, төрөл бүрээр нь хангаж биелүүлэх ажлыг шуурхай, оновчтой зохион байгуулах, Төсвийн тухай хуульд орон нутгийн төсвийн орлогод төвлөрүүлэхээр заасан эх үүсвэрийн тодорхой хэсгийг бусад хуульд тусгай зориулалтын санд төвлөрүүлэхээр заасан нь хууль хоорондын зөрчил бий болгож байгааг өөрчлөх, Засгийн газрын тусгай зориулалтын сангуудын үйл ажиллагаа, зориулалтыг боловсронгуй болгох чиглэлээр санал боловсруулж 2013 оны 2 дугаар сард багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг Улсын Их Хурал баталж байхаар Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах санал боловсруулж 2012 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, энэ тогтоолын 1 дэх заалтын 3 дахь дэд заалтад заасан Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төслийг боловсруулж 2013 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн төсөв, үнэ бүрдлийн механизм, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, норм, норматив, стандартыг шинэчлэн, орон нутагт баригдах орон сууц, цэцэрлэг, сургуулийн дотуур байрыг нэг хэв маягийн зураг, төсөв гарган мөрдүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн болно.

3.Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дагаж өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2013 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж баталлаа.

Монгол улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан төсвийн орлого, нийт зарлага болон нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-нд эзлэх хувь хэмжээг өөрчилсөн.

Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу төрийн өмчийн концессын зүйлийн хувьд эрх бүхий этгээд нь төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэж байгааг өөрчилж, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байхаар, төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг Улсын Их Хурал баталдаг байсныг өөрчлөн Засгийн газар баталдаг байхаар холбогдох өөрчлөлтийг оруулсан.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулиар Газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд 2000 оноос эхлэн газрын тос хайх, олборлох, ашиглах үйл ажиллагааны зориулалтаар импортолсон бараа бүтээгдэхүүнд ногдох татварын чөлөөлөлтийг өнөөг хүртэл эдлүүлж байсныг хүчингүй болгох өөрчлөлтийг оруулсан.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогын зарим хэсгийг чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж зөвхөн нэг банкинд хадгаламж эзэмшигчийн 100.0 сая төгрөгөөс дээшхи хэмжээний нэг жилээс бага хугацаатай буюу богино хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн хүүгийн орлогод албан татвар ногдуулах, бусад аливаа тохиолдолд хадгаламжийн хүүгийн орлогод ногдох албан татвар чөлөөлөхөөр тусгасан.

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалт бүхий 33 чиглэлийн 789 төрлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг албан татвараас чөлөөлж, жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гааль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн үйлчлэх хугацааг 1 жилээр сунган 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгохоор тусгасан.

Хүний хөгжил сангаас Монгол Улсын Иргэнд 2013 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолоор Хүний хөгжил сангаас Монгол Улсын Иргэнд 2013 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулахдаа хууль санаачлагч нь Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Хүний хөгжил сангаас Монгол Улсын Иргэнд 2013 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд 0-18 насны хүүхэд бүрт сар тутам 20.0 мянган төгрөг олгохоор тогтсон. Тогтоол батлагдсанаар 2013 онд Хүний хөгжил сангаас 0-18 хүртэлх насны нийт 999.8 мянган хүүхдэд сар бүр 20.0 мянган төгрөг олгож, хүүхэд, гэр бүлийг дэмжих нөхцөл бүрдэх болно.

4.Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайланг чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн Монгол Улсын 2011 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогыг 3.351.389.0 сая /гурван их наяд гурван зуун тавин нэгэн тэрбум гурван зуун наян ёсөн сая/ төгрөгөөр, зарлагыг 3.621.676.2 сая /гурван их наяд зургаан зуун хорин нэгэн тэрбум зургаан зуун далан зургаан сая хоёр зуун мянган/ төгрөгөөр тус тус баталсан.

5.Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүдээс 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороогоор хэлэлцүүлэн батлууллаа.

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль батлагдсанаар татвар төлөгчид татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ авах эрхзүйн шинэ орчин бий болж, татвар төлөгчид учирдаг татварын эрсдэл багасч, хууль тогтоомжийн дагуу татвараа өөрөө тодорхойлж төлөх дадал, соёлыг төлөвшүүлэхийн хамт татвар төлөлт, тайлагналтын орчин сайжирч улмаар Улс орны төсөв санхүүгийн байдалд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа юм.

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг буруу өгснөөс бий болсон гэм хорын хохирлыг татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд хүлээнэ. Түүнчлэн зөвлөх үйлчилгээг буруу үзүүлснээс татварын зөрчил үүсч, түүнтэй холбогдуулан үйлчлүүлэгчид ногдуулсан татварын торгууль, алданги, хүүг үйлчлүүлэгчийн шаардсанаар татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд хариуцан нөхөн төлөх, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээнд хамааралтай оролцогч талуудын үйл ажиллагаанд үйлчлүүлэгчтэй хамтран татвараас зайлсхийх ажиллагаанд оролцох, түүнд нь туслах, зөвлөгөө өгөх, үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцлалыг задруулах, хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах, аудитын үйл ажиллагаа давхар эрхлэхийг хориглосон юм.

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль батлагдсантай холбогдуулан Аудитын тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулиудад өөрчлөлт орууллаа.

Энэ хууль батлан гаргахаас өмнө татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхэлж байсан аж ахуйн нэгжүүдэд 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, тусгай зөвшөөрөл авахыг энэ хуулиар үүрэг болгосон юм.

6. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороогоор хэлэлцүүлэн батлууллаа.

Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар бизнес эрхлэгчдээс гаалийн мэдүүлэгийн хамт бүрдүүлэх 10 төрлийн бичиг баримтыг зургаагаар бууруулж зөвхөн дөрвөн төрлийн бичиг баримтыг гаалийн мэдүүлгийн хамт өгч байхаар хуульчилсан юм. Энэ хуулиар хүнд сурталыг багасгаж, шаардлагагүй шат дамжлагыг бууруулах замаар бизнес эрхлэх эрхзүйн орчинг сайжруулах зорилтыг хэрэгжүүлэхэд чухал алхам болно гэж үзэж байна.

7. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.

Энэ хуулиар Хүний хөгжил сангийн тухайн жилийн төсвийн алдагдалыг Засгийн газрын бонд, өрийн бичиг, зээл, үнэт цаас гарган санхүүжүүлж, үндсэн болон хүүгийн төлбөрийг сангаас төлж байх эрхзүйн орчинг бүрдүүлж өгсөн. Мөн энэ хуулиар хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд хишиг хувь хүртээхэд хүүхдийн мөнгийг нэмж оруулахаар тогтосон болно.

8. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн батлуулсан.

Энэ тогтоолоор Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн алдагдал, тус сангийн төсвийн цаг зуурын хүндрэлийг даван туулахад зориулан 313.1 тэр бум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг 2012 оны төсвийн жилд гаргаж арилжаалах эрхийг Засгийн газарт олгосон.

9.Монгол Улсын Засгийн газраас Арабын Нэгдсэн Эмират Улс, Нидерландын Вант Улс, Люксембургийн Вант Улс, Кувейт Улстай тус тус байгуулсан “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр”-ийг соёрхон баталсан тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл хэлэлцэх эсэхийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой хамтран хэлэлцэж санал дүгнэлтээ гаргасан болно.

10.Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр хэрэгжүүлэх “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төсөл: нэмэлт санхүүжилт”, “Эрүүл мэндийн салбарын хөтөлбөр-5 төсөл”-ийн зээлийн гэрээний төслүүдийг ЭЗБХ-тай хамтран хэлэлцэн санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлсэн.

Хоёр. Бусад ажлын талаар

1.“Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн талаар иргэн Б.Зол-Ундрахын гаргасан гомдлын дагуу Үндсэн хуулийн цэцээс маргаан хянан шийдвэрлэх дунд суудлын хуралдааныг зарлан, УИХ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгч томилуулах хүсэлт ирүүлсний дагуу, Төсвийн байнгын хорооны гишүүн, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Б.Болор нарыг томилсон УИХ-ын даргын захирамжийг бэлтгэн гаргуулж, дээрх гишүүдээр Үндсэн хуулийн цэцэд хүргүүлэх тайлбарыг ЭЗХТХ-тэй хамтран бэлтгэж хүргүүлэв. Уг асуудлыг хянан хэлэлцсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2012 оны 12 дугаар сарын 12-нд гарсан бөгөөд гомдол гаргагчийн тавьсан “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй гэж дүгнэсэн болно.

Төсвийн байнгын хороо төрийн санхүүгийн бодлогыг боловсронгуй болгох, улсын төсвийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалтыг оновчтой болгох, ил тод байлгах, төсөв санхүүгийн сахилга батыг бүх шатанд чангатган төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, Монгол Улс, гадаад орон, олон улсын санхүүгийн байгууллагатай байгуулсан хамтын ажиллагааны гэрээгээр хүлээсэн үүргийг бүрэн биелүүлэх чиглэлээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжилтэд тавих хяналтыг тогтмолжуулах талаар анхаарч ажиллах болно.




ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл